Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/39 

 

    О.Д-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн 2113000580085 дугаартай хэргийг прокурорын эсргүүцэлээр 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбек илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн С сумын  дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6 хүнтэй, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай У овогт О.Д /00000/ нь 2020 оны 9 дүгээр сарын дундуур Баян-Өлгий аймгийн С сумын  дүгээр багийн нутаг дэвсгэрт, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Я гэх газарт шинэс ой модтой уулнаас 110 ширхэг буюу 1.6894 м.куб нойтон шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, байгаль экологид 1.743,218 төгрөгийн бодит хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч У овогт О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 З д заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж. Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй гэж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцахад анхан шатны шүүх нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...шүүгдэгч О.Д ы холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамруулахгүй гэж хэрэгт ороогүй байх тул Өршөөл үзүүлэх тухай заасныг баримтлан шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор .... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт, хүрээнд хамаарахгүй, зөвхөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтад хамаарч байгаа болно.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж. Мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үзнэ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зохицуулалтыг хийжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй байхаар хуульчилсан байна.

Шүүгдэгч О.Д  нь 2020 оны 09 дүгээр сарын дундуур тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн "Я” гэх газраас 110 ширхэг буюу 1.6894 м.куб нойтон шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 1,743,218 төгрөгийн бодит хохирол учруулжээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Д ы ойн санд учруулсан 1,743,218 төгрөгний хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэх заалтын дагуу нөхөн төлбөр тогтоох, буруутай этгээдээс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах эсэхэд нь хууль зүйн талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хохирлоос үүсэх үр дагаврыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл өршөөл үзүүлэх хэлбэрүүдийн талаар -Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх; -эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох; -ялаас өршөөн хасах; -хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих; -зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэж ялгамжтай байдлаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн хувьд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих өршөөл үзүүлэх хэлбэрт багтан хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүх уг гэмт хэргийг “өршөөлд хамруулахгүй гэмт хэргийн жагсаалтад багтаагүй” гэх шалтгаанаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэхдээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хуулийн мөн хэсэгт “Энэ хуулийн ... 7.1 ... -т зааснаас бусад” гэж заасныг анхаараагүй байна.

 

            Түүнчлэн шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар баримтлаагүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хууль ёсны зарчимд нийцээгүй.

 

            Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Байгаль орчны тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг хэрэглээгүй, энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан хоёр үндэслэлийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцааж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Шүүгдэгч О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

           

                                                                                                С.ӨМИРБЕК