Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 00188

 

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00188

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум Алагтолгой багийн 7-13б тоотод оршин суух,  дугаарын регистртэй, Ч овогт Дын Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сум Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 153/2019/00066/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцоож, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг. Би өөрийн хариуцсан ажил үүргээ зохих журмын дагуу хангалттай хийж гүйцэтгэдэг бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж ажлын хариуцлага алдаж байгаагүй болно. Гэтэл намайг тус цэцэрлэгийн эрхлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.2, байгууллагын дотоод журмын 10.1.3-ын Б,Ж,К, байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тус тус үндэслэн “дуу хөгжим урлагын авъяас чадварыг мэргэжлийн түвшинд зааж сургах үйл ажиллагаа хангалтгүй, хүүхэдтэй ажиллах багшийн хараа хяналтгүйгээс болж хүүхдүүд нэг нэгнээ гэмтээсэн талаар эцэг эхийн болон багш ажилчдаас гомдол гарч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа төрийн албан хаагчийн болон багшийн ёс зүйн зөрчил гаргасан” гэж үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Энэхүү шийдвэр нь дараах байдлаар үндэслэлгүй

Миний бие Д.О нь ажлын байран дээрээ хүүхдүүдийг нэг ч удаа хараа хяналтгүй орхиж байгаагүй бөгөөд миний буруутай үйлдлийн улмаас хүүхдүүд гэмтсэн тохиолдол гараагүй болно.

Харин өндөр настан Х.Цэрэндорж гэдэг хүн гомдол гаргасан бөгөөд оршин суух хаяг, он cap өдөр байхгүй тус гомдолд ач охин Амина нь хэзээ, хэний, ямар үйлдлээс болж хэрхэн гэмтэж, гэмтлийн ямар зэрэг тогтоогдсон болон тус гэмтлээс болж ямар эмчилгээ сувилгаа хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Энэ гомдлыг үнэн мөнөөр нь шалгаж тогтоогоогүй байж надад сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Учир нь ач охин Амина гэмтсэн талаар гомдлыг гаргамагц эмнэлэг дээр очиж үзүүлэхэд ямар ч гэмтэл тогтоогдоогүй байдаг. Тус гомдол гаргасан гэж байгаа Аминагийн ээж Байгалмаа нь манай цэцэрлэгт ажилладаг бөгөөд цэвэр хувийн сэдэлтээр, магадгүй хэн нэгний ятгалгад автаж гаргасан худал гомдлыг үндэслэн хүний хувь заяагаар тоглож байгаад харамсаж байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг надад тус өдрөө гардуулж өгсөн. Тус тушаалыг хүлээн авч танилцахад намайг “...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа төрийн болон багшийн ёс зүйн зөрчил гаргасан...” гэж бичсэн байсан бөгөөд өмнө ямар сахилгын шийтгэл оногдуулсныг лавлахад тус Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг мэдсэн. Үүнээс өмнө надад ийм сахилгын шийтгэл оногдуулсан талаараа албан ёсоор мэдэгдэж тушаалын эх хувийг гарын үсэг зуруулан гардуулж өгч байгаагүй болно.

Миний бие Д.О нь багшийн ёс зүй зөрчсөн нэг ч үйлдэл гаргаагүй бөгөөд намайг Т.Хишигжаргал багшийг удаа дараа доромжилж бүдүүлэг зан авир гаргасан, ялгаварлан гадуурхаж хэрэлдсэн, байгууллага хамт олны эв нэгдлийг хангахгүй зүй бус авирлах зэргээр багшийн ёс зүй зөрчсөн нь байгууллагын ёс зүйн дүгнэлтээр тогтоогдсон гэж сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Би байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний нэг ч заалтыг зөрчөөгүй болно.

Иймд Ховд аймгийн Жаргалант сум “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04 дүгээр тушаал, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцоож нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хургүүлж байна. Хөгжмийн багш Д.О нь 2017 оны 04 дүгээр сарын 19-нөөс эхлэн цэцэрлэг шинээр нээгдэхэд дуу хөгжмийн багшийн ажлын орон тоон дээр томилогдон 2 дахь жилдээ ажиллаж байна.

Хөгжмийн багш Д.О нь туслах багш Т.Хишигжаргалыг удаа дараа дайрч доромжилж ялгаварлан гадуурхаж ажлын байран дээр нь дарамталж ,сэтгэл санааны хямралд оруулж байсан талаар уг туслах багшийн 2018 оны 05 сарын 23 өдөр гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч 2018 оны 05 дугаар сарын 24 өдөр цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл хуралдаж уг зөвлөлийн гаргасан дүгнэлтийн дагуу зохих сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2018 оны 09 сарын 26-ны өдрийн №21-09/043/228 тоот улсын байцаагч Ц.Алтанхишигийн зөвлөмж даалгавар гарч хөгжмийн багш Д.О нь мэргэжлийн бус багш байгаа тул мэргэжпийн багш авч ажиллуулах шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг өгсөн билээ. Үүний дагуу цэцэрлэгийн эрхпэгч З.Энхцэцэг нь уг зөвлөмжийг хэрэгжүүлэн 1 сарын хугацаатай албан тоотоор мэдэгдэх хуудсыг багш Д.Од гардуулан өгсөн байна.

2018 оны 12-р сарын 07-ны өдөр иргэн Х.Цэрэндоржийн өргөдөл гомдол, эцэг эхчүүд болон багш ажилчдын санал гомдол ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтаар багш Д.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын холбогдох заалтыг баримтлан дараагийн шат дараалсан сахилгын шийтгэл болох цалингийн зохих хувиар торгох шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Мөн иргэн Х.Цэрэндорж нь өргөдлөө бичихдээ он, сар, өдөр байхгүй байна гэжээ. Энэ иргэний өргөдөл дээр он сар өдөр бичсэн байсан.

Д.О нь өөрийн хариуцсан ажлын хариуцлагагүйн улмаас гаргасан алдаа зөрчилдөө дүгнэлт хийхийн оронд огт зөрчил гаргаагүй гэсэн байдлаар бичсэн байна. Мөн Аминаагийн ээж Байгалмаа гэх хүн манай цэцэрлэгт байхгүй бөгөөд багш хүн өөрөө хүний нэрийг алдаагүй зөв бичих шаардлагатай гэж үзэж байна.

Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сум Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхцоож нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд ирүүлж маргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, үнэлээд  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сум Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “ Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй “ гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай Ховд аймгийн Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг мэдсэн бөгөөд ажил олгогч эрхийг нь зөрчсөн гэж үзвэл гомдлоо 3 сарын дотор гаргаж эрхээ эдлэх байсан нь нэхэмжлэгчийн “надад эрхлэгч 2 тушаал өгөөд нэгийг нь сонго гэсэн, та 2 учраа олчихвол арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн” гэх тайлбараар тогтоогдож маргааны талаар гомдол гаргах хугацаагаа алдсан байна.

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай “ Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэхь заалт Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.7, Байгууллагын дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.8, 8.3.5, дахь заалтуудыг үндэслэжээ.

Энэхүү тушаал нь хуулийн үндэслэлтэй гарсан болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар болон 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хариуцагчийн хариу тайлбар /хх-ийн 20 -21 хуудас / баримтаар, Т.Хишигжаргалын Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн захиргаа болон ёс зүйн зөвлөлд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гаргасан өргөдөл/ хх-ийн 8 хуудас/ баримтаар,  хууль сануулж гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Т.Хишигжаргалын гэрчийн мэдүүлэг/ хх-ийн 24-26 хуудас/ баримтаар, үзлэг хийж баримтжуулсан Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн “Ёс Зүйн” зөвлөлийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /хх-ийн 109-114 хуудас/ баримтуудаар бүрэн тогтоогдлоо.

2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн Б/04 дугаартай “Д.Од сахилгын шийтгэл ногдуулах тухай” Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 10.1.3-ын Б, Ж, К дахь заалтууд , Байгууллагын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг тус тус үндэслэжээ.

Энэ нь нэхэмжлэгч Д.О нь хөгжмийн хичээл эхлэхийн өмнө 3 настай Т.Амина тайзан дээрээс ойчиж унасан талаар хэрэгт авагдсан аудио бичлэг баримтаар, хууль сануулж гэрчээр асуусан Т.Аминагийн өвөө Х.Цэрэндоржийн “Т.Аминаг толгойг нь уйлаад байхаар орой нь Хоньчингоор бариулсан“ гэх гэрчийн мэдүүлэг , 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн Ёс Зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл болон хариуцагчийн тайлбараар бүрэн тогтоогдож хуулийн үндэслэлтэй тушаал гарсан гэж үзэв.  

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д  “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ...хамгаалуулах эрхтэй”, 16-ийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” талаар заасан байхад хүүхдийн харж хандах, асрах үүргийг хүлээж байгаа багш хүн энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.  

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлд “нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага ...аас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг харгалзана”, “... хүүхдийг хамгаалах халамжлах зорилгоор хууль тогтоох зохистой арга хэмжээ авах тухай “заасан байхад ажилтан ажил үүргээ хэрэгжүүлэхдээ энэ үүргээ сахин биелүүлээгүй болох нь Т.Аминагийн тайзнаас унасан үйл баримтаар нотлогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ” гэсэн заалтыг ажилтан зөрчжээ.

Өөрөөр хэлбэл 3 настай Т.Аминаг эцэг эхэд нь мэдэгдэх, цаашид гарах болзошгүй гэмтэл үр дагавар гарахаас дуу хөгжмийн багш Д.О хамгаалаагүй байна.

Иймд ажил олгогчоос ажилтанд авсан хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь хуулийн үндэслэлтэй, нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116. 118 ,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй,хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” 15 дугаар цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сум Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/04, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЮУН-ЭРДЭНЭ