Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2024/00007

 

    2024          01          19                                         212/МА2024/00007                                    

 

 

 

С.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00923 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Н овогт С.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль /захирал Б.А /-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “С.С-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие С.С Ховд их сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй 2011 онд төгссөн. Баян-Өлгий аймгийн 3 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаар тушаалаар хичээл зохицуулагчаар ажилд томилогдож, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус сургуульд ажилласан.

1.2. Ажилласан хугацаанд ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Миний бие одоогоор 5 сартай жирэмсэн. 9 жил тус байгууллагад нэг л орон тоонд ажиллаж ирсэн, жирэмсэн эмэгтэй намайг орон тооны цомхотголд оруулж ажаас чөлөөлөх тухай шийдвэрийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноогоор гаргаж, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гардуулж өгсөн. Манай сургууль нь Ерөнхий боловсролын лаборатори бөгөөд хичээл зохицуулагчийн орон тоотой. цалин хөлс нь хүрэлцээтэй байхад орон тооны цомхотголд оруулж байгаа нь үндэслэлгүй.

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Ажил олгогч 5 сартай жирэмсэн миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна миний сэтгэл санааны гүн дарамтад оруулсан. 10 сая төгрөгийн цалингийн зээлтэй, нөхөр маань эрхэлсэн ажилгүй, 4 хүүхэдтэй, одоо жирэмсэн намайг ажлаас чөлөөлж амьдралын эх үүсвэргүй болгосон тул сэтгэл санааны маш их хямралд орж байна.

1.4. Жирэмсэн эмэгтэй хүнийг байгууллага татан буугдаагүй бол, ноцтой зөрчил гаргаагүй л бол түүнийг ажлаас халж болохгүй гэж хуульд тодорхой заасан байхад ажил олгогчоос намайг орон тооны цомхотголд оруулах нэрээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус юм. Аймгийн Боловсролын газраас жирэмсэн эмэгтэй хүн илүү орон тоонд ажиллаж байгаа тохиолдолд ажлаас гаргахгүй байх арга хэмжээ авахыг сургуулийн захирлуудад даалгаж, чиглэл өгч байсан. Мөн байгууллага дотор гарч буй сул орон тоонуудад зохицуулалт хийж ажиллуулахыг үүрэг болгож байсан.

1.5. Миний бие англи хэлний багш мэргэжилтэй бөгөөд англи хэлний багшийн сул орон тоо байсан бөгөөд тухайн орон тоонд намайг шилжүүлэн томилж өгөөч, би жирэмсэн гэдгийг хэлсэн боловч сургуулийн захирал тухайн орон тоонд шинээр хүн авч намайг ажиллуулахаас татгалзсан. Харин захирал маань шүүхэд гомдол гаргахгүй юм бол чамайг жирэмсний амралттай хүний оронд түр ажиллуулж болно гэж хэлсэн. Ажил олгогч миний шүүхэд мэдүүлэх Үндсэн хуульд заасан эрхийг маань хааж хязгаарлан шантаачилж, түр орон тоо санал болгосон. Захирал дотооддоо зохицуулалт хийж намайг сул байгаа англи хэлний багшаар ажиллуулах боломжтой байсан ч хувийн ашиг сонирхлын үүднээс шинээр хүн авч ажиллуулсан.

1.6. Иймд Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “С.Сийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус сургуулийн ажилтан С.С нь манай сургуульд 2014 оны 10 дугаар сард хичээл зохицуулагчийн ажилд томилогдон ажиллаж байсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/227 тоот тушаалын дагуу яамны хяналтын газар, мониторингийн газрын хамтарсан ажлын хэсэг бүх сургуулиудад ажилласан. Тухайн ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалын хавсралтаар тус сургуулийн бүтэц, орон тоо нь батлагдсан орон тооны жишигт нийцэж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт шалгалт хийсэн. Дээд байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар хичээл зохицуулагчийн орон тоо нь батлагдсан орон тооноос илүү гэсэн дүгнэлт гарсан учир ажил олгогч С.Сийг уг албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул мэдэгдэх хуудас гардуулж, үүссэн нөхцөл байдлыг удаа дараа танилцуулж байсан.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаартай “Орон тооны жишиг норматив батлах тухай” тушаалын хавсралтын Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 03 дугаар сургуульд холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/12 дугаартай албан шаардлага, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 1/1711 дугаартай албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаартай албан шаардлагыг тус тус үндэслэн С.Сийг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тус сургуулийн хичээл зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, С.Стэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

2.3. Нөгөө талаас С.Сийг уг албан тушаалд ажиллуулах боломжгүй болсон тул түүнийг мэргэжлийн дагуу англи хэлний багшаар ажиллахыг санал болгож байсан боловч тэрээр уг албан тушаалд ажиллахаас татгалзсан. Тиймээс захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/72 тоот тушаалаар ажлаас халагдсаны 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох шийдвэр гаргасан.

2.4. Нэхэмжлэгч С.Сийн ажиллаж байсан хичээл зохицуулагчийн албан тушаал нь тус сургуулийн орон тоо, бүтцэд байхгүй, уг орон тоо батлагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан заалтууд хамааралгүй гэж бодож байна.

2.5. Иймд Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр “С.Сийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн томилох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00923 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр С.Сийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, С.Сийг урьд эрхэлж байсан тус сургуулийн хичээл зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх С.Сийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Ажилтан С.Сийн ажиллаж байсан хичээл зохицуулагчийн орон тоо нь батлагдаагүй нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон учир түүнийг уг орон тоонд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дүгээртэй тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”-ын хавсралтын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 сургуульд холбогдох хэсэг, Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1093 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18-04\11 дугаартай албан шаардлага, Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1 \1711 дугаартай албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36\23 дугаартай албан шаардлагыг тус тус үндэслэн түүнийг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б\69 дугаартай тушаалаар тус сургуулийн хичээл зохицуулагчийн үүрэгт ажлаас орон тоо нь байхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Ажил олгогч С.Сийг ажлаас чөлөөлөхөд нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгч, ажлаас халагдсан тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар олгосон болно.

4.3. Ажил олгогчоос нэхэмжлэгч С.Сийг ажилтай болгох үүднээс англи хэлний багшаар түр томилсон боловч тэрээр ажиллахаас татгалзсан асуудлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

4.4. Анхан шатны шүүх С.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлтэд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх \ганц бие эцэг\-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч С.С нь анхнаасаа тус сургуулийн бүтэц, орон тоонд огт байхгүй хичээл зохицуулагчийн орон тоонд ажиллаж байсан нь иргэний хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. 

4.5. Иймд С.С нь анхнаасаа тус сургуулийн орон тоо бүтцэд байхгүй орон тоо буюу хичээл зохицуулагчийн албан тушаалд ажиллаж байсан тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалт хамаарагдахгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1 дэх заалт хууль ёсны орон тоонд ажиллаж байсан ажилтанд хамаарагдана гэж үзэж байна. Иймээс С.С нь анхнаасаа хууль ёсны орон тоонд ажиллаж байгаагүй учир түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэсэн ойлголт байхгүй юм.

4.6. Иймээс анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж С.Сийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

4.7. Анхан шатны шүүхээс С.Сийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд нэг талыг барьсан, зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг илт хамгаалсан агуулгатай байсан гэж үзэж байна.

4.8. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.

4.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130\ШШ2023\00923 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

            5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            5.1. Орон тоо хасагдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Орон тоо хасагдсантай холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. 3 дугаар сургуулийн бүтэц орон тоог албан ёсоор баталсан, бүтэц орон тооны жагсаалт, цалин тогтоосон жагсаалтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй. Стандарт гэдэг зүйл байгаа хэдий ч байгууллага болгонд бүтэц орон тоо тусдаа баталж хэрэгжүүлж байгаа. Сургуультай холбоотой тогтоосон акт зөрчлүүд нь ажилтанд ямар ч хамааралгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчийн тогтоож өгсөн бүтэц орон тооноос хэтэрсэн эсэхийг сургуулийн захирал тогтоосны дараа тухайн акттай холбоотой маргах эсэх, акт үндэслэлтэй эсэхийг үзээд тэрний дагуу бүтцээ тогтоох нь төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх мэдлийн асуудал.

5.2. Уг маргаан бүхий орон тоонд С.С 9 жил ажилласан. 2014 онд хичээл зохицуулагч гэдэг албан тушаалд С.С томилогдсон. 9 жил байхгүй орон тоонд ажиллаад цалин авна гэж байхгүй. Аймгийн Засаг даргаас баталж өгсөн бүтэц орон тоо нь сайдын баталж өгсөн жишиг нормативаас хэтэрсэн байна гэдэг үүднээс акт тогтоосон. Аймгийн ерөнхийлөн төсвийн захирагч төсвөө батлах ёстой байсан. 9 жилийн баталсан төсөв хэвээрээ байгаа. Төсвийн захирагч бүтцээ баталсны дараа орон тоо хасагдсан асуудал яригдах болохоос 9 жилийн өмнө баталсан орон тоо одоо хүртэл хэвээрээ байгаа. Бүтэц орон тоо хасагдаагүй. Сайдын жишгийг зөрчсөн асуудал байгаа байх. Үүнтэй холбоотой сургуулийн захиралд акт тогтоосон.

5.3. С.Сийн хувьд 5 сартай жирэмсэн байсан. Одоо төрөх дөхөж байгаа. Бага насны 4 хүүхэдтэй, нөхөр нь ажилгүй. Хууль бусаар ажлаас чөлөөлж байгаад нь гомдолтой байгаа. Анхан шатны шүүхээс эгүүлэн томилсон шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг баримталж зөв шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хариуцагч тал С.Сийн жирэмсэн гэдэг нь эргэлзээтэй байна гэдэг байдлаар тайлбар хэлсэн. Жирэмсэн хүнийг доромжилсон асуудал гаргасан. Гэхдээ шүүхээс эгүүлэн тогтоосон учраас тэр асуудлыг хөндөөгүй орхисон. Холбогдох бичиг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

            6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            6.1. Өмгөөлөгчтэй санал нэг байна.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд холбогдох маргааны үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоож, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв сонгож, тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            8. Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуульд 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр хичээл зохицуулагчийн орон тоонд, цаг ашиглалтад хяналт тавих, хичээл зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байсан С.Сийг тус сургуулийн захирлын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.4 / эрх бүхий байгууллага шаардсан/ дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.1 /ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн/ дэх заалт, 80.4 дэх хэсэг,  Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дугаар тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1093 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/11 дугаар албан шаардлага, Боловсролын ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаар албан шаардлагыг үндэслэн “орон тооны цомхотгол хийгдсэн” буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

 

            9. С.Сийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл:

- Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18-04/11 дугаар албан шаардлагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дугаар тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив”-т нийцүүлэн тус сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох, төсвийг батлагдсан хүрээнд захиран зарцуулах буюу зөрчил дутагдлыг арилгуулах албан шаардлагыг хүргүүлсэн,

- Боловсролын ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1711 дүгээр албан бичгээр төсвийн шууд захирагчдад батлагдсан төсөвтөө багтаан, өр авлага үүсгэхгүй ажиллахыг үүрэг болгож, ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад ажилтны орон тооны дээрх жишиг нормативыг баримтлан ажиллахыг мэдэгдэж, жишиг нормативаас хэтрүүлэн авч ажиллуулсан ажилтан, албан хаагчийн цалин хөлсийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36/23 дугаар албан шаардлагаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь хичээл зохицуулагчийн 1 орон тоог батлагдсан орон тооноос илүү авч ажиллуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд төсвөөс хөрөнгө зарцуулсан талаар тэмдэглэж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан А/024/11 дугаар тушаалаар баталсан нормативыг баримталж ажиллахыг сургуулийн удирдлага үүрэг болгосон нь тогтоогдсон байна.

 

10. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалын жагсаалт батлах тухай” Б/62 дугаар тушаалын хавсралтад тус сургуулийн бүрэлдэхүүнд 126 багш, албан хаагч ажиллахаар тогтоосны дотор “хичээл зохицуулагч”-ийн ажлын байр батлагдаагүй буюу хасагдсан байна.

 

11. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас нэгтгэн дүгнэвэл, ажил олгогч Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургууль нь ажилтан С.Сийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эрх бүхий байгууллага шаардсан, ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь нотлох баримтуудад үндэслэгдэж байгаа хэдий ч тухайн үед буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажилтан С.С нь жирэмсэн болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтэр /хэргийн 8-10 дахь тал/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хэргийн 42-43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны дүгнэлт хийсэн бөгөөд ажилтны гаргасан гомдол үндэслэлтэй.

 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн тавдугаар бүлэгт хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тусгайлан зохицуулсан нь хөдөлмөрлөх эрхийн харилцаанд хүн бүр тэгш эрхтэй байх үндсэн зорилготой бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт энэ хуулийн 80.1.4 /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, 80.1.5 /ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон/, 80.1.6 /ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон/-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хоригложээ.

 

13. Иймд жирэмсэн эмэгтэй, ажилтан С.Сийг хуульд зааснаас бусад тохиолдлоор буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх хязгаарлалтыг зөрчсөн байх тул ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан хязгаарлалт нь “батлагдсан /хууль ёсны гэх/ орон тоонд ажиллаж байгаа жирэмсэн эмэгтэйд хамаарна” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

 

14. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хуульд заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2023/00923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 3 дугаар сургуулийн  өмгөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК