Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2014/00666/И

  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалжтус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  аймгийн сумын баг тоотод оршин суух Д.Б,

Нэхэмжлэгч: аймгийн сумын тоотод оршин суух Д.А нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч:  аймгийн сумын баг тоотод оршин суух Д.Ж, ,

Хариуцагч:  аймгийн сумын баг тоотод оршин суух Ш.А нарт холбогдох,

 Д.Б, Д.А нарыг талийгаач Д.Д- хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Д.Ж-гийн нэр дээрх улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн * өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн З банкны дугаар салбартай байгуулсан тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, дугаартай хот, дүүрэг, тоот 29 мк.в 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, 27 дугаар тойргийн нотариатч Ц.Э-гийн олгосон 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: хот, дүүрэг тоотод оршин суух, Ж.С-ийн

 

Хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, * дугаар байрны 6 тоот 29 мк.в 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, Д.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч З банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , хариуцагч Ш.А-, Д.Ж- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

C:\Users\yser\Desktop\Bayasgalan Zoos erh huleen avagch.doc

 Нэхэмжлэгч Д.Б, Д.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б, Д.А нарын төрсөн эцэг Д.Д нь 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өвчний учир нас барсан юм. Тэрээр амьд ахуйдаа **** 06 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд энэхүү орон сууц нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Д.Ж-, Д.Б, Д.А , бидний ээж Ш.А- нарт өв залгамжлалын журмаар шилжин ирэх ёстой байсан юм. Тус орон сууцанд талийгаачийн үрчилж авсан эцэг эх, болох Ж.С , М.Г нар нь олон жилийн турш оршин сууж байсан. Гэтэл бидний эцэг Д.Д ийг нас барсны дараа 1 жил болоогүй байхад түүний дунд хүү Д.Ж- нь бидэнд мэдэгдэлгүйгээр ганц өөрийн нэр дээр өв залгамжлах эрхийн гэрчилгээг 21 дүгээр тойргийн нотариатч Ц.Э-гаар гэрчлүүлэн авч талийгаач эцэг Д.Д- өв болох дээр дурдсан 2 өрөө орон сууцыг зөвхөн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авч улмаар Ш.А-т итгэмжлэл өгч З банкны барьцаанд тавьж 30 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ тухайгаа Д.Ж-, ээж Ш.А- хоёр бидэнд хэлээгүй нуусан байсан бөгөөд банкнаас авсан зээлээ Дархан-Уул аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны даргаар ажиллаж байсан. О.А д өгч, О.А нь уг зээлийг төлөөгүйгээс З банк шүүхэд нэхэмжлэл гаргаж бидний байр банкны зээлэнд хураагдах болсон үед бидэнд энэ тухай мэдэгдсэн болно. Д.Д ыг нас барсны дараа уг байранд өвөө, эмээ хоёр маань амьдарч байгаа болохоор бид энэ байрны талаар хөндөж ярилцаагүй тэгээд ч бид энэ хугацаанд АНУ, Сингапур зэрэг улсад суралцаж байсан тул өв залгамжлах гэрчилгээ авч байрыг өөрсдийн нэр дээр болгох боломж байгаагүй. Д.Ж- ээж, Ш.А- хоёр бидэнд тайлбарлахдаа О.А мөнгөний хэрэг гараад та хоёрт хэлэлгүйгээр өв залгамжлалын гэрчилгээ авч өмчлөх эрхийг шилжүүлсэн юм. О.А зээлсэн мөнгийг хугацаанд нь төлөөд байрны гэрчилгээг аваад өгнө гэхээр нь итгээд зээл аваад өгчихсөн чинь О.А авсан мөнгөө төлөхгүй ийм асуудал болчихлоо гэдэг. Иймд хууль ёсны өв залгамжлагч бидэнд өвлөгдөх ёстой байр хууль бусаар Д.Ж-гийн өмчлөлд очиж улмаар банкны барьцаанд тавигдсан байгаа нь бидний төрсөн эцгийнхээ өв хөрөнгийг өвлөн авах хуульд заасан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаагаас гадна барьцаанд тавьсан байранд олон жилийн турш амьдарч байгаа бидний өвөө, эмээ хоёрыг орох оронгүй болгоход хүргэж хохироосон байх тул шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Б, Д.А нарыг талийгаач Д.Д ийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Д.Ж-гийн нэр дээр улсын бүртгэлийн дугаартай бүргэгдсэн 00049251 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн З банкны дугаартай салбартай байгуулсан тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, Нэхэмжлэгч Д.Б, Д.А нарыг талийгаач эцэг Д.Д аас өвлөгдөж ирсэн Улсын бүртгэлийн дугаартай **** тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай өв залгамжлалын эрхийн гэрчилгээ авсан бүртгэлийн дэвтэрт Жавхлан гэсэн бичвэр нь хариуцагч Д.Ж-гийнх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих тухай итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 сарын 13-ны өдрийн нотариатч Ц.Э-гийн гэрчилж, хариуцагч Д.Ж-д олгосон дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагуудыг нэмэгдүүлэн гаргаж байна.

Эдгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэл нь өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон явдал юм. Нэхэмжлэгч нар нь хууль бусаар олгосон өвлөх эрхийн гэрчилгээг ашиглан орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд бариулах итгэмжлэлийг олгосон. Эдгээр үйлдлүүд нь эхнээсээ хууль зөрчсөн үйлдэл байдаг. Хууль зөрчсөн үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль бус хэлцэл юм. Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заагдсан нэхэмжлэгч нарын өвлөх эрхийг зөрчин хийгдсэн. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл хийх хэлбэрийг зөрчсөн. Энэ нь бусад этгээдээс зөвшөөрөл аваагүй тул хэлбэр зөрчин хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Эхнээсээ өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль зөрчсөн тул түүнийг үндэслэн хийсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар шаардах эрх үүссэн. Нотариатч нь гуравдагч этгээдээр тайлбар өгөхдөө Д.А, Д.Б нар нь Иргэний хуулийн 5.3-т зааснаар нэхэмжлэгч нар хүсэлт гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн гэх тайлбарыг өгдөг. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч нар болох талийгаачийг үрчлэн авсан эцэг эх нь амьдарч байсан тул өвийг дахин хүлээн авах шаардлагагүй тул өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргаагүй. Иймд нотариатч Ц.Э-гийн гаргасан тайлбар нь үндэслэлгүй юм. Өвлөх эрхийн гэрчилгээг талийгаачийг нас барснаас нэг жилийн дараа олгосон гэж хэлдэг. Гэвч талийгаач нь 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Харин өвлөх эрхийн гэрчилгээг 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгосон байдаг. Энэ нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанд хүрэхгүй байна. Нотариатч нь талийгаачтай нэг аймагт нэг чиглэлээр ажиллаж, амьдарч байсан тул хэдэн хүүхэдтэй хэрхэн амьдардаг талаар сайн мэднэ. Энэ талаар мэдсээр байж ганц хүүхдэд нь өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацаанаас өмнө олгож, хууль зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 Хариуцагч Д.Ж- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний аав талийгаач Д.Д- өмчлөлийн 2 өрөө байр Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байдаг байсан бөгөөд, аавыг нас барсны дараа миний бие удаан хугацаагаар гадаадад суралцахаар явах болсон тул ээж маань энэ байрыг өвлөж авах, захиран зарцуулах зэрэг асуудал гарахад миний хүүгийн зөвшөөрөл хэрэгтэй гэж намайг явахаас өмнө Итгэмжлэл авах тухай ярьж, миний иргэний үнэмлэхийг авч байсан. Тухайн үед болон өнөөдөр ч гэсэн уг байранд өвөө, эмээ маань амьдардаг болохоор энэ байрны бичиг баримтын талаар би сонирхоогүй бөгөөд, мэдэх ч үгүй байж байтал, ээж маань зөвхөн миний нэр дээр өвлөх эрхийн болон өмчлөх гэрчилгээ гаргуулж, банкны барьцаанд тавьснаар хоёр ахын маань өв залгамжлалаар хамтран өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, банкны барьцаанд тавьснаар хоёр ахын маань өв залгамжлалаар хамтран өмчлөх эрх зөрчигдсөн тухай З банкны асуудлаас болж би мэдсэн юм. Энэ байрны хууль ёсны өв залгамжлагч, хамтран өмчлөгчөөр миний ах, дүү хоёр хамт байх ёстойг би зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч Ш.А-, Д.Ж- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэхэд гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд Д.Ж- нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгуулахаар өргөдөл, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй гэх дүгнэлт гарсан. Ш.А- нь О.А д зөвшөөрөл өгсөн тул О.А нь З банкнаас зээлийг авч хэрэглэсэн гэдэг. Нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг, түүний бичгийн хэлбэр нь О.А гийнх юм. Би гуч гаруй жил ажиллаж байна. Хэн ямар бичгийн хэлбэртэй гэдгийг мэднэ. Нотариатаас ирүүлсэн бүх баримтанд О.А бичиж, өөрөө гарын үсэг зурсан. Алтанцэцэг нь орон сууцыг өвлөж, З банкны барьцаанд бариулан зээл авч хэрэглэ гэж О.А тай тохиролцож ярилцсан зүйлгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэлж байсан. Иргэний хуулийн өвлөхтэй холбоотой заалтуудыг нотариатч Ц.Э- зөрчсөн гэж үзэж байна. Нотариатын хууль бус үйлдлээс болж хууль бус хэлцлүүд үргэлжлэн хийгдсэн. Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч талд хамааралтай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 Хариуцагч З банкны эрх хүлээн авагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.А- нь 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр З банкны Дархан-Уул аймаг дахь дугаар салбараас өөрийн хүү Д.Ж-гийн өмчлөлийн *** 06 тоот 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, 30,000,000 төгрөгийн зээл авсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Ш.А- нь зээлийн өр төлбөрөө төлж дуусгаагүй тул З банк нь тус аймгийн Сум дундын шүүхэд зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу зээлдэгч Ш.А-ээс зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 48 ,689 716 төгрөгийг гаргуулж, З банкинд олгох, хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-дугаартай *** 06 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заасан Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын -ны өдрийн *** тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 79 тоот магадлал гарсан болно. Гэтэл хариуцагч дээрх төлбөрийг төлөхөөс зайлсхийж З банкны зээлийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-дугаартай, * тоот өмчлөх эрхийн гэрчилгээг болон З банктай байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

З банк дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тайлбарыг гаргаж байна.

З банк нь дээрх зээлийг олгохдоо Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 181.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ 182.3-т Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна гэж заасны дагуу эрх бүхий байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн барьцаалж тус зээлийг олгосон.

Банк зээлдэгчтэй гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үүнийг заана гэж заасны дагуу зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, харьяа тойргийн нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тул З банк, Ш.А- нарын хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Энэ хуулийн 156.1,156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тодорхой заажээ.

Иймд З банк дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаарлагын З банкинд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

З банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд З банктай байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийх нөхцлийг бүрдүүлсэн буруутай этгээд нь нотариатч юм. Нотариатын буруутай үйлдлийн улмаас З банк нь барьцааны зүйлгүй болж байна. Гэхдээ зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нотариатчтай хариуцлага тооцох асуудал яригдах байх гэж бодож байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С шүүхэд гаргасан шаардлагадаа: Ж.С миний бие энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд Ж.С нь маргаан бүхий орон сууцны хувьчлал эхлэх үед эхнэр М.Г, ач хүү Д.Ж- нарын нэр дээр хувьчлан авч, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм. Талийгаач Д.Д нь Ж.С , М.Г нарын өргөмөл хүү бөгөөд 2005 онд банкнаас зээл авах гэсэн юм гэж байрны ордерийг түр хугацаагаар өөрийн нэр дээр болгож зээл аваад, зээлээ төлмөгц буцаагаад та нарын нэр дээр шилжүүлж өгнө гэхээр нь хүүдээ итгээд байрны өмчлөх эрхийг Д.Д- нэр дээр шилжүүлсэн. Талийгаач нас барсны дараа энэ байрыг талийгаачийн эхнэр Ш.А- банкны барьцаанд тавьж зээл авсан тухайгаа бидэнд хэлээгүй учир бид энэ талаар юу ч мэдэхгүй байсан юм. Гэтэл байрны ордер бидний нэр дээр шилжээгүй, бас байрыг минь банкны барьцаанд тавьсан, зээл төлөгдөөгүй талаар 2014 оны зун мэдсэн. Энэ асуудлаар шүүхэд маргаантай байгааг мэдэж, бидний эрх ашиг зөрчигдөж байгааг ойлгож байгаа тул тус шүүхэд хандаж дараах бие даасан шаардлагыг гаргаж байна. Энэ байранд олон жил амьдарсан өндөр настай эхнэр бид хоёр хөгшин хонины насгүй болсон болохоор байрандаа амар тайван амьдарч байгаад ертөнцийн мөнх бусыг үзмээр байна. Талийгаач Д.Д нь бидний өргөмөл хүү тул миний эхнэр М.Г болон Ж.С миний биеийг Д.Д- хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, биднийг *** тоот, 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Миний бие бие даасан шаардлага гаргаж байгаа тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Б, Д.А нар нь хариуцагч Д.Ж-, Ш.А- нар болон З банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Д.Ж-гийн нэр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн * тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн З банкны дугаар салбартай байгуулсан тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, талийгаач эцэг Д.Д аас өвлөгдсөн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар тойргийн нотариатч Ц.Э-гийн дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С нь талийгаач Д.Д- хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.

 Эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй **** 6 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Ж.С , М.Г, Д.Ж- нарт 1998 онд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр хувьчилсан, 159 дугаар нотариатчийн гэрчилсэн 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэх гэрээгээр иргэн Д.Д т шилжүүлж, Д.Д нь тус байрны хууль ёсны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 73274 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ****дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно. /1 дүгээр хх-64-83 дугаар тал/

 

Д.Д нь 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн *** дугаар нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /2 дугаар хх-434-435 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагааг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд эдгээр баримтуудад талийгаачийн нас барсан огноо зөрүүтэй байсан тул хариуцагч З банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулахад дээрх 2015 оны 09 сарын 01-ний өдрийн *** дугаар лавлагаа ирсэн тул түүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж, талийгаачийн нас барсан өдрийг дээрх лавлагаанд заасан хугацаагаар тооцсон болно.

 Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байна гэж заасан бөгөөд Д.Б, Д.А , Д.Ж- нар нь нас барагч Д.Д- төрсөн хүүхдүүд мөн болох нь хэрэгт авагдсан Д.Амгалан, Д.Баясгалан, Д.Ж- нарын иргэний үнэмлэхний хуулбарзохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тэдгээр нь өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өв залгамжлагч нар гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн дээрх хуульд зааснаар нас барагчийн эхнэр болох Ш.А-, үрчилж авсан эцэг Ж.С , эх М.Г нар нь хууль ёсны өвлөгч болохоор байгаа хэдий ч Ш.А-, М.Г нар нь энэ талаар шүүхэд шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д: өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 5.2-т: энэ хуулийн 5.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заажээ.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хорооны Засаг даргын тодорхойлолтоор талийгаач Д.Д- үрчилж авсан эцэг Ж.С нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, эх М.Г нь одоог хүртэл өвлөгдөх эд хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй **** 6 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь дээрх хуульд зааснаар өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч Д.Д нас барсан буюу 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс өв нээгдсэн байх бөгөөд 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нотариатч Ц.Э- нь дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хариуцагч Д.Ж-д олгожээ. /2 дугаар хх-345 дугаар тал/

 

Тус өв залгамжлах эрхийн гэрчилгээний хавсралтын бусад өвлөгчдийн талаар мэдээлэл гэх хэсэгт хамтран өмчлөгч үгүй гэсэн бичилтийг хийсэн байна.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т: хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно, 531.3-т: гэрчилгээ олгох хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж тус тус заажээ.

Нотариатч Ц.Э- нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг дээрх хуульд заасан хугацааг зөрчиж олгосон гэж үзэж байгаа зохигчдын тайлбар үндэслэлтэй байгаа хэдий ч нотариатчийн энэхүү хууль зөрчиж олгосон гэх өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага нь хариуцагч Ш.А-, Д.Ж- нарт хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээдийн хууль бус ажиллагааг хариуцагч Ш.А-, Д.Ж- нар хариуцах үндэслэлгүй юм.

Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-д заасан нотариатын үйлдлийн төрөлд: өвлөх эрхийн гэрчилгээ олгох, 31 дүгээр зүйлийн 31.3-т: энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно, мөн хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-т: өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасан бөгөөд 43.1-т заасан гэрчилгээг олгохдоо мөн хуулийн 43.2-т заасан бичиг баримтыг үндэслэхээр хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгох, үйлчлүүлэгчид шаардлага тавих, холбогдох шаардлагуудыг хангаагүй тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрх бүхий этгээд нь нотариатч байхаар хуульчилсан байхад үйлчлүүлэгч буюу иргэнд хариуцуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатч Ц.Э- нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд тэрээр шүүхэд гаргасан тайлбарууддаа нотариатын үйлдэл хуулийн дагуу явагдаж, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон гэж тайлбарладаг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаанд аль нэг талыг дэмжиж оролцож байгаа этгээд байдаг боловч нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн аль нь нотариатчийн хууль бус үйлдлийн улмаас хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийгдсэн гэж тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар нотариатч Ц.Э- нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхад түүнд холбогдох өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч талаас түүнийг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

 

Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч Д.Ж-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор Эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, **** 6 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц хариуцагч Д.Ж-гийн өмчлөлд шилжин бүртгэгдэж, Д.Ж- нь хариуцагч Ш.А-т 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг олгосны дагуу тус орон сууц нь Ш.А-ийн З банктай хийсэн зээлийн гэрээний барьцааны зүйл болсон байна.

Өөрөөр хэлбэл өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн бусад хэлцлүүд хийгдсэн байгаа бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр эсэхтэй нэхэмжлэлийн бусад шаардлага болох Д.Ж-гийн нэр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн * тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн З банкны дугаар салбартай байгуулсан тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагууд холбоотой байх тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах асуудлыг шийдвэрлээгүй байхад дээрх шаардлагуудыг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.Б, Д.А нарын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай шаардлагын хувьд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т: энэ хуулийн 5.1, 5.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан боловч нэхэмжлэгч нарын өв нээгдэх үед гадаад улсад амьдарч байсан, мөн өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцанд тэдний өвөг эцэг, эмэг эх нар нь амьдардаг зэрэг нөхцөл байдлын улмаас нотариатад хүсэлтээ албан ёсоор гаргаагүй гэх тайлбарууд нь үндэслэлтэй байх тул дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нарыг өвлөхөөс татгалзсан гэж үзэж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т заасан эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.

 

Иймд Д.Б, Д.А нарын талийгаач Д.Д- хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Ж-гийн нэр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн * тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн З банкны дугаар салбартай байгуулсан тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, нотариатч Ц.Э-гийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нь шүүх хуралдаан дээр Д.Д аас өвлөгдсөн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С нь талийгаач Д.Д- хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагуудыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 02 сарын 01-ний өдрийн ****дугаар нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зохигч болох хүн нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд энэхүү үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С гийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хуульд заасны дагуу түүний бие даасан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нар нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцах этгээдэд нь холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээний хүчинтэй эсэх асуудлыг шийдвэрлүүлсний эцэст холбогдох хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Д.Д- хууль ёсны өвлөгч Д.Амгалан, Д.Баясгалан нар мөн болохыг тогтоосугай.

 

2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан Д.Ж-гийн нэр дээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн * тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн З банкны дугаар салбартай байгуулсан тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, нотариатч Ц.Э-гийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хот, дүүрэг, тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч нарын татгалзлыг баталсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.С гийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б, Д.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-, Д.Ж- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б, Д.А нарт олгосугай.  

 

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ