Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01075

 

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Д-ад холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26,805,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д-а нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 69а байрны 79 тоот, 55 м.кв 2 өрөө орон сууцыг 60,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 30,000,000 төгрөгт автомашин, 2,500,000 төгрөгт буу, 1,195,000 төгрөгт тээврийн ажил гүйцэтгэн, үнийг тооцуулж нийт 33,695,000 төгрөгийг урьдчилгаанд төлж үлдэгдэл 26,805,000 төгрөгийг төлж дуусгаад орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцож орон сууцаа хүлээн авсан. Д-а нь банкнаас зээл авахад барьцаа шаардлагатай байна, орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргаад өг гэж гуйсан ба Д-а нь компанийн захирал Ц.З-гийн хүргэний эгч учраас тухайн үед итгэлцлийн үндсэн дээр үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байхад Д-агийн нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Гэвч Д-а нь одоог болтол байрны үлдэгдэл төлбөр болох 26,805,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Тиймээс орон сууц худалдаж авсны үлдэгдэл төлбөр 26,805,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-тэй байгуулсан орон сууц захиалсан захиалгын гэрээг өгдөг. Ажиллагааны явцад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр захиалгын гэрээ хийсэн гэж байна. Шүүхэд гаргасан шаардлага нь Д-а Д.Б- нар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай компанийн барьж ашиглалтад оруулсан 2 өрөө орон сууц гэсэн байна. Бүртгэлийн газраас хувийн хэрэг татаж авч ирэхэд Д-атай 2018 оны 06 дугаар сарын 29-нд хийсэн захиалгын гэрээ байгаа. Орон сууц захиалгын гэрээний 5.5-р заалтад Д.Энхбаярын /Д.Э-/ хүсэлтээр Д-ад шилжүүлж өгөв гэсэн байна. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.Э- өөрөө амьд байсан. Орон сууц захиалгын гэрээгээр орон сууц худалдаж авсан, тиймээс үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна гэдэг асуудал нь хэнд хамааралтай вэ гэдэг нь тодорхойгүй байна. Д-ад орон сууц худалдаж авах хүсэл сонирхол байгаагүй. Захиалгын гэрээгээр Д-а үүрэг хүлээсэн байх юм бол 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр яагаад Д-агийн нэр дээр шилжүүлэх болсон бэ. 55 м.кв 2 өрөө орон сууцыг Д.Д- худалдаж авсан байсан. Автомашин, ангийн буу, ажлын хөлс, хүнд оврын машин өгөөд төлбөр тооцоо дууссан гэж Д.Д- гэрчилсэн. Авто машины лавлагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргуулсан. Нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл хүлээж аваагүй гэдэг шаардлагыг тавиагүй. Авто машиныг барилгын бараа материал зөөхөд хэрэгтэй гээд авсан байдаг. 2017 онд уг машиныг хүлээлгэж өгсөн гэдэг. Д-атай хийсэн гэрээг нөхөж хийсэн гэж хэлсэн. Төлбөр төлсөн орон сууцыг зээл хөөцөлдөөд барьцаанд тавих асуудлаар н.З-, н.Ариунжаргал, Д.Д-, Д-а нар хамт байж байгаад төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гээд бүртгэлийн газар руу төлбөр тооцоогүй гэдэг баримт бичгийг явуулсан. Д-а нь хариуцагч биш. Нэхэмжлэлийн үндэслэлийг харахаар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Д-а, Д.Б-тэй гэрээ хийсэн гээд байдаг. Д-а нь хариуцагч биш учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д-агаас орон сууцны үлдэгдэл төлбөр 26,805,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч А- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3зааснаар нэхэмжлэгч А- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр уг орон сууцыг харицагч тал болох Д-а нь худалдаж авсан нь тогтоогддог бөгөөд орон сууцны үнийн дүнгээс 33,695,000 төгрөгийг төлсөн эсэх дээр маргадаггүй, харин үлдэгдэл төлбөр болох 26,805,000 төгрөгийг хариуцагч нь автомашин оролцуулан төлсөн гэж маргадаг боловч тайлбараа нотолж чадаагүй. Тухайн үед хариуцагч Д-агийн төрсөн дүү Д.Э- нь А- ХХК-ийн захирлын хүргэн байсан бөгөөд хариуцагч Д-а нь орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг гуйснаар буюу итгэлцэлийн үндсэн дээр орон сууцны үлдэгдэл төлбөрөө аваагүй байхдаа улсын бүртгэлийн байгууллагад бичиг хийж өгөөд гэрчилгээг гаргуулж өгсөн. Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон атлаа, хариуцагч татгалзал, тайлбараа нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Д-ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 26,805,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч А- ХХК нь Д.Б- /захиалагч/-тэй 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр барилга орон сууц захиалах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт, Дамдинбазарын гудамж, 69А байр, 79 тоот, 55 м.кв талбай бүхий, орон сууцыг 60,500,000 төгрөгөөр худалдах, захиалагч нь үнийг төлж орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан. Тус гэрээний 4.5-д ачааны машин 30,000,000 төгрөг, буу 2,500,000 төгрөг, Замын-Үүд тээвэр 1,195,000 төгрөг, үлдэгдэл 26,805,000 төгрөгийг 100 хувь бэлэн мөнгөөр төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулна. гэж заажээ. /хх-ийн 7-8-р тал/.

4.а.Улмаар нэхэмжлэгч А- ХХК нь хариуцагч Д-атай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр барилга орон сууц захиалах гэрээ байгуулж, тус гэрээнд дээрх 79 тоот орон сууцыг худалдахаар тохиролцсон байна. Гэрээний 5.5-д Д.Энхбаяр /Д.Э-/-ын хүсэлтээр гэрээг Д-ад шилжүүлж өгөв гэжээ. /хх-ийн 49-52-р тал/. Энэхүү гэрээ байгуулагдсаны дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч А- ХХК нь Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт албан бичиг хүргүүлж, тус албан бичигт ... 79 тоот орон сууцны захиалагч нь Д-а мөн бөгөөд захиалагчдын жагсаалт дээр Д.Э- гэснийг залруулан Д-агийн нэр дээр эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү, төлбөр тооцоогүй болно гэжээ. /хх-ийн 47-48-р тал/

4.б.Улсын бүртгэлийн байгууллага нь дээрх албан бичгийг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт, Дамдинбазарын гудамж, 69А байр, 79 тоот, 55 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205076339 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д-аг бүртгэсэн байна. /хх-ийн 56-р тал/.

4.в.Дээрх барилга орон сууц захиалах гэрээ болон албан бичигт нэр дурдагдсан Д.Б-, Д.Э-, Д-а нар нь төрсөн эгч, дүүс буюу хамаарал бүхий этгээдүүд болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл барилга орон сууц захиалах гэрээний нэг тал болох Д.Б- нь гэрээний эрх, үүргийг хариуцагч Д-ад шилжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

4.г.Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч А- ХХК-ийн хувьд дээрх хуульд зааснаар орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д-ад шилжүүлж, гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримт тогтоогдсон, харин хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэх талаар талууд маргасан байна.

4.д.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д-а нь А- ХХК-ийн захирлын хүргэн Д.Э-ын эгч бөгөөд тухайн үед банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай гэсэн учраас итгэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч 62-90 УНЗ улсын дугаартай ачааны автомашиныг 30,000,000 төгрөгт, 99-55 БНХ улсын дугаартай, ачааны автомашиныг 29,000,000 төгрөгт, искез маркийн буу 2,500,000 төгрөгт, бараа материал тээвэрлэсний хөлс 1,195,000 төгрөгт тооцон орон сууцны төлбөр тооцоо дуусгавар болсон гэж тайлбарлажээ. /хх-ийн 19-р тал/

4.е.Хариуцагчийн татгалзалд дурдсан 30,000,000 төгрөгийн ачааны автомашин, 2,500,000 төгрөгийн буу, бараа материал тээвэрлэсний хөлс 1,195,000 төгрөг, буюу нийт 33,695,000 төгрөгийг орон сууцны төлбөрт тооцуулсан гэх байдал нь хэргийн 7 дугаар талд авагдсан гэрээний 4.5-д тусгагдсан ба энэхүү нөхцөл байдлыг зохигчийн хэн аль нь зөвшөөрсөн. Харин хариуцагч нь орон сууцны үлдэгдэл төлбөрт 99-55 БНХ улсын дугаартай, ачааны автомашин өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

4.ё.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 99-55 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулахад тус тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нэхэмжлэгч А- ХХК-д шилжсэн гэх байдал тогтоогдоогүй болно. /хх-ийн 87-88, 102-103-р тал/

4.ж.Гэрч Д.Д-, Д.Б- нар нь орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн талаар мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй, мөн гэрч нар нь хариуцагч Д-атай төрөл садангийн холбоотой байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл тэдгээрийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

5.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Д-агаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 26,805,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д-агаас 26,805,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Д-агаас 291,975 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А- ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ