Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар  2021/ДШМ/43

 

   Б.Ж   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ж   нарт холбогдох эрүүгийн 1913000150040 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Ж  ийн өмгөөлөгч Л.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Б.Ж  , түүний өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч Ж.С  өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн А  суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн А  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян- Өлгий аймгийн А  сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овогт Б-ын Б.Ж   /00000/ нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Ч.Ж.С ээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос шийдвэрлэх иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулж өгнө гэж 380.000 төгрөгийг шаардаж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

2. Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн А  суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 хүнтэй, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн А сумын  дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй А овогт Ж-н Ж.С  /000000/ нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн А  сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай Б.Ж  т Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос шийдвэрлэх иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулахын тулд 380.000 төгрөг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/109 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч У овогт Б-ын Б.Ж  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авч “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж  ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А овогт Ж-н Ж.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийдгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ж  ийн өмгөөлөгч Л.Баттогтохын давж заалдах гомдолд: “Б.Ж   нь 2018 оны 2 дугаар сарын 5-нь өдөр Баян-өлгий аймгийн А  сумын Нийгмийн даатгалын байцаагч буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд иргэн Ж.С ээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос шийдвэрлэх иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох актыг сунгуулж өгнө гэж Ж.С ээс 380,000 төгрөгийг шаардаж авсан гэх гэмт хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 4-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 8-р сарын 30-ны өдрийн 109 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ж  ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 4-дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр, гэм хэрэг үйлдэж олсон орлого болох 380,000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж  ийн Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны11 дүгээр сарын 02-ны өдрийн 214 тоот  шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-р зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 5000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг шүүгдэгч нарын гомдлоор тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Ж  ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-р  хэсэгт заасан  зүйлчлэлийн үйл баримтад буруу тайлбар хэрэглэсэн байна гэх үндэслэлээр:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 р зүйлийн 4-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж. тогтоосны дараа тус хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

-Хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ж  ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцжээ.

-Өмгөөлөгч миний бие шүүгдэгч Б.Ж   нь гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болно.

Б.Ж   нь улсад учруулсан хохирол болох 380.000 төгрөгийг улсын орлогод оруулж хохирлыг сайн дураараа барагдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдэл гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.2-т заасан үлэмж хэмжээний хохирол учруулсан боловч хор уршгийг сайн дураараа арилгасан, хуулийн 6.1-р зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд            гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Тиймээс шүүгдэгч Б.Ж  т хуулийн 6.6-т заасан хэргийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг анхан шатны шүүхээс тогтоосон.

Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь эрүүгийн хуулийн 5.1-т заасан нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт заасан зүйл нь хорих ялаас гадна торгуулийн болон сонгомол санкцитай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг  харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  шүүгдэгчид  холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялыг хөнгөрүүлж торгуулийн ялаар солих үндэслэлтэй гэж үзэж байнагэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ж  ийн өмгөөлөгч Л.Баттогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

Шийтгэх тогтоол хууль ёсны байна гэдэгт Эрүүгийн хуулийг буюу материаллаг хуулийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай процессын хэм хэмжээг хэргийн үйл баримтад шүүхээс зөв зохистой хэрэглэснийг, үндэслэл бүхий байна гэдэгт хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн бүрэн тогтоосныг ойлгоно.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Ж.С  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн А  сумын Нийгмийн даатгалын байцаагч ажилтай Б.Ж  т хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулахын тулд  380.000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Б.Ж   нь  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр  Баян-Өлгий аймгийн А  сумын Нийгмийн даатгалын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Ж.С ээс  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох актыг сунгуулж өгнө гэж 380000 төгрөгийг шаардаж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь бүрэн тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

 

            Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ж  , Ж.С  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр анхан шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон дээрх үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.С ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ж  ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс, өөрийн бүрэн эрх, үйл ажиллагаанд үл хамаарах, хуулиар хориглосон буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан  хэрэглэжээ.

 

Шүүх шүүгдэгч Ж.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь ял оногдуулах нийтлэг журам болон ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Ж  ийн өмгөөлөгч Л.Баттогтох нь “Б.Ж   нь гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялаас гадна торгуулийн санкцитай тул хорих ялыг хөнгөрүүлж торгуулийн ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг шүүхэд гаргажээ.  

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж  т хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор байх боловч шүүгдэгч Б.Ж  ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг биелүүлж хор уршгийг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаж, түүнд хуульд зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван таван сая төгрөгөөр торгох ял нь түүний үйлдсэн хахууль авах гэмт хэрэг, тус хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангана гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ж   нь нийт 71 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан арван таван сая төгрөгийн торгох ялаас 1.065.000 төгрөгийг хасаж, төлбөл зохих хорих ялын хэмжээг арван гурван сая есөн зуун гучин таван мянган /13.935.000/ төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Ж  т оногдуулсан хорих ялыг өөрчилж, түүнд торгох ял шийтгэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/109 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “, арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван сая /15.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

 

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж  ийн цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Б.Ж  т оногдуулсан торгох ялаас 1.065.000 төгрөгийг хасаж, төлбөл зохих торгох ялын хэмжээг 13.935.000 төгрөгөөр тогтоосугай.” гэж,

 

6 дахь заалтын “хорих ялыг эдэлж дууссан үеэс” гэснийг  “магадлал хүчин төгөлдөр болсон үеэс” гэж тус тус өөрчилж,

 

7 дахь заалтад “Б.Ж  т оногдуулсан торгох ялыг магадлал гарсан үеэс эхлэн нэг /1/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн агуулгатай нэмэлтийг, 

 

8 дахь заалтын “Ж.С ” гэсний дараа “Б.Ж   нар” гэсэн нэмэлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ж  т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Б.Ж  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       Д.КӨБЕШ