Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01146

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01146

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00899 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б- ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,184,213 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Болормаа, Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн. Б- ХХК нь шүүхийн шийдвэрийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр биелүүлж ажилд томилсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны нийт 7 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 16,184,213 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн ухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана гэснийг зөрчиж, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч А- нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар хариуцагч Б- ХХК-аас нэхэмжлэгч А-гийн ажилгүй байсан 7 сар 3 хоногийн цалин олговорт 15,383,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 801,688 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б- ХХК-аас 234,868 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж байгаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй уг маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах нэхэмжлэлд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасныг баримтлах ёстой байсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг зөрчиж, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,184,213 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/01725 дугаар шийдвэрээр А-г Б- ХХК-ийн уурхайн хэлтсийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 34,873,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн /хх 8-18/.

 

2.2. Хариуцагч нь дээрх шийдвэрийг биелүүлж гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 157/22 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон /хх 40/.

 

3. Анхан шатны шүүх энэхүү маргаанд Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

 

3.1. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй гэж заасан.

 

3.2. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргасан тул энэ өдрийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор авах эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдөр гэж үзнэ.

Ийнхүү нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн атлаа 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

3.3. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00899 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан хариуцагч Б- ХХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,184,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ