Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/03547

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2023/03547 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Т овогт А.М /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** давхарт, тоотод байрлах, **** ХХК /РД:***/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч А.М нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч А.М нь хариуцагч **** ХХК-тай 2021 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулан Тээврийн менежер албан тушаалд томилогдон ажилд орсон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оа нь *** дугаартай тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн цуцалсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийн талаар тусгасан байна. Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-т Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. гэж тус тус заасан байна. Гэвч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болно гэжээ. Мөн Монгол Улсын Дээд Шүүхээс ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана хэмээн зөвлөмж гаргасан байна. Гэтэл ажилтан А.Мын хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ноцтой зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд ажлын бус цагаар буюу шинэ жилийн арга хэмжээний үед, мөн ажлаас чөлөө авсан байх хугацаандаа амралтын газар хамт олонтойгоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдсан тохиолдол байдаг. Уг асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан, танхайрсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж байсан нь тохиолдол байхгүй. Ажил олгогчийн зүгээс ажилтны хувийн эрх, эрх чөлөөнд халдах байдлаар ажлын бус цагаар болсон үйл явдлыг ажлын байранд бий болсон үйл явдал мэтээр хэт нэг талыг барин ажилтныг буруутгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй байна. Уг хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Гурван талт хороо гомдлыг хүлээн авч 2023 оны 5 дугаар сарын *-ний өдөр талууд гурван талд хорооны хуралд биечлэн оролцсон. Гэвч талууд дээрх хуралдаанаар уг маргааныг урьдчилан шийдвэрлэж чадаагүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-т заасныг үндэслэн **** ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Оагийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр уг нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Хариуцагч **** ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа А.Мын нэхэмжлэлтэй, **** ХХК-д холбогдох хөдөлмөрийн эрхийн маргаанд дараах хариу тайлбарыг гаргаж байна. **** ХХК нь /РД:***/ 2017 онд байгуулагдан Өь аймагт авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Иргэн А.М нь манай компанид Засварын механик ажлын байранд туршилтаар ажиллуулах №* тоот хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Тээврийн менежер албан тушаалд ** хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан, ажилласан. А.М нь 2021 оны 12 дугаар 01-ний өдөр ажилчдын байранд архи уусан зөрчил гаргасан тул 2021 оны 12 сарын 08-ны өдөр А.Мд *** тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.1 дэх хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэл оногдуулж цаашид зөрчил дутагдал гаргахгүй ажиллах, дахин зөрчил гаргавал ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг сануулж байсан. Иргэн А.М нэхэмжлэлдээ байгууллагын шинэ жилийн арга хэмжээний үеэр мөн ажлаас чөлөө авсан байх хугацаандаа амралтын газар хамт олонтойгоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан тохиолдол байдаг гэжээ. Үнэн хэрэгтээ 2023 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр согтуу танхайрч ажилтан Бямбасүрэнг зодож, эмэгтэй ажилчдыг айлгаж түлхэх, цохих, гараас базаж зулгаах, хэл амаар доромжлон чанга орилох зэргээр хамт олныг айдаст автуулж агсам тавьсан. Эл үйлдэлд байгууллагын зүгээс баярын уур амьсгал эвдээд яахав гээд ганцаарчлан уулзаж амаар сануулга өгсөн удаатай. Мөн 2023 оны 01 сарын 31-ний өдөр А.М удирдлагаас чөлөө аваагүй /чөлөө аваагүй нотолгоог тухайн сарын цалин олголтын хүснэгтээр нотолсон баримт5/ Ханбогд сумруу салхинд гарах нэрийдлээр архи ууж, танхайрч улмаар манай компанийн ажилтан А.Аын зүүн гарыг хугалж хүнд гэмтэл учруулсан. Болсон хэрэг явдлын талаар тухайн үед байсан хамт ажиллагсад болох Д.О, Г.Г мөн А.М нар тайлбар6 бичиж хүний нөөцийн албанд хүргүүлсэн байдаг. А.А тухайн шөнөдөө эмнэлэгт хүргэгдэж яаралтай хагалгаанд орж хугарсан зүүн гарандаа 10 ширхэг хадаас хадуулж, 15 хоног тасралтгүй тариа тариулж, 45 хоног өдөр бүр физик эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж /рентген зураг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмчийн бичиг7/, энэ хугацаанд 38 хоног ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй ба цалин олгоогүй. Энэхүү танхай, балмад үйлдэл нь А.Мыг ямар зан авиртай болоод архи уух дуртай, уухаараа агсан гэдгийг дахин нотолж байгаа бөгөөд байгууллагын хүний нөөцийн албанаас түүнтэй ярилцлага хийж, үйлдэлдээ ямар дүгнэлт хийж байгаа, хандлагыг нь тодруулах зорилгоор уулзалт / ярилцлагын тэмдэглэл8/ хийсэн. Уг уулзалтаар А.М болсон явдлыг дэс дараагүй олон дахин худал ярьж, гэмшиж байна гэх боловч өөрийгөө илтэд өмөөрөх, А.А дургүйг нь хүргэсний улмаас л барьцалдаж унагаасан гэсэн тайлбар хийсэн. Харин А.Аын зүгээс хэрэв цагдаад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэвэл А.Мын цаашдын ажил, амьдралд сөргөөр нөлөөлж, хар толбо болон үлдэх тул хамт ажиллагч нөхрөө уучлаад өнгөрөөсөн байдаг. А.Мын зүгээс зөвхөн хагалгааны төлбөр төлж бусад эмчилгээний зардлыг А.А өөрөөсөө гаргаж эмчлүүлсэн. Ажил олгогчийн зүгээс А.Мын дээрх удаа дараагийн үйлдэлд анхааруулж, сануулж ирсэн боловч ийнхүү бусдыг зодож гэмтэл учруулах, чөлөө авалгүй ажлын байрыг орхин явах, архи согтууруулах ундаа хэрэглэх, худал хэлэх, хамт олныг айдаст автуулах зэргээр ноцтой зөрчил мөн гэж үзэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр №** тушаалаар9 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 компанийн хөдөлмөрийн дотоод журмын10 зургаа 6.6.1.7, *** тоот хөдөлмөрийн гэрээний 4.5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлын болон ажлын бус цагаар архи уусан үедээ биеэ хянах чадваргүй, хамт ажилладаг ажилтнуудын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл удаа дараа учруулж ноцтой зөрчил гаргасан тул 2023 оны 01 сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, шийдвэрийг гардуулсан. А.Мтай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах бөгөөд А.Мыг ажилд эгүүлэн авах боломжгүй юм. Түүнчлэн А.М нь уг асуудлаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд10 гомдол гаргаж уг хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй **** ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оагийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай А.Мтай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг үндэслэлтэй байна гэж үзсэн. Мөн хэдийгээр А.М нь мэргэжил, боловсролын хувьд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан Авто тээврээс олгодог мэргэжлийн сургалтад суугаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байсан боловч өөрийн хүсэлтээр нь тээврийн менежерээр итгэл даалгуулан ажиллуулж, өвдсөн үед нь мөнгөн тэтгэмж олгох зэргээр байгууллагын зүгээс бүх талаар тусалж дэмжиж байсныг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.М нь хариуцагч **** ХХК-тай 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Тээврийн менежер албан тушаалд томилогдон ажилд орсон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр **** ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Оа нь *** дугаартай тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч А.М эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Монгол улсын хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ноцтой үйлдэл гаргаагүй мөн ажлын бус цагаар буюу шинэ жилийн арга хэмжээний үеэр ажлаас чөлөө авсан байх хугацаандаа амралтын газар хамт олонтойгоо архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцааны улмаас маргалдсан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээний дотоод журмыг зөрчсөн гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн гэрээнд тусгасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байдаг. Сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах бизнесийн байршил, нэр хүндийн гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлцөхүйц сөрөг үр дагаврыг болгосон уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээн үүрэгт нь эс үлдэхүй байна гэж ойлговол зохино гэж хуульд тайлбарласан байдаг. Гэтэл ажил олгогч үндэслэлгүйгээр нэхэмжлэгч А.Мыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсныг үндэслэлгүй гэж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хуралд гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. А.М гэдэг хүн ажлынхаа н.Анарыг хүнд гэмтээсэн н.Анар хамт ажилдаг найз гэж үзэж цагдаад өгөөгүй энэ нь бид нарт сөрөг байдал үүсгэсэн. А.Мыг эргүүлэн ажилд авах боломжгүй авсан тохиолдолд ажиллах хүн бараг байхгүй эрэгтэй, эмэгтэй бүгд айдаг. Манай ажлаас халсан ноцтой нөхцөл мөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээр ажлаас халсан. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан хүсэлт, гомдол, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар хуралдааны тэмдэглэл,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн * тоот хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** тоот хөдөлмөрийн гэрээ,Г.Гийн *** ХХК-ийн захиргаанд гаргасан тайлбарын хуулбар, Д.Оын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тайлбарын хуулбар хувь, А.Мын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн **** ХХК-ийн хүний нөөцийн албанд гаргасан тайлбарын хуулбар хувь, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А.Мын гаргасан тайлбарын хуулбар хувь, *** 2023 оны 02 дугаар сарын ажилчдын цагийн бүртгэлийн хуулбар хувь, **** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ** тоот захирлын тушаал, А.Мын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тайлбарын хуулбар хувь, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар захирлын тушаалын хуулбар хувь, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Мөнхжаргал, Анар нарт холбогдох асуудлын хурлын протокол хуулбар хувь, ажилтанд сахилгын шийтгэл авах тухай саналын хуулбар хувь, А.Аын амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар хувь, **** ХХК-ийн улсын бүртгэлийн хуулбар хувь, **** ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар хуралдааны тэмдэглэл, **** ХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар хувь, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ** тоот захирлын тушаал, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаар захирлын тушаал, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/* дугаар захирлын тушаал, **** ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн * тоот хөдөлмөрийн гэрээний хуулбар, тээврийн менежерийн ажил албан тушаалын тодорхойлолтын хуулбар, **** ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 тоот захирлын тушаалын хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А.Аыг гэрчээр асууж, мөн нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчаас тээврийн менежерийн ажил албан тушаалын тодорхойлолтыг гаргуулав.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч А.М нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: А.М нь хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргаагүй. А.Мыг сахилгын зөрчилтэйд тооцох хугацаа дууссан байсан тул түүнийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй. А.М нь ажлаас чөлөө авсан байх хугацаандаа хамт олонтойгоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бусдад хохирол учруулсан. Тухайн асуудлыг хуулийн байгууллагаас шалгасан. Ажлын бус газар болсон зүйлийг ажлын байранд гэж хамаатуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах нь үндэслэлгүй. А.Мын гаргасан зөрчил нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д заасан зөрчилд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч **** ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: А.М ажлын байранд архи уусан зөрчил гаргасан тул 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр сануулах сахилгын шийтгэл оногдуулж байсан. А.М нь удирдлагаас чөлөө авалгүйгээр явсан, худал хэлсэн, хамт олныг айдаст автуулсан, архи ууж, танхайрч компанийн ажилтан А.Аын биед гэмтэл учруулсан үйлдэл гаргасан нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1-д Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцална: 6.6.1.7.Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин, ажлын байранд ажлын цагаар, ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи, согтууруулах ундаа хэрэглэн илсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан. гэж, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

А.М нь **** ХХК-д тээврийн менежерийн албан тушаал эрхэлдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай А.Мтай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар А.Мтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор .... гомдол гаргах эрхтэй гэж заасан.

А.М нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хандаж, тус хорооны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай тэмдэглэлээр **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай А.Мтай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг үндэслэлтэй болох талаар дүгнэжээ. Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан.

5.Зохигч 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр * дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, А.М нь А.Аын биед гэмтэл учруулсан талаар маргаагүй.

Харин А.Мын сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа дуусаагүй байсан эсэх, ажлын орчинд согтууруулах ундаа хэрэглэж бусдын биет гэмтэл учруулсан эсэх, дээрх үйлдэл нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д заасан зөрчилд хамаарах эсэх талаар талууд маргаж байна.

6.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.4-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасан. Гэрч А.А нь ... Миний бэртлийн талаар байгууллагын удирдлагууд 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр мэдсэн. гэж шүүхэд мэдүүлэг өгсөн.

А.М нь 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр А.Аыг гэмтээсэн байх ба түүний энэхүү үйлдлийг ажил олгогч 2023 оны 2 дугаар сарын 6-өдөр илрүүлж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд А.М нь сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж тайлбарласан. **** ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ** дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар А.Мд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба А.Аын биед гэмтэл учруулсан үйлдэл нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр үйлдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно. гэж заасан нэг жилийн хугацаа хэтэрсэн байна. Иймд А.Мын үйлдлийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

8.Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1-д Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцална: 6.6.1.7.Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин, ажлын байранд ажлын цагаар, ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи, согтууруулах ундаа хэрэглэн илсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан. гэж, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. гэж тус тус заасан.

А.М, А.А болон бусад ажиллагсад нь амралт, зугаалгын зорилгоор Дэмчогийн хийд гэх амралтын газар очсон, тус газар нь Өь аймгийн Хан-Богд сумын төвөөс урагш 40 орчим километрийн зайд байрладаг болох нь талуудын тайлбар, гэрч А.Аын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул А.Мыг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан гэх үйлдлийг компанийн орчин, ажлын байранд ажлын цагаар үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа А.Мын ажилтан А.Аыг гэмтээсэн үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан, гэмтэл учруулсныг, танхайрсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн тогтоосон зүйл байхгүй гэж тайлбарлаж байх ба талууд энэ талаар маргаагүй, мөн хэрэгт дээрх нөхцөл байдлыг тогтоосон баримт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Манай компани Өь аймгийн Цогт-Цэций сумаас урагшаа хилийн боомтын *** хүртэл тээвэрлэдэг. Энэ зайнд манай компанийн үйл ажиллагаа явагдаж байгаа учраас компанийн орчин гэж үзэж болно. гэж тайлбарлаж байх боловч тээвэрлэлт хийж байгаа зам, орон нутгийг бүхэлд нь компанийн орчинд хамруулан тайлбарлах нь үндэслэлгүй.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа А.М нь удирдлагаас чөлөө аваагүй явсан, ажил тасалсан гэж тайлбарласан.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай тушаал нь А.Мын зөвхөн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А.Аын биед гэмтэл учруулсан үйлдэлд хариуцлага оногдуулсан гэж тайлбарлажээ.

Мөн **** ХХК-ын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай А.Мтай хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дүгээр зүйлд хамт ажилладаг ажилтнуудын биед хохирол учруулсан, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажилтныг ноцтой гэмтээсэн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан тухай заасан байна.

Дээрхээс үзвэл А.Мын бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тушаалд үндэслээгүй буюу ажлаас зөвшөөрөлгүй явсан, тасалсан гэх шалтгаанаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр А.Мын гаргасан үйлдэл нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д заасан зөрчилд хамаарахгүй, **** ХХК-ын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай А.Мтай хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай тушаал нь хуульд нийцээгүй байх тул А.Мыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажилгүй байсан хугацааны цалин 24,520,516 төгрөг гаргуулах талаар тодруулж байна.

 

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сард 4,471,657 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 3,150,000 төгрөг, 2 дугаар сард 1,145,454 төгрөг буюу нийт 8,767,111 төгрөгийн цалин авсан ба дунджаар нэг сард 2,922,370 төгрөгийн цалин хөлс авч байжээ.

 

Дээрх журмын 2.1.2-т зааснаар нэг өдрийн дундаж цалинг бодоход 136,986 төгрөг болох ба нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын *-ний өдрийг хүртэл 7 сар, 25 хоногийн дундаж цалин хөлс /2,922,370х7=20,456,590, 136,986x25=3,424,650, 20,456,590+3,424,650=23,881,240/ 23,881,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх 639,276 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Мыг **** ХХК-д тээврийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч **** ХХК-иас 23,881,240 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг **** ХХК-д даалгаж, үлдэх 639,276 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч А.М нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч **** ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА