Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1661

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01237 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч Н.Т-д холбогдуулан гаргасан Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь Н.Т-аас 70 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлээ төлж чадахгүй байна найздаа туслаач Н.Т-д барьцаалсан барьцаа хөрөнгийг нь чиний нэр дээр шилжүүлье гэж надад хандсан. Би зөвшөөрч Н.Т-тай уулзахаар очихдоо 50 000 000 төгрөгийг бэлнээр, 20 000 000 төгрөгийг данс шилжүүлэхээр очсон юм. Н.Т- 50 000 000 төгрөгийг тоолж аваад сейфэндээ хийсэн. Ажлаас нь гараад нотариатын газар ороод нотариатын хүнд бичиг баримтаа өгчхөөд Н.Т- иргэний үнэмлэхээ автомашиндаа мартсан байна аваад ирье гээд бид цуг гарсан. М.У-, Н.Т- хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би мөнгөө авъя гэхэд Н.Т- мөнгийг өгөхгүй гээд зугтсан. Би цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг бүртгэгч цагдаа Н.Т- бид хоёрыг мөнгөө эскроу дансанд байршуул гэж хэлсний дагуу эскроу дансанд мөнгөө байршуулсан юм. Одоо 50 000 000 төгрөгийг Н.Т- өгөхгүй гэж байх тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Иймээс Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулан өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Т- шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Д-г огт танихгүй. Би М.У-аас төлбөртөө 50 000 000 төгрөг хүлээн аваад сейфэндээ хийсэн. Гэтэл Б.Д- гэдэг хүн цагдаад гомдол гаргаад, цагдаа 50 000 000 төгрөгөө эскроу дансанд хийгээд ир гэсний дагуу Улаанбаатар хотын банканд очиж би өөрийн цүнхнээс 50 000 000 төгрөг гарган тоолж өгөөд гэрээн дээр Б.Д- бид 2 гарын үсэг зурсан. Б.Д- надад мөнгө өгөөгүй, Б.Д- банкинд мөнгө тоолж өгөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу Н.Т-, Б.Д- нарын байршуулсан 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгохыг Улаанбаатар хотын банканд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Н.Т- давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Н.Т- миний бие М.У-тай зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийг М.У-т зээлдүүлсэн. М.У- нь зээлийн эргэн төлөлт хийхгүй байсаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төлбөр болох 50 000 000 төгрөгийг надад бэлнээр тоолж өгсөн. Би мөнгийг авч сейфэндээ хийсэн. Гэтэл Б.Д- гэдэг хүн М.У-т 50 000 000 төгрөг зээлдүүлсэн, М.У-т зээлдүүлсэн мөнгөө надаас авна гэж цагдаад гомдол гаргаад дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж цагдаа намайг дуудах хүртэл Б.Д-тэй эрх зүйн ямар ч харилцаанд ороогүй болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүх намайг сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй, гомдол ч гаргах эрхгүй гэж захирамж гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар Н.Т- М.У- нар зээлийн харилцагчаар холбогдсон, Б.Д- М.У- нар зээлийн харилцагчаар холбогдсон, Н.Т- Б.Д- нар хоорондоо ямар ч эрхзүйн харилцаанд ороогүй.

2.М.У-аас зээлийн төлбөрт 50 000 000 төгрөг тоолж авах үед миний дэргэд хэн ч байгаагүй, зээлийн төлбөрт авсан мөнгө нь надад шилжсэнээр би уг мөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд болно. М.У- нь Б.Д-гээс мөнгө тоолж авсан юм бол Б.Д- нь уг мөнгийг М.У-аас шаардах эрхтэй тэгэхээр би яагаад Б.Д-д мөнгө төлөх ёстойг ойлгохгүй байна. Гэтэл шүүгч Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар Б.Д-тэй эрх зүйн харилцаанд орж 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн луйварчин гэж үзсэн. Иймд Н.Т- Б.Д- нарын хооронд Иргэний хуулийн ямар заалтад заагдсан эрх зүйн харилцаанд орсон М.У-аас авсан зээлийн төлбөр нь ямар хуулийн заалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдоод байгааг тогтоож шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэл гаргаж хэргийг шударгаар гагцхүү хуульд захирагдан шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Н.Т-д холбогдуулан Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансанд байршуулсан 50 000 000 төгрөгийг буцаан гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нэхэмжлэгчийг танихгүй, түүнээс мөнгө аваагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Эскроу дансаар үйлчлэх гэрээ” авагдсанаас үзвэл 50 000 000 төгрөгийг худалдан авагч Б.Д-гийн нэр дээр эскроу данс нээж байршуулсан, нэхэмжлэгч нь уг данснаас өөрийн хөрөнгөө гарган авч өмчлөх эрхээ эзэмшиж чадахгүй байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

            Хариуцагч Н.Т- нь М.Ууганбаяраас хүлээн авсан, түүний надад төлөх ёстой зээлийн төлбөр гэж тайлбарласан байна.

 

            Гэрч М.Ууганбаяр нь Н.Т-аас 2016 оны 4 дүгээр сард 70 000 000 төгрөгийг хашаа байшингаа барьцаалж зээл авсан ба уг барьцааны хөрөнгийг нэхэмжлэгч Б.Д-гийн нэр дээр шилжүүлэн 70 000 000 төгрөгийг зээлэхээр тохиролцон, хариуцагч Н.Т-ын ажил дээр хамт очиж 50 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлжээ.

 

            Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь М.Ууганбаярын хүсэлтийн дагуу 50 000 000 төгрөгийг түүнд өгснөөр Н.Т-, М.Ууганбаяраас мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд Н.Т-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг нь тогтоогоогүй, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/01237 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ

 

    А.ОТГОНЦЭЦЭГ