Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/01510

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 09 өдөр

              Дугаар 183/ШШ2023/01510                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л ХХК үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.27-ны өдрийн дугаартай шийдвэрээр "Эс" ХХК-иас 2,939,555,265 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн ба манай компанийн өмчлөлийн контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ба уг ажиллагааны явцад зээлийн барьцаа хөрөнгө болох барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу 2022.10.21-ний өдөр хөрөнгийн үнэлгээчин ажиллуулж, 2022.10.26-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайлан гарсан байх ба манай компанид 2022.10.26-ны өдрийн дугаартай албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн талаар "Үнэлгээний мэдэгдэл" ирүүлсэн. Манай компанийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022.10.17-ны өдрийн тоот албан бичээр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ, ханшийг харгалзан 12,000,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа хүргүүлсэн. Гэтэл манай компанийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, үнэлгээний тайлан нь мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 2 дахин бага үнээр үнэлж байгаа нь манай компанийн хөрөнгийг үнэгүйдүүлж, бидний хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Учир нь: Хөрөнгийн үнэлгээний тайлан болон үнэлгээчний үйл ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн, хөрөнгийн зүйлийн шинж байдал онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн орлогын аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоох, нөгөөтэйгөөр хөрөнгийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн байх ёстой. Түүнчлэн дээрх барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалтай, өөрийн эдэлбэр газартай, 5 давхар контор, үйлчилгээний зориулалтай орчин үеийн засвар тохижилттой, үнэ цэнэ бүхий бие даасан обьект юм. Бодит зах зээл дээр манай компанийн үл хөдлөх хөрөнгөтэй ижил байрлал, зэрэглэл, бүхий контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв талбайн үнэ дунджаар 8,500,000-15,000,000 төгрөгний үнэтэй байх бөгөөд Монгол Улсын зах зээлд үл хөдлөх хөрөнгө төдийгүй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш өдрөөс өдөрт өсч, байгын өсөлттэй байх атал зах зээлийн бодит үнэ, ханшид нийцэхгүй, үндэслэлгүй үнэлгээ гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг үндэслэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

  

Хариуцагчийн 2022.12.02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2592 дугаар шийдвэрээр, Э ХХК, Л ХХК нараас 2,954,690,082 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Төлбөр төлөгч Э ХХК, Л ХХК нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барилга, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  дугаар тогтоолоор хураасан. Битүүмжлэн хураасан хөрөнгийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Л ХХК 12,000,000,000 төгрөгөөр, Э ХХК 14,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Голомт банк нь шинжээч томилох хүсэлтийг тус тус өгсөн. Иймд үнийн санал зөрүүтэй байсан тул 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар тогтоолоор шинжээч С.Ц томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42,55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн шинжээч С.Ц-р үнэлүүлэхэд 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн  тоот үнэлгээг мэдэгдэж, биечлэн болон баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг 12 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 156 мкв талбайтай конторын барилга 1 мкв 8 000 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Иймд хэт доогуур үнэлсэн байх тул үнэлгээг хүчингүй болгож, Шинжээч гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үнэлгээг хуулийн дагуу явагдсан. Мэргэжлийн байгууллага үнэлгээг хийсэн учраас тухайн үнэлгээг бодитой гэж үзэж байна, гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Л ХХК-ийн гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн  дугаартай тогтоолоор Э ХХК, Л ХХК-иудаас 2,939,555,265 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн  барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч буюу Э ХХК, Л ХХК нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Г ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн  дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн  дугаартай тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн  дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байна.

 

Дээрх шүүхийн шийдвэр,  дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр  дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын бүртгэлийн барилга, уг газарт байрлах нэгж талбарын  дугаартай 511 м.кв талбайтай газрыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугар сарын 06-ны өдрийн  дугаар тогтоолоор хураажээ. /х.х-ийн 53,54,57 хуудас /

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Л ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 75 дугаартай албан бичгээр, Э ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 41 дугаартай албан бичгээр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн саналаа хүргүүлсэн байна. /х.х-ийн 60, 61 хуудас/

 

Төлбөр авагчаас төлбөр төлөгч Л ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дугаартай албан бичгээр ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн барилга, уг газарт байрлах нэгж талбарын 80040003 дугаартай 511 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 5,278,700,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /х.х-ийн 63-79 хуудас/

 

Нэхэмжлэгч Л ХХК хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул барилга, уг газарт байрлах нэгж талбарын  дугаартай 511 м.кв талбайтай газрыг 5,278,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан барилга, уг газарт байрлах нэгж талбарын  дугаартай 511 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ