Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00721

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00721

 

 

“А-” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/03541 дугаар шийдвэртэй,

 

“А-” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 8,328,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, түүний өмгөөлөгч О.Чулуунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Ч.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “А- хотхоны- байрны - орон сууцны өмчлөгч, оршин суугч бөгөөд 2019 оны 11, 12 дугаар сар, 2020-2011 он, 2022 оны 01-07 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 8,328,415 төгрөгийг төлөөгүй.

1.2. “А-” СӨХ-ноос Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 2,889,102 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 210/МА2022/00681 дугаар магадлалаар тус тус шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “А-” хотхоны оршин суугчдын анхдугаар хурлын 19/03-ны дугаар тогтоолоор баталсан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын дагуу нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдсан.

 

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.А-” СӨХ-оог үүсгэн байгуулах бүх гишүүдийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн анхны хуралд өөрийн биеэр оролцож, тус хурлаас СӨХ үүсгэн байгуулах, дүрмийг батлах, удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүсгэн байгуулснаас хойш үйл ажиллагааны төсөв, тайланг хэлэлцэн батлаагүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж байгаагүй.

2.2. Сууц өмчлөгчид 2020 оны 04 сараас эхлэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах, үйл ажиллагааны төсөв, тайлан тэнцлийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэхээр бүх гишүүдийн хурлыг хуралдуулахыг удаа дараа шаардсанаар 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдахаар болсон боловч хурлын ирц бага байснаар тарсан.

Хуульд зааснаар СӨХ-ны төсвийг баталж, дундын өмч хөрөнгийн засвар үйлчилгээний хуримтлал, даатгал, зайлшгүй зардлуудыг хуваарилж баталсан байх ёстой байсан.

2.3. Тус СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоогүй, бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны төсөв, зардлын асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй учраас сууц өмчлөгч нь тус СӨХ-ны зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж, СӨХ-ны нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00353 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00681 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлэхгүйгээр сууц өмчлөгч Б-ээс дахин төлбөр нэхэмжилснийг нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ээс 8,328,415 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” СӨХ-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 148,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А-” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сууц өмчлөгч Б- нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэйг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа.

Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг ТУЗ-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20/01 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг үндэслэн СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж, төлүүлж байгаа нь хууль бус үйлдэл юм. Сууц өмчлөгчид нь энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох, хуульд нийцсэн шийдвэрийг гаргуулахаар шаардлагыг 2020-2022 оны хугацаанд удаа дараа хүргүүлж байсан.

4.2. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, түүнчлэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын талаарх өнгөрсөн 3 жилийн тайлан, мэдээг хүлээн авч танилцаад 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар 2020-2022 оны зардлыг хуваарилах асуудлыг авч хэлэлцэн, шийдвэрийг нөхөн баталж шийдвэрлэсэн.

“А-” СӨХ нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурал хийснээс хойш 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэг ч удаа хурал хийгээгүй, СӨХ-ны зардлыг хуваарилах асуудлыг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл авч хэлэлцээгүй байсан нь нотлогдож байна.

4.3. “А-” СӨХ 2020 оны 08 дугаар сар хүртэл Удирдах зөвлөлийн тогтоосон СӨХ-ны төлбөрийг бууруулсан хэмжээгээр төлж байсныг үл хайхран, 8,328,415 төгрөгийг төлөөгүй гэж шаардсан. Б-ийн СӨХ-ны төлбөрийн тооцоо гэх баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлагыг хангаагүй байхад шүүх уг үндэслэн төлбөрийн хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй.

Төлбөрийн тооцоогоор 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Б- нь СӨХ-нд 4,941,751 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Талууд харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч “А-” СӨХ нь хариуцагч Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 8,328,415 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, мөн өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн.

 

3.1. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “хариуцагч нь 6,284,695 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд уг төлбөрийг буцаан нэхэмжлэл гаргаж маргахгүй, харин нэхэмжлэгч нь зөрүү төлбөр болох 2,043,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж маргахгүй гэсэн нөхцөлөөр эвлэрэв” гэжээ.

 

Гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаяр нар тус тус гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23/03 тоот албан бичгээр гаргасан итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзоригийг эвлэрлийн гэрээ байгуулах эрхийг, хариуцагч Б-ээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр Т.Цогтбаярт эвлэрэх эрхийг тус тус олгосон байх тул тэдгээр нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байна.

 

4. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А-” СӨХ болон хариуцагч Б- нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/03541 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б- нь 6,284,695 төгрөгийг нэхэмжлэгч “А-” СӨХ-нд төлсөн, хариуцагч Б-ээс 2,043,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч “А-” СӨХ татгалзаж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,205 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА