Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/02716

 

2023 оны 09 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2023/02716 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........., өөрийн байранд байрлах, Ж  ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..........оршин суух, С овогт Д-ийн М  /РД:.........../,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ................тоотод оршин суух, Х  овогт И-ийн О  /РД:............/ нарт холбогдох

 

21.341.280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ж  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай Хан-Уул дүүргийн Яармаг дах Зөгий худалдааны төвд Архи ус ундааны лангуу ажиллуулдаг гэр бүлийн хүмүүс болох нөхөр Д.М, эхнэр И.О нар 2022 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулан ундааны орлуулалт хийж, хамтран ажиллаж байсан. 2022 оны 5 сарын 28, 2022 оны 6 сарын 02, 2022 оны 6 сарын 03, 2022 оны 6 сарын 10, 2022 оны 6 сарын 17, 2022 оны 6 сарын 23, 2022 оны 6 сарын 29, 2022 оны 8 сарын 11-ний өдөр гэсэн 11 удаагийн нийлүүлэлтээр нийт 16.484.140 төгрөгийг бүтээгдэхүүн нийлүүлж, 2.256.620 төгрөгийн төлөлт хийгдэж, үлдэгдэл 14.227.520 төгрөгийг өнөөдрийн хүртэл төлөөгүй. Бидний зүгээс удаа дараа үлдэгдэл 14.227.50 төгрөгийг төлүүлэх талаар утсаар болон уулзаж, сануулж байсан төлөөгүй тул 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл мөн л төлөөгүй байна. 2022 оны 5 сарын 14-ний өдөр нөхөр Д.М-тэй байгуулсан худалдааны хамтын ажиллагааны гэрээний 5.3-д заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тул уг гэрээний 8.1-д заасны дагуу 2.212.910 төгрөгийн алданги 284 хоногоор 3.142.322 төгрөг, 11.726.430 төгрөгийн алданги 254 хоногоор 14.892.566 төгрөг нийт алданги 18.311.551 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу нийт үүргийн үнийн дүн 14.227.520 төгрөгийн 50 хувь болох 7.113.760 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 14.227.520 төгрөг нийт 21.341.280 төгрөгийг Д.М, И.О нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.М, И.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зөгий худалдааны төвийг ажиллуулж байсан нь үнэн бөгөөд тус компаниас бараа бүтээгдэхүүн зээлээр авсан юм. Д.М-ийн УАБ-т 3 зэрэг, Зүрхний дутагдал, бөөрний дутагдал гэсэн хавсарсан онош өвчний учир тус худалдааны төвөө ажиллуулж чадахгүй татан буулгасан. Манай нөхөр Д.М-ийн биеийн байдлын улмаас одоогоор эрхэлсэн ажлаа түр зогсоогоод байгаа. Мөн бид тус компанид алданги хүү төлөх ямар ч боломжгүй. Харин авсан барааныхаа мөнгийг тохиролцон төлөх боломжтой. Бусад харилцагч байгууллагууд маань ч энэ байдлыг минь харгалзан үзэн тохиолцон төлүүлсээр байгаа юм. Иймд манай гэр бүлийн хүндэтгэн үзэж алданги хүү болон нэмэлт төлбөргүй шийдэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.03.20-ны өдрийн итгэмжлэл, 2022.05.14-ний өдөр ........ дугаар Худалдааны хамтын ажиллагааны гэрээ, 2022.12.12-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, худалдан авагч Д.М, И.Онартай холбогдох авлагын тооцоо, 2022.05.01-2022.12.31-ний өдрийн хоорондох харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж   ХХК гэрээний үүрэгт 21.341.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.М, И.О  нарт холбогдуулан шаарджээ.

 

Хариуцагч Д.М, И.О   нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 14.227.520 төгрөгийг төлнө, харин алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ж   ХХК 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр .........тоот худалдааны хамтын ажиллагааны гэрээг Зөгий яармаг худалдааны төвийн иргэн Мөнхтөртэй Жи эн бевережис ХХК-д үйлдвэрлэсэн, импортлосон бүтээгдэхүүнийг борлуулагчид нийлүүлэх, бүтээгдэхүүний үнийг төлөх нөхцөлтэй байгуулжээ.

 

Хариуцагч нар тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч 14.227.500 төгрөгийн барааны үнийг төлөөгүй, энэ талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч Д.М, И.О нар нь гэрээний үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Ж   ХХК гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2022.05.14-ний өдрийн гэрээний 8.1-д борлуулагч зээлийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ... 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

 

Нэгэнт талууд гэрээндээ алдангийн талаар тохиролцсон байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч нараас 7.113.760 төгрөгийн алдангийг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нар үндсэн төлбөр 14.227.500 төгрөгт маргаагүй, харин хүү алданги төлөхгүй гэх тайлбар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүх хариуцагч нарт 2023.09.11-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдсэн, мөн холбогдох утасны дугаараар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч Д.М, И.О нараас 21.341.280 төгрөгийг гаргуулж, Ж  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М, И.Онараас 264.657 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М, И.О нараас 21.341.280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж   ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264.657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М, И.О нараас 264.657 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО