Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00861

 

Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/00570 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,

Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй,

Б.Долгорсүрэн, Г.Гэрэлт-Од нарт холбогдох,

31.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, М.Эрдэнэ-Оюун нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Долгорсүрэн нь нөхөр бид хоёртой уулзаж амьдралынхаа хүнд байдлуудыг яриад Завхан аймгийн Ургамал суманд нөхөн сэргээлт хийх гэж байгаа хөрөнгө оруулалт хийчхээд эргүүлээд мөнгийг чинь гаргаад өгнө гэж хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн мөнгийг тоолж өгч байхад Г.Гэрэлт-Од хамт байсан. Сүүлд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай эксковатор хөлсөлж чиний 30,000,000 төгрөгийг гаргаж өгөх учраас 10,000,000 төгрөг шилжүүл гэж хэлээд би өөрийнхөө данснаас Б.Долгорсүрэнгийн данс руу шилжүүлсэн ба нийт 40,000,000 төгрөгийг зээлсэн. Иймд Б.Долгорсүрэнд зээлдүүлсэн 40,000,000 төгрөг, хүү алданги нийт 45,688,095 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Төв зах дотор зогсдог Юра эмчийн эхнэр Долгорсүрэн гэх эмэгтэйд Б.Долгорсүрэнгийн хүнсний 1 сая төгрөгийн өрийг төлөөд 9,000,000 төгрөгийн алтыг би аваад явсан учир 40.000.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийг хасч тооцно. Сүүлд хамтран хариуцагчаар Г.Гэрэлт-Одыг татсан. Нэхэмжлэлийн шаардлагаа багасган 31,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Гэрэлт-Од нь Ховд аймагт 2016 оны 5, 6 сард ирээд Минж ресторанд Ю.Байгалмаа, Т.Шонт, Ц.Ангирмаа, бид нарт алттай чулуу яаж авах талаар болон хамтран ажиллахаар ярилцсан. Би газар шороо ухдаг хүн биш зөвхөн алт авдаг байсан. Г.Гэрэлт-Одод итгээд Дэлгэрмөрөнг / Дэлгэрням/ танихгүй ч гэсэн Завхан аймгийн Мандал суманд байгаа Мандалын чулуу эксковатороор ухаад алт гардаг гэж бид хэд энэ ажлыг тал талаасаа хөрөнгө оруулаад хийсэн. Ю.Байгалмаа , нөхөр Т.Шонт нар надад итгээд 20.000.000 төгрөгийг Г.Гэрэлт-Од бид нарт өгсөн. Би бас өөрийн мөнгөнөөс хөрөнгө оруулсан одоо адилхан хохирч байна. Ю.Байгалмаагаас Г.Гэрэлт-Одтой харьцаж байсан талаар гар утасны мессежүүд байгаа. Завхан аймгийн Ургамал суманд нөхөн сэргээлтийн ажил авч Г.Гэрэлт-Одтой гэрээ хийснээ шүүхэд өгсөн байгаа. Бид энэ ажлыг хийж ашиг олох байсан, би Улаанбаатар явж эксковатор олж авчирч, буцаагаад аваад явсан эксковаторыг дахин авчрах гээд бүх ажлыг би хийж байсан. Г.Гэрэлт-Од нь миний гараар буруу зүйлээ хийлгэчхээд өөрөө мэдэхгүй гэж хэлээд сууж байна. Би 1.000.000 төгрөгийн хүнс зээлдээд хүнсний зүйлийн оронд алтаа барьцаанд орхисон байсныг Ю.Байгалмаа аваад явсан байсан. 9.000.000 төгрөгнөөс илүү үнэтэй алт байсан. Төв зах Хаан банкны дугуй засварын тэнд машин дотор 20,000,000 төгрөгийг Г.Гэрэлт-Од бид хоёр тоолж авсан. Дараа нь 10.000.000 төгрөгийг экскаватор авахаар над руу Ю.Байгалмаа шилжүүлсэн. Нийт Ю.Байгалмаагаас 30 сая төгрөг авсан. Г.Гэрэлт-Одын таньдаг Дэлгэрмөрөн /Дэлгэрням/ гэх хүн нь худлаа хэлж мөнгө авчхаад эксковаторт 1,500,000 төгрөг өгөхөөр явуулсан боловч өгөөгүй байсан гэжээ.

Хариуцагч Г.Гэрэлт-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн Ургамал суманд Төрийн бус байгууллагатай, сангийн тэргүүн бөгөөд Монголын бичил уурхайчдын 2012 онд нэгдсэн удирдах зөвлөлийн дарга байсан. Завхан аймгийн Ургамал суманд 2012 оны 7 дугаар сард Б.Долгорсүрэнтэй танилцсан. Б.Долгорсүрэн надтай уулзаад алт авмаар байна гэсэн. Б.Долгорсүрэн бид нар хамтран амьдарч байсан. Манай олборлосон алтаас грамм тутамд 2000 төгрөгийн ашиг авахаар 5 жил хамтарч ажилласан. Ховд аймагт Б.Долгорсүрэн, Т.Шонт, Ю.Байгалмаа, Ц.Ангирмаа бид хэд 2016 оны 06 дугаар сарын сүүлээр уулзсан. Б.Долгорсүрэн нь өөрийнхөө өр зээлийн талаар яриад 2016 оны 10 дугаар сард нөхөн сэргээлт хийхээр ярьж байсан. Би 30 хувийг 70 хувийг Б.Долгорсүрэн авахаар гэрээ байгуулсан. Т.Шонт Ю.Байгалмаа нараас Б.Долгорсүрэн мөнгө авсан байсан. Мөнгө авсныхаа дараа Дөргөн сум руу яваад Ю.Байгалмаагаас 30 сая төгрөг авсан гэдгийг хэлж байсан. Долгорсүрэн ганцаараа эксковатор авахаар явсан энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөн сүүлийн Ю.Байгалмаагаас авсан 10 сая төгрөгийн асуудлыг мэдэхгүй. Би хамтран амьдарч байсны хувьд Б.Долгорсүрэнг өр зээлнээсээ сал гэж хэлж байсан. Ю.Байгалмаагийн нэхэмжлээд байгаа асуудал надад хамааралгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/00570 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Долгорсүрэнгээс 11,000,000 / арван нэгэн сая/ төгрөг, хамтран хариуцагч Г.Гэрэлт-Одоос 20,000,000 / хорин сая/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн урьдчилан төлсөн 386,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 4500 төгрөг, хариуцагч Б.Долгорсүрэнгээс 190,000 төгрөг, хамтран хариуцагч Г.Гэрэлт-Одоос 257.950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/00570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Гэрэлт-Одын 258000 төгрөг, хариуцагч Б.Долгорсүрэнгийн 190950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, хариуцагч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, М.Эрдэнэ-Оюун нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 04 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/000570 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь Г.Гэрэлт-Одыг хамтран хариуцагчаар татуулахаар хүсэлт гаргасан. Хамтран хариуцагчаар Г.Гэрэлт-Одыг татах захирамж гаргаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл байхгүй, шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Долгорсүрэнгээс нийт 31.000.000 төгрөг гаргуулахаар, өөрчлөлт оруулах боломжтой байхад 153/ШШ2017/00570 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд гомдолтой байна.

Хаан банкны депозит дансны хуулга /69-70 дугаар хуудас/, Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2016 оны 07 сарын 26- ны өдөр 30.000.000 сая төгрөг бэлнээр Ховд аймгийн Хаан банкны ойролцоох дугуй засварын орчимд машинд өгч авалцсан үйл баримт, нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь 2016 оны 08 сарын 16-ны өдөр данснаас 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.Долгорсүрэнд зээлэв гэж шилжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нотлох баримтынхаа эх сурвалжийг нотолсон байна. Зээлдүүлэгч Ю.Байгалмаагаас зээлдэгч Б.Долгорсүрэн, Г.Гэрэлт-Од нарт гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлснээр зээлдэгч нарт захиран зарцуулах эрх үүссэн бөгөөд зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч нар мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Шүүх хуралдаанд гэрч Т.Шонтын өгсөн мэдүүлэхдээ “...Долгорсүрэнг танина, хувиараа бизнес эрхэлдэг. Хамаатан садангийн холбоо байхгүй, нэг нутгийн хүн. Би эхнэртэйгээ Хаан банкнаас 100.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан. 2017 оны 07 сарын 25-ны өдөр Ю.Байгалмаа нь өөрийнхөө данснаас 40.000.000 төгрөг гаргаж аваад, 30.000.000 төгрөгийг Б.Долгорсүрэнд зээлээр өгсөн, 10.000.000 төгрөгийг манай эхнэр Ю.Байгалмаа данснаасаа Б.Долгорсүрэнгийн данс руу 7 хоногийн хугацаатай зээлж шилжүүлсэн. Тухайн үед Б.Долгорсүрэн нь “эгч нь ядарч явж байна” гэхээр нь 10-15 хоногийн хугацаатай зээлсэн. Хамтран хариуцагч Г.Гэрэлт-Од нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөр мөнгийг Б.Долгорсүрэн хариуцна гэх тайлбар гаргаж татгалздаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримт цуглуулах, үүргээ хэрэгжүүлээгүй байхад түүнийг хамтран хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй. Ховд аймгийн Эрүү иргэний давж заалдах шатны шүүх нь хариуцагч Г.Гэрэл-Одын оролцоог тодруулах шаардлагатай гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагч Г.Гэрэлт-Одын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. Хариуцагч Б.Долгорсүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Н.Оюунчимэг өмгөөлөгчөөс татгалзаж байна. Гэрч Бишгарав, Баясгалан нарыг шүүх хуралдаан оролцуулах хүсэлттэй байна. Мөн Дэлгэрмөрөнг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна гээд, 2 хуудас хүсэлт гаргаж өгсөн. Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалын үндэслэх хэсэгт “...хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг уншиж танилцуулаад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэв” гэсэн атлаа захирамжийг бичгээр гаргаж хэрэгт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг зөрчсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай. хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж шүүх шийдвэрээ гаргахдаа хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг уншиж танилцуулаад, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Гэтэл “захирамжийг бичгээр” гаргаж хавтаст хэрэгт хавсаргаагүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн 153/ШШ2017/00570 шийдвэрийг бүхэлд хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 153/ШШ2017/000570 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 04 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь хариуцагч Б.Долгорсүрэн, Г.Гэрэлт-Од нараас 31.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа 2016 оны 07 дугаар сарын 26-ний өдөр 30.000.000 төгрөг бэлнээр, мөн оны 8 дугаар сарын 16-ний өдөр 10.000.000 төгрөг дансаар шилжүүлж зээлдүүлсэн, 9.000.000 төгрөгтэй тэнцэх алт буцаан авсан гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу хариуцагч нар мөнгийг хүлээн авсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

“...30.000.000 төгрөгийг Б.Долгорсүрэнд өгөхөд Г.Гэрэлт-Од хамт байсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, нөгөө тал нь хүлээн авсан гэх үйл баримтыг нотлохгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний зүйл болох мөнгийг хариуцагч Г.Гэрэлт-О д хүлээн авсан  эсэх үйл баримт тодорхой бус бөгөөд энэ талаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан. Хариуцагч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд “...Баясгалан, Бишгарав нарыг гэрчээр оролцуулах” хүсэлт гаргасан, анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзахдаа үндэслэлээ тайлбарлаагүй, энэ тухай захирамж гаргаагүй нь хуульд нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг  буруутгах боломжгүй байна. 

Иймд зохигчид мэтгэлцэж чадаагүй, маргааны ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ю.Байгалмаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, М.Эрдэнэ-Оюун нарын  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 312.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ