Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 117

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00183/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч М.Б-гийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Д Т Ү” ХК-д холбогдох 

         “Мэргэжлийн зэргийн нэмэгдэл 3.833.971 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

          Нэхэмжлэгч М.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

          Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаартай гүйцэтгэх захирал Д.Бгийн гаргасан тушаалаар тус компаний бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсонтой холбогдуулан “Д Т Ү” ТӨХК-ийн Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн ашиглалтын инженерийн албан тушаал эрхэлж байсныг өөрчилж 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгон үндсэн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн “Д Т Ү” ТӨХК-ийн Төмөртолгойн уурхайн даргаар томилсон юм.

          Уг тушаалын дараа компаний гүйцэтгэх захирал Д.Бгийн гаргасан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/114 дугаартай Мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал гарч Төмөртолгойн уурхайн дарга М.Б- нь зөвлөх инженерийн зэрэг авсан тул зэргийн нэмэгдэл олгохыг 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн цалингийн 15 хувиар тооцон сар бүр олгох тушаал гаргасан. Мөн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирал Д.Бгийн А/123 дугаартай “цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал гарч уг тушаалын хавсралтанд нэр заагдсан албан тушаалтнуудын үндсэн цалинг тусгай нөхцлөөр шинэчлэн 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бодож олгох ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгосон. Энэхүү тушаалын хавсралтын 7 дугаарт миний албан тушаалын үндсэн цалинг 4,000,000 төгрөг байхаар цалинг шинэчлэн тогтоосон тул 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/114 дугаартай мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаалын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн цалингийн 15 хувиар тооцон сар бүр олгох зэргийн нэмэгдэл цалинг олгогдох ёстой байсныг олгоогүй дээрх тушаалуудын дагуу авах ёстой зөвлөх инженерийн зэргийн нэмэгдэл доорхи байдлаар олгогдох ёстой байсан.

          Тухайлбал 2014 оны 06 дугаар сард үндсэн цалинг 4,000,000 төгрөг, 15 хувь буюу 600,000 төгрөгийн нэмэгдэл, 2014 оны 07 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг, 15 хувь 600,000 төгрөгийн нэмэгдэл, 2014 оны 08 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг үүний 15 хувь буюу 600,000 төгрөгийн нэмэгдэл, 2014 оны 09 дүгээр сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 2,909,091 төгрөг, 15 хувийн нэмэгдэл 434,363 төгрөг, 2014 оны 10 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг,  15 хувь нэмэгдэл цалин 600,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 4,000,000 төгрөг,  15 хувийн нэмэгдэл 600,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 545,455 төгрөг, 15 хувь буюу 81,818 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард үндсэн цалин 4,000,000 төгрөг, бодогдсон цалин 2,105,263 төгрөг, 315,789 төгрөг тус тус үндсэн цалинг авсан тул үүнээс зэргийн нэмэгдэл сар бүр авсан үндсэн цалингийн 15 хувийн нэмэгдэл нийт 3,833,971 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д Т Ү” ХК-д Төмөртолгойн уурхайн даргаар ажиллаж байсан М.Б- нь тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд гэрээний дагуу үндсэн цалин нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны А/126 а тоот тушаалаар батлагдсан цалингийн сүлжээний дагуу 1,600,000 төгрөг болно. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр нэр бүхий албан тушаалтнуудын цалингийн асуудлыг авч хэлэлцээд тусгай нөхцлөөр цалинжуулж уг нөхцлөөр цалинжих албан тушаалтнуудын цалинд урьд авч байсан аливаа нэмэгдлийг оруулан тооцохоор шийдвэрлэсэн.

2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн захирлын зөвлөлийн шийдвэрийн дагуу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлын ******* тоот тушаалаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/114 тоот Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалыг хүчингүйд тооцсон. Дээрх арга хэмжээ нь 1,600,000 төгрөгийн сүлжээний цалингаар цалинжиж байсан М.Б-гийн цалинг огцом нэмэгдүүлж 4,000,000 төгрөг болгож эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.           

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр:

           Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-гийн хариуцагч “Д Т Ү” ХК-д холбогдуулан гаргасан 3.833.971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

           Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргаж,  нэхэмжлэгчид  буцаан олгож  шийдвэрлэжээ.  

           Нэхэмжлэгч М.Б- давж заалдсан гомдолдоо:

           Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхээр заасны дагуу “Д Т Ү” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.7.01-ны өдрийн ******* дугаартай “Тушаал хүчингүй болсонд тооцох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлыг  хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны харъяалан шийдвэрлэх маргаан биш болно. Иймд аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эрхийн актаар “Д Т Ү” ТӨХК-ийн  гүйцэтгэх захирлын 2014.7.01-ны өдрийн ******* дугаартай “Тушаал хүчингүй болсонд тооцох тухай” тушаалыг хүчингүй болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул М.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

М.Б- миний бие “Д Т Ү” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо нь энэхүү маргааныг харъяалан шийдвэрлэх маргаан мөн, биш эсэх, уг хорооны 2015.12.25-ны өдрийн 1/10 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоолгох тухай биш юм. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагаас огт өөр зүйлийг шийдвэрлэж миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.04-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  М.Б-гийн  давж заалдсан гомдлыг  хангах хуулийн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

М.Б- хариуцагч “Д Т Ү” ХК-д холбогдуулан  мэргэжлийн  зэргийн нэмэгдэлд  3.833.971 төгрөг  гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  татгалзал гаргаж маргажээ.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн  захирлын   2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  165 дугаар тушаалаар  компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан  “Д Т Ү” ТӨХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн  ашиглалтын инженер М.Б-тэй байгуулсан  хөдөлмөрийн гэрээг  2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон  үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс  эхлэн Төмөртолгойн  уурхайн даргаар   томилон ажиллуулсан байна. \хэргийн 9 дүгээр тал \ Үйлдвэрийн захирлын  2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А\114 дүгээр  тушаалаар М.Б-д мэргэжлийн  зэргийн нэмэгдлийг  2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн цалингийн  15 хувиар тооцон сар бүр олгохоор \хэргийн 10 дугаар тал \, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн  А\123 дугаар  цалин шинэчлэн тогтоох тухай  тушаалаар  М.Б-гийн үндсэн цалинг  4.000.000 төгрөг  \хэргийн 11-12 дугаар тал\-өөр  тогтоож, 2014 оны 07 дугаар сарын 01-ний  өдрийн А\125 дугаар  тушаалаар мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох тухай  А\114 дүгээр тушаалыг “Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал  батлагдсантай холбогдуулан”  хүчингүй  болгожээ.\ хэргийн 63 дугаар тал\

Нэхэмжлэгч нь   нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр  А\114 , А\123  дугаар тушаалуудыг, хариуцагч нь нэхэмжлэлийн шардлагыг зөвшөөрөхгүй  татгалзлын үндэслэлийг  А\125, А\123 дугаар тушаалыг  тус тус дурдсан  байна.

            Хөдөлмөрийн харилцаатай холбоотой  асуудлыг  хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар  зохицуулахыг Хөдөлмөрийн тухай хуульд  заасан байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Ажлын байрны  тодорхойлолтыг үндэслэн  мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн болон  бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр  тогтоон олгоно”  гэж  заасан  нь хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон  хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү  нөхцлөөр хангах болон  энэ хуулиар шууд зохицуулаагүй  асуудлаар  ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд тохиролцоо  байгуулахыг  зохицуулжээ.

“Д Т Ү” ТӨХК-ийн захиргаа,  ҮЭ-ийн хорооны  хооронд  2012-2014 онд байгуулсан хамтын гэрээний 3.10-т “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг  үндэслэн мэргэшлийн зэргийн,  хөдөлмөрийн нөхцлийн болон  бусад нэмэгдлийг  батлагдсан журмын дагуу олгоно  \хэргийн 20-23 дугаар тал \  гэж тусгажээ.

Гэвч  хамтын гэрээнд хуулийг  хуулбарлан бичсэн  болохоос биш хэрхэн олгохыг  гэрээний талууд тодорхой тогтоогоогүй байхаас гадна  ажлын байрны тодорхойлолт  байхгүй, хөдөлмөрийн нөхцлийн болон бусад нэмэгдэл  олгох тухай журам  байдаг эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдаагүй тул  мэргэжлийн зэргийн нэмэгдэл  гаргуулах  шаардлагыг  хангаж, шийдвэрлэх боломжгүй  байна. Иймд  эдгээр үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосон нь  зөв гэж  давж заалдах шатны  шүүх  бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Цалин хөлстэй холбоотой гомдол,  улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ёстой ба нэхэмжлэгчийн урьдчилан  төлсөн  78.000 төгрөгийг   буцаан  олгохоор шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Харин  нэхэмжлэгчийн давж заалдсан  гомдолд  улсын тэмдэгтийн хураамж төлүүлсэн нь  буруу  байх тул  буцаан олгохоор  шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч М.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар  М.Б- давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргахдаа төлсөн 78.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ                          

                            ШҮҮГЧИД                                                       Л.АМАРСАНАА 

                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ