Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2016/00558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Хэргийн индекс: 135/2016/00183/И
 
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, *** дүгээр баг, Хайрхан *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-уул аймаг, Дархан сум, *** ХК-д холбогдох ,
3,833,971 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...намайг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай гүйцэтгэх захирал *** гаргасан тушаалаар тус компаний бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулан ***ТӨХК-ий Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн ашиглалтын инженерийн албан тушаал эрхэлж байсныг өөрчилж 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгон үндсэн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн ***ТӨХК-ий Төмөртолгойн уурхайн даргаар томилсон юм. Уг тушаалын дараа компаний гүйцэтгэх захирал *** гаргасан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/114 дугаартай Мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал гарч Төмөртолгойн уурхайн дарга *** нь зөвлөх инженерийн зэрэг авсан тул зэргийн нэмэгдэл олгохыг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн цалингийн 15 хувиар тооцон сар бүр олгох тушаал гаргасан. Мөн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирал ***А/123 дугаартай цалин шинэчлэн тогтоох тухай тушаал гарч уг тушаалын хавсралтанд нэр заагдсан албан тушаалтнуудын үндсэн цалинг тусгай нөхцлөөр шинэчлэн 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бодож олгох ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгосон.
Энэхүү тушаалын хавсралтын 7 дугаарт миний албан тушаалын үндсэн цалинг 4,000,000 төгрөг байхаар цалинг шинэчлэн тогтоосон тул 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/114 дугаартай мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаалын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн цалингийн 15 хувиар тооцон сар бүр олгох зэргийн нэмэгдэл мцалинг олгогдох ёстой байсныг олгоогүй дээрхи тушаалуудын дагуу авах ёстой зөвлөх инженерийн зэргийн нэмэгдэл доорхи байдлаар олгогдох ёстой байсан. Тухайлбал 2014 оны 06 дугаар сард үндсэн цалинг 4,000,000 төгрөг, үүний 15 хувь буюу 600,000 төгрөгийн нэмэгдэл, 2014 оны 07 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг үүний 15 хувь 600,000 төгрөгийн нэмэгдэл, 2014 оны 08 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг үүний 15 хувь буюу 600,000 төгрөгийн нэмэгдэл, 2014 оны 09 дүгээр сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 2,909,091 төгрөг үүний 15 хувийн нэмэгдэл 434,363 төгрөг, 2014 оны 10 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг, үүний 15 хувь нэмэгдэл цалин 600,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг, үүний 15 хувийн нэмэгдэл 600,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 545,455 төгрөг үүний 15 хувь буюу 81,818 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 2,105,263 төгрөг үүний 315,789 төгрөг тус тус үндсэн цалинг авсан тул үүнээс зэргийн нэмэгдэл сар бүр авсан үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэл нийт 3,833,971 төгрөгийг нэхэмжилж байна.гэжээ.
 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...***ХК-д Төмөртолгойн уурхайн даргаар ажиллаж байсан *** нь тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд гэрээний дагуу үндсэн цалин нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны А/126 а тоот тушаалаар батлагдсан цалингийн сүлжээний дагуу 1,600,000 төгрөг болно. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр нэр бүхий албан тушаалтнуудын цалингийн асуудлыг авч хэлэлцээд тусгай нөхцлөөр цалинжуулж уг нөхцлөөр цалинжих албан тушаалтнуудын цалинд урьд авч байсан аливаа нэмэгдлийг оруулан тооцохоор шийдвэрлэсэн. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн захирлын зөвлөлийн шийдвэрийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын А/125 тоот тушаалаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/114 тоот Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалыг хүчингүйд тооцсон. Дээрх арга хэмжээ нь 1,600,000 төгрөгийн сүлжээний цалингаар цалинжиж байсан ***гийн цалинг огцом нэмэгдүүлж 4,000,000 төгрөг болгож эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***ХК-д холбогдуулан инженерийн зэргийн нэмэгдэл 3,833,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Дарханы ***ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаартай Ажлын байр өөрчлөх тухай тушаалаар ...Төмөртэй төмрийн хүдрийн уурхайн ашиглалтын инженер ***тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгон үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Төмөртолгойн уурхайн даргаар томилжээ /хх-9/.
Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/114 дугаартай Мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаалаар ...Төмөртолгойн уурхайн дарга *** нь зөвлөх инженерийн зэрэг авсан тул зэргийн нэмэгдлийг олгохоор шийддвэрлэж /хх-10/, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/123 дугаартай Цалин шинэчлэн тогтоох тушаалаар ...Төмөртолгойн уурхайн дарга ***гийн үндсэн цалинг 4000,000 төгрөгөөр тогтоож.... шийдвэрлэсэн байна /хх-11/.
 
Дарханы ***ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/125 дугаартай Тушаал хүчингүй болсонд тооцох тухай тушаалаар тус компаний гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/123 тоот тушаал батлагдсантай холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн А/114 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсон. байна.
 
*** нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан бөгөөд тус салбар хорооноос 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/10 тоот албан бичгээр талуудад зөвлөмж хүргүүлсэн байна . /хх-6-9/
Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/10 тоот Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, ***ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан хамтын гэрээ, ***ТӨХК-ний гүйцэтгэх захирлын А/114 тоот тушаалын дагуу ***д зөвлөх инженерийн зэргийн нэмэгдэлийг үндсэн цалингийн 15 хувиар бодож олгож байхаар шийдвэрлэсэн байна.
Иймд ***д 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарыг дуусталх зөвлөх инженерийн зэргийн нэмэгдэл 3,833,971 төгрөгийг олгох нь зүйтэй гэж аймгийн ХМШЗСХорооноос зөвлөж байна.
Дээрх тушаалыг хүчингүй болсонд тооцох тухай ***ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/125 тоот тушаал нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш байна гэжээ /хх-6/.
***ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/43 дугаартай Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хавсралтын 6.1-т салбарын доктор, дэд доктор, зөвлөх инженер, мэргэшсэн нягтлан бодогч нарт нэмэгдэл урамшууллыг үндсэн цалингаас сар бүр олгоно гэж заасан байна. /хх-30-35/
 
Нэхэмжлэгч *** нь Дарханы *** ХК-ний Төмөр толгойн ил уурхайн даргаар ажиллаж байгаад 2015 ны 01 дүгээр сарын 15-ны өдөр тэтгэвэрт гарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба ажил олгогч ***ТӨХК, ажилтан *** нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч *** нь шүүх хуралдаан дээр ...байгууллага, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд зөвлөх инженер мэргэжлийн зэрэгтэй бол нэмэгдэл урамшуулалыг үндсэн цалингаас тооцож сар бр олгоно гэж заасны байгууллагын захирлын тушаалаар зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн. Гэвч дээр зэргийн нэмэгдлийг олгоогүй учир Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргаж, хорооноос нэмэгдэл олгох тушаалыг хүчингүй болсонд тооцох тухай ***ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/125 тоот тушаал нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш гэж үзэж, зөвлөх инженерийн зэргийн нэмэгдэл 3,833,971 төгрөгийг байгуулагаас гаргуулж надад олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Салбарын бусад хууль тогтоомжид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгохоор заасан байдаг тул 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны зэргийн нэмэгдэл 3,833,971 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал шаардлагыг эс хүлээн зөвшөөрч, ...2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус байгууллагын захирлын зөвлөлийн хурлаар уурхайн дарга ***гийн цалин 1,150,000 төгрөг байсныг нэмж 4000,000 төгрөг болгож шийдвэрлэсэн, тус хурлаар гүйцэтгэх захирал ...тусгай нөхцлийн цалин огцом нэмэгдэж байгаа учраас холбогдох ажилтнуудад аливаа нэмэгдэл цалинг тусгай нөхцлийн цалинд оруулан тооцож байгааг сайн ойлгуулан хэлэх хэрэгтэй гэсэн /хх-47/. Тийм учраас гүйцэтгэх захирлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/125 дугаартай тушаалаар мэргэжлийн зэрэг олгох тушаалыг хүчингүй болгосон. ***гийн цалинг нэмэгдүүлсэн, түүний эрх ашгийг дээрдүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-т хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхээр заасны дагуу ***ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/125 дугаартай Тушаал хүчингүй болсонд тооцох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлыг Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны харъяалан шийдвэрлэх маргаан биш болно.
Иймд аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эрхийн актаар ***ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/125 дугаартай Тушаал хүчингүй болсонд тооцох тухай тушаалыг хүчингүй болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул ***гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэгч ***гийн хариуцагч Дарханы ***ХК-д холбогдуулан гаргасан 3,833,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***гээс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 78,000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
 
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА