Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар  2021/ДШМ/40 

 

Б.С-д  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.С  д холбогдох эрүүгийн 1813001870088 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбеш илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжав, шүүгдэгч Б.С  , шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Жанболат нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                           Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч ажилтай, тус сумын 3 дугаар багт оршин суудаг, яс үндэс Казах, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овгийн Б-ийн Б.С   /0000000/ нь 2001 онд Санхүү банкны “Ө” дээд сургуулийг төгссөн гэх 02001/113 дугаартай хуурамч дипломыг ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлээд, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн улмаар тус аймгийн Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 39.291.735 төгрөгийн хууль бус орлого олсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш овогт Б-ийн Б.С  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2. 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд: “Шийтгэх тогтоолд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар, дүгнэлтээс зөрүүтэй тусгасан байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн хувьд дараах байдлаар дүгнэлт гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн билээ. Үүнд:

1. Гэмт хэргийн субьектив талын шинж үгүйсгэгдэж байгаа талаар;

2. Гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж байгаа талаар;

3. Эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад яллагдагчаар татсан талаар санал дүгнэлт гаргаж байсан. Шүүгч шийтгэх тогтоолоо танилцуулахдаа “шүүгдэгч гэм буруугийн хувьд маргасан учраас 2000 нэгжээр торгож шийтгэсэн” гэдгээ хүртэл хэлж байсан. Гэтэл шийтгэх тогтоолдоо яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн маргаагүй мэтээр бичсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол...” гэж гэмт уг гэмт хэргийн объектив, субьектив талын шинжийг хуульчилжээ. Шүүгдэгч Б.С   нь 2001 онд “Ө” дээд сургуулиас бакалаврын дипломыг авсан бөгөөд тус сургуульд журмын дагуу бүртгүүлж холбогдох төлбөр хураамжийг төлж байжээ. Б.С   нь 1988 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан, эдийн засагч мэргэжлээр дипломын зэрэгтэй төгсөж удаан жил мэргэжлээрээ ажиллаж байсан учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэн бакалаврын зэрэг олгоно гэсэн зарын дагуу 1997 онд Ө дээд сургуульд бүртгүүлэн бакалаврын зэрэг хамгаалахаар болсон байна. Улмаар 2001 онд төгсөж бакалаврын дипломоо авсан байна. Тухайн дипломын хуурамч эсэхийг огт мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байжээ. Тухайн дипломын хуурамч болохыг 2018 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хайвын гомдлын дагуу Цагдаагийн газраас шалгаж тогтоосон үед л Б.С   мэдсэн байна. Тэгэхлээр Б.С  ын Ө дээд сургуулийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж буруутгах нь үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр Б.С  д хуурамч бичиг баримт ашиглан өөртөө давуу байдал бий болгох гэсэн субьектив талын шинж огт байгаагүй болох нь 2015 онд хамт шалгалт өгсөн X А, Ө.Х, Д.Е, К.Т, Ж.Т нар. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Н, гишүүд Х.Е, Ө.Т нарын сумын санхүүгийн албаны даргын сонгон шалгаруулалтад мэргэжлийн диплом шаардаагүй гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Хуурамч диплом ашиглан Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэр дэвшүүлэх тогтоол гаргаж авсан гэж Б.С  ыг буруутгаж байгаа билээ. Цагдаагийн газраас тухайн дипломыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хуурамч болохыг тогтоосны дараа эрх бүхий байгууллагад хүргүүлсний дараа Төрийн албаны салбар зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэр дэвшүүлэх тогтоолыг хүчингүй болгож, мөн өдрийн 234 дүгээр албан бичгээр Бугат сумын Засаг даргад хүргүүлж, нэр дэвшүүлсэн тогтоол хүчингүй болсон учраас Б.С  ыг төрийн албанаас чөлөөлөхийг үүрэг болгосон байна. Хуурамч дипломыг Б.С  ын зүгээс мэдсээр байж ашиглаж Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол гаргуулж авч, төрийн албанд ажилласан гэж үзвэл үргэлжилсэн хугацаа нь тухайн тогтоол хүчингүй болсноор дуусгавар болж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй”, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, Б.С  ыг яллагдагчаар татах үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Б.С  ыг яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хууль бусаар яллагдагчаар татсан гэж маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн маргаанд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.С  д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Шүүгдэгч Б.С   нь 2001 онд Санхүү, банкны “Ө” дээд сургуулийг төгссөн гэх D2001/113  дугаартай хуурамч дипломыг ашиглаж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Бугат сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлээд, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Бугат сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр томилогдож, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 39.291.735 төгрөгийн  хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

Б.С  ын гэм буруутай үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн мөн зүйл, хэсэгт зааснаар түүнийг “хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцохдоо тус тус хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон буюу хууль ёсны байх, гэм буруугийн болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмууд тус тус хангагдсан байна.

 

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, Санхүү банкны “Ө” дээд сургуулийн 2001 оны 02 сарын 02-ны өдрийн 04 дугаартай захирлын тушаалын хавсралт, D2001/113 дугаартай бакалаврын диплом зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Б.С   нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.С  ыг  хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

Шийтгэх тогтоолоор Б.С  ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.С   нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөөр илэрхийлээгүй, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад мөн хуулийг хэрэглэсэн, хуулийн 4 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж шүүгдэгч Б.С  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялаас “өршөөн хэлтрүүлж” шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.С   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй,  хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй буюу хуулийн дээрх шаардлага хангагдаагүй байхад шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг “Б.С  ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2-т заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэгт ороогүй бөгөөд түүнийг хохирлоо төлөөгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр өршөөлд хамруулахгүй байх үндэслэлгүй” гэж илт буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.С  ын хувьд хуулийн уг заалтын хэрэглэх нөхцөлүүдийг хангаагүй юм.

 

3. Шүүгдэгч Б.С   болон түүний өмнөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив, субьектив талын шинж байхгүй, тухай дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан” гэх даж заалдах гомдол нотлох баримтуудад үндэслэгдээгүй тул дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах гомдлын “Б.С  ыг яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хууль бусаар яллагдагчаар татсан...” гэх үндэслэлийн тухайд, анхан шатны шүүх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн холбогдох хэсэгтэй уялдуулж хэргийн нөхцөл байдалд зөв тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаар гаргасан шүүхийн дүгнэлтүүд нотлох баримтуудад үндэслэгдсэн байх тул гомдолд зааснаар үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3 дахь заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд нийцүүлэн “гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэсэн нэмэлт өөрчлөлтийг, мөн 3 дахь заалт болгож “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.С  д оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж” нэмэлт өөрчлөлтийг тус тус  оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  3 дахь заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтын “Б.С  оос” гэсний дараа “гэмт хэрэг үйлдэж олсон орлого” гэж нэмж,

шийтгэх тогтоолын  Тогтоох хэсэгт 3 дахь заалт болгож “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С   болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                           Н.ТУЯА

 

 

                                                                                              Д.КӨБЕШ