Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 124

 

Д.Д-, Р.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2014/00385/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэртэй,   

         Нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч *******,******* нарт  холбогдох 

         “Орон сууцны  үнэ 55.000.000 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, Р.Э-, өмгөөлөгч Ч.Ганболд, хариуцагч Дархан-Уул аймгийн засаг даргын   итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, өмгөөлөгч И.Атарбямба, Дархан сумын засаг даргын өмгөөлөгч  Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Бид Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 1б байрны ******* тоот арктай 1 өрөө орон сууцанд 1997 оны 3 дугаар сараас эхлэн амьдарч эхэлсэн юм. Уг байранд иргэн С.Н- 1995 оны 4-р сар хүртэл амьдарч байгаад эзэнгүй орхисон байр байсан бөгөөд тухайн үед орон сууц хувьчлах тухай хууль батлагдаагүй байхад 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-уул аймгийн АДХГЗ-аас ******* тоот ордер олгосон юм. Үүнийг үндэслэн Дархан-уул аймгийн Орон сууц ашиглалтын 2-р компанитай байрыг хөлслөх гэрээ байгуулж амьдарч эхэлсэн. Орон сууц хувьчлах тухай хууль 1998 онд гарснаас хойш төрийн өмчид байгаа орон сууцыг хувьчлах болж 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 12 дугаартай тогтоол гарч Р.Э- надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгож уг орон сууцны өмчлөгч болсон.

         Гэтэл 2008 оны 6 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээс дуудсан бөгөөд С.Н- миний өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж 2009 оны 2 дугаар  сарын 16-ны өдрийн 30-р тогтоолоор миний өмчлөх эрхийн гэрчилгээ болон орон сууц хувьчлах товчооны 12 тоот тогтоолын надад холбогдох хавсралт хэсэг, орон сууц эзэмших ******* тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон. Улсын дээд шүүх 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар 17 жил амьдарсан байрнаас маань нүүлгэн гаргах шийдвэр гаргасан. Ийм учраас Дархан-Уул аймгийн засаг даргын нөөц сангаас 35,000,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын нөөцийн сангаас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нарын нэр дээр анхнаасаа энэ орон сууц байгаагүй. Хууль ёсны эзэмшигч гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр гараагүй. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 294 тоот магадлалаар нотлогдож байна. Энэ магадлалд Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож С.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Р.Э-гийн нэр дээр байгаа ******* эрхийн бичиг болон, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын 1998 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын Р.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдсэн. Шударга бус эзэмшигч гэдэг нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаартай шийдвэрээр Р.Э-, Д.Д- нарын нэхэмжлэлтэй*******д холбогдох 10 дугаар баг 5 дугаар хороололын 1б байрны ******* тоот нэг өрөө байрны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 509 дугаартай шийдвэрээр хэвээр баталсан. 515 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг дээр Р.Э- нь уг орон сууцанд түр амьдарч байх үедээ С.Н-ын орон сууцны ашиглалтын картанд С.Н-ын эгч нь гэж нэмж бичүүлсэн нь 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны ашиглалтын картаар нотлогдож байнна гэсэн байна. Эцэст нь С.Н-ын эзэмшлийн байр гэж тогтоосон. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2015 оны 772 тоот тогтоолын хянавал хэсэгт орон сууц эзэмших эрх С.Н-аас Р.Э-гийн нэр дээр хэрхэн шилжсэн үйл баримт нь тодорхой бус хэний ямар үйлдлийн улмаас гэм хор учирсан нь тогтоогдоогүй байх тул хохирлыг арилгах боломжгүй гэж дүгнэсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Хариуцагч Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямаа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 тоот шийдвэрээр, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 тогтоолоор Р.Э-, сууц эзэмшигч С.Н-ын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картан дээр өөрийн нэрийг нэмж бичүүлэх дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн орон сууц хувьчлах комисс 1997 оны ******* тоот албан бичиг олгож 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орон сууц хөлслөх гэрээгээр уг байрыг Р.Э-д эзэмшүүлсэн. С.Н-ын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна гэж үзсэн. Энэ нь Р.Э-гийн буруутай үйлдлээс болсон болохоос Дархан сумын Засаг даргын тамгын газрын буруугаас болоогүй. Харин эрх нь зөрчигдсөн этгээд бол С.Н- болохоос Д.Д-, Р.Э- нар биш юм. Нэхэмжлэгч нар нь байртай болох талаар тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй.Иймээс нэхэмжлэгч нарт тус байгууллагаас болж гэм хор учирсан зүйл байхгүй юм. Харин ч түүний хууль бус үйлдэл хийж байгааг мэдэх боломжгүйгээс бусдын байранд эзэмших эрхийн гэрчилгээг Р.Э-д өгч 17 жил амьдруулсан байна. Р.Э- тухайн үед С.Н-аас зөвшөөрөл аваагүй. Иймд Дархан сумын зүгээс нэхэмжлэгч нарт гэм хор учруулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар  шийдвэрээр: 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан *******,******* нараас нийт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

         Нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нар давж заалдсан гомдолдоо:

          Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 772 дугаар тогтоолд орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичгийн  үндсэн дээр орон сууц  хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан байх ба Р.Э- нь орон сууц хувьчилж авахдаа дээрх журмыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр уг орон сууцыг хөлслөн эзэмшиж байсан байна гэж шууд дүгнэсэн. Нэхэмжлэгч Р.Э-, Д.Д- нар өөрсдөө дур мэдэн хууль бусаар дээрх орон сууцыг 1997 оны 03 дугаар сараас эхлэн 2009 он хүртэл буюу 12 жилийн дараа уг байрны жинхэнэ эзэмшигч гэх С.Н- гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл эзэмших ямарч нөхцөлгүй, боломжгүй, бололцоогүй хууль зүйн үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.  Нэхэмжлэгч Р.Э-, Д.Д- нар анхан шатны шүүхийн дүгнэлт болгосон шиг орон сууцны картыг өөрөө засаад орон сууцны эзэмших гэрчилгээг хууран мэхлэх замаар өөрсдийн нэр дээр болгосон, төрийг хууран мэхлэх замаар орон сууц хувьдаа хувьчилж авсан гэж үзэх ямар үндэслэлгүй юм.  Дархан-Уул аймгийн АДХГЗ, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо тухайн үед дээрх шийдвэрийг гаргахдаа С.Н-ын эрх ашгийг хохироож бодитой нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох үүргээ биелүүлж чадаагүй гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлд зааснаар Р.Э-, Д.Д- нарт учирсан хохирлыг төр буюу Дархан-Уул аймгийн АДХГЗахиргаа Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо  шууд хариуцах хууль зүйн үндэслэлтэй.  Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  Д.Д-, Р.Э-  нарын  давж заалдсан гомдолд дурдсан үндэслэл нь хуулийн үндэслэл бүхий  байх тул  гомдлын зарим хэсгийг  хангаж байна.

Нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нар нь  өөрт  учирсан гэм хорын хохирол буюу нэг өрөө орон сууцны  үнэ  55.000.000 төгрөгийн  зарим 35.000.000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн  Засаг даргаас,  20.000.000 төгрөгийг *******ас гаргуулах  шаардлага гаргасныг,

Хариуцагч Дархан-Уул аймгийн засаг дарга “...2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 515 дугаар  шийдвэрт ...Р.Э-  уг орон сууцанд түр амьдарч байх үедээ, С.Н-ын орон сууцны ашиглалтын картанд С.Н-ын эгч нь гэж нэмж бичүүлсэн нь 1996 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  орон сууцны ашиглалтын картаар нотлогдож байна.“ гэсэн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэж,

Хариуцагч *******  “...Р.Э-  сууц эзэмшигч  С.Н-ын  зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картан дээр өөрийн нэрийг нэмж бичүүлэн дангаараа  уг байрыг  эзэмших хүсэлт гаргасныг  үндэслэн орон сууц хувьчлах комисс 1997 оны ******* тоот албан бичиг олгож, 1997 оны 03 дугаар сарын  17-ны өдөр  орон сууц хөлслөх гэрээгээр  Р.Э-д эзэмшүүлсэн, С.Н-ын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна гэж үзсэн.  Энэ нь Р.Э-гийн буруутай үйлдлээс болсон болохоос  Дархан сумын Засаг даргын буруугаас  болоогүй, нэхэмжлэгч нар  байртай болох талаар тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй. Иймээс нэхэмжлэгч нарт тус  байгууллагаас болж  гэм хор учирсан зүйл байхгүй  гэж тус тус  маргасан байна.

Анхан шатны  шүүх  дээрх нэхэмжлэлийг, гэрч С.Н-ын “...Р.Э-, Д.Д- нар нь манай дүү С.Наранцэцэгээс  “бид байртай болтлоо түр  амьдарч байя гэж хэлээд түлхүүрийг авсан..., ... хэний ч зөвшөөрөлгүйгээр  нэр дээрээ шилжүүлж авсан...,  гэрч С.Наранцэцэгийн “...байрны түлхүүрийг би авч үлдсэн, Р.Э- тосгоны хашаа байшингаа зараад  дүү Эрдэнээгийн байранд амьдарч байсан, дүү нь байрандаа орно гээд тэднийхийг гаргасан, хуучин Дарханд 3 өрөө байранд амьдарч байгаад түрээсийн төлбөрөө төлж чадахгүй гарч, манай байранд түр амьдрахаар түлхүүрийг  манай гэрээс ирж авсан, ...Р.Э  орон сууц эзэмших картанд   нэрээ нэмж бичүүлснийг бид мэдээгүй...,  гэсэн мэдүүлэг,  Улсын Дээд  шүүхийн хяналтын шатны  шүүх хуралдааны   2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолын хянавал  хэсгийн  “...Р.Э- нь  сууц эзэмшигч С.Н-ын зөвшөөрөлгүйгээр түүний орон сууц ашиглалтын картанд өөрийн нэрээ нэмж бичүүлэн дангаараа уг байрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн уг байрыг  Р.Э-д эзэмшүүлсэн нь  нотлох баримтаар тогтоогдож байна.”   гэсэн дүгнэлтүүд хийсэн байх бөгөөд тус  дүгнэлт нь  нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй дүгнэлт  болжээ.

Хэрэгт авагдсан  материал болсон үйл баримтааас  үзэхэд  Орон сууц   хуваарилах  комиссын  1997 оны 03 дугаар сарын  17-ны өдрийн  шийдвэрээр,   Дархан сумын 10 дугаар баг, 1б байрны, ******* тоот 1 өрөө  орон сууцыг  Р.Э-д эзэмшүүлж \ хэргийн  23 дугаар тал \ , Орон сууцны контортой, Орон сууц хөлслөх гэрээ байгуулж  \ хэргийн 26 дугаар тал \, 1998 онд  хувьчилж авсан,  тус орон сууцны өмнөх эзэмшигч С.Н-ын  гомдлоор,  орон сууцыг   хувьчилсан  шийдвэр хүчингүй болж, эзэмших эрхтэйг  тогтоосон үйл баримтууд нь  шүүхийн  хүчин төгөлдөр  шийдвэрүүдээр  нэгэнт  тогтоогдсон үйл баримт  юм.

Р.Э-  эрх бүхий байгууллагаас  олгосон эрхийн  үндсэн дээр  орон сууцыг эзэмшсэн байх  ба мөн энэ  хүчин төгөлдөр, эрх олгосон  бичгийг  үндэслэн гэм хорын хохирол  гаргуулахаар  нэхэмжлэлийн  шаардлага  гаргасан нь  Иргэний  хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.7,  497 дугаар  зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн  гэж үзнэ.

Орон сууц хуваарилах комисс  иргэдэд  орон сууц хуваарилах, эзэмшүүлэхдээ  ямар журмаар ,  яаж  хуваарилдаг байсан талаархи  нотлох баримт  хэрэгт авагдаагүй  байхад  хариуцагч  Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн    “...нэхэмжлэгч нар нь байртай болох талаар  тухайн үед өгч байсан өргөдөл, өргөдлийн бүртгэл байдаггүй, ...Р.Э- сууц эзэмшигч С.Н-ын  зөвшөөрөлгүйгээр  түүний орон сууц ашиглалтын  картанд  өөрийн нэрийг нэмж бичүүлсэн..., гэсэн  тайлбарт  үндэслэн  хэргийг   шийдвэрлэх  боломжгүй, Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т  зааснаар  хэргийн  оролцогч  нь  нотлох баримтыг өөрөө  цуглуулах, гаргаж  өгөх  үүрэгтэй  юм.

 Гэрч С.Н-, С.Наранцэцэг нар “орон сууц  ашиглалтын картанд  өөрийн нэрийг  нэмж бичүүлэн, хууль бусаар  хүний байрыг өөрийн нэр дээр болгосон юм...,  ... 1996-1997 оны үед  байртай болтлоо түр сууя гэж хэлээд манай эгчийн байранд орсон, 2008 онд  эгч С.Н-  байраа аваад оръё гэтэл  хувьчлаад авчихсан  манай байр гээд  эгчийг маань  гаргасан байсан.” гэж мэдүүлсэн ба энэ нь Орон сууц хуваарилах комиссын  буруутай  үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл  болохгүй.

 Нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймгийн  Засаг дарга, Дархан сумын Засаг даргыг  тус тус  хариуцагчаар тодорхойлжээ.

 Харин Дархан-Уул аймгийн Өмч  хувьчлах товчоо нь   орон сууц  хувьчлах  асуудлыг Дархан сумын Засаг даргын  гаргасан захирамжийг  үндэслэн   шийдвэрлэдэг учир Дархан-Уул аймгийн Засаг даргыг, гэм хор учруулсан хариуцлагаас   чөлөөлөх үндэслэлтэй ба нэхэмжлэлийн  шаардлагаас  35.000.000  төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  хариуцагч  Дархан сумын Засаг даргын Тамгын газар нь  эзэмшигч  мөн эсэхийг  шалгаагүйгээс  нэг орон сууцыг  давхардуулж эзэмшүүлсэн  буруутай  байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 20.000.000 төгрөг гаргуулах  нь  зүйтэй  гэж  дүгнэж байна.

 Р.Э-, Д.Д- нар нэхэмжлэлийн үнийг  тодорхойлохдоо  үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний   “Капитал зууч”  ХХК-иар  хийлгэсэн  үнэлгээ болох  55.000.000 төгрөгөөр, хариуцагчийн хүсэлтээр  шүүхийн томилсон шинжээчийн дүгнэлтээр  орон сууцыг 26.778.600  төгрөгөөр  үнэлжээ.  Нэхэмжлэгч нь *******д холбогдуулан  20.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан  болно.

 Иймд  анхан шатны  шүүхийн шийдвэрт  дээрх дүгнэлтийг  үндэслэн  зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 20.000.000 төгрөг гаргаж, нэхэмжлэгч Д.Д-, Р.Э- нарт олгож,  нэхэмжлэлээс  хариуцагч *******д холбогдох  35.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж , тогтоох хэсгийн 2 дугаар заалтад, “...төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  гэснийг   “..хэвээр үлдээж, хариуцагч Дархан сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс  257.950  төгрөг гаргаж,  нэхэмжлэгч Р.Э-, Д.Д- нарт  олгосугай. гэж  өөрчилж,  тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

           2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59  дүгээр зүйлийн   59.3-т зааснаар  Р.Э- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 432.950 төгрөгийг,  шүүгчийн захирамжаар гаргаж,  буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.АМАРСАНАА                           

                                                  ШҮҮГЧИД                                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              С.ЭНХЖАРГАЛ