Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00165

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/00165

 

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03529 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Э.Б-д холбогдох,

 

37,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч Э.Б-тай 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2201 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2102000730102 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Б-гийн өмгөөлөгчөөр оролцож, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцож, уг гэрээний хөлсийг 50,000,000 төгрөгөөр тохирч, улмаар гэрээний хөлсөнд 13,000,000 төгрөг төлсөн.

1.2. Дээрх гэрээг үндэслэн Б.Ц нь эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан.

1.3. Э.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Цтой уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дүгнэж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг төлөх, энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний заалтын дагуу төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон.

Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 4.2-т заасны дагуу Э.Бгаас гэрээний үлдэгдэл төлбөр 37,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ж.Б-д холбогдуулж залилах гэмт хэрэгт эрүүгийн гэмт хэрэг үүсэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд ажил болон гэрт нь нэгжлэг хийсэн ажиллагаатай холбоотой сэтгэл санаа нь маш тогтворгүй байсан. Энэ үед Б.Цтой уулзсан өөрт болсон асуудлыг талаар тайлбарлан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 50,000,000 төгрөгөөр байгуулахаар тохиролцсон.

2.2. Энэ үед мөнгө төлөх боломжгүй байсан, эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлээд мөрдөн байцаалтад буцаах үед шүүх хуралдаанд 1 удаа оролцож, 2 удаа хүсэлт гаргасан. Үүнээс хойш ямар нэгэн өмгөөллийн үйл ажиллагаанд оролцох, мөрдөн байцаах үед хамт байлцаж, ажиллаж сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй.

Өмгөөлөгч Б.Ц-той утсаар ярих бүрт мөнгө нэхдэг, дарамттай байсан учраас өөр өмгөөлөгчтэй оролцсон. Гол оролцсон өмгөөлөгч нь н.Сайнгэрэл байсан. Б.Ц нь өөр өмгөөлөгч оролцуулахтай холбоотойгоор хэрэгт оролцохоо больсон талаар өөрийнх нь гараар бичсэн тайлбар байдаг. Гэрээ хийгдсэнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд тодорхой үе шаттайгаар төлөх албан ёсоор тохиролцсон ба гэрээнийхээ дагуу 13,000,000 төгрөгийг төлсөн.

2.3. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш өөрөө сайн дураараа өмгөөлөгчөөс татгалзвал урьдчилан мэдэгдэх ёстой, мөн зардал мөнгөө эргүүлж авахгүй гэж гэрээндээ заасан, өмгөөлөгчөөс гэрээний дагуу үйлчилгээг үзүүлж чадаагүй, хангалтгүй байсан. Мөнгөө цаг хугацаандаа өгөөгүй учраас гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Хийсэн ажилд нь тохирсон хөлсийг нь өгсөн гэж үзэж байна. Эвлэрэх хэмжээнд хүрэх юм бол 5,000,000 хүртэлх төгрөгийг өгөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э.Бгаас 37,000,000 /гучин долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,950 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 342,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Э.Бд холбогдуулан Эрүүгийн 2102000730102 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан Залилах гэмт хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед түүний сэтгэл санаа тогтворгүй, эмзэг байх үеийг ашиглан өмгөөлөгч Б.Ц нь өөрт ашигтай буюу Хууль зүйн туслалцаа үзүүлэх 50,000,000/тавин сая/ төгрөгийн гэрээ-г 2022.01.12-ны өдөр байгуулсан.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед өөр өмгөөлөгч авсантай холбоотой өмгөөлөгч Б.Ц нь өмгөөллийн үйл ажиллагаа хийхээ больсон, хууль зүйн туслалцааны үүргээ хангалттай биелүүлээгүй. Жилийн дараа буюу 2023.01.12-ны өдөр уулзалдан өмгөөллийн үйлчилгээг дуусгасан хэмээн дүгнэж 10,000,000/арван сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд өмгөөлөгчийн үгээр бичиг үйлдэж өгсөн.

Шүүхэд өмгөөллийн ажил үйлчилгээ учир дутагдалтай байсан талаар хангалттай тайлбарлаж шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлтүүдийг гаргаж байсан бөгөөд шүүхээс бодит үйл явдалд дүн шинжилгээ хийгээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин хянаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд хууль зүйн туслалцаа үзүүүлэх гэрээ байгуулагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Сэтгэл санаа тогтворгүй байх үед гэрээ хийсэн гэх талаар нотлох баримт байдаггүй, анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн.

5.2. Өөр өмгөөлөгч авсан тул нэхэмжлэгч хууль зүйн туслалцааг дутуу үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тухайн хугацаанд зохих ёсоор үйл ажиллагаа явуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгөөр тохиролцон ажлаа дуусгана гэж тохиролцоогүй, өмнө байгуулсан гэрээг дүгнэх талаар Э.Бтай холбоо барьж чадаагүй, хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш ямар нэгэн ажиллагаа явагдсан, шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч оролцсон тухай нотлох баримт байхгүй. Шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргахад шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Э.Бд холбогдуулан 37,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №2201 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр өмгөөлөгч Б.Ц нь Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, Э.Б нь өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 50,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх 26-27-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4. Хариуцагч Э.Б нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 13,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч нь Э.Бд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст болон Нийслэлийн прокурорын газарт гаргасан Э.Бгийн өмгөөлөгч Б.Цын гаргасан хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон, мөн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бгийн өмгөөлөгч Б.Ц хүсэлт гаргах хэлбэрээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

6. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, хөлсөөр ажиллах гэрээ нь үр дүн шаардахгүй, гэрээгээр тохиролцсон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд шаардах эрх үүсдэг онцлогтой.

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэж, хариуцагч Э.Бгаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 37,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7.1. Хариуцагчийн төлөөлөгч нь ... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг төлөхөөр тохиролцов. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний 4.1 заалтын дагуу төлбөрийн бүрэн төлөх болно гэх утгатай гар бичвэрийг хариуцагч Э.Б үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсныг талууд үүргийн хэмжээг багасгахаар тохиролцсон гэж үзэхгүй.

 

7.2. Хариуцагч нь ... нэхэмжлэгч Б.Ц нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлээгүй гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэтг зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7.3. Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Б.Цын өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байдлыг тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Мөн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний хөлсийг тохирсон байхад Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Б.Цын өмгөөллийн үйлчилгээний хөлсийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

8.1. Талууд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр алданги тохиролцоогүй, мөн нэхэмжлэгч нь алданги шаардаагүй байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримталсан алдаа гаргасныг залруулж, шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ... 232 дугаар зүйлийн 232.6 ... гэснийг хасна.

 

8.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон алдаа гаргасныг залрууж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03529 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 232 дугаар зүйлийн 232.6 ... гэснийг хасч,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 56 дугаар зүйлийн 56.2 ... гэснийг ... 56 дугаар зүйлийн 56.1 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

С.ЭНХБАЯР