Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч  Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00275 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг 72 айлын орон сууцны 67 тоотод оршин суух, Боржигон овогт Юрагийн Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг 27 айлын 03 тоотод оршин суух, Хайртынхан овогт Бандийн Долгорсүрэнд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар, харицагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Б.Долгорсүрэн түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 45.688.095 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр Хаан банкны орчим Төв захын дээд талын дугуй засварын хажууд манай машин дотор өгсөн. Тухайн мөнгийг тоолж өгч байхад Г.Гэрэлт-Од хамт байсан. Сүүлд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай эксковатор хөлслөж чиний 30,000,000 төгрөгийг гаргаж өгөх учраас 10,000,000 төгрөг шилжүүл гэж хэлээд би өөрийнхөө данснаас Б.Долгорсүрэнгийн данс руу шилжүүлсэн. Мөнгө зээлэхээс өмнө Б.Долгорсүрэн, Г.Гэрэлт-Од , нөхөр Т.Шонт , Ц.Ангирмаа бид 5 Минж ресторанд уулзаж байсан ба нийт 40,000,000 төгрөгийг зээлсэн. Нөхөр Т.Шонт бид хоёр ХААН банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд банкнаас зээлээ төлөхийг шаардаад хэцүү байдалд байна. Бид нар Б.Долгорсүрэн эгчтэй алт болон газар шорооны ажлаар хамтарсан зүйл байхгүй. Иймд Б.Долгорсүрэнд зээлдүүлсэн 40,000,000 төгрөг, хүү алданги нийт 45,688,095 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

 Б.Долгорсүрэнд мөнгөө өгснийхөө дараа өгөхгүй удаа дараа худлаа хэлээд байхаар нь цагдаад өгч шалгуулж байсан. Мөн Төв зах дотор зогсдог Юра эмчийн эхнэр Долгорсүрэн гэх эмэгтэйд Б.Долгорсүрэнгийн хүнсний 1 сая төгрөгний өрийг төлөөд 9,000,000 төгрөгийн алтыг би аваад явсан учир 40 000 000 төгрөгнөөс 9 000 000 төгрөгийг хасч тооцно. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа багасган 31,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Долгорсүрэнгийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Долгорсүрэн миний бие нэхэмжлэгч Ю.Байгалмаа болон Т.Шонтой нартай танилын хүрээнд олон жил нөхөрлөж ирсэн бөгөөд нэхэмжлэгч Ю.Байгалмаа болон Т.Шонтой нар анх надад бизнесийн ажлын боломж байгаа эсэх талаар болон Завхан аймгийн Мандал сум дахь Шувуут уул гэх газар алтны чулуун ордны газар байдаг гэсэн түүнд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлж намайг тэнд хүмүүстэй уулзуулж зуучилж өгөхийн зэрэгцээ хамтран хөрөнгө оруулах санал тавьж харилцан тохиролцож хамтаараа ажиллахаар болсон. Ийнхүү нэхэмжлэгч Т.Шонтой, Ю.Байгалмаа бид хамт А.Дэлгэрням, Г.Гэрэлт-Од нартай уулзаж хэдэн сар ярилцаж тохиролцсоны эцэст Завхан аймгийн Мандал сум дахь Шувуут уул гэдэг газар алтны чулуун ордны ажилд хамтарч ажиллахаар болж зөвшилцөн уг ажлаа эхлүүлж үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй шаардагдах тоног төхөөрөмж техник хэрэгсэлтэй холбоотой гарах зардлаа нэг бүрчлэн тооцоолон эхний ээлжинд зайлшгүй шаардагдах төлбөрийг хувь хувиасаа гаргахаар харилцан тохирч эхний ээлжид хариуцагч Б.Долгорсүрэн миний бие 16,000,000 төгрөг нэхэмжлэгч Ю.Байгалмаа Т.Шонт нар 20,000,000 төгрөг тус тус гаргаж нийт 36,000,000 төгрөг зарцуулахаар харилцан тохирч А.Дэлгэрнямд бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл А.Дэлгэрням бидэнтэй харилцан тохиролцсон үндсэн зүйлээсээ өөр зүйлд уг мөнгийг зарцуулж биднийг хохироосон бөгөөд бид А.Дэлгэрням гэгч хүнээс гарсан зардал болон харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан хэдий ч өнөө маргаашийг аргацааж худал ярьсаар өнөөдрийг болтол биднийг хохироож байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч Ю.Байгалмаа, Т.Шонтой нар нь ижил хэмжээний зардал гаргаж ижил хэмжээгээр А.Дэлгэрням гэгчид хамт залилуулсан хирнээ дээрх гарсан зардал мөнгөө хамтран хохирогч надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 Хариуцагч Б.Долгорсүрэн миний бие нэхэмжлэгч Ю.Байгалмаа, Т.Шонтой нарыг А.Дэлгэрням, Г.Гэрэлт-Од гэгч хүмүүстэй бизнесийн хүрээнд хамтарч ажиллахад нь зөвхөн зуучилж танилцуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн мөнгөнөөс хувьдаа авч ашиглаж хэрэглэсэн зүйл огт байхгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан Ю.Байгалмаа болон Т.Шонтой нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00275 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.12-д заасныг баримтлан хариуцагч Б.Долгорсүрэнгээс 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,400 /гурван зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгорсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 190,950 /нэг зуун ерэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Г.Гэрэлт-Одыг гэрчээр асуусан мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Д.Ариунжаргалыг гэрчээр асуусан мэдүүлэгүүдийг нотлох баримтаас хассугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоол энэ зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэл байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэснийг анхаарсангүй. Нэхэмжлэгч Ю.Байгалмаа, хариуцагч Б.Долгорсүрэн нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй. Энэ нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээний харилцааны гол нөхцөл талуудын эрх үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл дундын эд хөрөнгийг хуваарилах зэрэг хуулинд заасан шаардлагыг анхнаасаа тохиролцоогүй нь нотлогдсон байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа хариуцагч Б.Долгорсүрэнд 40.000.000 төгрөг зээлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, Хаан банкны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдсон байтал хамтран ажиллах гэрээний алдагдал гэж 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.  Хариуцагч Б.Долгорсүрэн нь алт олборлож байсан, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч хариуцагч нь олсон ашиг, алдагдалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад нотлох баримтыг үндэслэж Иргэний хуулийн 477, 480.1.4, 477.2, 478.8, 478.11, 478.12-д заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлыг үндэслэж байгаа шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримтаар хэрэг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Долгорсүрэнгийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд хариуцагч Б.Долгорсүрэн миний бие нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын дээд шүүхэд Б.Ариунжаргалын нэхэмжлэлтэй хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон. Энэ тухайгаа анхан шатны шүүхэд бичгээр хүргүүлж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан.

Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр хийж, миний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байна. Миний бие нь үйл ажиллагаанд өөрөөсөө маш их хэмжээний мөнгө зарцуулсан бөгөөд би эрсдэлээ өөрөө хариуцаж Ю.Байгалмаагаас ямар нэг хохирол төлбөр нэхээгүй байгаа. Нэгэнт хамтран ажиллаж аль аль нь хөрөнгө зарцуулсан учир эрсдэлээ өөрсдөө л хариуцах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь Б.Долгорсүрэнд холбогдуулан 45,688,095 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 31,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд үндэслэлээ “Ю.Байгалмаа бид нар алтны чулууны ажилд хамтран ажилласан боловч бусдад тодорхой хэмжээний мөнгө өгч залилуулснаас алдагдалд орсон, би бас өөрөө адилхан хохирсон” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь хариуцагч Б.Долгорсүрэнд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 сая төгрөг бэлнээр өгсөн, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10 сая төгрөгийг бэлэн бусаар Б.Долгорсүрэнгийн данс руу шилжүүлсэн, үүнээс 9 сая төгрөгт тооцож алт авсан 31,000,000 төгрөгийг буцааж аваагүй гэх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь уг мөнгийг Б.Долгорсүрэнд туслах зорилгоор зээлдүүлсэн гэж, хариуцагч Б.Долгорсүрэн нь Ю.Байгалмаа бид нар алтны чулууны ажилд хамтарч ажиллах, ашиг олох зорилгоор мөнгө нийлүүлсэн гэж маргажээ.

2 дугаар хавтаст хэргийн 218 дугаар хуудаснаас 3 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст авагдсан Ю.Байгалмаагийн Ховд аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрчүүдийн тайлбар, прокурорын тогтоол зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь Завхан аймгийн Мандал сумын алттай чулуун дээр хамтарч ажиллаж ашиг олгох зорилгоор Б.Долгорсүрэнд мөнгө өгсөн, дараа нь алттай чулуугаа олборлож чадаагүй үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчтай хууль бус /чулууны алт олборлох/ үйл ажиллагаа явуулахаар ярьж тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хууль бус хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг талууд хамтран хариуцах нь зүйтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн үйл баримт, болон хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурсан уг мөнгийг нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь хариуцагч Б.Долгорсүрэнд зээлдүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч Б.Долгорсүрэн нь би өөрөө бас их хэмжээний мөнгө гаргасан боловч эрсдэлээ өөрөө хариуцаж Ю.Байгалмаагаас мөнгө нэхэмжлээгүй, эрсдэлээ өөр өөрсдөө хариуцах ёстой гэх татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ю.Байгалмаа, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан болон хариуцагчийн давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөг, хариуцагч Б.Долгорсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Ж.Энхжаргал, хариуцагч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР