Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/03541

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сар 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/03541

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, **** хотхонд байрлах **** сууц өмчлөгчдийн холбоо /РД:9922954/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, **** хотхон, 478 дугаар байр, 45 тоотод оршин суух хаягтай Уулынхан овогт Падсүрэнгийн Оюунгэрэл /РД:ЗЕ76030607/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 8,328,415.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б,

Хариуцагч П.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 8,328,415.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П.О нь *** тоотын өмчлөгч, оршин суугч бөгөөд Монгол Улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2019 оны 11, 12 дугаар сар, 2020-2011, 2022 оны 1-7 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 8,328,415.23 төгрөгийг төлөөгүй болно. **** сууц өмчлөгчдийн холбооноос П.Од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102.65 төгрөг гаргуулахаар ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү хэрэг ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн ** дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэгдсэн. Ингэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Харин уг зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шүүхэд шаардах эрхтэй юм.

Иймд **** СӨХ-ийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шүүхэд шаардах эрхтэй юм. ... Харин нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр **** хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын**ны дугаар тогтоолоор баталсан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын дагуу нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн.

Хариуцагч П.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...**** сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах бүх гишүүдийн 2019 оны 11-р сарын 30-ны өдрийн анхны хуралд өөрийн биеэр оролцож, тус хурлаас СӨХ үүсгэн байгуулах, дүрмийг батлах, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тус анхны хурлаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах, асуудлыг хэлэлцэх үед хурлын тэмдэглэлд байгаа өндөр үнийн дүн бүхий нэгж өртгөөр танилцуулсан бөгөөд сууц өмчлөгчид хэт өндөр байна гэхэд барилгын захиалагч, гүйцэтгэгчийн төлөөлөгч Ц.О нь нийт 155 айлын орон сууц ашиглалтад орно, үүнээс өнөөдөр 81 айл орсон байгаа, цаашид зардал багасна, зардлын 50 хувийг манай компани хариуцна гэж байсан. Тус СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь 2021 оны 10 дугаар сард иргэн П.Оээс СӨХ-ийн төлбөрийг нэхэмжлэх үедээ шинээр гарсан гэрчилгээ, бүх гишүүдийн хурлын тогтоолуудыг он сар, өдөр, дугаарлалтын алдаатай гаргасан, нотариатаар гэрчлүүлэх боломжгүй эрх зүйн баримтуудыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Иймийн тул шүүхээс нотлох баримтууд шаардлага хангахгүй байна гэж үзээд Хан-Уул дүүргийн Тамгын газрын архиваас тус СӨХ-ны эрх зүйн баримтуудыг гаргуулж ирүүлэхийг шаардсан. Хан-Уул дүүргийн тамгын газрын архиваас тус СӨХ-ны 2019 оны 11-р сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, ирцийн мэдээ, холбооны дүрэм зэрэг бичиг баримтуудыг гаргуулж авсан бөгөөд тухайн бичиг баримтуудад СӨХ-ны хурлаас гаргасан шийдвэрийг тогтоол болгон баталгаажуулж, тэдгээрийг эрх бүхий улсын бүртгэлд зохих ёсоор хадгалагдаж бүртгэгдээгүй байсан. Сууц өмчлөгчид бид 2020 оны 4 сараас эхлэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах, үйл ажиллагааны төсөв, тайлан тэнцлийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр бүх гишүүдийн хурлыг хуралдуулахыг удаа дараа бүх л хэлбэрээр шаардаж өнөөдрийг хүрсэн. 2020 оны 07- сараас цахимаар өргөдөл гомдлыг гаргаж, хүлээн авдаг байсан ба 2021 оны 8-р сард цахим мэдээлэл вирусд устчихсан гээд ажиллуулахаа больсон. Тэгээд сууц өмчлөгч 95 хүний гарын үсэг зурж, бүх гишүүдийн хурлыг хуралдуулах шаардлагыг 2021 оны 10-р сарын 22-ны өдөр бичгээр тавьж, 2021 оны 12-р сарын 5-ны өдөр хуралдахаар болсон ч 2 цаг гаруй зөвхөн СӨХ-ны үйл ажиллагааны зардал, төсвийн талаар хэлэлцэн ярилцаж байгаад л тарсан. Хурлын заалны өмнө хэсэгт байсан хүмүүс нь хамтдаа гарч яваад л эцэст нь хурлын ирц хүрсэнгүй гээд л тараачихсан. Миний бие Хан-Уул дүүргийн ИХАШШ-ийн 2022.02.15-ны өдрийн *** дугаартай шийдвэр, НИХДЗШШ-ийн 2022.04.11-ний өдрийн ** дугаартай магадлал хүчин төгөлдөр болсны дараа 2022 оны 6-р сарын 22-ны өдөр бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, холбогдох хуульд нийцсэн шийдвэрүүдийг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг шаардсан албан шаардлагаа бичгээр гаргаж хүлээлгэн өгсөн. Тэгсээр байтал өнөөдрийг хүртэл СӨХ-ны Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирал гэсэн нэр бүх хүмүүс нь ямар нэгэн далд санаа зорилгоор СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг хуралдуулахгүй, бүх гишүүдийн бүрэн эрхийн асуудлуудыг хэлэлцүүлэхгүй цаг хугацааг алдагдуулсаар орон сууцны барилгын баталгаат хугацааг дуусгах нөхцөл байдлыг үүсгээд байгаа бөгөөд дараах хууль эрх зүйн шаардлагад үл нийцсэн үйлдлүүдийг тодорхой дурдъя. **** СӨХ-г үүсгэн байгуулах анхны хурлаар болон үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.2.2-д заасны дагуу СӨХ- ны үйл ажиллагааны төсөв, тайланг хэлэлцэн баталж байгаагүй. Шүүгчийн захирамжаар бүх гишүүдийн хурлын материалыг шаардахад Хан- Уул дүүргийн Тамгын газрын архиваас СӨХ-ны дүрэм, гэрчилгээ, 2019 оны 11-р сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, хурлын тэмдэглэл, ирцийн мэдээ зэрэг бичиг баримтууд л ирсэн байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгон дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж байгаагүй. СӨХ-ны эрх барих дээд байгууллага (Бүх гишүүдийн хурал) нь уг хуулийн 7.2.2-д зааснаар СӨХ-ны төсөв, тайлан тэнцлийг нэг ч удаа хэлэлцэж баталж байгаагүй. Хуульд зааснаар тухайн асуудлуудыг хэлэлцсэн бол СӨХ-ны төсвийг баталж, төсөв тусгасан үйл ажиллагааны нийтлэг зардлуудыг Иргэний хуулийн 147.2 дахь заалтыг баримтлан хуваарилж, дундын өмч хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлал, даатгал, зайлшгүй зардлуудыг 147.3 дахь заалтыг баримтлан хуваарилж баталсан байх ёстой байсан. Тус СӨХ-ны удирдах зөвлөлийн бүх гишүүдийн бүрэн эрхэд халдсан, зардлыг хуваарилсан, нэхэмжилсэн зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсоох, бүх гишүүдийн хурлыг хуралдуулахыг сууц өмчлөгч бид удаа дараа шаардсаар байгаа боловч тэд ямар нэгэн байдлаар асуудлыг хойшлуулж, аргалж яваад байгаа юм. СӨХ-ны Удирдах зөвлөл нь уг хуулийн 8.2-д зааснаар бүх гишүүдийн ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулах үүргээ биелүүлээгүй тул тэдний бүрэн эрх хуулийн дагуу 2020 онд дуусгавар болсон гэж миний бие үзэж, сууц өмчлөгчдийн хамт бүх гишүүдийн хурлыг хуралдуулах, шат дараалсан шаардлагатай арга хэмжээг хуульд нийцүүлэн авч байгаа болно. Сууц өмчлөгч бидний хамтын эрх ашигтай холбоотой харилцааг энэхүү хуулиар зохицуулахаар заасан тул сууц өмчлөгчдийн холбоо болон сууц өмчлөгч бид энэхүү хуулийг дагаж мөрдөх ёстой. Тус СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоогүй, бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны төсөв, зардлын асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй учраас Иргэний хуулийн 147.1-д заасныг баримтлан сууц өмчлөгч нь тус СӨХ-ны зардлыг төлөх хууль эрх зүйн акт, үндэслэл бүрдээгүй байгааг авч үзэж, тухайн СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэлийн асуудлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2-р сарын 15-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4-р сарын 11-ний өдрийн ** дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн билээ. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлэхгүйгээр сууц өмчлөгч Оюунгэрэлээс дахин төлбөр нэхэмжилснийг нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх үйлдэл гаргаж байна гэж үзэх үндэслэлтэй байх учир **** СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Зоригт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нарт Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, **** сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, **** хотхоны 478-45 тоотын авлага, өглөгийн тооцоо /хх-06/, **** сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19/04 дугаартай тогтоол /хх-08/, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-08/, **** хотхоны оршин суугчдын 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хурлын тогтоол /хх-19/03/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийдвэр /хх-10-12/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай магадлал /хх-13-15/, **** сууц өмчлөгчдийн холбооны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 10-р сарын тайлан /хх-16/, **** сууц өмчлөгчдийн холбооны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 05-р сарын тайлан /хх-17/, мэдэгдэх хуудас /хх-20/, итгэмжлэл /хх-21/, итгэмжлэл /хх-34/, нотлох баримт гаргах тухай хүсэлт /хх-38/, Орон сууцны ашиглалт, үйлчилгээ үзүүлэх хамтран ажиллах гэрээ /хх-40/, **** хотхоны оршин суугчдын 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19/01-2 дугаартай тогтоол /хх-42/, **** хотхоны оршин суугчдын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19/02-2 дугаартай тогтоол /хх-43/, **** сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/01 дугаартай тогтоол /хх-44/, **** сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 21/03 дугаар тогтоол /хх-45/, **** сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/10 дугаартай албан бичиг /хх-46/, **** хотхоны сууц өмчлөгчийн анхдугаар хурлын төлөвлөгөө /хх-47, 48/, **** сууц өмчлөгчдийн анхдугаар хурлын протокол /хх-49/, **** сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хурлын протокол

Хариуцагчаас хариу тайлбар /хх-26/, албан шаардлага /хх-28/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг /хх-38/, төлбөр төлсөн баримт /хх-16/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-20/ шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч П.Од холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 8,328,415,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Монгол Улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2019 оны 11, 12 дугаар сар, 2020-2011, 2022 оны 1-7 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 8,328,415.23 төгрөгийг төлөөгүй болно. П.О нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч П.О нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: СӨХ-ийн төлбөр эхлээд өндөр гарч байгаад цаашид буурна, манай компани 50%-ийг нь гаргана гэж тайлбарлаж байсан. СӨХ-ийн төлбөрийг 155 айлд бус 81 айлд хуваасан нь тэгш бус болсон. СӨХ-ны 2019 оны 11-р сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, ирцийн мэдээ, холбооны дүрэм зэрэг бичиг баримтуудыг улсын бүртгэлд зохих ёсоор хадгалж бүртгээгүй. 2020 оны 04 дүгээр сараас хойш бүх гишүүдийн хурлыг зориудаар хуралдуулаагүй бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах зэрэг асуудлыг гацаасан, СӨХ-ийн үйл ажиллагааны төсөв, тайланг хэлэлцэн баталж байгаагүй. СӨХ-ийн зардлыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-д зааснаар хуваарилж батлаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар бүх гишүүдийн ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулах үүргээ биелүүлээгүй тул СӨХ-ийн бүрэн эрх 2020 онд дуусгавар болсон. Бүх гишүүдийн хурлаар СӨХ-ийн төсөв, зардлыг асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй, төсөв, зардалтай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад дахин шүүхэд хандсан гэжээ.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ.

  Нэхэмжлэгч **** СӨХ нь 2019 онд үүсгэн байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба тус дүүргийн Засаг даргаас 19/47 дугаар гэрчилгээ олгогдсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан хуулийн дагуу байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч П.О нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, **** хотхон, 478 дугаар байр, 45 тоотод байрлах орон сууцны өмчлөгч болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба сууц өмчлөгч нь **** СӨХ-ны удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр тус байрны 45 тоотын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 8,328,415.23 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Тодруулбал **** хотхоны оршин суугчдын 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхдугаар хурлын 19/03 дугаартай тогтоолоор тус хотхоны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын тогтмол зардлыг 166630 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хувьсах зардалд 650 төгрөг, автогражын 1 зогсоолын төлбөр 30,000 төгрөг байхаар тус тус тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгтэй нийцэж байх ба тус тогтоол нь хүчин төгөлдөр байна.

Тус тогтоолын дагуу хариуцагч П.О нь СӨХ-ийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд сард 322,485 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд 2019 оны 11 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл 10,330,285.52 төгрөг төлбөл зохихоос түүний төлсөн 2,001,870,29 төгрөгийг хасаж тооцвол П.О нь СӨХ-ны засвар, үйлчилгээний зардалд 8,328,415.23 төгрөг төлөх нь зүйтэй байна.

Хариуцагч П.Оийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан СӨХ-ийн төлбөрийг бууруулах, төлбөрийг компани 50%-ийг гаргахаар тохиролцсон, СӨХ-ийн төлбөрийг 155 айлд бус 81 айлд хуваасан, 2019 оны 11-р сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, ирцийн мэдээ, холбооны дүрэм зэрэг бичиг баримтыг улсын бүртгэлд зохих ёсоор хадгалж бүртгээгүй гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар **** сууц өмчлөгчдийн холбоо нь бүх гишүүдийн ээлжит хурлыг 2020 онд зарлан хуралдуулах үүрэгтэй байсан ч тус хурлыг хуралдуулаагүйгээс шалтгаалан тус сууц өмчлөгчдийн холбооны бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй.

**** сууц өмчлөгчдийн холбоо нь П.Од холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр тогтоолд заасан төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэлээ тооцож гаргах эрхтэй болохыг тайлбарласан байх тул дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь нэхэмжлэгчийг дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

Сууц өмчлөгчдийн холбоо нь хууль болон дүрэмд заасны дагуу үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гишүүддээ тухай бүр нээлттэй танилцуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй. Харин тус үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар гишүүн зардлыг төлөхөөс татгалзах эрхгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь сууц өмчлөгчдийн холбооны зардлыг заавал төлөх үүрэгтэй байдаг ба дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, үйлчилгээний асуудлын талаарх маргаан нь тусдаа асуудал, харилцан тооцох үүрэг биш юм.

Иймд хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Оээс 8,328,415.23 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оээс 148,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА