Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/38 

 

С.Н ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Н ад холбогдох эрүүгийн 2013003000237 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, орчуулагч А.Еркегүл, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч С.Н , шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э   , Ц.Э   , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Монгол /цахим сүлжээгээр/, Х.Зулхаш нар оролцов.

                                                                                                                                                                                           

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүнтэй, ээж дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Найман овогт С.Н /0000000/ нь 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 06 дугаар багийн нутаг, “Б  ” гэх газарт 00-00 БӨТ улсын дугаартай, “Соната-6” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус зөрчиж, засмал замын хажууд аваарын дохио өгч зогсож байсан 00-00 УНЧ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.Г-ийн амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор Найман овогт С.Н авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял ялаар шийтгэж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.Н  болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Үйлчлүүлэгч С.Н  нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баян- Өлгий аймгийн Толбо сумын 6 дугаар багт байрлах олон улсын болон хот хорондын ачаа болон зорчигч тээврийн АН-4 чиглэлийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн, БӨТ  улсын дугаартай тээврийн жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Тоёота приус-20 маркийн, 6877 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, иргэн Э Г-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.

Үйлчлүүлэгч С.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүнчлэн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд мөн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...бодит хохирлыг нөхөн төлүүлэх...” гэж заасан. Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч хөлсөлж авахдаа төлсөн хөлс болон өмгөөлөгчийн зардлуудыг шүүгдэгч С.Н аас гаргуулаад шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т өмгөөлөгчид төлсөн зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам1'-ын 2.6.6-д зааснаар зөвхөн насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч. гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэж зохицуулсан байна. Мөн Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авах нь Монгол Улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх эрх байхаар заасан байна. Иймд өмгөөлөгчид төлсөн хөлс. өмгөөлөгчийн замын зардал, түүнчлэн өмгөөлөгчийн зочид буудалд төлсөн төлбөр зэрэг бусад зардлуудыг шүүгдэгч С.Н аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эс тэгвээс хуулийг буруу хэрэглэсэн асуудал болно.

3. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-т “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл: харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл" гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзвэл гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнийг тодорхой нас хүртэл нөхөн төлөгдөхөөр зохицуулсан, харин урьдчилж хугацаа тогтоож, уг хугацаа хүртэл төлбөр төлүүлэхээр зохицуулаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нас барсан хохирогчийн асрамжид байсан Г.Н-ийг 2037 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг сар бүр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх. хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж заасан байна.

Үйлчлүүлэгч С.Н  нь анхнаасаа буюу мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, мөн цаашид гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.Н ыг урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхой хэмжээгээр нөхөн төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй байх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөх талаар үндэслэл бүхий санал дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч С.Н ын хувьд дээрх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангасан байдалтай байсан.

Гэтэл шүүх шүүгдэгч С.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авалгүй шийдвэрлэснийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй явдал болсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөх, эсхүл шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү. Ингэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.” гэжээ

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э    болон түүний өмгөөлөгч Ц.Монгол нарын хамтран гаргасан тайлбарт: “1. Шүүгдэгч С. Н нь Шүүх хуралдаан дээр учруулсан хохирлыг төлөхөө амласан боловч давж заалдах гомдолдоо хохирлыг төлөхөөс зайлсхийж маргаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж ойлгогдохоор байна. Хүний амь нас хохироочхоод ингэж худал ярьж байгаад хохирогчид маш их гомдолтой байна.

2. С. Н-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Э. Г-ийн амь нас хохирч. хохирогч Ц. Э. 10 сартай охин Г. Н нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирч, 12 сая төгрөгийн үнэ бүхий машин дахин засах боломжгүй болтлоо эвдэрсэн, энэ хэргийн хохирогч нь Ц. Э. түүний асрамжинд үлдсэн Г. Ган- Эрдэнэ 5 настай, Г. Т 3 настай, Г. Н-э 10 сартай, эцэг Ц. Э нар мөн, Иймд насанд хүрээгүй 3 хохирогч байгаа нь X Зулхаш өмгөөлөгчид төлсөн нэг сая төгрөгийн өмгөөллийн төлбөр Засгийн газрын 2018 оны 161 дүгээр Тогтоолд хамаарч байхаас гадна хуульд нийцэж байна. Шүүх хууль хэрэглэж шийдвэр гаргадаг ба эрх зүйн актыг баримталдаггүй. Хүний эрхийн үндэсний комиссоос өмгөөллийн зардлыг хохирогчид учирсан эд материалын хохирол гэж үзэж Шүүхээр нэхэмжилдэг бөгөөд Шүүх хангаж шийдвэрлэдэг. Харин өмгөөлөгч Ц.Монгол нь өмгөөллийн хөлс аваагүй бөгөөд хохирогчдоос гарсан бодит бензиний зардал, буудлын төлбөр нь эд хөрөнгийн болон гэм хорын хохирол тул шүүх Шүүгдэгчээс гаргуулсан нь хуульд нийцсэн болно. Хохирогчид гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд л ийм эд хөрөнгийн хохирол амсаж зарцуулсан. Мөн энэ машинаар хамт Увс, Ховд, Баян-Өлгий аймаг руу зорчиж байсан. Шүүх хуралдаан дээр С. Н  нь гэмт хэргийн хор уршиг болох. төлөөгүй үлдсэн 13 284 599 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Энэ байдлыг шүүх ял ногдуулахдаа харгалзан үзсэн байдаг. Гэтэл шүүхээс шийдвэр гарсны дараа дахин байр сууриа өөрчилж маргаж байгаад хохирогчид гомдолтой байна.

3. Шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д заасан хуулийг зөв хэрэглэж хуульд заасан хугацаанд сар бүр төлөхөөр шийдвэрлэж гэм хор учруулсны төлбөрийг өнчин хоцорсон охинд нь олгуулахаар тогтоосон шударга ёсонд нийцсэн ба харин давж заалдах гомдолд "хуулийг буруу тайлбарласан" гэсэн боловч үндэслэлээ гаргаагүй тул хүлээн авах үндэслэлгүй байна.

4. С. Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ярьдаг боловч Шүүхэд "машин халтирсан, зам муу байсан" гэх зэргээр өөрийгөө зөвтгөдөг байдал нь түүнийг ‘гэм буруугаа ухамсарласан" гэдэгт итгэхгүй байх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Мөн "хохирлоо барагдуулна" гэж Шүүх дээр амладаг боловч. дараагийн Шатны шүүхэд үүнээсээ буцаж маргаж байгаа зэрэг бодитойгоор гаргаж байгаа иймэрхүү өөр өөр хандлагад нь хохирогчид гомдолтой байна.

5. С. Н нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчиж байсан болох нь хэрэгт авагдсан Зөрчлийн шийтгэвэр хуудсуудаар нотлогдог бөгөөд Монгол улсад нийтлэг гарч байгаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бусдын амь нас аюушгүй байдлыг хамгаалах үүднээс энэ талаарх ялын бодлого хатуу байх учиртай. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр энэхүү тайлбарыг гаргаж байна.” гэжээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Н  болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            1. Шүүгдэгч С.Н  нь 2020 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 14 цагийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 6 дугаар багийн нутаг,  “Б” гэх газарт 00-00 БӨТ улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хажууд зогсож байсан 00-00 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20  маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.Г-ийн амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

            Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 564, 565 дугаартай дүгнэлт, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч С.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч С.Н ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

Шүүгдэгч С.Н ын  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч С.Н ыг хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт нь тохирсон байх тул шүүгдэгч С.Н ын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөх, эсхүл ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэх” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсгүүд, 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх заалтыг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э   гийн мэдүүлэг, тайлбар, хохирогчийн орлого олж байсан байдлыг нотлох баримтуудыг үндэслэн Э.Г-ийн  сарын орлогын дунджийг 1.000.000 төгрөгөөр тооцож, түүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 420.000 төгрөгийг хасаж, Г.Н-э арван зургаан нас /суралцаж байгаа бол арван найман нас/ хүртэл 2020 оны 9 дүгээр сараас 2037 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүд 580.000 төгрөгийг сар бүр шүүгдэгч С.Н аар төлүүлэхээр буюу тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын 3 дахь үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүх амь хохирогч Э.Г-ийн сарын орлогын дунджийг 1.000.000 төгрөгөөр тогтоосон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудад үндэслэгдсэн бөгөөд үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 420.000 төгрөгийг хасаж, нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдийг сар бүр 580.000 төгрөг төлүүлэхээр тогтоохдоо Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар сарын орлогын дунджаас нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай түүний эхнэр Ц.Э   д оногдох хэсгийн хасахгүйгээр сар бүр 580.000 төгрөгөөр тэжээн тэтгүүлэхээр тогтоосон нь хуульд нийцээгүй. Амь хохирогч Э.Г-ийн сарын орлогын дундаж 1.000.000 төгрөгийг гэр бүлийн гишүүд болох 5 хүнд хуваахад нэг хүнд ногдох нь 200000 төгрөг, түүнээс нас барагчийн өөрт нь болон түүний эхнэр Ц.Э   д оногдох хэсгийн хасахад үлдсэн 3 хүүхдэд оногдох 600.000 төгрөгөөс  тэжээгчээ алдсаны тэтгэвэр 420.000 төгрөгийг хасаж, шүүгдэгчийн гэм хор учруулсан төлбөрийг сар бүр 180.000 төгрөг төлөхөөр /1000000:5=200000х3=600000-420000/ тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсгийн 508.4.1 дэх заалтад гэм хор учруулсны төлбөрийг “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” нөхөн төлнө гэж заасан байхад шийтгэх тогтоолд 2037 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэж хугацаа  тогтоосон нь хууль зүйн техникийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас  “2037 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл” гэснийг хасаж найруулсан ба шүүхээс шүүгдэгч С.Н аас гэмт хэргийн хохиролд 13284599 төгрөг гаргуулж шийдвэрлэсний дараа 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2800000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хохирол төлбөрөөс 2.800.000 төгрөгийг хасаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

 

3. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.5 дахь хэсэгт зааснаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглах журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж хуульчилсан байх тул шүүгдэгч С.Н  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн  улмаас учруулсан хохирлоо /зарим хэсгийг/ нөхөн төлсөн, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон буюу төлөгдөөгүй үлдсэн хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, шүүгдэгч С.Н ын биечлэн эдлэх хорих ялыг таван сарын хугацаагаар тогтоов.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Н ын давж заалдах гомдлын 3 дахь хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч С.Н  цагдан хоригдсон 83 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “13.284.599 төгрөг гаргуулан” гэснийг “10.484.599 төгрөг гаргуулан” гэж, мөн заалтын “2037 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл” гэснийг хасаж, “сар бүр 580.000 төгрөг гаргуулан” гэснийг “сар бүр 180.000 төгрөг гаргуулан” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын 3 дахь хэсгээс бусад хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.5 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр /2/ жил таван /5/ сарын хугацаагаар хорих ялаас хоёр /2/ жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг таван /5/ сарын  хугацаагаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н ын цагдан хоригдсон 83 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                           Н.ТУЯА

 

                                                                                                Д.КӨБЕ Ш