Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/00899

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2023/00899 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзад 3 баг, **** тоот хаягт оршин суух, Н.С. /*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол улс гудамж, ***** давхарт байрлах, Т ХХК-д холбогдох,

 

ажилгүй байсан хугацааны цалин 16 184 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч Н.С

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н 

хариуцагчийн өмгөөлөгч Б.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзандулам нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Н.С  нь Т ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 16 184 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Н.С миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Т ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1725 дугаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай шийдвэр гарсан. Хариуцагч Т  ХХК нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1616 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Миний бие ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан. Одоо миний бие 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүхийн шийдвэрээс ажилд эгүүлэн тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийт 7 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 16 184 213 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал, 3 сарын дундаж цалин 2 154 556 төгрөг бөгөөд 1 өдрийн 100 211 төгрөг юм. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд нь эгүүлэн томилсон тушаал гарсан 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гэж 16 184 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн ухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн 154.2.2 дахь заалтад заасан энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана гэсний зөрчиж, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Н.С нь тус компаний гүйцэтгэх захиралын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн уг нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан тул хөдөлмөрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхэтй гэсний дагуу нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр тус компаний Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссд, улмаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.03.22-ны өдрийн Т  ХХК-ийн  гүйцэтгэх захиралын ажилд эгүүлэн томилох тухай 157/2 дугаар тушаал, 2021.08.11-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/01725 дугаар шийдвэр,  2021.11.08-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1616 дугаар магадлал, 2021.12.24-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2022/00018 дугаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-18 хуу/

 

4. Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022.03.22-ны өдрийн Т  ХХК-ийн  гүйцэтгэх захиралын ажилд эгүүлэн томилох тухай 157/2 дугаар тушаал, 2020.09.09-ний өдрийн Т ХХК-ийн  гүйцэтгэх захиралын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын бүрэлдэхүүний тухай 737/20 дугаар тушаал, итгэмжлэл, 2022.06.22-ны өдрийн Т ХХК-ийн  гүйцэтгэх захиралын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг шинэчлэн байгуулах тухай А007 дугаар тушаал, 2021.03.18-ны өдрийн Т  ХХК-ийн  гүйцэтгэх захиралын сул зогсолтын үеийн олговор олгох тухай 063/21 дүгээр тушаал, 2021.10.26-ны өдрийн Э ХК-ийн хариу хүргүүлэх тухай 12/2192 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 22-23 хуу, 41-46 хуу, 69-70 хуу/

 

5. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос  Хөдөлмөрийн нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хорооны Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талд хороо байгуулах тухай 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоолыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 60-61 хуу/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Н.С  нь хариуцагч  Т ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 16 184 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Т ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халагдаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.11-ний өдрийн 1725 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч Т ХХК нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасныг 2021.11.08-ны өдрийн 1616 дугаартай магадлал болон Улсын дээд шүүхийн 2021.12.24-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021.08.11-ний өдрөөс шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоосон 2022.03.22-ны өдөр хүртэлх хугацааны нийт 7 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 16 184 213 төгрөгийг 3 сарын дундаж цалин 2 154 556 төгрөг, 1 өдрийн 100 211 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022.09.09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтад заасан 90 хоногийн хугацааг зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч Н.С  нь тус компаний гүйцэтгэх захиралын 2022.03.22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022.06.22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч 2022.09.09-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугцаааг хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн уг нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах хөдөлмөрийн эрхийн маргаан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэх урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Нөгөө талаас нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд ажил олгогч сул зогсолттой байсан тул цалингийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.11-ний өдрийн 183/ШШ2023/01725 дугаар шийдвэрээр Н.С-г Т  ХХК-ийн уурхайн хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоосон, /хх 8-12 ху/

 

4.2 Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.11.08-ны өдрийн 1616 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон, /хх13-17 ху/

 

4.3 Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.12.24-ний өдрийн 001/ШХТ2022/00018 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, /хх 18 ху/

 

4.4 Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.03.22-ны өдрийн 157/22 дугаар тушаалаар Н.С-г оператор албан тушаалд эгүүлэн тогтоосон, /хх 41 ху/

 

4.5 Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020.09.09-ний өдрийн 737/20 дугаар тушаалаар хөдөлмөрийн маргаан таслах комиссийн бүрэлдэхүүнийг томилсон, /хх 42 ху/

 

4.6 Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.06.22-ны өдрийн 17007 дугаар тушаалаар хөдөлмөрийн маргаан таслах комиссийг шинэчлэн байгуулсан, /хх 46 ху/

 

4.7 2022 08.17-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 15 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан /хх 61 ху/

 

4.8 Т  ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021.03.18-ны өдрийн 063/21 дугаар тушаалаар хавсралтад дурдсан ажилтнуудыг сул зогсолтод оруулахаар шийдвэрлэсэн, /хх 69 ху/

 

4.9 Э хувьцаат компаний 2021.10.26-ны өдрийн 12/2192 дугаар албан бичгээр тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх агуулгатай албан бичгийг ирүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 70 ху/

 

5. Зохигч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн эрхийн маргаан мөн эсэх, сул зогсолт зарласаны улмаас тухайн хугацааны цалинг олгох эсэх талаар маргаантай.

 

6. Хэрэгт авагдсан Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.03.22-ны өдрийн 157/22 дугаар тушаалаар ажил олгогч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.11-ний өдрийн 183/ШШ2023/01725 дугаар шийдвэрийг 2022.03.22-ны өдөр биелүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

Иймд шүүхийн шийдвэр гарсан 2021.08.11-ний өдрөөс 2022.03.22-ны өдөр хүртэл хариуцагч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй, түүний эрх зөрчигдсөн байдал хэвээр байсан тул нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, 2021.08.11-ний өдрөөс 2022.03.22-ны өдөр хүртэл 7 сар 11 хоног байгаагаас бүх нийтийн амралтын 7 өдрийг /2022.01.01, 2022.02.2,3,4, 2022.03.08, 2022.11.05, 2022.12.29/ хасч, 7 сар 3 хоногийн цалинг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.11-ний өдрийн 183/ШШ2023/01725 дугаар шийдвэрт дурдсан нэг сарын цалин 2 154 556 төгрөг /1х2 154 556=15 081 892/, нэг өдрийн цалин 100 211 /1х3=300 633/ төгрөгөөр тооцож, 15 383 525 төгрөгийг хариуцагч Ти ти жи ви си өү ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Н.Сугирсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 801 688 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

7. Хариуцагчийн нэхэмжлэгч Н.С г Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн, 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтад заасан 90 хоногийн хугацааг зөрчсөн гэх татгалзыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь:

 

Ажил олгогч ажлаас буруу халсан буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалснаар ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь хөдөлмөрлөх харилцаа тасралтгүй үргэлжилсэнд тооцогдоно.

 

Иймд ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тухайн тохиолдолд хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулахтай холбоотой хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх журам хамаарахгүй юм.

 

Түүнчлэн, 2021.08.11-ний өдрөөс 2022.03.22-ны өдөр хүртэл хугацааны зарим хэсэгт сул зогсолт зарласан байсан тул цалингийн хэмжээг эс зөвшөөрнө гэж тайлбарлаад Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021.03.18-ны өдрийн 063/21 дугаар тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн боловч уг тушаалын хавсралтад операторын албан тушаал хамрагдсан эсэх нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

8. Дээрхийг нэгтгээд, хариуцагч Т ХХК-иас нэхэмжлэгч Н.С-гийн ажилгүй байсан 7 сар 3 хоногийн цалин олговорт 15 383 525 төгрөг гаргуулан Н.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 801 688 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар хариуцагч Т  ХХК-иас нэхэмжлэгч Н.С-гийн ажилгүй байсан 7 сар 3 хоногийн цалин олговорт 15 383 525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 801 688 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 234 868 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ