Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00188 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум Алагтолгой багийн 7-13б тоотод оршин суух, Чонос овогт Даваажавын Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцоож түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сум Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай 

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг. Би өөрийн хариуцсан ажил үүргээ зохих журмын дагуу хангалттай хийж гүйцэтгэдэг бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж ажлын хариуцлага алдаж байгаагүй болно. Гэтэл намайг тус цэцэрлэгийн эрхлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.2, байгууллагын дотоод журмын 10.1.3-ын Б,Ж,К, байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тус тус үндэслэн “дуу хөгжим урлагын авъяас чадварыг мэргэжлийн түвшинд зааж сургах үйл ажиллагаа хангалтгүй, хүүхэдтэй ажиллах багшийн хараа хяналтгүйгээс болж хүүхдүүд нэг нэгнээ гэмтээсэн талаар эцэг эхийн болон багш ажилчдаас гомдол гарч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа төрийн албан хаагчийн болон багшийн ёс зүйн зөрчил гаргасан” гэж үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү шийдвэр нь дараах байдлаар үндэслэлгүй. Миний бие Д.Оюунгэрэл нь ажлын байран дээрээ хүүхдүүдийг нэг ч удаа хараа хяналтгүй орхиж байгаагүй бөгөөд миний буруутай үйлдлийн улмаас хүүхдүүд гэмтсэн тохиолдол гараагүй болно.

Харин өндөр настан Х.Цэрэндорж гэдэг хүн гомдол гаргасан бөгөөд оршин суух хаяг, он cap өдөр байхгүй тус гомдолд ач охин Амина нь хэзээ, хэний, ямар үйлдлээс болж хэрхэн гэмтэж, гэмтлийн ямар зэрэг тогтоогдсон болон тус гэмтлээс болж ямар эмчилгээ сувилгаа хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Энэ гомдлыг үнэн мөнөөр нь шалгаж тогтоогоогүй байж надад сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Учир нь ач охин Амина гэмтсэн талаар гомдлыг гаргамагц эмнэлэг дээр очиж үзүүлэхэд ямар ч гэмтэл тогтоогдоогүй байдаг. Тус гомдол гаргасан гэж байгаа Аминагийн ээж Байгалмаа нь манай цэцэрлэгт ажилладаг бөгөөд цэвэр хувийн сэдэлтээр, магадгүй хэн нэгний ятгалгад автаж гаргасан худал гомдлыг үндэслэн хүний хувь заяагаар тоглож байгаад харамсаж байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг надад тус өдрөө гардуулж өгсөн. Тус тушаалыг хүлээн авч танилцахад намайг “...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа төрийн болон багшийн ёс зүйн зөрчил гаргасан...” гэж бичсэн байсан бөгөөд өмнө ямар сахилгын шийтгэл оногдуулсныг лавлахад тус Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг мэдсэн. Үүнээс өмнө надад ийм сахилгын шийтгэл оногдуулсан талаараа албан ёсоор мэдэгдэж тушаалын эх хувийг гарын үсэг зуруулан гардуулж өгч байгаагүй болно.

Миний бие Д.Оюунгэрэл нь багшийн ёс зүй зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй бөгөөд намайг Т.Хишигжаргал багшийг удаа дараа доромжилж бүдүүлэг зан авир гаргасан, ялгаварлан гадуурхаж хэрэлдсэн, байгууллага хамт олны эв нэгдлийг хангахгүй зүй бус авирлах зэргээр багшийн ёс зүй зөрчсөн нь байгууллагын ёс зүйн дүгнэлтээр тогтоогдсон гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Би байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний нэг ч заалтыг зөрчөөгүй болно.

Иймд Ховд аймгийн Жаргалант сум “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тушаал, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хургүүлж байна. Хөгжмийн багш Д.Оюунгэрэл нь 2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс эхлэн цэцэрлэг шинээр нээгдэхэд дуу хөгжмийн багшийн ажлын орон тоон дээр томилогдон 2 дахь жилдээ ажиллаж байна.

Хөгжмийн багш Д.Оюунгэрэл нь туслах багш Т.Хишигжаргалыг удаа дараа дайрч доромжилж ялгаварлан гадуурхаж ажлын байран дээр нь дарамталж,сэтгэл санааны хямралд оруулж байсан талаар уг туслах багшийн 2018 оны 05 сарын 23 өдөр гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч 2018 оны 05 дугаар сарын 24 өдөр цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг зөвлөлийн гаргасан дүгнэлтийн дагуу зохих сахилгын шийтгэл ногдуулсан байна.2018 оны 09 сарын 26-ны өдрийн №21-09/043/228 тоот улсын байцаагч Ц.Алтанхишигийн зөвлөмж даалгавар гарч хөгжмийн багш Д.Оюунгэрэл нь мэргэжлийн бус багш байгаа тул мэргэжпийн багш авч ажиллуулах шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг өгсөн билээ. Үүний дагуу цэцэрлэгийн эрхпэгч З.Энхцэцэг нь уг зөвлөмжийг хэрэгжүүлэн 1 сарын хугацаатай албан тоотоор мэдэгдэх хуудсыг багш Д.Оюунгэрэлд гардуулан өгсөн байна. 2018 оны 12-р сарын 07-ны өдөр иргэн Х.Цэрэндоржийн өргөдөл гомдол, эцэг эхчүүд болон багш ажилчдын санал гомдол ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтаар багш Д.Оюунгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг баримтлан дараагийн шат дараалсан сахилгын шийтгэл болох цалингийн зохих хувиар торгох шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Мөн иргэн Х.Цэрэндорж нь өргөдлөө бичихдээ он, сар, өдөр байхгүй байна гэжээ. Энэ иргэний өргөдөл дээр он сар өдөр бичсэн байсан. Д.Оюунгэрэл нь өөрийн хариуцсан ажлын хариуцлагагүйн улмаас гаргасан алдаа зөрчилдөө дүгнэлт хийхийн оронд огт зөрчил гаргаагүй гэсэн байдлаар бичсэн байна. Мөн Аминаагийн ээж Байгалмаа гэх хүн манай цэцэрлэгт байхгүй бөгөөд багш хүн өөрөө хүний нэрийг алдаагүй зөв бичих шаардлагатай гэж үзэж байна.

Д.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00188 дугаар шийдвэрээр:“ 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сум Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга: 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр болсон үйл явдлын талаар шүүх хуралдаан дээр Д.Оюунгэрэл нь мэдүүлэхдээ цэцэрлэгийн эрхлэгч тухайн өдөр 2 канондсон тушаал гаргаж өгөөд аль нэгийг нь Д.Оюунгэрэлийг авсны дараа сахилгын арга хэмжээ оногдуулна гэсэн болохоос яг албан ёсоор чамд ийм сахилгын арга хэмжээ авсан гэж хэлээд тушаалын эх хувийг гардуулж өгсөн үйл баримт биш байсан. Хавтаст хэрэгт Д.Оюунгэрэлд тухайн өдөр өгсөн тушаалуудыг хавсаргуулсан байгаа. Сануулах сахилгын арга хэмжээ авсан тушаалыг албан ёсоор гардуулж түүнд мэдэгдсэн хууль ёсны баримт хэрэгт авагдаагүй. Шүүх хуралдааны үзлэгээр тухайн тушаалуудыг гардуулсан гэсэн баримт дээр хэзээ хэн Д.Оюунгэрэлд гардуулсан эсэх нь тодорхойгүй байгаа нь ажил олгогч өөрийн гаргасан тушаалын үндэслэл болоод гардуулсан талаар нотлох үүрэгтэй бөгөөд хэн хэрхэн гардуулсан нь тодорхойгүй байхад хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Д.Оюунгэрэл нь багшийн ёс зүй зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй бөгөөд намайг Т.Хишигжаргал багшийг удаа дараа доромжилж бүдүүлэг зан авир гаргасан ялгаварлан гадуурхаж хэрэлдсэн, байгууллага хамт олны эв нэгдлийг хангахгүй зүй бус авирлах зэргээр багшийн ёс зүй зөрчсөн нь байгууллагын ёс зүйн дүгнэлтээр тогтоогдсон гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Би байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний нэг ч заалтыг зөрчөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тушаал, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг тус бүр хүчингүй болгуулах” тухай шаардлагыг “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.7, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.8, 8.3.5 дахь заалтуудыг үндэслэн хөгжмийн багш Д.Оюунгэрэл туслах багш Т.Хишигжаргалыг удаа дараа гутаан доромжилж бүдүүлэг  зан  авир гарган ялгаваран гадуурхан хэрэлдэж, ёс бусаар харьцаж, байгууллага хамт олны эв нэгдлийг хангахгүй зүй бус авирлах зэргээр багшийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон тул  Д.Оюунгэрэлд хатуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх-ийн 6 дугаар тал/ Мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг Б/04 дүгээр “Д.Оюунгэрэлд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 10.1.3-ын Б, Ж, К дахь заалтууд, Байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тус тус  үндэслэн багш Д.Оюунгэрэл нь хүүхэд бүрийг хөгжүүлэх, дуу хөгжим урлагийн авьяас чадварыг мэргэжлийн түвшинд зааж сургах үйл ажиллагаа нь хангалтгүй, хүүхэдтэй ажиллах багшийн хараа хяналтгүйгээс болж хүүхдүүд нэг нэгээ гэмтээсэн талаар эцэг эхийн болон багш ажилчдын санал гомдол гарч, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа төрийн албан хаагчийн болон багшийн ёс зүйн зөрчил гаргасан хөгжмийн багш Даваажавын Оюунгэрэлд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажилтан ажил олгогчийн дээрх тушаалуудын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх  байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж хуульчилжээ. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалын талаар гомдлоо ажилтан хуулийн хугацаанд зохих байгууллагад гаргаагүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй   болжээ.

2. Ажилтан Д.Оюунгэрэлийг хөгжмийн хичээл зааж эхлэхийн өмнө 3 настай охин Т.Амина тайзнаас ойчиж унасан талаар талууд маргахгүй байна. Харин Т.Амина охин гэмтсэн талаар гомдол гаргамагц эмнэлэгт очиж үзүүлэхэд ямар ч гэмтэл тогтоогдоогүй байхад эрхлэгч надад 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг Б/04 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан аудио бичлэгийн баримтыг шинжлэн судлахад тайзнаас эмэгтэй хүүхэд унаж байгаа ба түүнийг нөгөө талд хүүхдийн дэргэд сууж байсан багш нь очоод босгож байгаа байдал бичигдсэн байна. Дээрх үйл баримт болон гэрчийн мэдүүлэг “Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт“-ээр  ажилтан  Д.Оюунгэрэлийг хүүхэдтэй ажиллах багшийн хараа хяналтгүйгээс болж хүүхдүүд нэг нэгээ гэмтээсэн, мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5-д зааснаар ажилтан нь “...хүүхдийг эзэнгүй орхисноос зөрчил дутагдал гарч хүүхэд гэмтэж бэртсэн болох нь тогтоогдоогүй байна.  Өөрөөр хэлбэл Д.Оюунгэрэл нь ажлын байраа орхиж, хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисон гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд бичлэгээр багш Д.Оюунгэрэл нь ажлын байран дээрээ байсан болох нь тогтоогдож байна.

Нөгөө талаар багш хүүхдүүдтэйгээ сууж байхад хойд талд нь хүүхэд тайзнаас унасан үйл баримт нь багшийн ёс зүйн зөрчил гэж үзэх боломжгүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д “эрүүл аюулгүй орчин амьдрах... эрхтэй.”16-ийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.” гэж заажээ.

Хүүхдийн харж хандах асрах үүргийг хүлээж байгаа ажилтан Д.Оюунгэрэл нь дээрх хуульд заасан хүүхдийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д “Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамаглалсан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдэгдэнэ.”гэх заалтыг зөрчиж, 3 настай Т.Аминаг эцэг,эхэд нь мэдэгдэх,цаашид гарах болзошгүй гэмтэл үр  дагавар гарахаас хамгаалаагүй гэж  үзэх  үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэснийг хүлээн авч шийдвэрт зохих өөрчлөлт оруулан, “2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэснийг хэсгийг хангахгүй орхиж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т заасныг баримталсныг хасч өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                     

                                                                                               Н.ТУЯА