Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 135/ШШ2016/00578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2015/00900/и
 
 
Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан сум, ***дугаар баг, *** дугаар бракны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас *** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, *** дүгээр баг, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ***овогт *** /регистрийн дугаар ***, утас***/-д холбогдох
Гэм хорын хохирол 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн *** улсын дугаартай хувийн жижиг автомашинаар Дархан хот руу замын хөдөлгөөнд оролцон хүнсний комбинатын хойд талын уулзвар дээр явж байхад жолооч *** нь жижиг ачааны портер маркийн улсын *** дугаартай машинтай согтуу явж байхдаа миний машины зүүн тал руу араас мөргөж машины хойд багаж салхины шил гупер дохионы гэрэл гэмтээж хохирол учруулсан юм.
*** нь одоо төлбөрийг барагдуулахгүй зугатаад миний машины төлбөрийг төлөхгүй байгаа тул би энэ хүнээр ажлаа хийлгэж машинаа бариулж байсан машины эзэн ***гээс эхлэж машины хохирлын мөнгийг гаргуулмаар байна.гэв.
 
Хариуцагч *** нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. *** гэгч хүн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *** миний өмчлөлийн *** улсын дугаартай портер маркийн автомашиныг миний зөвшөөрөлгүйгээр согтуугаар жолоодож явахдаа мөн миний элентра маркийн машины зүүн талын хаалгыг хонхойтол мөргөсөн. Би одоо болтол *** хохирлоо төлүүлж чадаагүй. Иймд би нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй.
...Нармандахын хэлсэнчлэн *** би *** машинаа бариулж ажлаа хийлгээгүй. *** нь манайд ажиллаж байсан нь үнэн. Гэвч энэ үед ***миний эхнэр *** Хятад явсан байсан. 2015 оны 06 дугаар сарын 22-ны өглөө гэрээс 3 км-ийн зайтай талбайд *** ажиллуулаад би өөрөө ажлын шаардлагаар Дархан яваад орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд хашаа гэр эзгүй байхад *** нь машин хулгайгаар унаж явсан. *** би хулгайд машинаа алдаад хоёрын хоёр машинаар хохироод байхад хулгайчийн хийсэн хэргийн хохирлыг надаар төлүүлж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, О.*** нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.***ын оршин суух хаяг тодорхойгүй байсан тул хариуцагч О.***аас татгалзаж, хариуцагч ***гээс 900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч *** нь ...манайд ажиллаж байсан О.*** нь миний зөвшөөрөлгүй миний өмчлөлийн портер маркийн машиныг унаж яваад осол гаргасан. Энэ мөнгийг би төлөх үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
 
Хэрэгт авагдсан баримтаар
2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр Баяндавааны 4 замын уулзвар орчим жолооч О.*** нь ***улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт,мөн дүрмийн 2.7а жолооч согтууруулах ундаа, сансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, жолооч ***ын жолоодож явсан Х-сонота6 загварын *** улсын дугаартай автомашиныг мөргөж улмаар уг автомашины урд явсан *** унаж явсан супер вени загварын мотоциклийг зам тээврийн осол гаргасан,
Уг зам тээврийн ослын улмаас хүний биед гэмтэл учруулаагүй ба иргэн ***ын өмчлөлийн автомашинд 900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн*** дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
О.***ын жолоодож явсан ***улсын дугаартай портер маркийн машины эзэмшигч, өмчлөгч нь *** мөн болох нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч *** нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно.
 
Хариуцагч *** нь ...манайд ажиллаж байсан О.*** нь миний зөвшөөрөлгүй миний өмчлөлийн портер маркийн машиныг хулгайлж унаж яваад осол гаргасан. Би түүнд машин унаж явахыг зөвшөөрөөгүй, энэ талаар би цагдаагийн газарт гомдол гаргаж байсан. Миний буруу байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд хариуцагч *** нь хэрэг явдал гарсан өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр машинаа хулгайд алдаж байсан талаар Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ...Шуурхай удирдлагын албаны *** тоот дугаарын утсанд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20:10 цагт *** регистрийн дугаартай *** нь *** дугаарын утаснаас Дархан-Уул аймгийн Орхон сумын Шар дэрсний 9-2 тоот хашаанаас *** улсын дугаартай цагаан өнгийн Хьюнда Протер маркын машинаа хулгайд алдчихлаа гэх дуудлага мэдээлэл өгсөн нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ***гийн О.***д тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй тухайн үед О.*** нь ***гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүйгээр жолоодож эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул ***ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвөөс уг машиныг бусдад шилжүүлсэн эсэх, техникийн хэрэгслийн холбогдох баримтыг гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
 
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч ***ын гаргасан хариуцагч ***гээс 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,150 төгрөгийг төрийн сангийн дансад хэвээр үлдээсүгэй.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
 
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
 
Ж.ЛХАГВАСҮРЭН