Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01044

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/01044

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: А нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д холбогдох

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26 805 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

хариуцагчийн төлөөлөгч Ж.Э,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

  

Нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ********* ХХК хариуцагч ********д холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26 805 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

   1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******** нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,******* байрны тоот, 55 м.кв 2 өрөө орон сууцыг 60 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 30 000 000 төгрөгт нь автомашин, 2 500 000 төгрөгт буу, 1 195 000 төгрөгт тээврийн ажил гүйцэтгэн үнийг тооцуулж нийт 33 695 000 төгрөгийг урьдчилгаанд төлж үлдэгдэл 26 805 000 төгрөгийг төлж дуусгаад орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцож орон сууцаа хүлээн авсан. ******** нь төд удалгүй банкнаас зээл авахад барьцаа шаардлагатай байна, орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргаад өгчих гэж гуйсан ба ******** нь компанийн захирал Ц.******гийн хүргэний эгч учраас тухайн үед итгэлцлийн үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байхад ********гийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Гэвч ******** нь одоог болтол байрны үлдэгдэл төлбөр болох 26 805 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч мөн гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж байгаа******* БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг орон сууцны үнэд тооцуулан манай компанид шилжүүлэн өгсөн гэсэн боловч манай компани авсан зүйл байхгүй, уг тээврийн хэрэгсэл нь манай компанийн өмчлөлд шилжсэн талаар баримт байхгүй. Тиймээс өрөө орон сууц худалдаж авсны үлдэгдэл төлбөр 26 805 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан шаардлагаа дэмжиж байна гэв.

 

1.б. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******, ********* гэдэг хүмүүс байр захиалаад түүнийгээ ********д шилжүүлээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Гэрээний үндсэн дээр тухайн хөрөнгийн өмчлөгчөөр ******** гээд бүртгэгдсэн байгаа учир худалдах, худалдан авах гэрээгээр ******** байр худалдаж авсан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайн байрыг 60 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байгаа. Гэрээн дээр 55 000 000 гэж бичсэн. Төлбөр мөнгөний хувьд 1 машинаар бартер хийснийг маргахгүй бөгөөд энэ нь гэрээн дээр байгаа. Д.******гэдэг хүн ********* ХХК-ийн захирлын хүргэн байсан учир хариуцагч талд хөнгөлөлттэй байдлаар тооцоо хийсэн гэдгийг үгүйсгэхгүй. Гэтэл өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, хариуцагч нь******* БНХ тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйл заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тул Иймд ********гаас Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,******* байрны тоот, 55 м.кв, 2 өрөө орон сууц худалдаж авсны үлдэгдэл төлбөр 26 805 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Ж.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх ********* ХХК нь Д.******, ******** нарт холбогдуулан энэ нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Д.******тэй байгуулсан орон сууц захиалсан захиалгын гэрээг өгдөг. Ажиллагааны явцад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр захиалгын гэрээ хийсэн гэж байна. Шүүхэд гаргасан шаардлага нь ******** Д.****** нар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан 2 өрөө орон сууц гэсэн байна. Бүртгэлийн газраас хувийн хэрэг татаж авч ирэхэд ********тай 2018 оны 06 дугаар сарын 29-нд хийсэн захиалгын гэрээ байгаа. Орон сууц захиалгын гэрээний 5.5-р заалтад Д.******ын /Д.******/ хүсэлтээр ********д шилжүүлж өгөв гэсэн байна. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.******өөрөө амьд байсан. Орон сууц захиалгын гэрээгээр орон сууц худалдаж авсан, тиймээс үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна гэдэг асуудал нь хэнд хамааралтай вэ гэдэг нь тодорхойгүй байна. ********д орон сууц худалдаж авах хүсэл сонирхол байгаагүй. Захиалгын гэрээгээр ******** үүрэг хүлээсэн байх юм бол 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яагаад ********гийн нэр дээр шилжүүлэх болсон бэ. 55 м.кв 2 өрөө орон сууцыг ********* худалдаж авсан байсан. Автомашин, ангийн буу, ажлын хөлс, хүнд оврын машин өгөөд төлбөр тооцоо дууссан гэж ********* гэрчилсэн. Авто машины лавлагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргуулсан. Нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл хүлээж аваагүй гэдэг шаардлагыг тавиагүй. Авто машиныг барилгын бараа материал зөөхөд хэрэгтэй гээд авсан байдаг. 2017 онд уг машиныг хүлээлгэж өгсөн гэдэг. ********тай хийсэн гэрээг нөхөж хийсэн гэж хэлсэн. Төлбөр төлсөн орон сууцыг зээл хөөцөлдөөд барьцаанд тавих асуудлаар н.******, н.******, *********, ******** нар хамт байж байгаад төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гээд бүртгэлийн газар руу төлбөр тооцоогүй гэдэг баримт бичгийг явуулсан байгаа. Яагаад ******** хариуцагч биш вэ гэхээр ******** ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй. ******** нь нэхэмжлэлийн хариуцагч биш юм. Нэхэмжлэлийн үндэслэлийг харахаар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ********, Д.******тэй гэрээ хийсэн гээд байдаг. ******** нь хариуцагч биш учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс ********* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ********* ХХК-ийн дүрэм, Д.******, ********* ХХК нарын хооронд 2018 оны 06 сарын 07-ны өдөр байгуулсан Барилга орон сууц захиалах гэрээ, ********гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол Жалханц хутагт******* байр тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн./хх-ийн 4-10/

4. Хариуцагчаас тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/07466 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг гаргаж ирүүлсэн./хх-ийн 31,32/

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол Жалханц хутагт******* байр тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хувийн хэрэг, Авто тээврийн үндэсний төвөөс******* БНХ улсын дугаартай мицибуши пусо маркийн авто машины дэлгэрэнгүй лавлагаа, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр *********, Д.****** нарыг асуусан байна./хх-ийн 42-80,86-88, 92-98/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******** нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,******* байрны тоот, 55 м.кв 2 өрөө орон сууцыг 60 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 30 000 000 төгрөгт нь автомашин, 2 500 000 төгрөгт буу, 1 195 000 төгрөгт тээврийн ажил гүйцэтгэн үнийг тооцуулж нийт 33 695 000 төгрөгийг урьдчилгаанд төлж үлдэгдэл 26 805 000 төгрөгийг төлж дуусгаад орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцож орон сууцаа хүлээн авсан. ******** нь төд удалгүй банкнаас зээл авахад барьцаа шаардлагатай байна, орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргаад өгчих гэж гуйсан ба ******** нь компанийн захирал Ц.******гийн хүргэний эгч учраас тухайн үед итгэлцлийн үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байхад ********гийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Гэвч ******** нь одоог болтол байрны үлдэгдэл төлбөр болох 26 805 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******** нь хариуцагч биш гэж үзэж байна. 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдөр Д.******тэй байгуулсан орон сууц захиалсан захиалгын гэрээг өгдөг. Бүртгэлийн газраас хувийн хэрэг татаж авч ирэхэд ********тай 2018 оны 06 дугаар сарын 29-нд хийсэн захиалгын гэрээ гарч ирсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа энэ гэрээний дагуу шаардаж байна гэсэн нь үндэслэлгүй. ********д орон сууц худалдаж авах хүсэл сонирхол байгаагүй гэдгийг анхаарна уу. Гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч *********, Д.****** нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол Жалханц хутагт******* байр тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг анх 2018 оны 06 сарын 07-ны өдрийн гэрээгээр захиалсан этгээд нь*******н ****** болох нь, түүнчлэн ашиглалтад орсон үеэс нь одоог хүртэл амьдарч эзэмшиж, ашиглаж байгаа этгээд нь ********* /хариуцагч ********гийн төрсөн ах гэж тайлбарласан/ болох нь талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна.

5. Түүнчлэн тус компанид ********* нь ажиллаж байгаад орон сууцны үнэнд 30 000 000 төгрөгт автомашин, 2 500 000 төгрөгт буу, 1 195 000 төгрөгт тээврийн ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөө тооцуулж, нийт 33 695 000 төгрөгийг төлсөн асуудлаар талууд маргаангүй байх ба энэ талаар 2018 оны 06 сарын 07-ны өдөр Д.******тэй байгуулсан гэрээний 4.5-д энэ талаар тэмдэглэсэн байна.

6. Гэрч ********* ...********* ХХК-ийн захирлаар миний дүү Д.******ажилладаг байсан ба тус компанийн ерөнхий захирал Ц.******гийн хүргэн байсан, дүү маань нас барсан. Уг байрыг би захиалж авсан бөгөөд орон сууцны төлбөрийг 2 ш машин болон буу, ажлын хөлсөөрөө төлж барагдуулсан. Тухайн үед манай дүү ******** нь банкнаас зээл авах зорилгоор уг байрны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр гаргуулж, банкны барьцаанд тавьсан. Ямар нэг өр төлбөр байхгүй гэж мэдүүлсэн байна.

7. Түүнчлэн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол Жалханц хутагт******* байр тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хувийн хэргийг ирүүлсэн байх ба уг баримтад нэхэмжлэгч ********* ХХК-иас Баянгол дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2021.03.29-ний өдөр хүргүүлсэн тоот,тоот албан бичгүүд авагдсан байна.

Уг бичигт Даваадорж овогтой Дэлгэрмаа нь Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол Жалханц хутагт******* байр тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиалагч мөн бөгөөд ********* ХХК-иас өгсөн захиалагчийн жагсаалт дээр Д.******гэж өгснийг залруулан ********гийн нэр дээр эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү. захирал Ц.****** гэж гарын үсэг зурагдсан, Даваадорж овогтой Дэлгэрмаа нь Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол Жалханц хутагт******* байр тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиалагч мөн бөгөөд ********* ХХК-тай төлбөр тооцоогүй болно. захирал Ц.****** гэж гарын үсэг зурагдсан баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 47, 48/

8. Мөн тус хувийн хэргийн баримтад 2018 оны 06 сарын 29-ний өдөр ********* ХХК, ******** нарын хооронд байгуулагдсан Барилга орон сууцны захиалах гэрээ авагдсан байх ба уг гэрээний зүйл Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол Жалханц хутагт******* байр тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц байх ба гэрээний 3.2-т ...барилгыг 2018 оны 2-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгсөн. гэж, 3.10-т захиалагч талаас орон сууцны төлбөрөө 100 хувь төлөх хүртэл тухайн захиалсан байрны хууль ёсны өмчлөгч нь ********* ХХК байна. гэж, 5.5-д Д.******ын /Д.******талууд маргаагүй/ хүсэлтээр гэрээг ********д шилжүүлж өгөв. гэж тус тус заажээ.

9. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

10. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ********* ХХК, Д.****** нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хариуцагч ******** нь 2018 оны 06 сарын 29-ний өдрийн гэрээгээр шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч биш гэж маргасан, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

11. Харин хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нэхэмжлэгч ********* ХХК нь орон сууцны төлбөр тооцоогүй гэж, өмчлөх эрхийг ********гийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийг баталгаажуулсан нь гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул дутуу төлбөрт 26 805 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********гаас орон сууцны үлдэгдэл төлбөр 26 805 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 291 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ