Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/02619

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/02619 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ч******давхарт байрлах, М  ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ****** тоот хаягт оршин суух, Б.О  /РД:******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ****** хаягт оршин суух, Б овогт Б.Э /РД:******/ нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 44 829 077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С ,

Хариуцагч Б.О ,

Ххариуцагч Б.Э ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХК нь гэм хорын хохиролд 44 829 077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай Хөрөнгийн даатгалын №19/00240839 тоот гэрээний даатгуулагч М   ХХК-ийн өмчлөлийн Вива сити хороололд байрлуулсан үйлчилгээний зориулалтай London Bus гэх Volvo L108HL загварын 2 давхар автобусанд 2019.10.24-ний өдөр С.Ш  болон Э.Б нар гал тавьж шатаасны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 47 515 877 төгрөгийн хохирол учруулсан. С.Ш  болон Э.Б  нарыг дээрх үйлдсэн хэрэгт нь холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шалгаж №1910024730882 тоот Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд яллагдагч нь Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй буюу 8 болон 9 настай хүүхдүүд байсан тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.12.29-ний өдрийн №56 тоот тогтоолоор Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу өсвөр насны хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч Б.Э болон Б.О  нараас иргэний журмаар хохирлыг нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан бөгөөд Иргэний хуулийн 503.1-д "7-14 хүртэл насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учирлуулсан гэм хорын тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана" гэж заасны дагуу С.Ш  болон Э.Б нарын учруулсан хохирлыг тэдний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Даатгуулагч М   ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 47 515 877 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх Даатгагчид шилжинэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу гэм хорын хохирол болох 47 515 877 төгрөгийг Б.Э болон Б.О нараас гаргуулахаар шаардсан. Гэхдээ даатгуулагчийн хариуцвал зохих 1 000 ам.долларыг хасаад 44 829 077 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

2. Хариуцагч Б.О  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд: Б.О  миний бие нь С.Ш ийн асран хамгаалагч буюу ээж нь мөн бөгөөд М  ХК-ийн нэхэмжилсэн 47 сая гаруй төгрөгийг төлөх санхүүгийн боломж бололцоо байхгүй. Учир нь Б.О  миний бие нь өөрийн 4 хүүхэд болон 2 зээгийн хамт амьдардаг бөгөөд тодорхой эрхэлсэн ажил байхгүй тул тус нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж чадахгүй болохыг мэдэгдэж тайлбар гаргаж байна гэв.

 

3. Хариуцагч С.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд: М ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. М  ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 47 515 877 төгрөгийг Б.Э болон Б.О  нараас гаргуулж өгнө үү гэсэн байх бөгөөд Б.Э  надаас яг хэдэн төгрөгийг нь нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж миний бие түүнд тохирсон тайлбарыг шүүхэд гаргах ёстой гэж үзэж байна. М ХК нь нэхэмжлэлийн шаардлага 47 515 877 төгрөгийг Д  ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэл болгосон байна. Хариуцагч Б.Э  би уг үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уг үнэлгээгээр эд хөрөнгийг хэт өндрөөр үнэлсэн байдаг. Иймд энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. М ХК нь М  ХХК руу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 44 829 077 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд гүйлгээний утга дээрээ МАНДАЛ-с НТ ш-в 20/031 гэж бичсэн байх бөгөөд уг гүйлгээ нь нэхэмжлэлийн шаардлага болох 47 515 877 төгрөг мөн болох нь тодорхойгүй, үнийн дүнгийн хувьд ч зөрүүтэй байна. Мандал даатгал ХК-иас нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Хөрөнгийн даатгалын гэрээ гэх баримт бичгээс харахад автобус даатгуулсан талаарх баримт огт байхгүй байна. Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан бөгөөд М  ХК бол хохирогч биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж узэж байна. Иймд М  ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс 2022.12.07-ны өдрийн Г.С т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, даатгалын хураангуй нөхцөл /Англи-Монгол/, 2019.12.23-ны өдрийн М  ХХК-иас М  ХК-д Нөхөн төлбөр авах тухай албан бичиг, 2019.11.07-ны өдрийн Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт, 2019.11.21-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн дүгнэлт, 2019.12.19-ний өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Д  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,2020.01.24-ний өдрийн М ХК-иас М   рүү 44 829 077 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтуудыг шүүхэд өгсөн. /хх 3-42 ху/

 

5. Хариуцагч Б.О ас ямар нэгэн бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.

 

6. Хариуцагч С.Э ээс 2023.06.22-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ өгсөн. /хх 65 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.О , С.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 44 829 077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөрөнгийн даатгалын №19/00240839 тоот гэрээний даатгуулагч "М  " ХХК-ийн өмчлөлийн Volvo L108HL загварын 2 давхар автобусанд 2019.10.24-ний өдөр С.Ш болон Э.Б  нар гал тавьж шатаасны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 47 515 877 төгрөгийн хохирол учруулсан. С.Ш  болон Э.Б  нарыг дээрх үйлдсэн хэрэгт нь холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд яллагдагч нь Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй байсан тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.12.29-ний өдрийн №56 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дугаар зүйл, мөн даатгалын гэрээ зэргийг үндэслэн насанд хүрээгүй хүүхдүүд болох С.Ш  болон Э.Б  нарын учруулсан гэм хорын хохирлыг тэдгээрийн тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас шаардах эрхтэй тул хариуцагч Б.О , С.Э нар нь 44 829 077 төгрөгийг төлөх үндэслэлтэй. Хохирлын хэмжээнээс даатгуулагчийн төлвөл зохих 1 000 ам.долларыг хассан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Б.О  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Тухайн автобус нь Вива ситид хаалга үүд нь нээлттэй, онгорхой байсан учраас хоёр хүүхэд орж тоглож байгаад санамсаргүй, байдлаар гал алдсан. Миний хувьд ямар ч төлбөрийн чадваргүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: М  ХК-ийн хөрөнгийн үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн байгааг эс зөвшөөрч байна. М ХК, Эм  ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр тухайн дүнг төлбөрийг шилжүүлэхдээ гүйлгээний утга тодорхойгүй, хохирлын төлбөр мөн эсэх нь тодорхойгүй, үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй. Түүнчлэн даатгалын гэрээнд уг автобус даатгагдсан эсэх нь тодорхойгүй, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болох тогтоолд хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан бөгөөд уг хэрэгт М  ХК нь хохирогч гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэтэл London Bus гэх Volvo L108HL загварын 2 давхар автобус, мөн Д  хөрөнгийн үнэлгээний хавсралтад дурдагдсан эд зүйлс, сандал ширээ гэх мэт нь даатгалын зүйл болгож гэрээнд тусгаагүй. Хөрөнгийн үнэлгээнүүд байхгүй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийг 443.1-т гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заасан атал даатгалын үнэлгээний хэмжээ гэх баримт байхгүй. Автобус даатгуулагчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 М  ХХК, М   ХХК нарын хооронд 33 671 109 326 төгрөгийг үнэлгээ бүхий хөрөнгийн болон гэнэтийн хохирлын эд хөрөнгийн бүх эрсдлийн даатгалын гэрээг 2019.09.01-ний өдрийн 00:01 цагаас 2020.09.15-ны өдрийн 00:01 цаг хүртэл хугацаатай байхаар тохиролцож байгуулсан, /6-34 ху/

 

4.2 2019.10.24-ний өдрийн 15 цаг 36 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр Вива сити хорооллын N-18 дугаар байрны London bus гэх нэршилтэй үйлчилгээний зориулалттай Volvo L108HL загварын автобус шатсан,

 

4.3 Галын шалтгаан нь хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас ил галын нөлөөгөөр тухайн автобусны 2 давхарт гарч шатах матераилаар дамжин тархсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрны мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 358/2526 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, /хх 37 ху/

 

4.4 Хэргийн газраас авсан хөрсний дээжээр шатах тослох материал илрээгүй болох нь Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019.11.07-ны 12/174 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, /хх 36 ху/

 

4.5 2019.11.01-ний өдрийн Д  ХХК-ийн үнэлгээгээр хохирлын хэмжээг 47 515 877 төгрөгөөр үнэлсэн, /хх 39-41 ху/

 

4.6 2020.01.24-ний өдөр М  ХК-иас М   ал-с НТ ш-в 20/31 гэсэн утгатай 44 829 077 төгрөг шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 42 ху/

 

4.7 Хэргийн 21 дүгээр талд авагдсан даатгалын зүйл түүний үнэлгээ гэх баримт гадаад хэл дээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасанд нийцэхгүй үндэслэлээр, 38 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.12.19-ний өдрийн 56 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолын эхний нүүр авагдсан, төгсгөл хэсэг байхгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

5. Зохигч гал түймэр гарч автобус шатсан үйл баримтын тухайд маргаангүй, харин даатгалын компани тухайн төлбөрийг шаардах эрхтэй эсэх, шатсан гэх автобус даатгалын зүйл мөн эсэх, хохирлын үнэлгээ зэрэгт маргаантай.

 

6. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж, 443.2-т Иж бүрдэл бүхий эд хөрөнгө даатгуулсан бол түүний бүрэлдэхүүнд багтах бүх эд хөрөнгөд даатгал нэгэн адил хамаарна гэж, 431.4-т Даатгалын гэрээнд даатгалын зүйлдаатгалын эрсдэлийн төрөлдаатгалын үнэлгээний хэмжээдаатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөлдаатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаадаатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлагагэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцлийг даатгалын гэрээнд тусгахаар тус тус заажээ.

 

Хэргийн баримтаар, нэхэмжлэгч М  ХК нь М    ХХК-тай 33 671 109 326 төгрөгийг үнэлгээ бүхий хөрөнгийн болон гэнэтийн хохирлын эд хөрөнгийн бүх эрсдлийн даатгалын гэрээг 2019.09.01-ний өдрийн 00:01 цагаас 2020.09.15-ны өдрийн 00:01 цаг хүртэл хугацаатай байхаар тохиролцсон даатгалын гэрээг бичгээр байгуулж, автобус шатсан даатгалын тохиолдол бий болсон үндэслэлээр 44 829 077 төгрөг төлсөн болох нь тогтоогдож, нэхэмжлэгч Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар шаардах эрхийг шилжүүлэн авч нэхэмжлэл гаргах эрхтэй нь тогтоогдох боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн даатгалын гэрээгээр London bus гэх нэршилтэй үйлчилгээний зориулалттай Volvo L108HL загварын автобус даатгалын зүйл мөн эсэх, эсвэл иж бүрдэл үлд хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд хамаарах эсэх, автобусны даатгалын үнэлгээг хэдээр тогтоосон зэрэг нь нотлогдохгүй, гэрээний хавсралт гэх даатгалын зүйл түүний үнэлгээг тохиролцсон баримт нь монгол хэл дээр орчуулагдаагүй гадаад хэл дээрх баримт байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй юм.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр дурдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэх боломж олгох хүсэлтийг гаргаагүй, хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үндэслэлээр мэтгэлцэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан байх уг хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023.04.14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн:шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах гэдгийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор дараах тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ажиллагаа гэж ойлгоноХэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдлыг ойлгоно гэж тайлбарлажээ.

 

Иймд шүүх, хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзээд, London bus гэх нэршилтэй үйлчилгээний зориулалттай Volvo L108HL загварын автобус нь даатгалын зүйл мөн эсэх, эсвэл иж бүрдэл хөрөнгийн хэсэг эсэх, даатгагч даатгуулагч нар уг автобусны үнэлгээг хэдээр тогтоосон нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй гэж байна дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тийм хүн байхгүй гэсэн бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааны үргэлжлүүлэхэд татгалзахгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар хуралдааныг үргэлжүүлсэн болно.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар М  ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.О , Б.Э  нарт холбогдох гэм хорын хохиролд 44 829 077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч М  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрлийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД    Б.МӨНХЖАРГАЛ

 

Г.ТӨРБОЛД