Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 11

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2019/00179 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Т , П.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г д хариуцагдах “Гэм хорын хохирол 3200000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр буюу 2 эм шүдлэн, 2 эм бяруу  гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Г ын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т , П.Б , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн даргаар Б.Боорчи нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т  шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ:  “С.Г  нь 2018 оны 8 сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Даланзадгадын төвөөс Ёлын ам хүрэх засмал зам дагуу 30 гаруй километрийн зайд байсан эм бяруу 1, эр бяруу 1, эм шүдлэн үхэр 2 ширхэг таширт нь дайрсан. Жич: энэ хэрэг Ханхонгор сумын цагдаагийн газар бүртгэлтэй тухайн үед мэдүүлэг өгч гомдол гаргалгүй хаасан. Улсын үнэлгээгээр амаар 1600000 төгрөг төлөх болж шийдсэн боловч тухайн хүн тус мөнгийг төлөхгүй байгаа тул зах зээлийн үнэлгээгээр 3200000 төгрөгийг гаргуулж өгнө үү",

Нэхэмжлэгч Н.Т  нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 3 200 000 төгрөгийн үнэ бүхий 2 эм шүдлэн үхэр 2 эм бяруу үхэр, нийт 4 үхэр С.Г аас нэхэмжилж байна. Иймд С.Г аас 3200000 төгрөгийн үнэтэй дөрвөн тооны буюу 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу үхэр гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Одоо үхрээ 3200000 төгрөгөөр үнэлж байгаа. Гэхдээ энэ нь ноднин жилийн үнэлгээ. Тэр 1600000 төгрөгийн талаар асуухад махны үнэлгээгээр гаргасан байсан. Хариуцагч зах зээлийн үнэлгээг мэдэж байгаа ч зөвшөөрөөгүй учраас үхрийг үхрээр нь нэхэмжилнэ.

 Хамтран нэхэмжлэгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘Нэхэмжлэгч Н.Т тай нэгэн адил 4 тооны үхэр нэхэмжилж байна.  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үнэлгээ тохирохгүй байгаа учраас үхрийг үхрээр нь нэхэмжилж байна”,

Хариуцагч С.Г  шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.Т  нь засмал замд ойр малаа хараа хяналтгүй орхисноос болж ийм үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн энэхүү үйлдлээс болоод миний машин эвдэрсэн. Би машинаа дунд сайханд байрлах засварын газарт Мөнгөнөө гэх  залуугаар 1500000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Дөрвөн үхрийг нийт 1600000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч одоо 3200000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Иймээс Н.Т  малаа засмал замд хараа хяналтгүй орхисон, би дайрсан гээд аль аль талын буруу гэж хувьдаа бодож байна. Би ч мөн машинаа эвдэлсэн аль аль хохирсон гэж үзэж байна”,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн хүнийхээ хувьд Н.Т  нь өөрөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол Н.Т ийн мал засмал зам дээр бэлчээрлэж байсантай шууд шалтгаант холбоотой байхад дээрх үүргээ ухамсарлахгүй хариуцагч С.Г ын санамсар болгоомжгүй үйлдлийг санаатай үйлдэл мэтээр ойлгон үндэслэлгүйгээр 3200000 төгрөгийн үнэ бүхийн 4 үхэр гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч С.Г  өөрийн санамсар болгоомжгүй үйлдэл байгаа гэдгээ ухамсарлан, хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээгээр гарсан 1600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч Н.Т  мөн адил 1600000 төгрөг авахаар харилцан 1 тохиролцсон талаараа ярьдаг. Яагаад гэнэт ярилцан тохиролцсон мөнгөө 2 дахин нугалж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн дүн нь аманд орсон тоогоо хэлээд нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2019/00179 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г аас 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу нийт 4 тооны үхрийг /3 200 000 төгрөгийн үнэ бүхий/ гаргуулан нэхэмжлэгч Н.Т , П.Б нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66150 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г аас 66150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, мөн хуулийн 63 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрх зүйн үр дагавар, дарааллын хувьд осол болсноор С.Г  нь Н.Т т учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэг үүссэн.

Бусдын малыг дайрсан тухайн тохиолдолд Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар адил тоо, чанарын мал өгөх, эсхүл мөнгөөр хохирлыг нөхөн төлөх гэсэн хоёр хувилбар байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, баримтаас үзэхэд 4 үхрийг мөнгөөр нөхөн төлөх, 4 үхрийг нийт 1600000 төгрөгөөр үнэлэх талаар талууд харилцан тохиролцож хэлцэл байгуулсан болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр хохирлыг нөхөн төлөх нь гэрээний үүрэг бус боловч түүнийг хэрхэн төлж барагдуулах талаар талууд сайн дураараа хэлцэл байгуулсан өдрөөс хойш энэ нь гэрээний үүргийн харилцаа болно.

Гэвч нэхэмжлэгчийн зүгээс үхрийг нэхэмжилж, үнийн дүнг нь нэмэгдүүлж байгаа нь шударга бус байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь тухайн үүргээ биелүүлэлгүй бод малаа зам дагуу эзэнгүй орхин нүүж явсан талаараа тайлбарладаг. Энэ байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын хэтэрхий болгоомжгүй байдлын улмаас осол гарах болсон шууд шалтгаант холбоотой гэдэг нь харагдаж байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, гомдлыг хүлээн авч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Давж заалдах шатны шүүх нь хариуцагч С.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацралын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Н.Т  нь хариуцагч С.Г аас гэм хорын хохиролд буюу 4 үхрийн үнэ 3200000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа эд хөрөнгийн үнийг бус, эд хөрөнгөөр буюу 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу гаргуулах гэж өөрчилж, хамтран нэхэмжлэгчээр П.Б оролцжээ.

Нэхэмжлэгч нар нь гэм хорын хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хурд хэтрүүлснээс мал гарах анхааруулсан тэмдэглээгээтэй газар үхэр дайрсан жолоочийн хууль бус үйлдэл“-ээс учирсан гэж тодорхойлж, ослын талаар гарсан шинжээчийн дүгнэлт гэх зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

С.Г  нь Фургон маркийн, 49-53 улсын дугаартай  автомашиныг  жолоодож явахдаа 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баяндалай Даланзадгад сумын чиглэлийн засмал зам дээр буюу Даланзадгадаас баруун хойш 30 км орчимд Н.Т , П.Б нарын өмчлөлийн 4 үхрийг дайрч зам тээврийн осол гаргасан, ослын улмаас үхэр үхсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. 

Хариуцагч тал нь тээврийн хэрэгслийн жолооч С.Г  зам тээврийн осол гаргасан, уг үйлдэлдээ гэм буруутай тухайд маргаагүй, харин эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгах арга буюу гэм хор учрахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тул хариуцах гэм хорын хэмжээг багасгах, Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээ болох 1600000 төгрөгөөр хохирлыг барагдуулах, нэхэмжлэлийн шаардлага тодорхой гэж маргасан байна.

Шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад С.Г ыг “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн буруутай” гэсэн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буяннэмэхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 29 тоот дүгнэлтэд үндэслэн шийдвэрээ гаргасан байна. /хэргийн 14 дүгээр хуудас/

Зөрчлийн хэрэгт гарсан уг дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт гэж үзэхгүй боловч уг баримтад Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтаар үнэлэх боломжтой.

С.Г  нь энэ дүгнэлтэд гомдол гаргаагүй, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй байх тул уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Б шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо дээрх дүгнэлтээр тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн мэдүүлэг өгөөгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна./хэргийн 193 дугаар хуудас/

Иймд Иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1 дэх хэсэгт зааснаар С.Г д гэм хорыг арилгах үүрэг үүссэн байна. С.Г  нь гэм буруугүй болохоо нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.                                                                                                                     Хариуцагч С.Г  нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, өөрийн тайлбарыг нотолсон баримтыг болон шинжээч томилуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргаагүй байна.

“Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээ нь /хэргийн 50 дугаар хуудас/ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй тул түүнийг хэрэгт хамааралгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн осол болох үеийн зах зээлийн үнээр нэг эм бярууг 600000 төгрөг, нэг эм шүдлэн үхрийг 1000000 төгрөг үнэлж нийт 4 үхрийг 3200000 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсныг хариуцагч няцааж чадаагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Түүнчлэн гэм хор арилгуулах эрхийг зохицуулсан мөн хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, сэргээх үүргээ адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах  зэргээр гүйцэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан байх тул  үхрийг адил нас, хүйсийн үхэр авч гэм хороо арилгуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын шаардлага үндэслэлтэй.

Харин авагдсан баримтаар гэм хор учрах болон түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт  “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хохирлын хэмжээг багасгах боломжгүй гэж үзнэ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тогтоосон журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд шүүх хариуцагч С.Г аас 2 эм бяруу, 2 эм шүдлэн үхэр гаргуулж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн гэм хорын хохирлыг 1600000 төгрөгийн хэмжээнд төлнө гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж бичээгүй байх тул  энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2019/000179 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...2 эм шүдлэн үхэр” гэсний дараа “/1 эм шүдлэн үхэр 1000000 төгрөг буюу 1000000х2=2000000 төгрөгийн үнэ бүхий/ ” гэж, “2 эм бяруу” гэсний дараа “/1 эм бяруу 600000 төгрөг буюу 600000х2=1200000 төгрөгийн үнэ бүхий/” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж гаргахдаа Голомт банкны 1165117377 тоот дансанд төлсөн 66150 төгрөгнөөс 25600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-т  зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэйг, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг,  шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

                           ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА

                                                                               Т.БЯМБАЖАВ