Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Готовчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00229 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 14 дүгээр байрны 56 тоотод оршин суух, Даагаа овогт Дамдины Готовчулуун нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот II 48-5 тоотод байрлах, Мөст цэвэрлэг булаг ХХК-д холбогдох,  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 54,990,468 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Д.Готовчулуун би 2014 оны 03 сард Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг Т.Баярсайхан гэгчтэй танилцаж, улмаар түүний эзэмшлийн Мөст цэвэрлэг булаг ХХК-ийн нэр дээр Мон Эн Ко ХХК-аас нүүрс, Алтайн хүдэр ХХК-аас төмрийн хүдэр тээвэрлэхээр тохиролцож, би өөрийн нэр дээр байсан тухайн үед 2099 УНЕ улсын дугаартай байсан Норд бенз маркын авто машиныг Мөст цэвэрлэг булаг ХХК-ийн нэр дээр шилжүүлэн 3707 ХОҮ улсын дугаар авч, мөн миний 100% хувьцааг нь эзэмшдэг Ган цэнэг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 9397 УНЕ улсын дугвартай Норд бенз маркийн автомашиныг тус тус тээвэрт явуулахаар тохиролцож ажилд гаргасан юм.

Нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэх ажип 4 жил гаруй үргэлжипж, энэ хугацаанд дээрхи машинуудаар гүйцэтгэсэн тээврийн ажлын хөлс миний эзэмшлийн төрийн банк дахь 107800455853 тоот дансаар шилжиж ирдэг байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сараас эхэлж миний өмчлөлийн дээрхи 2 машинаар тээвэрлэлт хийсэн ажлын хөлсийг шилжүүлэхээ больсон бөгөөд шаардахаар янз бүрийн шалтаг хэлж төлбөрийг төлөхөөс зайлсхийх болсон юм. Иймд Мөст цэвэрлэг булаг ХХК-иас миний эзэмшлийн 9397 УНЕ, 3707 ХОҮ улсын дугаартай 2 машины тээврийн ажил хийсэн хөлс болох 54,990,468 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл 93-97 УНЕ, 37-07 ХОҮ гэсэн хоёр машины 2018 оны 5, 6, 7, 9 дүгээр саруудын тээврийн хөлс нэхээд байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбар хэлэхдээ бид нар 37-07 ХОҮ улсын дугаартай автомашины 07 дугаар сараас хойших мөнгийг нэхэмжлэхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Х.Энхбаяр 37-07 ХОҮ улсын дугаартай автомашиныг 2018 оны 07 дугаар сард өөрийнхөө эзэмшилд авсан байгаа. Ингэж эзэмшилд авах үед энэ машин дээр өрүүд гарсан учраас энэ өрүүдийг төлсөн байгаа. 2018 оны 5 дугаар сард 40,569 төгрөгийг Д.Готовчулуун Х.Энхбаяраас авсан. Үүнийгээ Д.Готовчулуун өөрөө хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 5 дугаар сард Д.Готовчулуун Х.Энхбаяраас 1,635,676 төгрөгийг бас авсан. 2018 оны 6 дугаар сард Д.Готовчулуун Х.Энхбаяраас 12,169,156 төгрөгийг авсан байгаа. Д.Готовчулуун нэг талаасаа хууль бусаар хөрөнгөжих гэсэн, нөгөө талаасаа хууль бус үйлдэл хийдэг хүн юм уу гэж би ойлгосон.

            Д.Готовчулуун Х.Энхбаярт чи энэ машиныг авах юм бол миний өрийг төлж өг гээд 14,000,000 төгрөгийг авсан байгаа. Үүнийг би 54,990,468 төгрөгөөс хасаж тооцож байгаа. Компани дундаас нь хохирох хууль зүйн үндэслэл байхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18,000,000 төгрөгийг Д.Готовчулууны Ган цэнэг ХХК-ны 110000211782 тоот данс руу шилжүүлсэн баримтыг нь манайх гаргаж өгсөн байгаа. Үүнээс 10 сая төгрөгийг н.Баясгалангийн өр байгаа үүнийг хасаад 8,000,000 төгрөг үлдсэн. Энэ 8,000,000 төгрөгийг одоо Д.Готовчулууны нэхэмжлээд байгаа мөнгөнөөс хасна. Мөн 2018 оны 07 дугаар сард Х.Энхбаярын суутгагдаагүй үлдсэн 1,551,151 төгрөгийг суутгаж авч үлдсэн. Энэ нь санхүүгийн нягтлангийн гаргасан тооцоо. н.Баясгалангийн 93-97 УНЕ машины авах ёстой өр 1,059,800 төгрөгийг тохиролцсоны үндсэн дээр суутгаж авсан байгаа. 54,990,468 төгрөгөөс тооцож үзээд эцсийн тооцоогоор 28,561,483 төгрөгийн өглөг гарч ирж байгаа. Энэ нь тээврийн хөлснөөс үлдсэн өглөг. Н.Баясгалангийн 93-97 УНЕ улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн даатгал 490,800 төгрөгийг даатгалын хураамж гээд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол даатгал ХХК руу шилжүүлсэн байгаа. Энэ нь давхар Монгол даатгал ХХК-ийн тодорхойлолтоор нотлогдож байгаа.

Би шүүхэд тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа гаргаж өгсөн. Энэ нь н.Баясгалан машинаа даатгуулсан. Эзэмшигч нь н.Баясгалан боловч өмчлөгч нь Д.Готовчулуун юм. Энэ бүгдийг хасаж тооцохоор эцсийн тооцоогоор Д.Готовчулуунд Мөст цэвэрлэг булаг ХХК-ийн төлөгдөөгүй байгаа тээврийн хөлсний тооцоо 28,070,663 төгрөг төлөгдөөгүй байгаа. Тооцоогоо хийвэл үүнийг төлнө гэдгээ Мөст цэвэрлэг булаг ХХК илэрхийлдэг. Гэтэл тооцоогоо хийхгүй би чамаас юм авах ёстой хүн амьтанд дамжуулж өгсөн мөнгө, миний авсан мөнгө ямар хамаатай юм гээд энэ хоёр хүний дунд зөрчил үүсээд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг 54,990,468 төгрөгөөр биш 28,070,663 төгрөгөөр манай компани хүлээн зөвшөөрч байгаа. Машин явуулж байгаа хүмүүс болон жолооч нар мөнгөгүй болохоороо дараа тооцоо хийе одоо над руу мөнгө шилжүүлээд өг гэхэд тухайн үед компанид мөнгө байвал шилжүүлдэг. Энэ 18,000,000 төгрөг нь урьдчилгаа байсан.

 Энэ мөнгөнөөс 10 сая төгрөгийг н.Баясгалангийн явсан тээвэрлэлтээс хасаад 8,000,000 төгрөг нь хасагдаагүй байгаа. Үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс хасч байгаа. Энэ мөнгө өмнөх ажлын хөлс, өр төлбөр биш....2018 оны 05 дугаар сард 2 удаа, 2018 оны 06 дугаар сард нэг удаа авсан байна. Х.Энхбаярын барьж байгаа 37-07 ХОҮ улсын дугаартай автомашин Мөст цэвэрлэг булаг ХХК-иас гараад Таван толгой-д явж байгаа. Х.Энхбаяр нь Д.Готовчулуунтай Мөст цэвэрлэг булаг ХХК-ний өмнөөс тооцоо хийсэн. Д.Готовчулуун энэ мөнгийг Х.Энхбаяраас яагаад аваад байна гэхээр Д.Готовчулуун Х.Энхбаярт машинаа зарсан. Тийм учраас машинаа авахын тул компаний тээврийн хөлсийг Х.Энхбаяр Д.Готовчулуунд өгсөн. Тэгээд Д.Готовчулуун машинаа Х.Энхбаярт өгөөд явуулсан байгаа.... 1,059,800 төгрөг нь 2018 оны 10 дугаар сарын 9397 УНЕ улсын дугаартай автомашинаар тээвэрлэлт хийсэн бөгөөд энэ сард гарсан шатахуун, сэлбэг хэрэгсэл, хоолны өр юм....1551,151 төгрөг нь 2018 оны 7 дугаар сард Х.Энхбаярын нэр рүү шилжээгүй Д.Готовчулууны нэр дээр байж байх хугацаандаа тээвэрт яваад гурван ресс хийсэн. Ингэж явах хоорондоо хоолны, сэлбэг хэрэгслийн, шатахууны зардал гарч өр тавьсан гэжээ. 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00229 дугаар шийдвэрээр:“ 1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХК-иас 30,681,634 /гучин сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Готовчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,308,834 /хорин дөрвөн сая гурван зуун найман мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Готовчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,000 /дөрвөн зуун гучин гурван мянга/ төгрөгөөс 432,902 /дөрвөн зуун гучин хоёр мянга есөн зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 98 /ерэн найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 311,358 /гурван зуун арван нэгэн мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Готовчулуунд олгосугай.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШЗ2019/00075 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар авсан хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХК-д авсан эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн, дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 54,990,468 /тавин дөрвөн сая есэн зуун ерэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн хэмжээнд зогсоосон арга хэмжээнүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хавтаст хэргийн 86-88 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х.Энхбаярыг гэрчээр асуусан мэдүүлгийг нотлох баримтаас хассугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.  Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн баримтыг үнэлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй байх ба хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж  шүүхийн шийдвэрт  зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Готовчулуун нь “өөрийн эзэмшлийн 93-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 37-07 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр 2018 оны 5, 6, 7, 9 дүгээр саруудад нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс 54.990.468 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Готовчулууны эзэмшлийн 37-07 ХОҮ улсын дугаартай  автомашинаар 2018 оны 7 дугаар сард тээвэрлэлт хийх үедээ “Мөст цэвэрлэг булаг”  ХХК-иас авч зарцуулсан шатахуун, хоол, сэлбэгийн зардал 1.551.151 төгрөг, 93-97 УНЕ улсын дугаартай автомашинаар 2018 оны 10 дугаар сард тээвэрлэлт хийх үедээ “Мөст цэвэрлэг булаг”  ХХК-иас авч зарцуулсан шатахуун, хоол, сэлбэгийн зардал 1.059.800  төгрөг бүгд 2.610.951 төгрөгийг зарцуулсан болох нь санхүүгийн тооцоо, нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүхийн шийдвэрээр Д.Готовчулуунд олгохоор шийдвэрлэсэн 30.681.634 төгрөгөөс 2.610.951 төгрөгийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Д.Готовчулуун нь 2013 оны 3 дугаар сард өөрийн эзэмшлийн 37-07 ХОҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл болон 93-97 УНЕ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслүүдээр “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ний нэр дээр Мон Эн Ко ХХК-иас нүүрс, Алтайн Хүдэр ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлүүлж, уг тээврийн хэрэгслүүдээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг өөрийн эзэмшлийн дансанд хийлгэж байхаар  “Мөст цэвэрлэг булаг” ХХК-тай амаар тохиролцсон байна. Дээрх тээврийн хэрэгслүүдээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс уг тээврийн хэрэгсэлд зарцуулсан шатахуун, сэлбэг хэрэгсэл, жолоочийн хоол хүнс зэрэг холбогдох бусад зардлыг хасч тооцон хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2018 оны 4 дүгээр сарыг дуустал нэхэмжлэгч Д.Готовчулууны эзэмшлийн зохих дансанд “Мөст цэвэрлэг булаг” ХХК-иас шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч Д.Готовчулуун “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн хооронд тохиролцсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.             Харин талуудын хооронд  байгуулагдсан гэрээ нь “Мөст цэвэрлэг булаг ХХК-ийн нэр дээр Мон Эн Ко ХХК-иас нүүрс, Алтайн Хүдэр ХХК-иас төмрийн хүдэр тээвэрлүүлэх”-ээр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, Д.Готовчулуун нь “Мөст цэвэрлэг булаг ХХК-ийн нэр дээр өөрийн тээврийн хэрэгсэл болон жоллочийн хөдөлмөрийн хөлсний үр дүнгээр нүүрс,төмрийн хүдэр тээвэрлэх ажил гүйцэтгэх “Мөст цэвэрлэг булаг ХХК- нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул  талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 Иргэний хуулийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн  дээрх хоёр тээврийн хэрэгслүүдийг “Мөст цэвэрлэг булаг ХХК-нь нэр дээрээ 2018 оны 5, 6, 7 ,9 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллуулж нүүрс, төмрийн хүдэр тээвэрлэсний ажлын хөлс 54.990.468 төгрөг болсон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч тал нь “Мөст цэвэрлэг булаг ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн баримтаар дээрх хоёр тээврийн хэрэгслээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 54.990.468 төгрөг биш  харин 53.017.835.35 төгрөг болж байгаа юм. Үүнээс Х.Энхбаярт өгсөн 2018 оны 5, 6 дугаар сарын тээврийн хөлс болох 13.845.401.35 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 18.000.000 төгрөгөөс үлдсэн 8.000.000 төгрөг, 37-07 ХОҮ улсын дугаартай автомашинаар 2018 оны 7 дугаар сард тээвэрлэлт хийхэд зарцуулсан шатахуун хоол сэлбэг хэрэгслийн зардал 1.551.151 төгрөг, 93-97 УНЕ улсын дугаартай автомашинаар 2018 оны 10 дугаар сард тээвэрлэлт  хийхэд зарцуулсан шатахуун хоол сэлбэг хэрэгслийн зардал 1.059.800 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 93-97 УНЕ улсын дугаартай автомашиныг “Монгол даатгал” ХХК-нд даатгуулсан даатгалын хураамж 490800 төгрөгийг тус тус хасч нийт 28.070.663  төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч  байна.” гэсэн тайлбар гаргасан байна.

  Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагч талын тайлбараас үзэхэд “Мөст цэвэрлэг булаг” ХХК-нь нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх 2 тээврийн хэрэгслээр хийж гүйцэтгэсэн ажлын зохих хөлсийг түүнд төлөх үүрэгтэй   байна.

Анхан шатны шүүх “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн  үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдах  гомдолд дурдсан үндэслэлээ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хуульд зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2019/00229 дүгээр шийдвэрин Тогтоох хэсгийн “Иргэний хуулийн 476  дугаар зүйлийн 476.1, 476.2  мөн хуулийн  205  дугаар зүйлийн  205.1.-д” заасныг гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1”-д зааснаар гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77.000 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                              ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА