Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02098

 

 

 

 

 

 

 

2023 12 04 210/МА2023/02098

 

 

 

******* эн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.*******хбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/02716 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* эн ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******, И.******* нарт холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,341,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1. ******* эн ******* ХХК-тай Д.*******, И.******* нар 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулан ундааны борлуулалт хийж, хамтран ажиллаж байсан.

1.2. Манай компани 11 удаагийн нийлүүлэлтээр нийт 16,484,140 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч нараас 2,256,620 төгрөгийн төлөлт хийгдсэн ба үлдэгдэл 14,227,520 төгрөгийг төлөөгүй. Бидний зүгээс удаа дараа үлдэгдэл төлбөр төлөх талаар утсаар болон уулзаж, сануулж байсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14,227,520 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл мөн л төлөөгүй байна.

1.3. Хариуцагч нар төлбөрөө барагдуулаагүй тул гэрээний 8.1-д заасны дагуу 2,212,910 төгрөгөөс 284 хоногоор алданги тооцвол 3,142,322 төгрөг, 11,726,430 төгрөгөөс 254 хоногоор алданги тооцоход 14,892,566 төгрөг, нийт 18,311,551 төгрөг болж байна. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 14,227,520 төгрөгийн 50 хувиар алданги тооцоход 7,113,760 төгрөг байна.

1.4.Иймд 21,341,280 төгрөгийг Д.*******, И.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Бид Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зөгий худалдааны төвийг ажиллуулж, тус компаниас бараа бүтээгдэхүүн зээлээр авсан.

2.2. Нөхөр Д.******* УАБ-т 3 зэрэг, зүрхний дутагдал, бөөрний дутагдал гэсэн хавсарсан оноштой учир тус худалдааны төвөө ажиллуулах боломжгүй болж, татан буулгасан. Нөхрийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан одоогоор эрхэлсэн ажлаа түр зогсоосон.

2.3. Бид тус компанид алданги, хүү төлөх боломжгүй. Харин авсан барааныхаа мөнгийг тохиролцон төлөх боломжтой. Иймд алданги, хүү буюу нэмэлт төлбөргүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, И.******* нараас 21,341,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* эн ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* эн ******* ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, И.******* нараас 264,657 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* эн ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Тус нэхэмжлэлд хүндэтгэн үзэх үндэслэл бүхий эрүүл мэндийн шалтгаантай байдлыг минь харгалзан үзэлгүй алданги 7,113,760 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Миний бие нийгэмд бий болсон цар тахалын хүнд хэлбэрээр өвдөж, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн зүрх, судас, уушигны архаг дутагдалд орж байнгын эмнэлгийн хяналтад орсон, эхнэрийн асрамжид байгаа. Би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2 эмнэлэгт хагалгааны урьдчилсан шинжилгээ сорил авагдаж байсны улмаас шүүх хуралд оролцож чадаагүй.

4.3. Зээлийн гэрээгээр олгогдсон бараа, миний гарын үсэг, тамгатай, тооцоогоо хүлээн зөвшөөрч, үндсэн тооцоогоо барагдуулна гэсэн байхад гэр бүлээр минь хариуцагч болгож байгаад гомдолтой байна.

4.4. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан алданги тооцохгүй хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарын давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******, И.******* нарт холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,341,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар барааны үлдэгдэл төлбөр 14,227,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алданги 7,113,760 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* ХХК, Д.******* нар 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Худалдааны хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээ байгуулж, ******* ******* ******* ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн, импортолсон бүтээгдэхүүнийг борлуулагчид нийлүүлэх, борлуулагч нь бүтээгдэхүүний үнийг төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх.6/ *******э талаар талууд маргаангүй.

 

4. Гэрээний дагуу нийлүүлэгч талаас бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн, борлуулагч нь худалдан авсан барааны үнэд 14,227,520 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримтыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТБ/22 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Харин талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Талууд гэрээндээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэрээнд заавал тохиролцох нөхцлийг тусгаагүй, мөн нийлүүлэгч талаас бараа бүтээгдэхүүнийг үнэ төлөхөөс өмнө нийлүүлсэн нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжид нийцсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

Худалдах-худалдан авах гэрээний зүйлийг үнийг төлөхөөс өмнө бусдын өмчлөлд шилжүүлж болох ба Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар талууд үнийг төлөх арга хэрэгсэл, хуваарийн талаар тохиролцох боломжтой.

 

Иймд ******* ******* ******* ХХК, Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5. Хариуцагч Д.******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Талууд гэрээний 8.1-д алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул алданги тооцуулахгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /хх-6/

 

6. Нэхэмжлэгч тал хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 14,227,520 төгрөгийн 50 хувиар алданги тооцсон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн заасантай нийцжээ.

 

7. Хариуцагч Д.******* давж заалдах гомдолдоо үндсэн тооцоогоо барагдуулна гэсэн байхад гэр бүлээр минь хариуцагчаар татсанд гомдолтой, ... гэжээ.

 

7.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Д.*******, И.******* нарыг татсан, шүүх уг хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин, гэрээний үүрэг шаардах эрхийн талаар дүгнэлт хийгээгүй, хариуцагч И.*******гоос гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Учир нь ******* ******* ******* ХХК, Д.******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

7.2. Хариуцагч И.******* нь ******* ******* Бевержис ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ТБ/22 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулан, тооцоо нийлсэн акт үйлдэж нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт 14,227,520 төгрөг төлбөр авагчид төлөх үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-7-8/ Хариуцагч Д.*******ийн хувьд 14,227,520 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг зөвшөөрч байгаа боловч дээрх хэлцлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Иймээс Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.*******, нэхэмжлэгч ******* ******* Бевержис ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.

 

8. Хариуцагч Д.******* нь байнгын эмнэлгийн хяналтад байж, эхнэрийн асрамжид байдаг гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэж, алдангийн хэмжээг багасгах боломжгүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******өөс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,341,280 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* эн Бевержис ХХК-д олгож, хариуцагч И.*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/02716 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******өөс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,341,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* эн ******* ХХК-д болгож, хариуцагч И.*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад хариуцагч Д.*******, И.******* нараас гэснийг хариуцагч М.*******өөс гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД