Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183

 

Д.Б-, Д.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2014/00666/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Цагаан тэмээт овогт Д-ын Б-,

Нэхэмжлэгч Цагаан тэмээт овогт Д-ын А- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Зоос банкны эрх хүлээн авагч,

Хариуцагч Цагаан тэмээт овогт Д-ын Ж,

Хариуцагч Гарьд овогт  Ш-ын А нарт холбогдох 

            “Д.Б-, Д.А- нарыг талийгаач Д.Дандарын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Д.Ж-гийн нэр дээрх улсын бүртгэлийн 2203005006 дугаарт бүртгэгдсэн 000049251 өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн Зоос банкны 102 дугаар салбартай байгуулсан 009 тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, 2203005006 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо УАА-20 дугаар байрны 6 тоот 29 мк.в 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, 27 дугаар тойргийн нотариатч Ц.Энхтуяагийн олгосон 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” тухай иргэний хэргийг 

           Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад, Т.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

  Нэхэмжлэгч Д.Б-, Д.А- нар шүүхэд гаргасан  нэхэмжлэл  итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Нэхэмжлэгч Д.Б-, Д.А- нарын төрсөн эцэг Д.Дандар нь 2007 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өвчний учир нас барсан юм. Тэрээр амьд ахуйдаа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны УАА 20 дугаар байр 06 тоот 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан бөгөөд энэхүү орон сууц нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Д.Ж-, Д.Б-, Д.А-, бидний ээж Ш.А- нарт өв залгамжлалын журмаар шилжин ирэх ёстой байсан юм. Тус орон сууцанд талийгаачийн үрчилж авсан эцэг эх, болох Ж.Содномцэрэн, М.Гэнэмаа нар нь олон жилийн турш оршин сууж байсан. Гэтэл бидний эцэг Д.Дандарийг нас барсны дараа 1 жил болоогүй байхад түүний дунд хүү Д.Ж- нь бидэнд мэдэгдэлгүйгээр ганц өөрийн нэр дээр өв залгамжлах эрхийн гэрчилгээг 21 дүгээр тойргийн нотариатч Ц.Энхтуяагаар гэрчлүүлэн авч талийгаач эцэг Д.Дандарын өв болох дээр дурдсан 2 өрөө орон сууцыг зөвхөн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авч улмаар Ш.А-т итгэмжлэл өгч Зоос банкны барьцаанд тавьж 30 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ тухайгаа Д.Ж-, ээж Ш.А- хоёр бидэнд хэлээгүй нуусан байсан бөгөөд банкнаас авсан зээлээ Дархан-Уул аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны даргаар ажиллаж байсан. О.Амартуяад өгч, О.Амартуяа нь уг зээлийг төлөөгүйгээс Зоос банк шүүхэд нэхэмжлэл гаргаж бидний байр банкны зээлэнд хураагдах болсон үед бидэнд энэ тухай мэдэгдсэн. Д.Дандарыг нас барсны дараа уг байранд өвөө, эмээ хоёр маань амьдарч байгаа болохоор бид энэ байрны талаар хөндөж ярилцаагүй тэгээд ч бид энэ хугацаанд АНУ, Сингапур зэрэг улсад суралцаж байсан тул өв залгамжлах гэрчилгээ авч байрыг өөрсдийн нэр дээр болгох боломж байгаагүй. Д.Ж- ээж, Ш.А- хоёр бидэнд тайлбарлахдаа О.Амартуяа мөнгөний хэрэг гараад та хоёрт хэлэлгүйгээр өв залгамжлалын гэрчилгээ авч өмчлөх эрхийг шилжүүлсэн. О.Амартуяа зээлсэн мөнгийг хугацаанд нь төлөөд байрны гэрчилгээг аваад өгнө гэхээр нь итгээд зээл аваад өгчихсөн чинь О.Амартуяа авсан мөнгөө төлөхгүй ийм асуудал болчихлоо гэдэг. Иймд хууль ёсны өв залгамжлагч бидэнд өвлөгдөх ёстой байр хууль бусаар Д.Ж-гийн өмчлөлд очиж улмаар банкны барьцаанд тавигдсан байгаа нь бидний төрсөн эцгийнхээ өв хөрөнгийг өвлөн авах хуульд заасан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаагаас гадна барьцаанд тавьсан байранд олон жилийн турш амьдарч байгаа бидний өвөө, эмээ хоёрыг орох оронгүй болгоход хүргэж хохироосон байх тул шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Б-, Д.А- нарыг талийгаач Д.Дандарын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Д.Ж-гийн нэр дээр улсын бүртгэлийн 2203005006 дугаартай бүртгэгдсэн 00049251 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн Зоос банкны 102 дугаартай салбартай байгуулсан 009 тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, Нэхэмжлэгч Д.Б-, Д.А- нарыг талийгаач эцэг Д.Дандараас өвлөгдөж ирсэн Улсын бүртгэлийн 2203005006 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, УАА-ын 20 дугаар байрны 6 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай өв залгамжлалын эрхийн гэрчилгээ авсан бүртгэлийн дэвтэрт Д.Ж- гэсэн бичвэр нь хариуцагч Д.Ж-гийнх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих тухай итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн нотариатч Ц.Энхтуяагийн гэрчилж, хариуцагч Д.Ж-д олгосон 28 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагуудыг нэмэгдүүлэн гаргаж байна.

Эдгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэл нь өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон явдал юм. Нэхэмжлэгч нар нь хууль бусаар олгосон өвлөх эрхийн гэрчилгээг ашиглан орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд бариулах итгэмжлэлийг олгосон. Эдгээр үйлдлүүд нь эхнээсээ хууль зөрчсөн үйлдэл байдаг. Хууль зөрчсөн үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль бус хэлцэл юм. Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заагдсан нэхэмжлэгч нарын өвлөх эрхийг зөрчин хийгдсэн. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл хийх хэлбэрийг зөрчсөн. Энэ нь бусад этгээдээс зөвшөөрөл аваагүй тул хэлбэр зөрчин хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлүүд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Эхнээсээ өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль зөрчсөн тул түүнийг үндэслэн хийсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар шаардах эрх үүссэн. Нотариатч нь гуравдагч этгээдээр тайлбар өгөхдөө Д.А- Д.Б- нар нь Иргэний хуулийн 528.3-т зааснаар нэхэмжлэгч нар хүсэлт гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн гэх тайлбарыг өгдөг. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 дэх хэсэгт заасны дагуу талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч нар болох талийгаачийг үрчлэн авсан эцэг эх нь амьдарч байсан тул өвийг дахин хүлээн авах шаардлагагүй тул өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргаагүй. Иймд нотариатч Ц.Энхтуяагийн гаргасан тайлбар нь үндэслэлгүй юм. Өвлөх эрхийн гэрчилгээг талийгаачийг нас барснаас нэг жилийн дараа олгосон гэж хэлдэг. Гэвч талийгаач нь 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Харин өвлөх эрхийн гэрчилгээг 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгосон байдаг. Энэ нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанд хүрэхгүй байна. Нотариатч нь талийгаачтай нэг аймагт нэг чиглэлээр ажиллаж, амьдарч байсан тул хэдэн хүүхэдтэй хэрхэн амьдардаг талаар сайн мэднэ. Энэ талаар мэдсээр байж ганц хүүхдэд нь өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацаанаас өмнө олгож, хууль зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 Хариуцагч Д.Ж- шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний аав талийгаач Д.Дандарын өмчлөлийн 2 өрөө байр Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байдаг байсан бөгөөд, аавыг нас барсны дараа миний бие удаан хугацаагаар гадаадад суралцахаар явах болсон тул ээж маань энэ байрыг өвлөж авах, захиран зарцуулах зэрэг асуудал гарахад миний хүүгийн зөвшөөрөл хэрэгтэй гэж намайг явахаас өмнө итгэмжлэл авах тухай ярьж, миний иргэний үнэмлэхийг авч байсан. Тухайн үед болон өнөөдөр ч гэсэн уг байранд өвөө, эмээ маань амьдардаг болохоор энэ байрны бичиг баримтын талаар би сонирхоогүй бөгөөд, мэдэх ч үгүй байж байтал, ээж маань зөвхөн миний нэр дээр өвлөх эрхийн болон өмчлөх гэрчилгээ гаргуулж, банкны барьцаанд тавьснаар хоёр ахын маань хамтран өмчлөх эрх зөрчигдсөн тухай Зоос банкны асуудлаас болж би мэдсэн юм. Энэ байрны хууль ёсны өв залгамжлагч, хамтран өмчлөгчөөр миний ах, дүү хоёр хамт байх ёстойг би зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч Ш.А-, Д.Ж- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэхэд гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд Д.Ж- нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгуулахаар өргөдөл, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй гэх дүгнэлт гарсан. Ш.А- нь О.Амартуяад зөвшөөрөл өгсөн тул О.Амартуяа нь Зоос банкнаас зээлийг авч хэрэглэсэн гэдэг. Нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг, түүний бичгийн хэлбэр нь О.Амартуяагийнх юм. Би гуч гаруй жил ажиллаж байна. Хэн ямар бичгийн хэлбэртэй гэдгийг мэднэ. Нотариатаас ирүүлсэн бүх баримтанд О.Амартуяа бичиж, өөрөө гарын үсэг зурсан. Д.А- нь орон сууцыг өвлөж, Зоос банкны барьцаанд тавиулан зээл авч хэрэглэнэ гэж О.Амартуяатай тохиролцож ярилцсан зүйлгүй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэлж байсан. Иргэний хуулийн өвлөхтэй холбоотой заалтуудыг нотариатч Ц.Энхтуяа зөрчсөн гэж үзэж байна. Нотариатын хууль бус үйлдлээс болж хууль бус хэлцлүүд үргэлжлэн хийгдсэн. Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч талд хамааралтай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч Зоос банкны эрх хүлээн авагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:

 Зээлдэгч Ш.А- нь 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Зоос банкны Дархан-Уул аймаг дахь 102 дугаар салбараас өөрийн хүү Д.Ж-гийн өмчлөлийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны УАА-ийн 20 дугаар байрны 06 тоот 2 өрөө 29 мкв талбайтай орон сууцыг барьцаалж, 30.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Ш.А- нь зээлийн өр төлбөрөө төлж дуусгаагүй тул Зоос банк нь тус аймгийн Сум дундын шүүхэд зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу зээлдэгч Ш.А-ээс зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 48.689.716 төгрөгийг гаргуулж, Зоос банкинд олгох, хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203005006 дугаартай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны УАА-ийн 20 дугаар байрны 06 тоот 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заасан Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 325 тоот шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 79 тоот магадлал гарсан болно. Гэтэл хариуцагч дээрх төлбөрийг төлөхөөс зайлсхийж Зоос банкны зээлийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-2203005006 дугаартай, 000049251 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг болон Зоос банктай байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Зоос банк дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тайлбарыг гаргаж байна. Зоос банк нь дээрх зээлийг олгохдоо Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ 182.3-т Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна гэж заасны дагуу эрх бүхий байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн барьцаалж тус зээлийг олгосон. Банк зээлдэгчтэй гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үүнийг заана гэж заасны дагуу зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, харьяа тойргийн нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тул Зоос банк, Ш.А- нарын хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 009 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т “Энэ хуулийн 156.1,156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тодорхой заажээ. Иймд Зоос банк дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын Зоос банкинд хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Зоос банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базарсад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Зоос банктай байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн буруутай этгээд нь нотариатч юм. Нотариатын буруутай үйлдлийн улмаас Зоос банк нь барьцааны зүйлгүй болж байна. Гэхдээ зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нотариатчтай хариуцлага тооцох асуудал яригдах байх гэж бодож байна гэв.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Содномцэрэн шүүхэд гаргасан шаардлагадаа:

Ж.Содномцэрэн миний бие энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд Ж.Содномцэрэн нь маргаан бүхий орон сууцны хувьчлал эхлэх үед эхнэр М.Гинамаа, ач хүү Д.Ж- нарын нэр дээр хувьчлан авч, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм. Талийгаач Д.Дандар нь Ж.Содномцэрэн, М.Гинамаа нарын өргөмөл хүү бөгөөд 2005 онд банкнаас зээл авах гэсэн юм гэж байрны ордерийг түр хугацаагаар өөрийн нэр дээр болгож зээл аваад, зээлээ төлмөгц буцаагаад та нарын нэр дээр шилжүүлж өгнө гэхээр нь хүүдээ итгээд байрны өмчлөх эрхийг Д.Дандарын нэр дээр шилжүүлсэн. Талийгаач нас барсны дараа энэ байрыг талийгаачийн эхнэр Ш.А- банкны барьцаанд тавьж зээл авсан тухайгаа бидэнд хэлээгүй учир бид энэ талаар юу ч мэдэхгүй байсан юм. Гэтэл байрны ордер бидний нэр дээр шилжээгүй, бас байрыг минь банкны барьцаанд тавьсан, зээл төлөгдөөгүй талаар 2014 оны зун мэдсэн. Энэ асуудлаар шүүхэд маргаантай байгааг мэдэж, бидний эрх ашиг зөрчигдөж байгааг ойлгож байгаа тул тус шүүхэд хандаж дараах бие даасан шаардлагыг гаргаж байна. Энэ байранд олон жил амьдарсан өндөр настай эхнэр бид хоёр хөгшин хонины насгүй болсон болохоор байрандаа амар тайван амьдарч байгаад ертөнцийн мөнх бусыг үзмээр байна. Талийгаач Д.Дандар нь бидний өргөмөл хүү тул миний эхнэр М.Гэнэмаа болон Ж.Содномцэрэн миний биеийг Д.Дандарын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, биднийг Сүхбаатар дүүргийн 5-р хороо, УАА-20 дугаар байрны 6 тоот, 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Миний бие бие даасан шаардлага гаргаж байгаа тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татаж өгнө үү гэжээ.

 

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 766  дугаар шийдвэрээр:

 

            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Д.Дандарын хууль ёсны өвлөгч Д.А-, Д.Б- нар мөн болохыг тогтоож,

            Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан Д.Ж-гийн нэр дээр улсын бүртгэлийн 2203005006 дугаарт бүртгэгдсэн 000049251 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн Зоос банкны 102 дугаар салбартай байгуулсан 009 тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, нотариатч Ц.Энхтуяагийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо УАА-20 дугаар байрны 6 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч нарын татгалзлыг баталж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Содномцэрэнгийн хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б-, Д.А- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.А-, Д.Ж- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-, Д.А- нарт олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар  сарын 10-ны өдрийн 766 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь "хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх" хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн оролцогчдыг буюу гуравдагч этгээд нотариатч Ц.Энхтуяаг шүүх хүралдаанд биечлэн оролцуулж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйгээр хэргийн оролцогчдын эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Шүүх шийдвэрийнхээ "Үндэслэх" хэсэгт хийсэн дүгнэлтэндээ:

"Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар Д.Б-, Д.А-, Д.Ж- нар нь өвийг адил хэмжээтэй өвлөх эрхтэй хууль ёсны өв залгамжлагч нар гэж үзэх үндэслэлтэй байна. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хорооны засаг даргын тодорхойлолтоор талийгаач Д.Дандарын үрчилж авсан эцэг Ж.Содномцэрэн, эх М.Гинамаа нар нь одоог хүртэл өвлөгдөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, УАА-20-р байрны 6 тоот 29 мкв талбай бүхий улсын бүртгэлийн 2203005006-т бүртгэлтэй 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь хуульд зааснаар өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нотариатч Ц.Энхтуяа нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацааг зөрчиж олгосон гэж үзэж байгаа зохигчдын тайлбар үндэслэлтэй байгаа хэдий ч нотариатчийн энэхүү хууль зөрчиж олгосон гэх өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага нь хариуцагч Ш.А-, Д.Ж- нарт хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээдийн хууль бус ажиллагааг хариуцагч Ш.А-, Д.Ж- нар хариуцах үндэслэлгүй юм" гэсэн дүгнэлтийг хийсэн нь хэргийн үйл баримт болон нотлох баримттай нийцээгүй буюу шүүх нэхэмжлэгч нарыг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч нар мөн, нотариатч Ц.Энхтуяагийн өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 531.2-т заасан хугацааг зөрчиж олгосон хууль бус ажиллагаа байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Д.А-, Д.Б- нарын хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Нотариатч Ц.Энхтуяагийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль зөрчсөн гэдэг нь нэгэнт тогтоогдсон, энэхүү хууль зөрчсөн үйлдэл нь нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэдэг нь тодорхой болсон байхад нотариатч Ц.Энхтуяаг хамтран хариуцагчаар татаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.10, 56.4, 56.6.    57.1-д заасан: “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, Нотариатын тухай хуулийн 31.3-т заасан:

“Энэ хуулийн 31.1-т заасныг зөрчиж хийсэн нотариатийн үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно" гэсэн заалтаар сонирхогч этгээд хэн боловч нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхийг буюу нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн дүгнэлтийг шүүх хийж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч хэнийг хариуцагчаар татах нь тухайн нэхэмжлэгчийн эрх бөгөөд энэ хэрэгт нотариатч Ц.Энхтуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь түүний гэрчилсэн хууль зөрчсөн үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцоход саад болоогүй бөгөөд хууль зөрчсөн үйлдэл хийсэн этгээдийг заавал хариуцагчаар татах хуулийн шаардлага байхгүй юм. Нотариатч Ц.Энхтуяагийн үйлдсэн “өв залгамжлах эрхийн гэрчилгээ“ нь хууль зөрчсөн тухайн өв залгамжлах эрхийн гэрчилгээг авах эрхтэй байсан нэхэмжлэгч Д.А-, Д.Б- нарын хууль ёсны өв залгамжлах эрхийг зөрчсөн нь тогтоогдсон байх нь уг “өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох хангалттай үндэслэл болно гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байгаа болно. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                              ХЯНАВАЛ:

 

            Анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж  үзлээ.

 

            Нэхэмжлэгч  Д.Б-, Б.А- нар нь талийгаач Д.Дандарын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Д.Ж-гийн нэр дээрх улсын бүртгэлийн 2203005006 дугаарт бүртгэгдсэн 000049251 өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ш.А-ийн Зоос банкны 102 дугаар салбартай байгуулсан 009 тоот барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, 2203005006 дугаартай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг5 дугаар хороо УАА-20 дугаар байрны 6 тоот 29 мк.в 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 2008 оны 03 сарын 20-ны өдөр Д.Ж-гаас Ш.А-т олгосон орон сууцыг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах, 27 дугаар тойргийн нотариатч Ц.Энхтуяагийн олгосон 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл болон гаргаж байгаа шаардлагуудыг харьцуулан судалж үзвэл нэхэмжлэгч нар нь талийгаач Д.Дандарын хууль ёсны өв залгамжлагчийн хөрөнгийг өвлөх эрхтэй этгээдүүдийн хувьд нотариатч  Ц.Энхтуяагийн  өв залгамжлах эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон буруутай үйлдлээр үл хөдлөх эд хөрөнгийн өв залгамжлах эрхийн гэрчилгээг  ганцхан Д.Ж-д олгож  өмчлөгчөөр бүртгэгдсэн. Дээрх хууль бус гэрчилгээний үндсэн дээр Д.Ж-гаас, Ш.А-т олгосон итгэмжлэл болон Ш.А-ийн уг байрыг Зоос банкны зээлийн  барьцаанд тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  мөн Д.Дандарын үл хөдлөх эд  хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч нар тогтоолгох, Д.Ж-гийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгох тухай зэрэг  шаардлагуудыг гаргасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нотариатын хууль бус үйлдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхүүдийг сэргээлгэх шаардлага гаргажээ.

Дээрх бүх шаардлагын үндэслэл болсон нотариатын өвлөх эрхийн  гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч нар шүүхэд гаргаж хариуцагчаа зөв тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд хохирол учруулсан  буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлж түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах нь тус хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчимд нийцнэ.

 

Түүнээс гадна нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон тохиолдолд хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих нь зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа байхаар хуулийн 28 дугаар зүйлд зохицуулсан байна.

 

 Иймд уг хэргийн жинхэнэ хариуцагчийг буруу тодорхойлсон эсхүл хариуцагчийг солиогүй гэж шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотариатч Ц.Энхтуяад холбогдуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

 

 Д.Ж-д олгосон өв залгамжлалын гэрчилгээг Иргэний болон Нотариатын  хуульд нийцүүлэн олгосон эсэх талаарх маргааныг шийдвэрлэлгүйгээр уг эрх олгосон гэрчилгээгээр баталгаажсан бусдын өмчлөх эрх, түүний үндсэн дээр олгосон итгэмжлэл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч  Д.Ж-, Д.А- нарын Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох тухай шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл, өөрөөр хэлбэл  бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй бөгөөд  нэхэмжлэгч нарын шаардах эрхийн үндэслэл болж байгаа үйл баримт болохыг шүүх анхааралгүйгээр нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн шийдвэрлэсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлд дурдсан асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй болно. 

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05  дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-, Д.А- нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЦЭЦЭГ                        

                            ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ 

                                                                                             О.НАРАНГЭРЭЛ