Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар  2021/ДШМ/41

 

З.Т-тхолбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч З.Т  ийг эд холбогдох эрүүгийн 2113000000094 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, орчуулагч А.Еркегүл, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч З.Т  шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 9 сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт тус аймгийн Ө сумын  дүгээр баг, Х гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай У овгийн З-гийн З.Т   /000000/ нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг “Өмнө гол” гэх газарт М.С-ы эзэмшлийн 01-02 БӨН улсын дугаартай “Тоуоtа соrollа” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан өөрийн эхнэр М.Өзгерисийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч У овогтой З-гийн З.Т  ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т  ийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Т  ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2-д заасныг баримтлан шүүгдэгч З.Т  ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэлээс бүхэлд нь өршөөн хэтрүүлж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцахад анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...Шүүгдэгч З.Т  ийг ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай 6, 7, 9 хамаарахгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө үйлдэгдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Т  ийг эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлт хийсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэх заалт нь урьд шүүхээр ял шийтгүүлсэн, шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг эдэлж дуусаагүй ялтанд хэрэглэх зохицуулалт байна.

Шүүгдэгч З.Т  ийг ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэх заалтыг баримталж хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэх хууль хэрэглээний зохицуулалтыг хийсэн байхад анхан шатны шүүх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж, оногдуулсан ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль ёсны бөгөөд үндэслэлгүй шийдвэр болжээ. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх, хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох гэх хоёр өөр хууль зүйн ойлголт, зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгуулах, шүүгдэгч З.Т  ийг ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Шүүгдэгч З.Т нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Өмнө гол гэх газарт М.С-ы эзэмшлийн 01-02 БӨН улсын дугаартай, “Toyota corolla” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.Өзгерисийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

З.Т  ийг ийн нийгэмд аюултай, гэм буруутай, болгоомжгүй уг үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөн зүйл, хэсэгт зааснаар түүнийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцохдоо тус тус хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон буюу хууль ёсны байх, гэм буруугийн болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмууд тус тус хангагдсан байна.

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч М.Өзгерисийн өвчний түүх зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч З.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч З.Т  ийг   автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Т  ийг  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэлээс бүхэлд нь өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл бүрэн үндэслэлтэй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд өршөөл үзүүлэх хэлбэрүүдийн талаар “эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх”, “эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”, “ялаас өршөөн хасах”, “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, “зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж ялгамжтай байдлаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч З.Т  ийг ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэрэгсэхгүй болгох нөхцөлд багтаж байх тул, анхан шатны шүүх нэгэнт яллагдагчийн шүүхэд шилжүүлсэн тохиолдолд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх тухай 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд мөн хуулийн хэрэглэвэл зохих 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийг хэрэглээгүй байх тул энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж мөн хуулийг хэрэглэх журмыг тодорхой зохицуулсан байхад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт торгох ял шийтгэж, улмаа шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, 5 дугаар заалтад зохих өөрчлөлтийг оруулан З.Т  ийг ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолыг тус шүүхийн шүүгчийн туслах Н.Болатбек нь шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчид бус, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын туслах ажилтан Б.Н-д 2021 оны 8 дугаар сарын 23, эсхүл 24-ний өдөр /Н.Болатбекийн бичгээр гаргасан тайлбараар/ гардуулахдаа хэргийн 242 дугаар талд хавсаргасан шүүхийн шийдвэрийг гардуулсан тухай баримтад Б.Н-эр “2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан” гэж санаатайгаар буруу ташаа тэмдэглүүлснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг гардуулан өгөх журам зөрчигдсөн байна.

Шүүгчийн туслах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсгийн 89.3.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн удирдлага дор хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг хууль болон ёс зүйн шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар гүйцэтгэх, оролцогч, прокурорт шүүхийн шийдвэрийг гардуулан өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан хуульчилсан журмыг чанд мөрдөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцэхийг анхааруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалд тухайлан тэмдэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Т  ийг ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийн хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                           Н.ТУЯА

 

 

                                                    Д.КӨБЕШ