Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 76

 

Г.М-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00900/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар  сарын 24-ний өдрийн 343 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газарт холбогдох 

            “гэм хорын хохирол 343.538.935 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.   

Нэхэмжлэгч Г.М- болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд нараас:

Миний нөхөр Б.Найдан бид 1991 онд гэр бүл болж өдгөө 6 хүүхдийн эцэг эх болж сайхан амьдарч байсан. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр уг салбарын дарга болох Б.Энхбаяр ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй хөдөлмөр хамгааллын зааварчилгаа танилцуулалгүй хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй А-92 маркийн түлш агаарт ууршиж аюултай нөхцөл байдал үүссэн газарт дуудсан байсан. Түлшний агуулах хэсэгт байрлах 1000м3 багтаамж бүхий түлшний савнаас АИ92 маркийн бензиныг зөөврийн цахилгаан насосоор шатахуун тээвэрлэх машин руу шахах үед гал гарч уг газарт ажиллаж байсан Б.Найдан нь  бүх биеийн нийт гадаргуугийн 40 хувийг хамарч түлэгдэж  Улаанбаатар хотын түлэнхийн сэхээний тасаг руу шилжихэд 70 хувийг хамарсан түлэгдэлтэй байсны улмаас 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Дарханы салбарын дарга Б.Энхбаяр нар түүний ар гэрт өнчин үлдэж буй 5 насанд хүрээгүй хүүхдүүдэд өчүүхэн төдий ч санаачлага гаргаж санаа тавиагүйд бид туйлын гомдолтой байна. Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан.

Иймд Онцгой байдлын газраас Б.Найдангийн эмчилгээний зардалд зарцуулсан 13,948,830 төгрөг,  оршуулгын зардалд зарцуулсан 16,390,105 төгрөг, нас барж хүнд гарз хохирол учирсан, насанд хүрээгүй 5 хүүхдийн маань ирээдүйд сурч боловсрох, 18 нас хүртэлх хугацааны зардалд 200,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол болоод өмгөөллийн хөлс, уг хэрэг Дарханаас Улаанбаатар хот руу шилжсэн учраас прокурор, мөрдөн байцаагч нар дуудах бүрт хэргийн материалтай танилцах гэж явсан зардал, ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйн улмаас алдагдал орсон нөхөн төлбөр зэрэгт 100,000,000 төгрөг, 60 сартай тэнцэх цалин олгох байсны 36 сартай тэнцэх цалин олгосны зөрүү 24 сартай тэнцэх цалин болох 13,200,000 төгрөг, нийт 343,538,935 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат нараас:

Онцгой байдлын ерөнхий газраас Б.Найданг үрийн агуулахын тоног төхөөрөмжийн механикийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэх үүрэг даалгавар тушаалыг амаар болон бичгээр өгөөгүй тухайн үед Дархан-Уул аймаг дахь улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан иргэн Б.Энхбаярын бие даан гаргасан шийдвэр юм. Эмчилгээний зардалд зарцуулсан гэж нэхэмжилж буй 13,948,830 төгрөгийн тухайд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлыг эмнэлгийн байгууллагад сарын хуваарийг үндэслэн урьдчилан төлж гүйцэтгэлээр дараа сарын 25-ны дотор тооцон олгоно гэж заасан байдаг. Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эмнэлгийн байгууллагын нөөцөд байхгүйгээс даатгуулагчийг хэвтэж эмчлүүлэх хугацаанд эмчилгээнд нь шаардлагатай, өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, ороох боох материалыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллага даатгуулагчид эм тариа, ороох боох материалын үнийг бүрэн нөхөн олгох үүрэгтэй. Мөн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.13-т даатгуулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тохиолдолд зардлыг даатгалын сангаас төлнө гэж заасны дагуу харъяа даатгалын байгууллагаар төлүүлэх нь зүйтэй. Оршуулгын зардалд зарцуулсан 16,390,105 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.3-т заасан Оршуулгын тэтгэмж нь тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрөлд багтдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно. гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас уг зардлыг гүйцээн гаргуулах нь зүйтэй. Б.Найдан нас барж хүнд гарз хохирол учирсан тул гэм хорын хохирол учирсны төлбөрт 200,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 201409000551 дугаартай эрүүгийн хэргийн холбогдогчоос нэхэмжлэх нь зүйтэй байна. Сэтгэл санааны хохирол,  өмгөөллийн хөлс бусад зардалд 100,000,000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж заасныг үндэслэн 17,397,460 төгрөгийн тусламж олгосон. Нийт 45,967,460 төгрөгийг түүний ар гэрт олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хариуцагч Онцгой байдлын Ерөнхий газраас 19,492,044 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 324,046,891 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Онцгой байдлын ерөнхийн газар нь улсын тэмдэгтийн хураамж 255,410 төгрөгийг гаргуулж,Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасны дагуу хэргийн оролцогчдод буюу нэхэмжлэгч, хариуцагчид хуульд заасан эрх, үүргийг буюу нэхэмжлэгчид хариуцагч Б.Энхбаяраас татгалзсанаас үүсэх үр дагаврыг нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэх явцад тайлбарлаагүйгээс нэхэмжлэгч гэм буруугаас үүссэн хохирлыг Онцгой байдлын ерөнхий газраас бус хариуцагч Б.Энхбаяраас шаардах эрхгүй болсон. Хариуцагч Б.Энхбаярыг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээс хэргийг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэх боломжгүй тул түүнийг заавал оролцуулах хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.Энхбаяраас татгалзах хүсэлт гаргаж Онцгой байдлын ерөнхий газрыг хариуцагчаас татсан бөгөөд энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй,  шүүх хуралдаан болохоос 30 минутын өмнө мэдэгдсэн.  Үүнээс шалтгаалан хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдээгүй бөгөөд  хуульд заасан нөхцөл байдлыг бодитойгоор үнэн зөв танилцуулах, тайлбарлах боломжийг шүүх бүрдүүлээгүй.

Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр ерөнхий инженер Б.Галмандахыг эзгүй байх үед Б.Найданг ажиллуулах болсон шалтгаан нөхцөл, хохирогч өөрөө тухайн ажилд дадлага туршлагагүй байж оролцохыг зөвшөөрч хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын дүрэм журамтай танилцах арга хэмжээ аваагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “хохирогч өөрөө санаатай буюу илт болгоомжгүй хандсан, эсхүл хуульд тогтоомжид нийцсэн арга  хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн заалтыг хэрэглэж, хэргийн бодит үнэн, байдлыг  тогтоох боломж бүрдээгүй. Мөн эрүүгийн хэргийг иргэний хэргийн шүүхэд татах талаар гаргасан хүсэлтийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол ирсэн тул шаардлагагүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулин 38.6-д заасныг зөрчсөн.

Онцгой байдлын ерөнхий газар нийт 41.394.460 төгрөгийг барагдуулсан байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.М- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Б.Энхбаяраас татгалзсан шалтгаан нь Иргэний хуульд ажилтаны буруутай үйлдлээс шалтгаалсан гэм хорын хохирлыг байгууллага төр, нөхөн төлнө гэж заасан байсан.  Би 41 насандаа 5 өнчин хүүхэдтэй хоцорч хүүхдүүдийн минь ирээдүй ямар ч баталгаагүй  болж байна. 60 сартай тэнцэх цалин олгон гэсэн боловч 36 сартай тэнцэх цалин олгосон. Хэрвээ нөхөр маань ажил үүргээ гүйцэтгээд явж байсан бол  тэтгэвэртээ гарахдаа  энэ тэтгэмжийг авах байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны  шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж  заалдсан гомдлыг хангах  хуулийн  үндэслэл  тогтоогдоогүй гэж  үзэв.

            Нэхэмжлэгч  Г.М-ын  нөхөр,  талийгаач  Б.Найдан нь  Онцгой байдлын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт  механикаар  ажилладаг байсан   2014 оны  08 дугаар сарын  14-ний өдөр  үйлдвэрлэлийн осолд орж, 08 дугаар сарын  27-ны өдөр  түлэгдэлтийн улмаас  нас барсан  байна.

            Г.М- нь Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан эмчилгээ, эм тарианы зардал, оршуулгын зардал, 20 жилтэй тэнцэх цалин, сэтгэл санааны хохирол, өмгөөллийн хөлс, 60 сартай тэнцэх цалин  олгох байснаас  олгогдсон 36 сарын цалин олгосны зөрүү  нийт  343.538.935 төгрөг   гаргуулахаар  шаардсаныг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Онцгой байдлын ерөнхий газраас  Б.Найданг үрийн агуулахын тоног төхөөрөмжийн механикийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил  үүргийг гүйцэтгүүлэх  үүрэг, даалгавар, тушаалыг амаар болон бичгээр  өгөөгүй, тухайн үед Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн  салбарын даргаар ажиллаж байсан  иргэн  Б.Энхбаярын бие даан гаргасан шийдвэр  учраас  хариуцагч биш, эмчилгээний  зардалд  зарцуулсан  13.948.830 төгрөгийг  Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар  төлүүлэх нь зүйтэй, оршуулгын  зардлыг  нийгмийн даатгалын сангаас  гаргуулах нь  зүйтэй, сэтгэл санааны болон өмгөөллийн хөлсийг  нотлох баримтгүй тул  зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн хуулийн дагуу  36 сарын тэтгэмжийг  олгосон  тул  дахин олгох   үндэслэлгүй тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу?  гэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй“   гэж  маргасан.

            Шүүх Онцгой байдлын ерөнхий газар нь  хуулийн дагуу Г.М-д учирсан хохирлыг  хариуцан арилгах  үүрэгтэй  гэж  дүгнэн  нэхэмжлэлийн зарим шаардлагыг   хангаж  шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны  шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  хэргийг бүхэлд нь хянаж   үзэхэд  шүүх  хэрэг маргаанд холбоотой хуулийг   зөв хэрэглээгүй  нь  тогтоогдож  байх тул  уг алдааг   зөвтгөж, шийдвэрт  өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж  дүгнэлээ.

            Талийгаач Б.Найдан нь Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн  газар  механик  ажилтай байсан, 2014 оны  08 дугаар сарын 14-нд үйлдвэрлэлийн  осолд орж,  27-ны  өдөр  түлэгдэл гэмтлийн улмаас нас барсан, хариуцагч Д.Энхбаяр нь   Онцгой байдлын ерөнхий  газрын  харъяа  Дархан-Уул аймаг дахь  Улсын нөөцийн газрын даргаар   ажилладаг байсан,

Эрүүгийн цагдаагийн газрын, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх  хэлтэс  уг Аюулгүй  ажиллагааны  журам зөрчсөнөөс  хүний амь хохирсон  үйлдэлд  2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн 201409000551 дугаартай хэрэг  үүсгэн  шалгаж, Нийслэлийн  прокурорын  газрын хяналтын  прокурорын 2015 оны   11 дүгээр сарын 13-ны өдрийн  МН\10  дугаар  тогтоолоор  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн  183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар  яллагдагч  Б.Энхбаярт холбогдох  эрүүгийн  201409000551  дугаартай  хэргийг  Анхны  ардчилсан сонгууль болж  байнгын  ажиллагаатай парламент  байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан  2015 оны  10 дугаар сарын  29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон  “Өршөөл үзүүлэх тухай  хууль”- ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан  үндэслэлээр  хэрэгсэхгүй  болгосон  \хэргийн  106 дугаар тал\ ,

            Хөдөлмөрийн хуулийн дагуу  36 сарын  тэтгэмж 17.397.460 төгрөг, даатгалын гэрээний дагуу  “Миг даатгал”  ХХК-иас  24.000.000 төгрөг, байгууллагын  хөдөлмөрийн дотоод журмын дагуу  2.000.000  төгрөгийн тэтгэмж, тусламж  өгсөн  болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон зохигчид энэ талаар маргаагүй болохыг   дурдаж  байна.

            Нэхэмжлэгчийн  нөхөр   үйлдвэрлэлийн  ослын гэмтлийн улмаас  эмнэлэгт   2014 оны 8 дугаар сарын 14-нөөс   27-ны өдөр хүртэл хугацаанд  эмчлүүлж байсан бөгөөд  энэ хугацааны  эмчилгээний  зардлыг  Иргэний хуулийн  505  дугаар зүйлийн 505.1-д  зааснаар,  хохирогч нас барснаас  учирсан  гэм хорын хохирлыг  хуулийн 508 дугаар  зүйлийн  508.1-д зааснаар   шаардах эрхтэй.

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн  498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн  гэм буруутай үйлдлийн улмаас  бусдад гэм хор учруулсан бол  уг гэм хорыг  түүний  ажиллаж байгаа  хуулийн этгээд буюу  төр хариуцан арилгана”  гэж  заасныг  Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн  газрын даргын  гэм буруугийн хариуцлагыг  Онцгой байдлын ерөнхий газар  хариуцна  гэсэн   санаа  юм.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд  шүүх  маргааны  харилцааг  зохицуулсан хуулийг  оновчтой зөв  хэрэглээгүй   байх тул  шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулахаар  шийдвэрлэв.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдах гомдлын  үндэслэлд: “...нэхэмжлэгч ... хариуцагч  Б.Энхбаяраас  татгалзах хүсэлт гаргаж...  энэ талаар  хариуцагчид мэдэгдээгүй...,  ...Б.Энхбаяр  ерөнхий  инженер  Б.Галмандахыг  эзгүй байх үед Б.Найданг ажиллуулах болсон шалтгаан нөхцөл,  хохирогч  өөрөө  тухайн ажилд дадлага туршлагагүй  байж оролцохыг зөвшөөрч  хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын дүрэм журамтай танилцах арга хэмжээ аваагүй..., гэж  дурдсан  байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь  зөрчигдсөн гэж үзэж  эрхээ  сэргээлгэхээр  өөрийнх нь эрхийг  зөрчсөн гэж  үзэж буй  этгээдийг  иргэний хэрэгт хариуцагчаар заадаг тул  Дархан-Уул аймаг дахь  Улсын нөөцийн  газар, иргэн Б.Энхбаяр,  Онцгой байдлын ерөнхий газрыг  хариуцагчаар  тодорхойлж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Онцгой байдлын   ерөнхий газрыг жинхэнэ хариуцагч гэж  үзэн бусад хариуцагч нарт  холбогдох  нэхэмжлэлээсээ  татгалзсан  нь  нэхэмжлэгчийн   эрх  бөгөөд  хариуцагч  Онцгой байдлын ерөнхий  газрын  үүнтэй холбоотойгоор  гаргаж  буй  татгалзал  болон  зөвшөөрлийг харгалзах  хууль зүйн  үндэслэл  байхгүй,  хохирогч  Б.Найданг  өөрөө санаатай буюу  илтэд  болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид  нийцсэн арга хэрэгслээр  үүсч болох хохирлоос   урьдчилан сэргийлэх оролдлого  хийгээгүйг   нотолсон  нотлох баримт  хэрэгт  байхгүй  байхад  Иргэний  хуулийн  498 дугаар зүйлийн  498.3-т  зааснаар  хариуцагчийг  төлбөрөөс  чөлөөлөх  боломжгүй тул   давж заалдах гомдлыг   хангах  хуулийн үндэслэл  байхгүй гэж  дүгнэж байна.

Шүүх  нэхэмжлэлийн  шаардлагаас  эмчилгээ, эм тарианы зардал,  оршуулгын зардлын  зарим  хэсгийг гаргахдаа  хэрэгт авагдсан нотлох баримтыг  үнэлж, тооцооллыг  зөв  тогтоосон,  сэтгэл санааны хохирол, нөхөн олговор, хорин жилтэй тэнцэх цалин  гаргуулах шаардлагууд нь  хуульд  нийцээгүй   учир   хэрэгсэхгүй  болгож   шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т    нийцсэнийг   дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 343 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн  1 дэх заалтад, “Иргэний хуулийн  498 дугаар зүйлийн 498.1 гэснийг 498.2  гэж өөрчлөн, 505 дугаар зүйлийн  505.1“  гэсэн заалтыг  нэмж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч  Онцгой байдлын ерөнхий газраас  улсын тэмдэгтийн хураамж  255.410 төгрөгийг  нөхөн төлүүлж,  төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ            

                                       ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.ЭНХЖАРГАЛ