Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/03529

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/03529 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, *****  тоотод оршин суух Б.Ц /РД:УС******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороолол, ******* тоотод оршин суух Э.Б /РД:ЧЖ******/-д холбогдох,

 

37 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч Э.Б д холбогдуулан 37 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э.Б  гэдэг хүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2201 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 21******** дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Б ийн өмгөөлөгчөөр оролцож, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Ц.Ц  нь Э.Б тай харилцан тохирсны үндсэн дээр иргэний хуульд заасны дагуу хэлцлийг албан ёсоор бичгээр байгуулж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Энэ нь Иргэнийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Ц.Ц ын хувьд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцоод хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж, тодруулах юм бол арбитрын маргаан хянан шийдвэрлэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг биш энэ нь иргэнийн хэрэг маргаан байсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан. Ц.Ц нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5,4.2-т заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн. Тийм учраас Э.Б аас нийт 37 000 000 төгрөгийг Ц.Ц ын гэрээний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжилж байна. Нэмж хэлэхэд Э.Б нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын тогтоол гарсны дараа 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Ц  ой уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээрээ албан ёсоор гарын үсэг зураад, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны дотор 10 000 000 төгрөг өгнө. Хэрвээ энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээний заалтын дагуу төлбөрийг бүрэн төлнө гэсэн хэлцлийг дахиж хийсэн. Ийм учраас Ц.Ц ын зүгээс ажил үүргээ бүрэн гүйцэтгэсэн, хавтаст хэрэгт баримтууд авагдсан байна. Тэгэхээр дахиж шүүх хурал болоогүй хэрэг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон учир Э.Б аас 37 000 000 төгрөгийг гаргуулж Ц.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ж.Б д холбогдуулж залилах гэмт хэрэг буюу эрүүгийн гэмт хэрэг үүсэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд ажил байдал дээр очиж нэгжлэг үзлэг хийж, гэр оронд үзлэг хийсэн үйлдлүүдийг гаргасантай холбоотой сэтгэл санаа нь маш тогтворгүй байсан. Энэ үед Ц.Ц ой уулзсан өөрт болсон процессоо ярьсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 50 000 000 төгрөгөөр байгуулахаар тохиролцсон. Энэ үед мөнгө төлөх боломжгүй байсан, эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлээд мөрдөн байцаалт буцаах үед шүүх хуралдаанд 1 удаа оролцсон 2 удаа хүсэлт гаргасан. Үүнээс хойш ямар нэгэн өмгөөллийн үйл ажиллагаанд оролцох, мөрдөн байцаах үед хамт байлцсан, ажилсан гэх сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө хэргийг сул орхисон гэж үзээд байгаа, Ц.Ц  нь өөр өмгөөлөгч оролцуулах болсон гэж ярьсан. Мөн урьдчилгаа төлбөрөө нэхэхгүй учраас би чамд ийм байдлаар өмгөөлөл үзүүлэх шаардлагагүй ярих болгондоо мөнгө нэхдэг байсан. Ийм дарамттай байсан учраас өөр өмгөөлөгчтэй оролцсон. Гол оролцсон өмгөөлөгч нь н.С  гэдэг өмгөөлөгч байсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээгээ дутмаг явуулсан. Прокурорын газарт мөрдөн байцаах албанаас хүсэлт явуулсан байсан. Гэхдээ энэ хэрэг бүрэн шийдэгдсэн зүйл байхгүй байсан. Ц.Ц  нь өөр өмгөөлөгч оролцуулахтай холбоотойгоор хэрэгт оролцохоо больсон гэсэн өөрийнх нь гараар бичсэн тайлбар байдаг. Гэрээ хийгдсэнээс хойш 2022 оны 1 дүгээр сарын 12-оос хойш хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тодорхой үе шаттайгаар төлөх албан ёсоор тохиролцсон тохиролцоо байсан. Энэ гэрээнийхээ дагуу 13 000 000 төгрөгийг цувуулж өгсөн байдаг. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш өөрөө сайн дураараа өмгөөлөгчөөс татгалзвал урьдчилан мэдэгдэх ёстой, мөн зардал мөнгөө эргүүлж авахгүй гээд заасан гэрээнийхээ зүйл дээр, өмгөөлөгчөөс үзүүлж байгаа гэрээ үнэхээр хангалтгүй байсан. Өгсөн мөнгөө орхигдуулаад хаях бодолтой байсан учраас өөрөө ярихаас ч төвөгтэй болсон. Өөрөө ярих болгондоо урдаас мөнгө нэхдэг, орой үдэшгүй залгаад харилцаа үүсгэхэд бэрхшээлтэй болж энэ гэрээгээ зөрчиж байгаа учраас өмгөөлөгч өөрөө гэрээгээ цуцлах эрхтэй. Мөнгөө цаг хугацаандаа өгөхгүй байгаа учраас гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Хийсэн ажилд нь тохирсон мөнгийг нь бол өгсөн. Эвлэрэх хэмжээнд хүрэх юм бол 5 000 000 хүртэлх төгрөгийг цувуулж ямар нэгэн байдлаар өгөхийг хичээнэ. Тиймээс надад боломж бололцоо байхгүй, анх гэрээ хийхдээ сэтгэл санаа нь тогтворгүй байдал дээр нь тоглолт хийж гэрээ хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.04.28-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, 2023.04.27-ны өдрийн 0239 дүгээр итгэмжлэл, 2022.01.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Б.Ц өмгөөлөгчийн үнэмлэх, 2022.01.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, 2021.02.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, 2022.02.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗ/363 дугаар Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, 2022.12.22-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын 01 дүгээр прокурорын тогтоол, 2022.01.12-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх №22/01 дүгээр гэрээ зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-27 тал/

 

4. Хариуцагчаас: Э.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.09.07-ны өдрийн 0676 дугаар итгэмжлэл, 2023.10.06-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, 2023.10.06-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 30, 41, 49-52 тал /

 

5. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн прокурорын газрын 2023.10.30-ны өдрийн 1/6002 дугаар албан бичиг, 2022.08.04-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан Э.Б гийн өмгөөлөгч Б.Ц ын гаргасан хүсэлт, 2022.08.04-ны өдрийн Нийслэлийн прокурорын газарт гаргасан Э.Б ийн өмгөөлөгч Б.Ц ын гаргасан хүсэлт, 2022.02.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/Ш3/363 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, 2021.02.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Б ийн өмгөөлөгч Б.Ц ын гаргасан хүсэлт, 2022.01.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд гаргасан Э.Б ийн хүсэлт, 2022.01.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Э.Б ийн хүсэлт, 2022.01.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗ/140 дүгээр Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 59-73 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч Э.Б д холбогдуулан 37 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Э.Б тай 2022.01.12-ны өдөр 22/01 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан 21********* дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн боловч Э.Б нь гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг одоог хүртэл төлөөгүй тул 2022.01.12-ны өдөр 22/01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.5, 4.2-т заасны дагуу Э.Б аас гэрээний үлдэгдэл төлбөр болох 37 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй. Гэсэн хэдий ч уг гэрээний дагуу 13 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй тул 13 000 000 төгрөгийг өгснөөр гэрээг цуцлаж, өөр өмгөөлөгчтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Уг гэрээг сэтгэл санааны хүнд байдлыг далимдуулан байгуулсан. Эвлэрэх тохиолдолд 5 000 000 төгрөгийг л төлөх боломжтой гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Зохигчид 2022.01.12-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх 22/01 дүгээр гэрээг байгуулж, Э.Б д холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцож, үйлчлүүлэгчид шаардлагатай хууль зүйн туслалцааг үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээний хөлсийг 50 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг, тамга тэмдгээр гэрээг баталгаажуулсан, /хх 26-27 тал/

 

4.2 2022.01.13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын прокурор Э.Б ын 2021.10.04-ний өдрийн №200 тоот Яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн №210********* дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Б.Ц  өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан, /хх 5 тал/

 

4.3 Нэхэмжлэгч Б.Ц нь 2022.01.21, 2022.02.21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлтүүдийг гаргаж байсан, /хх 9, 7 тал/

 

4.4 2022.02.21-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг прокурорт буцаах тухай 2022/ШЗ/363 дугаар шүүгчийн захирамжаар, Яллагдагч Э.Б д холбогдох эрүүгийн 2102000730102 дугаар эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцаасан, /хх 10-11 тал/

 

4.5 2022.12.22-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 01 дүгээр тогтоолоор Яллагч Э.Б д холбогдох эрүүгийн 2102000730102 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 12-25 тал/

 

4.6 2022.01.12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх 22/01 дүгээр гэрээний 2 дугаар талын ард харилцан тохиролцож 01.20-ны дотор 10 000 000 төгрөг төлөхөөр тохиролцов. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний 4.1 заалтын дагуу төлбөрийн бүрэн төлөх болно гэх гар бичвэр үйлдэж, Э.Б гарын үсэг зурсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 27 тал арын нүүр/

 

5. Зохигч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний хэмжээ, гэрээний төлбөрт 13 000 000 төгрөг төлөгдсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон зэрэгт маргаангүй. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 37 000 000 төгрөг төлөх үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон үүргийг гүйцэтгэсэн эсэхэд маргаантай.

 

6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2022.01.12-ны өдрийн 22/01 дүгээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж тус тус заасан тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэж, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр  ямарваа ажлын үр дүн шаардахгүй харин ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээдэг.

 

Хэргийн баримтаар зохигч 2022.01.12-ны өдөр хариуцагчтай 22/01 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлсэн болох нь 2022.08.04-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гаргасан Э.Б йн өмгөөлөгч Б.Ц ын гаргасан хүсэлт, 2022.08.04-ны өдрийн Нийслэлийн прокурорын газарт гаргасан Э.Б ийн өмгөөлөгч Б.Ц ын гаргасан хүсэлт, 2022.02.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/Ш3/363 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, 2021.02.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Б ийн өмгөөлөгч Б.Ц ын гаргасан хүсэлт, 2022.01.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд гаргасан Э.Б ийн хүсэлт, 2022.01.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Э.Б ийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдсон.

 

Хариуцагч дээрх үйл баримтын тухайд нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн гэж маргасан хэдий ч гэрээний 2.6-д эрх зүйн туслалцаа авах гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш өмгөөлөгчийн буруутай ажиллагаанаас бус өөрөө сайн дураар өмгөөлөгчөөс татгалзвал энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд гаргасан зардлаа эргүүлж авах эрхгүй гэж заасан ба гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Э.Б д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон, уг ажиллагаанд өмгөөлөгчөөр Б.Ц  он болох нь хэргийн баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тохирсон хөлсийг төлсөн гэх татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Мөн 2022.01.12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх 22/01 дүгээр гэрээний 2 дугаар талын ард харилцан тохиролцож 01.20-ны дотор 10 000 000 төгрөг төлөхөөр тохиролцов. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний 4.1 заалтын дагуу төлбөрийн бүрэн төлөх болно гэх гар бичвэр үйлдсэн байх хэдий ч тохиролцсон хугацаанд хариуцагч 10 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Э.Б аас 37 000 000 /гучин долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б аас 171 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ