Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/01642

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 17 өдөр  Дугаар 183/ШШ2023/01642  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ББСБ ХХК /РД:5917417/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 53,608,169 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Хариуцагч Э.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Зээлдэгч Э.Г нь манай байгууллагатай 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр  тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19.27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Э.Г-н 2016 онд авсан 16,000,000 төгрөгийн зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүү 9,000,000 төрөг, нийт 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг талууд тооцоо нийлж,  тоот зээлийн гэрээг шинэчилж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээл, хүүний төлбөрт огт төлөлт хийгээгүй. Талууд дээрх 2016 оны зээлийн гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу дуусгавар болгоод 2018 оны гэрээгээр шинэ үүрэг үүсгэсэн, мөн хариуцагчийн төлсөн гэж буй 7 сая төгрөгийн хүү 2018 оны гэрээнээс өмнө төлөгдсөн, уг төлөлтийг хийсний дараа талууд тохиролцоод 25,000,000 төгрөгийн гэрээг байгуулсан, тус гэрээ хүчин төгөлдөр гэрээ учир хариуцагчаас үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 28,608,169 төгрөг, нийт 53,608,169 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ББСБ ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч Э.Г-тэй гэрээ байгуулан. 16,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай. 1 сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох 19,27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч 6 сарын хугацаанд мөнгө төлөөгүй байсан. Талууд тохиролцоод 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлдэгч Э.Г-н үндсэн зээл 16,000,000 төгрөг хэвээрээ хүү нэмэгдээд 14,000,000 төгрөгийн хүү бодогдсон байсан. Э.Г нь тухайн өдөр хүү 14,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд 9,000,000 төгрөгийн нийт 25,000,000 төгрөгийн зээлийн болон хүүгийн өртэй байсан. Талууд дахин тохиролцоод энэ үнийн дүнгээр дахиж хүү тохиролцоод, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээгээ шинжлэн байгуулсан. Гэрээг байгуулснаас хойш хариуцагч зээлээ төлөөгүй. Тухайн зээлийн хүүг 3.5 хувь болгож, үндсэн зээлийн 16,000,000 төгрөг хэвээрээ байгаа. Хүү нэмэгдээд 53,608,153 төгрөгийг гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан Гэвч хариуцагч 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр  тоот зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөг зээлсэн талаар маргаагүй, харин 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг аваагүй тул уг гэрэний дагуу шаардсан шаардлагыг зөвшөөрдөггүй. Иймээс нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр  тоот зээлийн гэрээний дагуу шаардлагаа дэмжиж байх тул үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү 46,080,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 9,209,998 төгрөгийг хасаж үлдэх 36,870,002 төгрөгийн хүү нийт 52,870,002 төгрөгийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Э.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 16,000,000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найзаараа дамжуулаад 4 сая гаран төгрөгийг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл өгөхдөө 2016 оны гэрээгээр нэхэмжлэл гаргасан учраас тухайн мөнгийг оролцуулаагүй байсан. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр зээл авч байснаас 2018 онд зээл аваагүй. Шинээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулахад 5,000,000 төгрөгийг төлсөн. 25,000,000 төгрөгийг гэрээний дагуу аваагүй тул уг гэрээний дагуу шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гэрээг л хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт анх шүүхэд 53,608,169 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийг 52,870,002 төгрөг гаргуулахаар багасгаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Г-д холбогдуулан гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 ББСБ ХХК нь Э.Г-тэй 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр  дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. / х.х 36-40 тал/

 

Дээрх  дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр  дугаартай 19,27 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Дээрх зээлийн гэрээг шинэчлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр  дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардлага гаргаагүй, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр  дугаар зээлийн гэрээний дагуу гаргасан шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн тул шүүх тоот зээлийн гэрээтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Хариуцагч Э.Г, нэхэмжлэгч ББСБ ХХК нар 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Э.Гд 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Э.Г нь 16,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан ба хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хүлээж аваагүй гэж тайлбарладаг.

 

Хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч зээлийн гэрээний дагуу хүүнд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 648,396 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,351,603 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 29,866 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2,180,133 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,059,682 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3,940,317 төгрөг нийт 9,209,998 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд шүүх уг зээлийн төлбөрт төлсөн хүүг хууль болон гэрээнд зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэснээр тооцсон болно.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасан хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран... мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз, авах эрхээ алдах үр дагавар үүсдэг гэж заасан байна. Иймээс нэхэмжлэгч нь зээлийн үйлчилгээ эрхлэх мэргэшсэн хуулийн этгээдийн хувьд гэрээний хугацаа дуусснаас хойшхи 6 жил гарны хугацааны хүү шаардаж байгааг зөвтгөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч зээлийн гэрээг хуульд зааснаар байгуулах үүрэгтэй этгээд бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа этгээдэд үүргээ гүйцэтгүүлэх талаар шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй хэт урт хугацаа алдсан нь Зээлдэгч эдийн засгийн хүнд байдалд орсноор өндөр дүнтэй авлагын бүртгэл үлдэж, зээл эргэн төлөгдөхгүй байх нөхцөл үүсэх эрсдлийг бий болгосныг шүүх зөвтгөхгүй байх тул шүүх 5 жилийн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр  дугаартай барьцааны гэрээ Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байх тул шаардах эрхтэй байна.

Иймд үндсэн үүрэгт 16,000,000 төгрөг, 12 сарын хүү 7,680,000 төгрөг нийт 23,680,000 төгрөгийг хариуцагч Э.Гс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 29,928,169 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, А.Э, Б.Г нарын өмчлөлийн тоот хаягт байршилтай, 19.27 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-с 276,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Г-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,680,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,928,169 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Э, Б.Г нарын өмчлөлийн 19.27 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-с 276,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ