Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01929

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01929

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК, Э ХХК-д тус тус холбогдох,

Гэрээний үүрэгт 357,933,870 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Урангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ, хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч МХХК нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч А ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Тус гэрээгээр ажлын хөлсийг сарын 80,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Овоот толгой уурхай дээр Э ХХК-ийн төслийн менежерийн хяналт дор уурхайн 25 орчим тоног төхөөрөмжүүд дээр 60-70 орчим ажилчдад ээлж бүрд нь ажлын даалгавар өгч, өдөр шөнийн ээлжид нь хяналт тавьж, маркшейдер инженерүүд хэмжилт хийж, хил хязгааруудыг тогтоож, хийсэн ажлын хэмжээг гаргаж, геологийн инженерүүд уурхайн нүүрс олборлолт явуулж буй хэсэгт болон агуулах дээрх нүүрсэн дээр хяналт тавьж, уулын инженерүүд захиалагч тал С ХХК-ийн инженерүүдээс наряд авч, уулын мастеруудаа чиглүүлэн Э ХХК-тай холбоотой дээрх ажлуудыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн.

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлын хөлс 288,322,580 төгрөг болсон. Үүнээс Э ХХК нь ажлын хөлсөд нийт 49,700,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл төлбөр 238,622,580 төгрөгийг төлөөгүй.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 238,622,580 төгрөг, гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар алданги 119,311,290 төгрөг, нийт 357,933,870 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

Э ХХК-тай гэрээ байгуулаагүй тул хариуцагчаар татахаас татгалзаж байна.

1.2 Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. А ХХК-ийн захирал Ш.Т нь гэрээний үүргээ биелүүлж ажлын хөлсөд 30,000,000 төгрөгийг М ХХК-д шилжүүлсэн. Ах, дүү, хамаатан садангийн хувийн данснаас шилжүүлсэн нь А ХХК-ийн дотоод асуудал бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, нотолсон баримт хэрэгт байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч А ХХК-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Э ХХК-ийн захирал Н.О нь С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Э ХХК-ийн хөрс хуулалт болон олборлолтын ажлыг цаг алдалгүйгээр явуулах хэрэгцээ байсан ба МХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ цаг алдалгүй байгуулах хэрэгцээ байсан боловч Ш.Т нь Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гарын үсэг зурах эрхгүй байсан учир өөрийн эзэмшлийн уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэггүй, уг ажлыг хүлээн авах этгээд бус А ХХК-аар дамжуулж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан болно. Уг гэрээний дагуу МХХК нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Э ХХК-д ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн.

Хэдийгээр А ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан тал мөн ч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш. М ХХК-ийн ажлын хөлсийг Э ХХК хүлээх үүрэгтэй байна.

2.2. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ш.Т нь хувиасаа өөрийн төрсөн дүү Ш.Э-ийн хувийн дансаар дамжуулж 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба уг төлбөрийг МХХК-аас буцаан гаргуулж өгнө үү.

 

3. Хариуцагч Э ХХК тайлбар, татгалзал гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч А ХХК-аас 357,933,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагч А ХХК-ийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,947,620 төгрөг, хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас 1,947,620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Овоот толгойн ашиглалтын лицензийг С ХХК эзэмшдэг ба 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Э ХХК-ийн захирал Н.О нь С ХХК-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Э ХХК нь хөрс хуулалт болон олборлолтын ажлыг цаг алдалгүйгээр явуулах хэрэгцээ байсан тул М ХХК-тай Ш.Т нь Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн гарын үсэг зурах эрхгүй байсан учир өөрийн эзэмшлийн уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэггүй, уг ажлыг хүлээн авах этгээд бус А ХХК-аар дамжуулж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу М ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Э ХХК-д ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн. А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ш.Төмөр нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Э ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувийг 100 хувь худалдсан. Уг 288,322,580 төгрөгийн үнэ бүхий ажлуудыг М ХХК нь Э ХХК-д хүлээлгэн өгсөн.

Иймд М ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан этгээд болох Э ХХК ба уг ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. М ХХК нь Овоот толгой уурхай дээр Э ХХК-тай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэсэн болохыг дурдаж уг ажлын төлбөр төлөхийг шаардсан байгаа нь А ХХК нь уг ажлыг хүлээн авсан, төлбөрийг төлөх субъект биш болохыг нотолсон.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д зааснаар ажил гүйцэтгүүлэхээр захиалсан захиалагчийн үүрэг нь "гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах" гэж заасан байдаг ба хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй.

Шүүхийн үндэслэлд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зурсны дагуу хариуцагч А ХХК хэмээн тодорхойлсон. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцно" хэмээн заасан. А ХХК нь уг үүргийн гүйцэтгэлээс ашиг олсон нөхцөл байдал тогтоогдохгүй, дан ганц Э ХХК уг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд А ХХК нь үүргийн гүйцэтгэлийг дангаар төлөх субъект гэж үнэлснийг зөвшөөрөхгүй байна.

5.2. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдаан эхэлсний дараагаар нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд хариуцагч Э ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хариуцагч А ХХК-аас нэхэмжлэх хүсэлт гаргасан ба шүүх уг хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг үндэслэн хүлээн авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд татгалзах эрхийг олгосон байдаг.

Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч А ХХК-д нэмсэн нь хариуцагч А ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөнөөр барахгүй хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал Э ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй.

А ХХК-ийн захирал Ш.Т нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сард өөрчлөлт оруулж, тус компанийг бусдад шилжүүлсэн. Бусдад компаниа шилжүүлсэн нь хөлсийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Э ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээний үүргийг зөвхөн гэрээ байгуулсан талаас шаарддаг. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх шиг өөрийн сонгосон этгээдийн эсрэг шаардлага гаргах эрх гэрээ байгуулсан талд байхгүй. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэг тал нь М ХХК, нөгөө талаас А ХХК байдаг. Хоёр этгээдийн хооронд байгуулсан гэрээний төлбөр тооцооны асуудал нь гэрээ байгуулаагүй Э ХХК-д хамааралгүй.

Нэхэмжлэгч М ХХК хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцагчаар А ХХК-ийг тодорхойлсон. Иймд хариуцагч А ХХК-ийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч А ХХК, Э ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 357,933,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан этгээд ажлын хөлсийг төлөх үүрэгтэй гэж маргаж, 30,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, хариуцагч Э ХХК нь тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

 

2.1. М ХХК болон А ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр М ХХК нь Овоот толгой уурхайн А ХХК-д хамааралтай хэсгийн уулын ажлын тайлан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, олборлолтын үйл ажиллагаанд өдөр тутамд хяналт тавих, нүүрсний хаягдал бохирдолд хяналт тавих, хаягдалгүй цэвэр олборлох зөвлөгөө өгөх, уурхайн ахилт явсан хэсгүүдийг маркшейдерийн багажаар өдөр тутамд хэмжих зэрэг ажлыг хийж гүйцэтгэх, А ХХК нь ажлын хөлсөд 1 сарын 80,000,000 төгрөг төлөх, гэрээ 1 жилийн хугацаатай байхаар тус тус тохиролцсон байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс 288,322,580 төгрөг, мөн алданги 119,311,290 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ тохиолдолд зохигч гэрээнээс татгалзсан, цуцалсан эсэх, эсхүл гэрээ хүчинтэй үргэлжилж байгаа эсэх үйл баримтыг шүүх тогтоож, эрх зүйн үр дагаварт нь дүгнэлт өгөх учиртай.

 

3.2. Гэрээний 4.4-т Захиалагч тал гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногоос хугацаа хэтрүүлсэн хоног тутам үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэж алданги тооцох нөхцөлийг зохигч харилцан тохирсон байна.

Нэхэмжлэлд алдангийг хэрхэн тооцсон болохыг анхан шатны шүүх зохигчоос тодруулаагүй, талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй, улмаар зохих эрх зүйн дүгнэлт өгөөгүйгээс гэрээний тохиролцооны дагуу алданги тооцсон эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хариуцагч А ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02593 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,947,620 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ