Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/02593

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2023/02593 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХХК, 

 

Хариуцагч: ХХК нарт  холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 357,933,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.От,

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********************* ХХК нь хариуцагч *** **** ХХК,******* ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 357,933,870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай компани нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч *** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж тус компанийн хувьцаа эзэмшигч******* ХХК-ийн захиалгын дагуу Овоот толгой уурхай дээр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус гэрээгээр ажлын хөлсийг сарын 80,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Овоот толгой уурхай дээр******* ХХК-ийн төслийн менежерийн хяналт дор уурхайд 25 орчим тоног төхөөрөмжүүд дээр 60-70 орчим ажилчдад ээлж бүрд нь ажлын даалгавар өгч, өдөр шөнийн ээлжид нь хяналт тавьж, маркшейдер инженерүүд хэмжилт хийж, хил хязгааруудыг тогтоож, хийсэн ажлын хэмжээг гаргаж, геологийн инженерүүд уурхайн нүүрс олборлолт явуулж буй хэсэгт болон агуулах дээрх нүүрсэн дээр хяналт тавьж, уулын инженерүүд захиалагч тал *** ХХК-ийн инженерүүдээс наряд авч, уулын мастеруудаа чиглүүлэн *** ХХК-тай холбоотой дээрх ажлуудыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын хөлс 288,322,580 төгрөг болсон. Үүнээс *** ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 9,700,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 49,700,000 төгрөгийг тус тус өгсөн боловч үлдэгдэл төлбөр болох 238,622,580 төгрөгийг одоо болтол өгөхгүй манай компанийг хохироогоод байна. Манай компани тус мөнгийг нэхэмжилж 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр албан мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу өгөхгүй, хийсэн ажлын хөлсийг өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 238,622,580 төгрөг, алданги 119,311,290 төгрөг, нийт 357,933,870 төгрөгийг *** ХХК-аас гаргуулж өгнө үү.******* ХХК-ийг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "****" ХХК-ийн захирал н.О нь *** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. *** ХХК-ийн хөрс хуулалт болон олборлолтын ажлыг цаг алдалгүйгээр явуулах хэрэгцээ байсан ба "***" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ цаг алдалгүй байгуулах хэрэгцээ байсан боловч Ш.Т нь *** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гарын үсэг зурах эрхгүй байсан учир өөрийн эзэмшлийн уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэггүй, уг ажлыг хүлээн авах этгээд бус *** ХХК-аар дамжуулж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ********************* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Уг гэрээний дагуу *** өдрийг хүртэлх хугацаанд *** ХХК-д ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн. Иймд, ********************* ХХК-ийн ажлын хөлсийг төлөх үүргийг дан ганц *** ХХК хүлээх үүрэгтэй гэж үзэж байна.

2.2.Нэхэмжлэлийн 6 дугаар хавсралтад хавсаргасан 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот *** ХХК-аас******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэлд ...танай өмнөх хувьцаа эзэмшигч Ш.Т *** **** ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Овоот толгойн уурхай дээр танай компани болох******* ХХК-ийн захиалгын дагуу үйл ажиллагаа явуулсан бөгөөд дараах тооцооны дагуу... гэж дурдаж, уг ажлын төлбөр төлөхийг шаардсан байгаа нь ***** ХХК нь уг ажлыг хүлээн авсан, төлбөрийг төлөх субьект биш болохыг баталж байна. Хэдийгээр **** ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан тал мөн ч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байх тул **** ХХК-ийн статусыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч бус гэрч болгон өөрчилж өгнө үү гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч **** ХХК нь нэхэмжлэгч ********************* ХХК-д холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр **** ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ш.Т нь хувиасаа өөрийн төрсөн дүү Ш.Э хувийн дансаар дамжуулж 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба уг төлбөрийг ********************* ХХК-аас буцаан олгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас ********************* ХХК-ийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, үйлдвэрлэлийн тайлангийн хуулбар, Овоот толгой нүүрсний уурхайн******* ХХК-ийн үйл ажиллагааны тайлан, цалингийн хүснэгт, ********************* ХХК-ийн дансны хуулга, ажилчдын цалин шилжүүлсэн дансны хуулга,******* ХХК-аас ажлын хөлс шилжүүлсэн дансны хуулга,

Хариуцагч талаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн******* ХХК-ийн эрх шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *** ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын хөлсийг сарын 80,000,000 төгрөг байхаар тохиролцож, ажлын гүйцэтгэлийг гэрээний нөгөө талын хүсэл зоригийн дагуу******* ХХК-нд хүлээлгэж өгсөн. *** ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаан хөлс, түүний алдангийг шаардаж байна гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр учир үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй, ажлын хөлсийг******* ХХК төлөх үүрэгтэй тул хариуцагч******* ХХК-ийн өмнөөс төлсөн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.********************* ХХК болон *** ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний 6.3-т зааснаар ********************* ХХК нь Овоот толгой нэртэй уурхайн *** ХХК-д хамааралтай хэсгийн уулын ажлын өдөр тутам, сар, жилийн тайлан төлөвлөгөөг орчин үеийн компьютер программ хангамж ашиглан чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, уулын ажлын жилийн тайлан боловсруулах, уулын ажлын 7 хоног, сар, улирлын тайлан гаргаж, холбогдох захиалагчийн тавьсан хугацаанд нь илгээх, олборлолтын үйл ажиллагаанд өдөр тутамд хяналт тавьж, зохион байгуулж ажиллах, нүүрсний хаягдал бохирдол дээр хяналт тавьж, хаягдалгүй цэвэр олборлох тал дээр зөвлөгөө өгч ажиллах, уурхайн ахилт явсан хэсгүүдийг Маркшейдерийн багажаар өдөр тутамд хэмжиж, зурагт буулган боловсруулах, чадварлаг туршлагатай баг бүрэлдэхүүнээр ажиллаж компанийг ашигтай ажиллуулах тооцоо судалгаанд оролцож, зөвлөгөө өгч ажиллах үүргийг хүлээж, гэрээний 4.1, 6.1-д зааснаар *** ХХК нь ажлын хөлс болох 80,000,000 төгрөгийг төлөх, ажил гүйцэтгэгчийг хийх ажил үйлчилгээнд нь шаардлагатай мэдээллээр хангах, гүйцэтгэгч талын ажилчдыг байрлах байр, хоол унд, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, уурхайд унах унаагаар хангах үүрэг хүлээсэн байна.

 

4.2.********************* ХХК нь гэрээний 6.3-т заасан ажлыг******* ХХК-д хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож, улмаар ажлын гүйцэтгэлийг******* ХХК-д хүлээлгэж өгсөн үйл баримтын талаар зохигч талуудын хооронд маргаангүй.

 

4.3.2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ********************* ХХК-д гүйцэтгэсэн ажлын төлбөрт 30,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

4.4.Гэрээний 4.4-т зааснаар ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон.

 

5.Нэхэмжлэгч ********************* ХХК болон хариуцагч ****  ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, тус гэрээний 6.3-т заасан ажлыг захиалагч буюу *** ХХК-ийн хүссэний дагуу******* ХХК-д хүлээлгэж өгөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газарт гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 207 дугаар зүйлийн 207.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд үүрэг гүйцэтгэх газар, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах эрх бүхий этгээдийг харилцан тохиролцож тодорхойлох боломжтой.

 

7.Нэхэмжлэгч ********************* ХХК нь гэрээний 6.3-т заасан ажлын гүйцэтгэлийг******* ХХК-д хүлээлгэж өгсөн үйл баримтын талаар болон нэхэмжилсэн үнийн дүнгийн талаар хариуцагч **** ХХК-ийн зүгээс маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний 6.2.1-д тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг ********************* ХХК нь шаардах эрхтэй, хариуцагч *** ХХК-ийн ажлыг******* ХХК хүлээж авсан учир тус компани төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй гэх татгалзал, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын хөлсөнд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ********************* ХХК нь хариуцагч **** ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгэсэн тул **** ХХК нь гэрээний 6.1.1-д заасан үүргээ биелүүлж, тус гэрээний 4.1-д заасан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

9.Хариуцагч *** ХХК нь ажлын хөлсийг төлөлгүй гэрээний 4.4-т заасан хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн хэмжээгээр алданги шаардсан нь үндэслэлтэй байна.

 

9.Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-аас 357,933,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********************* ХХК-д олгож, хариуцагч *** ХХК-ийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ********************* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *** ХХК-аас 357,933,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********************* ХХК-д олгож, хариуцагч *** ХХК-ийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ********************* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,947,620 төгрөг, хариуцагч **** ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК-аас 1,947,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 119 дүгээр зйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД