Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2023/00923

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Н овогт С.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль /захирал А /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Н,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А, түүний өмгөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С нь хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдуулан Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “Сийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие С Ховд их сургуулиас Англи хэлний багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй 2011 онд төгссөн. Б аймгийн 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тушаалаар хичээл зохицуулагчаар ажилд томилогдож 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус сургуульд ажилласан юм.

1.2 Ажилласан хугацаанд ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Миний бие одоогоор 5 сартай жирэмсэн юм. 9 жил тус байгууллагад нэг л орон тоонд ажиллаж ирсэн, жирэмсэн эмэгтэй намайг орон тооны цомхотголд оруулж ажаас чөлөөлөх тухай шийдвэрийг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноогоор гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гардуулж өгсөн. Манай сургууль нь Ерөнхий боловсролын лаборатори бөгөөд хичээл зохицуулагчийн орон тоотой. Цалин хөлс нь хүрэлцээтэй байхад орон тооны цомхотголд оруулж байгаа нь үндэслэлгүй юм.

1.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Ажил олгогч 5 сартай жирэмсэн миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна миний сэтгэл санаанд гүн дарамтад оруулсан. 10 сая төгрөгийн цалингийн зээлтэй, нөхөр маань эрхэлсэн ажилгүй, 4 хүүхэдтэй, одоо жирэмсэн намайг ажлаас чөлөөлж амьдралын эх үүсвэргүй болгосон тул сэтгэл санааны маш их хямралд орж байна.

1.4 Жирэмсэн эмэгтэй хүнийг байгууллага татан буугдаагүй бол, ноцтой зөрчил гаргаагүй л бол түүнийг ажлаас халж болохгүй гэж хуульд тодорхой заасан байхад ажил олгогчоос намайг орон тооны цомхотголд оруулах нэрээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус юм. Аймгийн Боловсролын газраас жирэмсэн эмэгтэй хүн илүү орон тоонд ажиллаж байгаа тохиолдолд ажлаас гаргахгүй байх арга хэмжээ авахыг сургуулийн захирлуудад даалгаж, чиглэл өгч байсан. Мөн байгууллага дотор гарч буй сул орон тоонуудад зохицуулалт хийж ажиллуулахыг үүрэг болгож байсан.

1.5 Миний бие англи хэлний багш мэргэжилтэй бөгөөд англи хэлний багшийн сул орон байсан бөгөөд тухайн орон тоонд намайг шилжүүлэн томилж өгөөч, би жирэмсэн хүн  гэдгийг хэлсэн боловч сургуулийн захирал тухайн орон тоонд шинээр хүн авч намайг ажиллуулахаас татгалзсан. Харин захирал маань “шүүхэд гомдол гаргахгүй юм бол чамайг жирэмсний амралттай хүний оронд түр ажиллуулж болно” гэж хэлсэн. Ажил олгогч миний шүүхэд мэдүүлэх Үндсэн хуульд заасан эрхийг маань хааж хязгаарлан шантаажилж, түр орон тоо санал болгосон. Захирал дотооддоо зохицуулалт хийж намайг сул байгаа англи хэлний багшаар ажиллуулах боломжтой байсан ч хувийн ашиг сонирхлын үүднээс шинээр хүн авч ажиллуулсан.

Иймд Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “Сийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэжээ.

 

 

2.Хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал А хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирал А би нэхэмжлэгч С-ээс тус шүүхэд гаргасан “Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “Сийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн томилох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Тус сургуулийн ажилтан С нь манай сургуульд 2014 оны 10 дугаар сард  хичээл зохицуулагчийн ажилд томилогдон ажиллаж байсан юм. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/227 тоот тушаалын дагуу яамны хяналтын газар, мониторингийн газрын хамтарсан ажлын хэсэг бүх сургуулиудад ажилласан. Тухайн ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалын хавсралтаар тус сургуулийн бүтэц, орон тоо нь батлагдсан орон тооны жишигт нийцэж байгаа эсэхт хөндлөнгийн хяналт шалгалт хийсэн. Дээд байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар хичээл зохицуулагчийн орон тоо нь батлагдсан орон тооноос илүү гэсэн дүгнэлт гарсан учир ажил олгогч Сийг уг албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул мэдэгдэх хуудас гардуулж, үүссэн нөхцөл байдлыг удаа дараа танилцуулж байсан.

2.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалын хавсралтын Б аймгийн Ерөнхий боловсролын 03 дугаар сургуульд холбогдох хэсэг, Б аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/12 дугаартай албан шаардлага, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 1/1711 дугаартай албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай албан шаардлагыг тус тус үндэслэн Сийг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус сургуулийн хичээл зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

2.3 Нөгөө талаас Сийг  уг албан тушаалд ажиллуулах боломжгүй болсон тул түүнийг мэргэжлийн дагуу англи хэлний багшаар ажиллахыг санал болгож байсан боловч тэрээр уг албан тушаалд ажиллахаас татгалзсан юм. Тиймээс захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний  өдрийн Б/72 тоот тушаалаар ажлаас халагдсаны 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох шийдвэр гаргасан.

2.4 Нэхэмжлэгч Сийн ажиллаж байсан хичээл зохицуулагчийн албан тушаал нь тус сургуулийн орон тоо, бүтцэд байхгүй, уг орон тоо батлагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан заалтууд хамааралгүй  гэж бодож байна.

2.5 Иймд “Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн томилох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дугаартай тушаал, Сийн жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтэр, Б аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулагчийн гурван талт хорооны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 48 дугаартай хуралдааны тэмдэглэл/ шийдвэр, Н-тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ, С-ийн 0000000 дугаартай бакалаврын диплом, 0004 дугаартай Батламж, 2015-16 дугаартай Англи хэлний багшийн мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээ зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  Орон тооны жишиг норматив батлах тухай хамтарсан тушаал хавсралтын хамт, Б аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/12 дугаар тушаал, Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 1/1711 дугаар албан бичиг, Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай албан шаардлага, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр тушаал, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/70 дугаар тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/72 дугаар тушаал, Я.Сьездтэй байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, Ө сумын Б аймгийн БШУГ-т хаягласан албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, мэдэгдэх хуудас, сонсгол хийсэн тухай тэмдэглэл, Албан тушаалын жагсаалт батлах тухай, Б аймгийн Засаг даргад хаягласан албан бичиг, Санхүү, төрийн аудитын газарт хаягласан албан бичиг, Боловсролын ерөнхий газарт хаягласан албан бичиг, Б аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиргаа, МБҮЭ-ийн хороотой байгуулсан 2022-2024 оны хамтын гэрээний эх хувь, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дугаартай албан бичиг, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаартай албан бичгийн хуулбар, Цомхотголд орох ажилтнуудтай сонсгол хийсэн тэмдэглэл, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 79 дугаартай албан бичгийн хуулбар, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаартай “Албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалын хуулбар, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 113 дугаартай албан бичгийн хуулбар, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны    өдрийн 114 дугаартай албан бичгийн хуулбар, тус сургуулийн ажилчдын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн протокол, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 150 дугаартай албан бичгийн хуулбар, Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний       өдрийн 151 дугаартай албан бичгийн хуулбар, 2023-2024 оны хичээлийн жилд 5, 6 дугаар ангид англи хэлний хичээл заах багш нарын судалгаа, хавсралтын хамт, Б аймгийн Ө сумын 3 дугаар сургуулийн илүү орон тоонд төлсөн мөнгөний жагсаалт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Сийн Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “Сийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Ө сумын 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тушаалаар хичээл зохицуулагчаар ажилд томилогдож ажилласан ба ажилласан хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Миний бие одоогоор 5 сартай жирэмсэн бөгөөд намайг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халахыг хориглосон заалтыг зөрчиж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсанд гомдолтой байна. Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр С-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч С нь 2014 оны 10 дугаар сараас хичээл зохицуулагчийн ажилд томилогдон ажилласан. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/227 тоот тушаалын дагуу яамны хяналтын газар, мониторингийн газрын хамтарсан ажлын хэсэг бүх сургуулиудад ажилласан. Тухайн ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалын хавсралтаар тус сургуулийн бүтэц, орон тоо нь батлагдсан орон тооны жишигт нийцэж байгаа эсэхт  хяналт шалгалт хийж хичээл зохицуулагчийн орон тоо нь батлагдсан орон тооноос илүү гэсэн дүгнэлт гарсан учир ажил олгогч Сийг уг албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул мэдэгдэх хуудас гардуулж, үүссэн нөхцөл байдлыг удаа дараа танилцуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнчлэн Сийг уг албан тушаалд ажиллуулах боломжгүй болсон тул түүнийг мэргэжлийн дагуу англи хэний багшаар ажиллахыг санал болгосон боловч уг албан тушаалд ажиллахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар С нь 2014 оноос эхлэн Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн хичээл зохицуулагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байгаа ба 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч тухайн сургуулийн захирал болон ажилтан С нар нь хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж байсан нь тогтоогджээ.

7.2 Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-д зааснаар буюу эрх бүхий байгууллага шаардсан,  80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар буюу орон тоо хасагдсан гэсэн үндэслэлүүдээр хичээл зохицуулагчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

7.3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалын хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн тоо 1501-ээс их байвал тухайн сургуульд хичээлийн зохицуулагч 1 байхаар норматив тогтоожээ.

7.4 Б аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/12 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар Ө сумын Лаборатори 3 дугаар сургуулийн 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 1. Жишиг нормативт заасан орон тоонд ажиллуулж, байгууллагын бүтэц орон тоог тогтоох, 2. Батлагдсан төсвийг төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулахыг тус тус шаардсан нь тогтоогдсон байна.

7.5 Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагаар Б аймгийн Ө сумын 3 дугаар сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийхэд зөрчил илэрч зөрчлийг арилгуулахаар 1. Төсвийн тухай хууль, Төсвийн хэмнэлтийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны А/024/11 дугаартай хамтарсан тушаалын хавсралт (Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн багшаас бусад , захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив)-ыг мөрдөж, цалин нийгмийн даатгал, татварын өр төлбөр үүсгэхгүй ажиллахыг сургуулийн удирдлага, нягтлан бодогч нарт үүрэг болгосон байна.

7.7 Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаартай “Албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар сургуульд ажиллах ажил мэргэжлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг жагсаалаар нийт 19 төрлийн ажил албан тушаалд 126 хүн ажиллахаар баталсан ба хичээл зохицуулагчийн ажил, албан тушаал тусгагдаагүй байна.

7.7 Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаартай хичээл зохицуулагч С танаа гэж хаягласан албан бичигт “БЕГ-ын 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 1/1093 дугаар албан бичгийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дүгээр тушаалаар баталсан  “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”-ыг үндэслэн орон тоонд цомхотгол хийгдэх болсныг мэдэгдэж байна гэж дурдсан байх ба 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сонсгол хийж мэдэгдэх хуудас хүлээлгэж өгсөн талаар тэмдэглэл хөтөлж С нарын гарын үсэг зуруулжээ.

 

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн  80.1, 80.1.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр  ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагчийн тайлбар болон ажлаас чөлөөлсөн шийдвэрээс  үзэхэд нэхэмжлэгч Сийг хичээл хичээл зохицуулагчийн ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх ба “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр ******* болсныг ойлгоно.  Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дугаартай тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаартай “хичээл зохицуулагч С” танаа гэж хаягласан албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сонсгол хийж мэдэгдэх хуудас хүлээлгэж өгсөн талаар үйлдсэн тэмдэглэл  зэрэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дүгээр тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”-ыг үндэслэсэн байгаа боловч энэхүү эрхийн акт нь тухайн төсвийн байгууллага буюу  Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн бүтэц орон тоог тогтоосон эрхийн акт гэж үзэх үндэслэлгүй байна.

10.Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаартай “Албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалаар сургуульд ажиллах ажил мэргэжлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн долоодугаар бүлэгт цалин хөлс, олговрын талаар зохицуулсан байх ба мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ:

103.3.1.ажил мэргэжлийн жагсаалт;

103.3.2.ажлын байрны тодорхойлолт;

103.3.3.энэ хуулийн 106.3-т заасантай нийцсэн хөдөлмөрийн норм, норматив;

103.3.4.цалин хөлсний журам гэж заажээ. Хуулийн дээрх заалтад заасан ажил мэргэжлийн жагсаалт гэдгийг батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Мөн Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/62 дугаартай “Албан тушаалын жагсаалт батлах тухай” тушаалыг нэхэмжлэгч Сийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болгоогүй байх тул тухайн тушаалаар орон тоо хасагдсан гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн С-д Өрхийн эрүүл мэндийн төвөөс олгосон Жирэмсэн эмэгтэй хяналтын дэвтэр болон талуудын тайлбар, бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь жирэмсэн эмэгтэй болох нь тогтоогдож байх тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  нь хуульд нийцээгүй байна.

12.Иймд Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, С-ийг урьд эрхэлж байсан тус сургуулийн хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн  тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Сийг урьд эрхэлж байсан тус сургуулийн хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК