Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2016/00558

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс: 135/2014/00385/и
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, ***-р байрны *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дүгээр баг, ***-р байрны *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ***/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ***, /Дархан сум, Дархан-Уул аймгийн ***, Дархан сумын ***  нарт холбогдох
55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, өмгөөлөгч ***, Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, өмгөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч ***, *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р баг, *** байрны *** тоот арктай 1 өрөө орон сууцанд 1997 оны 3 дугаар сараас эхлэн амьдарч эхэлсэн юм. Уг байр нь иргэн *** нь 1995 оны 4-р сар хүртэл амьдарч байгаад эзэнгүй орхисон байр байсан бөгөөд тухайн үед орон сууц хувьчлах тухай хууль батлагдаагүй байхад 1997 оны 03-р сарын 17-ны өдөр Дархан-уул аймгийн АДХГЗ-аас *** тоот ордер олгосон юм. Үүнийг үндэслэн Дархан-уул аймгийн Орон сууц ашиглалтын 2-р компанитай байрыг хөлслөх гэрээ байгуулж амьдарч эхэлсэн. Орон сууц хувьчлах тухай хууль 1998 онд гарснаас хойш төрийн өмчид байгаа орон сууцыг хувьчлах болж 1998 оны 2-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 12 дугаартай тогтоол гарч *** надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгож уг орон сууцны өмчлөгч болсон. Гэтэл 2008 оны 6-р сарын 22-нд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээс дуудсан бөгөөд *** миний өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж 2009 оны 2-р сарын 16-ны өдрийн 30-р тогтоолоор миний өмчлөх эрхийн гэрчилгээ болон орон сууц хувьчлах товчооны 12 тоот тогтоолын надад холбогдох хавсралт хэсэг, орон сууц эзэмших *** тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон. Улсын дээд шүүх 2014 оны 9-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар 17 жил амьдарсан байрнаас маань нүүлгэн гаргах шийдвэр гаргасан. Ийм учраас Дархан-Уул аймгийн засаг даргын нөөц сангаас 35,000,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын нөөцийн сангаас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1996 онд өргөдөл гаргаж 1997 оны 03 дугаар сард энэ байранд орсон. Тухайн үеийн ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны орон сууцны 2 дугаар конторт ордер бичиж явуулснаар *** байрны *** тоот эзгүй байрыг манайд өгсөн. Энэ байрыг орон сууцны 2 дугаар контороос авахад ямар ч обой цаасгүй, өртэй байр байсан. Гэрчилгээ авснаас хойш энэ байранд 17 жил амьдарсан. Би төр засагтаа итгэж надад өгсөн учраас энэ байранд амьдарсан. Үнэхээр би хүний байранд орсон бол зарж борлуулаад, эсвэл өөр байранд орох байсан. Итгэл үнэмшилээр энэ байранд 17, 18 жил амьдарсан. Одоогийн Засаг дарга *** 2011 онд Засаг даргын орлогч нь байсан. Намайг *** дээр ороход буцаасан. Дахин хуралдахад *** даргалж *** гэсэн 5 хүний бүрэлдэхүүнээр хуралдсан. *** дарга анхны хувьчилсан айлд энэ байрыг өгөх ёстой гэж хэлж байсан. Намайг хүлээж бай гэсэн. Сүүлд 2011 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 60 дугаар тогтоолоор одоогийн эзэмшиж байгаа хүнд гэрчилгээ олгоно гэж заасан. Тухайн үед аймаг дээр Цогоо гэж мэргэжилтэн байсан. Тэр мэргэжилтэн *** нэрийг бичсэн байж төрийн албан хаагч буруугүй гэдэг. Би төрөөс надад өгч байна гэсэн итгэл үнэмшилээр аваагүй бол би өөрөө аль хэдийн учраа олох байсан. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрээр энэ байраа өгсөн. 2 жил түрээсийн байранд амьдарч байна.Тухайн үеийн төрийн албан тушаалтны буруутай үйл ажилгаанаас болсон гэж үзэж 55.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дархан сумаас 20.000.000 төгрөг, Дархан-Уул аймгаас 35.000.000 төгрөг, нийт 55.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
 
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ***, *** нарын нэр дээр анхнаасаа энэ орон сууц байгаагүй. Хууль ёсны эзэмшигч гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр гараагүй. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот магадлалаар нотлогдож байна. Энэ магадлалд Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож *** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ***гийн нэр дээр байгаа *** эрхийн бичиг болон, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын ***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдсэн. Шудрага бус эзэмшигч гэдэг нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр ***, *** нарын нэхэмжлэлтэй Дархан сумын Засаг даргад холбогдох *** дугаар баг *** дугаар хороололын *** байрны *** тоот нэг өрөө байрны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр хэвээр баталсан. *** дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг дээр *** нь уг орон сууцанд түр амьдарч байх үедээ *** орон сууцны ашиглалтын картанд *** эгч нь гэж нэмж бичүүлсэн нь 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны ашиглалтын картаар нотлогдож байнна гэсэн байна. Эцэст нь *** эзэмшлийн байр гэж тогтоосон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2015 оны *** тоот тогтоолын хянавал хэсэгт орон сууц эзэмших эрх  ***гийн нэр дээр хэрхэн шилжсэн үйл баримт нь тодорхой бус хэний ямар үйлдлийн улмаас гэм хор учирсан нь тогтоогдоогүй байх тул хохирлыг арилгах боломжгүй гэж дүгнэсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
 
Хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот шийдвэрээр, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн *** тогтоолоор ***, сууц эзэмшигч *** зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картан дээр өөрийн нэрийг нэмж бичүүлэх дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн орон сууц хувьчлах комисс 1997 оны *** тоот албан бичиг олгож 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хөлслөх гэрээгээр уг байрыг ***д эзэмшүүлсэн. *** хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна гэж үзсэн. Энэ нь ***гийн буруутай үйлдлээс болсон болохоос Дархан сумын Засаг даргын тамгын газрын буруугаас болоогүй. Харин эрх нь зөрчигдсөн этгээд бол *** болохоос ***, *** нар биш юм. Нэхэмжлэгч нар нь байртай болох талаар тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй.Иймээс нэхэмжлэгч нарт тус байгууллагаас болж гэм хор учирсан зүйл байхгүй юм. Харин ч түүний хууль бус үйлдэл хийж байгааг мэдэх боломжгүйгээс бусдын байранд эзэмших эрхийн гэрчилгээг ***д өгч 17 жил амьдруулсан байна.
*** тухайн үед *** зөвшөөрөл аваагүй. Иймд Дархан сумын зүгээс нэхэмжлэгч нарт гэм хор учруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***, *** нар нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан сумын *** нарт холбогдуулан, гэм хор учруулсны хохиролд орон сууцны үнэ 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, *** байрны *** тоот, арктай 1 өрөө орон сууцанд 1997 оны 3 дугаар сараас эхлэн амьдарч байсан бөгөөд 1998 онд Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны тогтоол гарч, *** надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл 2008 онд Захиргааны хэргийн шүүхээс миний өмчлөх эрхийн гэрчилгээ, орон сууц хувьчлах товчооны тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Тухайн үед орон сууцыг бидэнд хувьчилж өгөөгүй, та нар энэ байранд оршин суух эрхгүй гэсэн бол өдийг хүртэл амьдрахгүй, өөрсдөө орон байрны асуудлаа шийдвэрлэх байсан. Гэтэл төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж бид орон байргүй болж хохирсон гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч *** Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, *** байрны *** тоот, 1 өрөө орон сууцанд гэр бүлийн хамтаар 1997 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс амьдарч эхэлсэн болох нь хэрэгт авагдсан 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц ашиглалтын карт, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд түүнд *** дугаар ордерийг орон сууц хуваарилах комиссоос олгож, түүний үндсэн дээр Дархан-Уул аймгийн орон сууц ашиглалтын 2 дугаар компанитай Орон сууц хөлслөх гэрээ байгуулжээ. /1 дүгээр хх-20-23, 25-28 дугаар тал/
Энэхүү хугацаанаас өмнө уг орон сууцыг *** эзэмшиж байсан бөгөөд хэрэгт авагдсан орон сууц ашиглалтын картаар 1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл эзэмших эрхийн хугацаа сунгагдсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/
1998 оны 2-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 12 дугаартай тогтоол гарч ***д өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, *** уг орон сууцны өмчлөгч болж, *** Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн 12-р тогтоолын 1-р хавсралтын ***д холбогдох 139-р заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 11-р сарын 04-ний өдрийн *** тоот магадлалаар *** нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж ***д олгосон *** тоот ордер, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн 12-р тогтоолын 1-р хавсралтын ***д холбогдох 139-р заалтыг хүчингүй болгон, уг тогтоолын үндсэн дээр олгогдсон орон сууц өмчлөх эрхийн *** ДА дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 02-р сарын 16-ны өдрийн 30 тоот тогтоолоор *** тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./1 дүгээр хавтаст хэргийн 9-18 дугаар тал/
***, *** нар нь ***, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга нарт холбогдуулан дээрх *** тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 05-р сарын 06-ны өдрийн *** тоот шийдвэрээр ***, *** нарын орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1 дүгээр хх-175-177 дугаар тал/
Дээрх шүүхийн *** дугаар шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10-р сарын 01-ний өдрийн *** тоот тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
*** нь ***, *** нарт холбогдуулан дээрхи 47 тоот 1 өрөө орон сууцнаас ***, *** нарыг нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 05-р сарын 28-ны өдрийн *** тоот шийдвэрээр ***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлэх-ээр шийдвэрлэж, уг шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9-р шүүхийн 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн *** тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны *** тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дархан сумын Засаг дарга Б.***аас ***ад 2009 оны 11 дүгээр сараас эхлэн Дархан сумын *** дугаар баг, *** байрны *** тоот 1 өрөө орон сууцыг эзэмшүүлэхээр орон сууц эзэмших эрхийн *** дугаар бичиг олгосон бөгөөд энэхүү орон сууц эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч ***, *** нар Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./1 дүгээр хх-99-103 дугаар тал/
Мөн Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 сарын 04-ний өдрийн *** дугаар Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай тогтоолоор маргаан бүхий орон сууцыг ***ад хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсний дагуу 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр *** дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, *** нь 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр *** тус байрыг шилжүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ *** нэр дээр олгогдсон зэрэг нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 02 сарын 05-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн 2012 оны 02 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө, өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ***ын Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж байсан 2012 оны 02 сарын 06-ны өдрийн хүсэлт, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 сарын 04-ний өдрийн *** дугаар тогтоол, түүний хавсралт, *** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, *** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /2 дугаар хх-344-355 дугаар тал/
Нэхэмжлэгч ***, *** нар нь анх энэ байранд орохдоо хууль журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад өргөдлөө гаргаж, орон сууцыг эзэмших эрхтэй болсны дагуу хоосон байранд орж байсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан орон сууц ашиглалтын картан дахь ам бүлийн байдал гэдэг хэсгийн 1-д ***, 2-т *** эгч нь гэж бичсэн байдал /1 дүгээр хх-190 дүгээр тал/, гэрч ***ын ... Би Сэлэнгэрүү явахдаа дүү *** байрныхаа ордер, түлхүүрийг үлдээгээд хүнд түрээслүүлж болно, өөрсдөө ч сууж болно гээд байраа үлдээгээд явсан. ***, *** нар нь манай дүү *** бид байртай болтлоо түр амьдарч байя гэж хэлээд байрны түлхүүрийг авсан. ... түр сууж байгаад хэний ч зөвшөөрөлгүй нэр дээрээ шилжүүлж авсан... гэсэн мэдүүлэг, гэрч *** ...Байрны түлхүүрийг би авч үлдсэн. *** тосгоны хашаа байшингаа зараад дүү *** байранд амьдарч байсан. Тэгээд дүү нь байрандаа орно гээд тэднийхийг гаргасан. Тэгээд хуучин Дарханд 3 өрөө байранд түрээсээр амьдарч байгаад түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байрнаасаа гарч, манай байранд байртай болтлоо амьдаръя гэж гуйж, түлхүүрийг нь манай гэрээс ирж авсан. Орох оронгүй байсан болохоор өрөвдөөд оруулсан юм. Би ***гийн төрсөн дүү *** эхнэр. Бид хамт байгаагүй. *** орон сууц эзэмших картанд нэрээ нэмж бичүүлснийг бид мэдээгүй... гэсэн мэдүүлэг, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 02 сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолын хянавал хэсгийн ... *** нь сууц эзэмшигч ***ын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картанд өөрийн нэрийг нэмж бичүүлэн дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн уг байрыг ***д эзэмшүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна гэх дүгнэлт, тус тогтоолд бичигдсэн ***гийн гуравдагч этгээдийн хувиар өгсөн ... Дархан сумын *** дугаар баг, хээтэй хороолол *** байрны *** тоот, 1 өрөө байранд 1996 оны 03 дугаар сард орсон юм. Тухайн үед *** нь тус байрны эзэмших эрхийн бичгийг бидэнд өгсөн бөгөөд бидний хооронд байр түрээслэх талаар хийсэн гэрээ байхгүй юм. *** нь миний дүү бөгөөд эхнэр нь *** юм. ... *** надад манай эгч байраа охиндоо өгнө л гэдэг, хүүхэд нь автал хаа ч байсан юм, тэгээд ч өртэй хадгалах боломжгүй, та нар ав гэж байсан... гэсэн тайлбар зэргээр дээрх нэхэмжлэгч нарын тайлбар үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ***, *** нарын эзэмшил хууль бус байсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, *** тус орон сууцны эзэмшигч байсан ***ын орон сууц ашиглах картанд нэрээ түүний эгч буюу ам бүлийн гишүүнээр бичүүлсэн, мөн ***, *** нар нь тус орон сууц өөр хүний эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан зэрэг нөхцөл байдал нь дээр дурдсан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаар магадлалаар ***гийн өмчлөх эрхийг хүчингүй болгохдоо Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо ***г маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй нь Орон сууц хувьчлах тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэснийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагын дээрх буруутай үйл ажиллагаанаас болж орон байргүй хохирч байна гэж тайлбарлаж байгаа болно.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Хууль ёсоор эзэмшиж байгаа сууц /өрөө/-аа хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах эрхтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч ***, *** нар нь хууль ёсоор эзэмшиж байгаагүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. /2 дугаар хх-175-177 дугаар тал/
Нэхэмжлэгч нар тухайн үеийн төрийн эрх бүхий байгууллагын хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй буруутай үйлдэлтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа боловч Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 2-д: энэ зүйлийн 1-д заасан иргэн .... уг орон сууц /өрөө/-аас гарсан ..... бол гэр бүлийнх нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн сууц хувьчлан авах тухай өргөдөл гаргаж болохоор заасан байна. /1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууц хувьчлах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт орсон/
*** өргөдөл гаргаж, эзэмших эрхийн бичиг авах үед буюу 1997 оны 03 сарын 17-ны өдрөөс өмнө 1996 оны 10 сарын 04-ний өдрийн Орон сууц ашиглалтын картанд ***ын эгч гэж ам бүлийн гишүүнээр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус картаар тогтоогдож байна.
Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д: Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн орон сууцаа хувьчлан авах эрхтэй гэж заасны дагуу ***д орон сууцыг хувьчлах шийдвэр гаргасан нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл ***гийн 1996 оны 10 сарын 04-ний өдрийн Орон сууц ашиглалтын картанд ***ын эгч гэж ам бүлийн гишүүнээр бүртгүүлсэн үйлдэл нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ***д эзэмшүүлэх үндэслэл болсон гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д: Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагуудын буруутай үйлдэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцанд зохих журмын дагуу өргөдлөө өгч, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр орж, хууль ёсоор эзэмшиж байсан гэсэн тайлбарынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр ***, *** нарын Дархан-Уул аймгийн ***, Дархан сумын *** нарт холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохирол болох орон сууцны үнэ 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн ***, Дархан сумын *** нараас нийт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***, *** нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 
 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА