Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00240

 

 

 

 

 

 

             

    2024        01           31                                       210/МА2024/00240

 

А.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03547 дугаар шийдвэртэй,

 

А.Мын нэхэмжлэлтэй,

ЖЖ ХХК -д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагчийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. А.М нь ЖЖ ХХК -тай 2021 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулан тээврийн менежер албан тушаалд томилогдон ажилд орсон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЖЖ ХХК -ийн гүйцэтгэх захирлын Б/003 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн цуцалсан байна.

1.2. Ажилтан А.М Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ноцтой зөрчил, үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд ажлын бус цагаар буюу шинэ жилийн арга хэмжээний үед, мөн ажлаас чөлөө авсан байх хугацаандаа амралтын газар хамт олонтойгоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас улмаас бусадтай маргалддаг. Уг асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан, танхайрсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж байгаагүй.

Ажил олгогчийн зүгээс ажилтны хувийн эрх, эрх чөлөөнд халдаж, ажлын бус цагаар болсон үйл явдлыг ажлын байранд бий болсон мэтээр хэт нэг талыг барин ажилтныг буруутгаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй байна.

1.3. Уг хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2023 оны4 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд талууд маргааныг урьдчилан шийдвэрлэж чадаагүй.

 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д заасныг үндэслэн ЖЖ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ЖЖ ХХК нь 2017 онд байгуулагдан Өмнөговь аймагт автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд А.М манай компанид засварын механик ажлын байранд туршилтаар ажиллуулах 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тээврийн менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан ажилласан.

2.2. А.М нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилчдын байранд архи уусан зөрчил гаргасан тул 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б/494 дугаар тушаалаар түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг тус тус үндэслэн “сануулах” сахилгын шийтгэл оногдуулж цаашид зөрчил дутагдал гаргахгүй ажиллах, дахин зөрчил гаргавал ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг сануулж байсан.

2.3. А.М 2023 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр согтуу танхайрч, ажилтан н.Бямбасүрэнг зодож, эмэгтэй ажилчдыг айлгаж түлхэх, цохих, гараас базаж зулгаах, хэл амаар доромжлон чанга орилох зэргээр хамт олныг айдаст автуулж агсам тавьсан. Уг үйлдэлд байгууллагын зүгээс баярын уур амьсгал эвдээд яахав гээд ганцаарчлан уулзаж амаар сануулга өгсөн.

2.4. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.М удирдлагаас чөлөө аваагүй бөгөөд Ханбогд сум руу салхинд гарах нэрийдлээр архи ууж, танхайрч улмаар манай компанийн ажилтан А.Аын зүүн гарыг хугалж хүнд гэмтэл учруулсан.

Болсон хэрэг явдлын талаар тухайн үед байсан хамт ажиллагсад болох Д.О, Г.Г, А.М нар тайлбар бичиж, хүний нөөцийн албанд хүргүүлсэн. А.А тухайн шөнөдөө эмнэлэгт хүргэгдэж яаралтай хагалгаанд орж хугарсан зүүн гарандаа 10 ширхэг хадаас хадуулж, 15 хоног тасралтгүй тариа тариулж, 45 хоног өдөр бүр физик эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгүүлж 38 хоног ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй ба цалин олгоогүй.

Энэхүү үйлдэл нь А.Мыг зан авир болоод архи уух дуртай, уухаараа агсам гэдгийг дахин нотолж байгаа бөгөөд байгууллагын хүний нөөцийн албанаас түүнтэй уулзалт хийж, А.М болсон явдлыг дэс дараагүй олон дахин худал ярьж, “гэмшиж байна” гэх боловч өөрийгөө илтэд өмөөрөх, А.А дургүйг нь хүргэсний улмаас л барьцалдаж унагаасан гэсэн тайлбар хийсэн. Харин А.Аын зүгээс цагдаад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэвэл А.Мын цаашдын ажил, амьдралд сөргөөр нөлөөлж, хар толбо болон үлдэх тул хамт ажиллагч нөхрөө уучлаад өнгөрөөсөн байдаг. А.Мын зүгээс зөвхөн хагалгааны төлбөр төлж бусад эмчилгээний зардлыг А.А өөрөөсөө гаргаж эмчлүүлсэн.

2.5. Ажил олгогчийн зүгээс А.Мын дээрх удаа дараагийн үйлдэлд анхааруулж, сануулж ирсэн боловч ийнхүү бусдыг зодож гэмтэл учруулах, чөлөө авалгүй ажлын байрыг орхин явах, архи согтууруулах ундаа хэрэглэх, худал хэлэх, хамт олныг айдаст автуулах зэргээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/003 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7,  33/23-29 тоот хөдөлмөрийн гэрээний 4.5.3-т заасныг тус тус үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, шийдвэрийг гардуулсан.

2.6. А.Мын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тул А.Мыг ажилд эгүүлэн авах боломжгүй бөгөөд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, уг хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй.

Иймд ЖЖ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/003 дугаартай А.Мтай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Мыг ЖЖ ХХК -д тээврийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч ЖЖ ХХК -иас 23,881,240 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ЖЖ ХХК -д даалгаж, үлдэх 639,276 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч А.М нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч ЖЖ ХХК -иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчаас дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна

4.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор ... гомдол гаргах эрхтэй гэж заасан” ... А.М нь ... хороонд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хандаж ... Нэхэмжлэгч нь тус шүүхэд дүгнэлтийг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан.” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас өдрөөс хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах зохицуулалт нь тухайн маргаанд хамааралтай байхад өөр төрлийн буюу мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтыг иш татсан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацааг өнгөрөөж дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, гомдол гаргах хугацааг сэргээлгэх талаар шүүхийн шийдвэр гарсан эсэх, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

4.2. Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5-д “ Зохигчид ... А.М нь А.Аын биед гэмтэл учруулсан талаар маргаагүй” гэсэн атлаа 8-д "... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа А.М ажилтан А.Аыг гэмтээсэн үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан, гэмтэл учруулсан, танхайрсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөнийг тогтоосон зүйл байхгүй гэж тайлбарлаж байх ба талууд энэ талаар маргаагүй. Мөн хэрэгт дээрх нөхцөл байдлыг тогтоосон баримт авагдаагүй байна” гэсэн зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Учир нь А.М нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.Аын зүүн гарын бугалгын ясны битүү хугарал гэмтэл учруулсан нь түүний бичгээр гаргасан тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрч А.Аын мэдүүлэг, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, рентген зураг зэрэг баримтуудаар нотлогдоно.

А.Мын бусдын биед гэмтэл учруулсан үйл баримтыг ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд шалган тогтоож, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг анхан шатны шүүх “хууль хяналтын байгууллага шалгасан, хэрэгт дээрх нөхцөл байдлыг тогтоосон баримт авагдаагүй” гэх үндэслэлээр үгүйсгэж, хүчирхийлэл үйлдэгч этгээдийг хаацайлж, хамгаалсан, нэг талыг барьсан дүгнэлт хийжээ.

4.3. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6-д “А.М нь 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр А.Аыг гэмтээсэн", 7-д “Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд А.М нь сахилгын шийтгэл давтан гаргасан гэж тайлбарласан ... Иймд А.Мын үйлдлийг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэж бодит байдлаас зөрүүтэй, талууд маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

Тухайлбал А.М нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.Аыг гэмтээсэн. Хариуцагчийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаан дээр А.М өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан үйл баримтыг түүний "хувийн байдалтай” нь холбож тайлбарласан болохоос “сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх агуулгаар тайлбарлаагүй, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

4.4. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-д "... А.М, А.А болон бусад ажиллагсад нь амралт, зугаалгын зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс 40 орчим километрийн зайд байрладаг Дэмчогийн хийд гэх амралтын газар очсон. А.М архи согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан гэх үйлдлийг компанийн орчин ажлын байранд ажлын цагаар үйлдсэн гэж үзэх боломжгүй.” гэх дүгнэлт үндэслэлгүй.

Учир нь анхан шатны шүүх ажилтны хууль бус үйлдлийг “компанийн орчин, ажлын байранд ажлын цагаар үйлдээгүй” гэж хэт явцуу дүгнэсэн нь буруу бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно” гэж, 7.1.1-д “зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх” гэж, 7.7-д “энэ зүйлд заасан “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх, очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна” гэсэнтэй нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын талаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч шийдвэрт тусгаагүй, няцаалт хийгээгүй байна.

4.5. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9-д "... Иймд дээр дурдсан үндэслэлээр А.Мын гаргасан үйлдэл нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.17, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д заасан зөрчилд хамаарахгүй, ЖЖ ХХК -ийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/003 дугаартай “А.Мтай хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай” тушаал нь хуульд нийцээгүй байх тул А.Мыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.” гэснийг зөвшөөрөхгүй.

Тодруулбал А.Мын гаргасан үйлдэл буюу байгууллага хамт олноороо зохион байгуулсан арга хэмжээний үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар компанийн ажилтанд хүч хэрэглэж, гэмтээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хориглох үйлдэл, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн JJ/23-29 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-т “ ... согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан" гэх ноцтой зөрчилд хамаарна.

Түүнчлэн ажил олгогчоос ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэсний дагуу 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ногдуулсан байхад анхан шатны шүүх түүнийг үнэн, зөв үнэлээгүй, ажил олгогчийн тушаал нь ямар хуулийн аль зүйл, заалттай нийцээгүй талаар дурдаагүй буюу шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг огт заагаагүй байна.

4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох” суурь зарчмыг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчид баримтлах бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй” гэж заасан тул ажил олгогч хүчирхийлэгчийг үл тэвчин хөдөлмөрийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан.

Харин анхан шатны шүүх яагаад, юуны учир хүчирхийлэл үйлдэгч этгээдийг тэвчин хамт ажиллахыг ажил олгогч болон бусад ажилтнуудад тулган хүлээлгэж байгаа, хамт олныг айдаст автуулж, хөдөлмөрлөх таагүй орчныг бий болгож байгаа, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг ажил олгогчоор төлүүлж, хүчирхийлэгчийг бүхий л талаар урамшуулан, хөхүүлэн дэмжиж, буруу жишгийг бий болгож байгааг ойлгохгүй байна.

4.7. ЖЖ ХХК -ийн үндсэн үйл ажиллагаа нь автомашинаар ачаа тээвэрлэх бөгөөд Өмнөговь аймагт ажил хэргээ байнга явуулдаг бөгөөд компанийн албан ёсны хаяг Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар баг тул маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхийн харьяаллыг зөрчсөн шинжтэй байна.

Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03547 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй тул бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч А.М нь хуульд заасан хугацааны дагуу дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн маргаан таслах гурван талт хороонд хандсан.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан тул хэргийн харьяалал зөрчөөгүй.

5.3. Хариуцагч ЖЖ ХХК нь нэхэмжлэгч А.Мыг Хөдөлмөрийн гэрээний 4.5.3, дотоод журмын 6.6.1.7-д заасныг үндэслэн бусдын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл удаа дараа учруулсан мөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийг заасан. Нэхэмжлэгчийг А.Аын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан гэж ярьдаг боловч шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон зүйл байхгүй.

Мөн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн талаар цагдаагийн байгууллагаар шалган нэхэмжлэгчийг гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс тухайн зөрчлийг А.М гаргасан гэж үздэг боловч нэхэмжлэгч нь тухайн зөрчлийг гаргаагүй ба гаргасан гэх нотлох баримт байдаггүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч А.М нь хариуцагч ЖЖ ХХК д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

3. ЖЖ ХХК -ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/003 тоот тушаалаар ажилтан А.Мыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, JJ/23-29 тоот хөдөлмөрийн гэрээний 4.5.3 дахь хэсэгт тус тус заасныг баримталж, үндэслэлийг Тээврийн менежер А.М нь ажлын болон ажлын бус цагаар архи уусан үедээ биеэ хянах чадваргүй, хамт ажилладаг ажилтнуудын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл удаа дараа учруулж байсан, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ажилтанг гэмтээсэн ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.

    

4. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 75 тоот шийдвэрээр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх харилцан тохиролцох боломжгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгожээ.

Харин ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гаргасан тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо ажилтны гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнээгүй бөгөөд ийнхүү дүгнэх нь тухайн байгууллагын эрх хэмжээнд хамаарна.

 

4.1. Харин нэхэмжлэгч А.Маас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх гомдол үндэслэлгүй болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн удирдах байгууллага оршин байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас харьяалалтай холбоотой тайлбар, хүсэлтийг гаргаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх харьяаллыг зөрчөөгүй гэж дүгнэнэ. 

 

6. ЖЖ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Б/49 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар А.Мд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А.М нь дахин сахилгын зөрчил давтан гаргасан эсэх үйл баримтад талууд маргаагүй байхад анхан шатны шүүх ажилтныг давтан зөрчил гаргасан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

 

7. Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д “Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу  ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар нийгмийн хэв журмын бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан” нөхцөлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцжээ. 

 

7.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээр маргааны зарим үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж дүгнэлээ. 

  А.М 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэр бүхий 9 ажилчдын хамт Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Дэмчогийн хийд рүү явж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажилтан А.Аын биед гэмтэл учруулсанд талууд маргаагүй.

А.М нь А.Аын биед гэмт учруулсан үйлдлийг хуулийн дагуу хянан шалгаагүй байдал нь хөдөлмөрийн эрхийн маргаанд түүний гаргасан уг үйлдлийн талаар дүгнэлт хийхэд саад болохгүй юм. А.М, Г.Г нарын тайлбар, А.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг, хариуцагч байгууллагын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн А.Аын биед гэмтэл учирсан нь А.Мын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

8. Талууд хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс дүгнэвэл тэдгээр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллуулах нөхцлийг тохиролцсон байна.  .Мөнхжаргал нь тохиролцсон хуваарийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймагт ээлжээр ажиллаж байсан.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1-д “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцална” гээд 6.6.1.7 “Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин, ажлын байранд ажлын цагаар, ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи, согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан.” гэж, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д “Компанийн тээврийн хэрэгслийн дотор болон компанийн орчин ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, ажлын байр, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.” гэж заасан байх бөгөөд ажилтан А.М уртын ээлжээр ажиллах хуваарьтай байх хугацаанд уг зөрчлийг гаргасан газрыг ажлын орчинд хамааруулж дүгнэхээр байна.  

А.Мын гаргасан үйлдэл нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.6.1.7, Хөдөлмөрийн гэрээний 4.5.3-д заасан зөрчилд хамаарахгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

 

9. Иймд ажилтан А.Мыг хөдөлмөрийн гэрээний 4.5.3-т заасан үндэслэл бий болсон гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/003 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцжээ.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр ЖЖ ХХК -д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай А.Мын гаргасан нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотойгоор үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар “Жавхлан жолоо” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгүүлэх тухай А.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,353 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА