Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/02633

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 01 өдөр    Дугаар 183/ШШ2023/02633  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ****** тоот хаягт оршин суух, ЭХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ****** тоот хаягт оршин суух, Х  овогт Г. С /РД:УУ*******/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах К ХХК /РД:******/ нарт холбогдох

 

199 129 143,35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ,

Хариуцагч К ХХК-г итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд Г.С ,

Хариуцагч Г.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч К  ХХК, Г.С  нараас 199 129 143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э  ХХК-ийг төлөөлж менежер ажилтай Б.М  нь 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд К ХХК-ийн захирал гэх Г.С той харилцан тохиролцож нийт 325 577 993.35 төгрөгний үнэ бүхий 1108.8 кг ноолуурыг худалдан борлуулсан. Г.С төлбөрт 153 448 850 төгрөг шилжүүлж, үлдэх 199 129 143.35 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Э ХХК-ийн зүгээс төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхөөс зайлсхийсэн учир Цагдаагийн байгууллагад хандсан боловч прокуророос гэмт хэргийн шинжгүй, төлбөрийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний маргаан гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан учир шүүхэд хандахад хүрлээ. Худалдан авагч тал болох К  ХХК болон захирал Г.С  нар худалдагч Э  ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд талууд тухайн өдрийн байдлаар 199 129 143.35 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан боловч уг төлбөрийг төлөөгүй байгаа болно. Иймд Кирагана ХХК болон тус компанийн захирал гэх иргэн Г.С  нараас 199 129 143.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч К  ХХК-ийн төлөөлөгч Г.С  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд: Анх 2021 онд 10 жилийн ангийн хүүхэд болох Б.М ай санаандгүй тааралдаж ажил төрлийн талаар ярилцсан. Тэгэхэд М  өөрөө Монгол банкинд ажилладаг бөгөөд намайг ноолууран бүтээгдэхүүн хийж байгаа талаар ярихад надад самнасан ноолуур байна борлуулмаар байна гэдэг санал тавьсан. Би ноолуур их хэмжээгээр авах боломжгүй гэхэд чи бүтээгдэхүүн үйлдвэрлэчих би 19-р хороолллын автобусны буудлын ар талд шинээр баригдаж байгаа барилга дотор нооуурын тасаг нээнэ. Эхний ээлжинд чи лангуун дээр тавих барааг үйлдвэрлээд цаашид ашигтай байвал хамтарч ажиллах санал тавьсан. Ингэж амаар тохиролцсоны дагуу надад ноолуурыг цувуулж өгсөн бөгөөд одоо нэхэмжилж буй 199 129 143 төгрөгийн барааг үйлдвэрлэж бэлэн болгосон. Гэтэл Б.М  би лангуу ажиллуулахаа больсон гэж ноолуурын үнийг надаас нэхэж эхэлсэн. Үүнээс болж бидний хооронд маргаан үүссэн бөгөөд намайг залилан мэхэлж ноолуур авсан гэж гүтгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг ч байгаа. Нэхэмжлэгч "Э  ХХК-тай Б.М  ямар холбоотойг мэдэхгүй өөрөө бол Монгол банкинд одоо ч ажиллаж байгаа. Бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан гэж үзэж байна. Би гэрээний үүргээ биелүүлж захиалсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн Б.М ыг захиалсан бараагаа хүлээн авахыг шаардсан боловч төлбөр нэхэмжилсэн. Манай компани захиалсан барааг үйлдвэрлэсэн учир мөнгө төлөх боломжгүй бөгөөд захиалгын дагуу үйлдвэрлэсэн 184 нэр төрлийн 200.740.000 төгрөгийн барааг өгөхөд бэлэн байна харин мөнгө төлөх үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Улмаар хуульд заасны дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ажлын хөлс нэхэмжлэх болно гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.10.25-ны өдрийн Б.М олгосон итгэмжлэл, Э  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, К  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Э  ХХК болон К  ХХК-ийн хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, самнасан ноолуурын авлага, 2022,08.08-ны өдрийн өмгөөлөгч Ч.Ө д Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2022.09.16-ны өдрийн өмгөөлөгч Б.М д Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2022.10.18-ны өдрийн өмгөөлөгч Б.М д Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2022.06.07-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Г.С ын ХУР системийн мэдээлэл, иргэн хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн. /хх 2-17 ху/

 

4. Хариуцагч Г.С оос 2023.03.29-ний өдрийн Ц.Б д олгосон итгэмжлэл, 2023.05.01-ний өдрийн ХХК-ийн түүхий эдээр хийсэн К  ХХК-ийн агуулахын үлдэгдэл барааны жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн. /хх 41, 51-54 ху/

 

5. Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2022.05.20-ны өдрийн Ч.Ө ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдлын хуулбар, 2022.05.24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2022.06.07-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн. /хх 66-71 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Эм  ХХК нь хариуцагч К  ХХК, Г.С нарт худалдах худалдан авах гэрээний үүрэгт 199 129 143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, угааж самнасан ноолуурыг хүлээлгэн өгсөн, зарим төлбөрийг төлсөн, үлдэх төлбөрийн хэмжээг талууд тооцоо нийлсэн тул гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Э  ХХК-иас ноолуур худалдаж аваагүй, тус компаний захирлын хүү М ын хүсэлтээр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгөхөөр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээг аман хэлцлийн хэлбэрээр байгуулсан тул мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй, Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Г.С  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд эрх зүйн харилцааны оролцогч биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

5. Зохигч, хариуцагч К  ХХК нь 1108.8 кг ноолуур хүлээн авч 160 000 000 төгрөг төлсөн үйл баримтын тухайд маргаангүй, харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний төрөл, гүйцэтгэвэл зохих үүргийн талаар маргаантай.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Э  ХХК, К ХХК нар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, К  ХХК нь 199 129 143 төгрөгийг өглөгтэйг баталгаажуулсан, нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, Г.С , Б.М  нар гэрчийн мэдүүлэг өгсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 9, 13-15, 66-71 ху/

 

6.1 Хэргийн 10-13, 51-54 дүгээр талд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй.

 

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Хариуцагч К ХХК нь уг ноолуурыг худалдан авах зорилгоор хүлээн аваагүй, харин ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 1108.8 кг ноолуурыг хүлээн авсан тайлбарлах боловч уг татгалзлаа бичгийн баримтаар нотлоогүйгээс гадна Э  ХХК, К ХХК нарын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн, Б.М ын захиалгаар 790 ширхэг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гээд бүтээгдэхүүний жагсаалтыг ирүүлсэн боловч уг жагсаалт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэмүү өртгийн албан татварын баримт авах зорилгоор тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх тайлбар нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул К  ХХК, Б.М нарын хооронд ноолууран бүтээгдэхүүн үйлдэрлэх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Иймд К ХХК нь угааж самнасан 1108.8 кг ноолуурыг хүлээн авсан, уг ноолуурын үнэд 160 000 000 төгрөг төлсөн үйл баримтыг хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байгаа үйл баримттай харьцуулан дүгнээд Э  ХХК, К ХХК нарын хооронд ноолуур худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнээд Кирагана ХХК-аас 199 129 143 төгрөг гаргуулан Э  ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

7.1 Хариуцагчийн Г.С ын тухайд Э  ХХК, К  ХХК нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааны оролцогч биш байх тул үүргийн харилцаа үүсээгүй үндэслэлээр Г.С д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар К  ХХК-аас 199 129 143 төгрөг гаргуулан Э  ХХК-д олгож, хариуцагч Г.С д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 153 596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 153 596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрлийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ    Д.ЭНХЦЭЦЭГ