Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02049

 

 

 

 

 

 2023 оны 11 сарын 24 өдөр Дугаар 210/МА2023/02049

 

Э... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/02633 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К... ХХК, Г.С... нарт холбогдох,

Гэрээний үүргийн биелэлтэд 199,129,143.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э... ХХК-ийг төлөөлж менежер ажилтай Б.М... нь 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд К... ХХК-ийн захирал гэх Г.С...той харилцан тохиролцож, нийт 325,577,993.35 төгрөгний үнэ бүхий 1,108.8 кг ноолуурыг худалдан борлуулсан.

1.2. Г.С... 153,448,850 төгрөг шилжүүлж, үлдэх 199,129,143.35 төгрөгийг төлөөгүй. Э... ХХК-ийн зүгээс төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхөөс зайлсхийсэн учир Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагаас гэмт хэргийн шинжгүй, төлбөрийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний маргаан гэж үзсэн учир шүүхэд хандахад хүрлээ.

1.3. Худалдан авагч тал болох К... ХХК, захирал Г.С... нь худалдагч Э... ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд 199,129,143.35 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

Иймд К... ХХК болон Г.С... нараас 199,129,143.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б.М...тай 2021 онд тааралдаж ажил төрлийн талаар ярилцсан. Тэгэхэд Б.М... Монгол банканд ажилладаг байсан. Нэхэмжлэгч ноолууран бүтээгдэхүүн хийж байгаа талаараа ярихад самнасан ноолуур борлуулмаар байна гэдэг санал тавьсан.

2.2. Нэхэмжлэгчийн зүгээс ноолуур их хэмжээгээр авах боломжгүй гэхэд чи бүтээгдэхүүн үйлдвэрлэчих би 19-р хороолллын автобусны буудлын ар талд шинээр баригдаж байгаа барилга дотор ноолуурын тасаг нээнэ. Эхний ээлжинд чи лангуун дээр тавих барааг үйлдвэрлээд цаашид ашигтай байвал хамтарч ажиллая гэх санал тавьсан. Амаар тохиролцсоны дагуу ноолуурыг цувуулан нийлүүлсэн бөгөөд одоо нэхэмжилж буй 199,129,143 төгрөгийн ноолуураар бараа үйлдвэрлэж бэлэн болгосон.

2.3. Гэтэл Б.М... лангуу ажиллуулахаа больсон гэх үндэслэлээр ноолуурын үнийг шаардаж эхэлсэн. Үүнээс болж маргаан үүссэн бөгөөд хариуцагчийг залилан мэхэлж ноолуур авсан гэж гүтгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулсан.

Нэхэмжлэгч "Э..." ХХК-тай Б.М... ямар холбоотойг мэдэхгүй. Бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлж захиалсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд Б.М...ыг захиалсан бараагаа хүлээн авахыг шаардсан боловч урдаас төлбөр нэхэмжилсэн. Манайх захиалсан барааг үйлдвэрлэсэн учир мөнгө төлөх боломжгүй бөгөөд захиалгын дагуу үйлдвэрлэсэн 184 нэр төрлийн 200,740,000 төгрөгийн барааг өгөхөд бэлэн байна харин мөнгө төлөх үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ажлын хөлс нэхэмжлэх болно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Кирагана ХХК-аас 199,129,143 төгрөг гаргуулан Эм эм жи капитал ХХК-д олгож, хариуцагч Г.С...од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,153,596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э... ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б.М...тай ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашид хамтран ажиллах талаар амаар тохиролцож, Б.М...ын өгсөн ноолуураар захиалсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн боловч лангуу ажиллуулахаа больсон тул бараа авахгүй мөнгө өг гэснээс бидний хооронд маргаан үүссэн.

Б.М... нь Монгол банканд ажилладаг байхад нэхэмжлэгч "Э..." ХХК нэхэмжлэлдээ манай компаний менежер, мөн манай захирлын хүүхэд гэж тайлбарласан.

4.2. Б.М... болон бидний хооронд амаар тохиролцсон үйл баримтыг нотлохоор гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Захирлын хүүхдийн өмнөөс компани нэхэмжлэл гаргаж болдог, үүнийг шүүх хангаж шийдвэрлэдэг гэдэг дүр зураг харагдаж байна. Хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг оролцуулаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Э... ХХК-ийн захирал Д.Б...ы хүү М... нь 2021 оны 12 дугаар сард К... ХХК-ийн захирал Г.С...той хэлцэл хийж, ноолуур худалдсан.

Э... ХХК нь ноолуур боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг компани юм. Эцгийнхээ эзэмшлийн компанийн ноолуурыг худалдан борлуулж өгье гэх саналыг Э... ХХК хүлээн зөвшөөрч Кирагана ХХК-д удаа дараагийн үйлдлээр буюу нийт 1,108.8 кг ноолуурыг шилжүүлж өгсөн.

5.2. К... ХХК-аас 153,048,850 төгрөгийг ноолуурын төлбөрт шилжүүлсэн. Төлбөр төлөхгүй удааширсан тул талууд тооцоо нийлсэн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлэхэд, К... ХХК нь 199,129,143.35 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Тооцоо нийлснээс хойш төлбөр төлөхөөс зайлсхийсэн бөгөөд Э... ХХК-ийн зүгээс Цагдаагийн байгууллагад хандахад хүлээж аваагүй тул иргэний журмаар хандсан. Бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байдаггүй.

5.3. Хариуцагч Б.М...ыг Монгол банканд ажилладаг гэдгийг нотлуулахаар гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Б.Ма... Монгол банканд ажилладаг эсэх нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй.

Гэрчийн хаяг, холбогдох дугаарыг өгөөгүй. Бүтээгдэхүүн бэлэн болсон бол зах зээлд худалдан борлуулж төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Э... ХХК нь хариуцагч К... ХХК, Г.С... нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 199,129,143.35 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх. 2-3, 50/

3. Талуудын хооронд худалдах худалдан авах эсхүл ажил гүйцэтгэх гэрээний аль харилцаа үүссэн тухайд маргаантай байна. Хариуцагч нэхэмжлэгчийн шилжүүлсэн материал буюу ноолуураар захиалсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн тул ноолуурын үнийг биш харин 184 нэр төрлийн 200,740,000 төгрөгийн бараа нийлүүлнэ гэж маргасан нь маргааны зүйл болжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.а. Хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд н.С...ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 183/ШЗ2023/11555 дугаар захирамжаар шийдвэрлэхгүй орхилдуулжээ. /1-р хх 62-63/

Мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй харин ажил гүйцэтгэх тохиролцоо байсныг нотлох гэрч н.С... Бид 3 хамтарч ажилладаг байсан. н.С...ийг гэрчээр дуудан асуулгах хүсэлттэй гэснийг тэмдэглэжээ. /1-р хх 58/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт шүүгчийн захирамжийг бичгээр гаргахаар заасныг зөрчсөн.

4.б. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.3 дах хэсэгт зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх уг хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Дээрх алдааг залруулж, нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх эрхийг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/02633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч К... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,596 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД