Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 179

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баахууз овогт Н.Т /РД:................../, Өмнөговь аймгийн Хүрмэн сум, 3 дугаар баг, ..................... тоот

                       Хамтран нэхэмжлэгч: Боржгон овогт П.Б  /РД:................../, Өмнөговь аймгийн Хүрмэн сум, 3 дугаар баг, ......................... тоот

            Хариуцагч: Дорж овогт С.Г  /РД:......................./, Өмнөговь аймгийн Сэврэй сум, .................. багт

            Гэм хорын хохиролд 3 200 000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр буюу 2 эм шүдлэн, 2 эм бяруу гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т , хамтран нэхэмжлэгч П.Б , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Нармандах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , гэрч Э.Б , иргэдийн төлөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “С.Г  нь 2018 оны 08 сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Даланзадгадын төвөөс Ёлын ам хүрэх засмал зам дагуу 30 гаруй километрийн зайд байсан дөрвөн ширхэг үхэр, эм бяруу 1, эр бяруу 1, эм шүдлэн үхэр 2 ширхэг таширт нь дайрсан. Жич: энэ хэрэг Ханхонгор сумын цагдаагийн газар бүртгэлтэй тухайн үед мэдүүлэг өгч гомдол гаргалгүй хаасан. Улсын үнэлгээгээр амаар 1 600 000 төгрөг төлөх болж шийдсэн боловч тухайн хүн тус мөнгийг төлөхгүй байгаа тул зах зээлийн үнэлгээгээр 3 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Н.Т  нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч С.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Фургон маркийн 49-53 улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг буюу Даланзадгад сумын төвөөс Ёлын ам хүрэх засмал дагуу 30 км орчимд Н.Т  миний өмчлөлийн 4 үхрийг дайрч зам тээврийн осол гаргасан. С.Г ын энэ үйлдэлд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн дүгнэлт гарсан. Осол гарсан гэх газарт анхааруулах тэмдэг байсан болно. Миний бие хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд 3 200 000 төгрөг нэхэмжилж байсан билээ. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 3 200 000 төгрөгийн үнэ бүхий 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу үхэр, нийт 4 үхэр С.Г аас нэхэмжилж байна. Иймд С.Г аас 3 200 000 төгрөгийн үнэтэй дөрвөн тооны буюу 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу үхэр гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоо би 4 үхрээ 3 200 000 төгрөгөөр үнэлж байгаа. Гэхдээ энэ нь ноднин жилийн үнэлгээ. Тэр 1 600 000 төгрөгийн талаар асуухад махны үнэлгээгээр гаргасан байсан. Хариуцагч зах зээлийн үнэлгээг мэдэж байгаа ч хэрэгжүүлээгүй учраас үхрийг үхрээр нь нэхэмжилж байна” гэв. 

Хамтран нэхэмжлэгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нэхэмжлэлийн талаар байр суурь нэхэмжлэгч Н.Т тай адил болно. Нэхэмжлэгч Н.Т тай нэгэн адил 4 тооны үхэр нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үнэлгээ тохирохгүй байгаа учраас үхрийг үхрээр нь нэхэмжилж байна” гэв.

Хариуцагч С.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн үед Баярдалайгаас Даланзадгад орох засмал зам дагуу аймгаас 30-35 километр зайд явж байтал урдаас ирж явсан 2 автомашин гэрлээ шилжүүлээгүй улмаар анивчуулж гэрлийн гялбаанд орж хурдаа хасан тоормос гишгэсэн боловч зөрөх агшинд дөрвөн үхэр дайрагдсан. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд засмал замд 50 метр дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Бас зам дээр ердийн хөсөг малийг хараа хяналтгүй эзэнгүй орхихыг хориглоно гэсэн байдаг. Иймээс Н.Т  нь засмал замд ойр малаа хараа хяналтгүй орхисноос болж ийм үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн энэхүү үйлдлээс болоод машин эвдэрсэн. Би машинаа дунд сайханд байрлах засвартай Мөнгөнөө гэх залуугаар 1 500 000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Дөрвөн үхрийг нийт 1 600 000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. Гэвч одоо 3 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Иймээс Н.Т  малаа засмал замд хараа хяналтгүй орхисон, би дайрсан гээд аль аль талын буруу гэж хувьдаа бодож байна. Би ч мөн машинаа эвдэлсэн аль аль хохирсон гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч С.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  миний бие нэхэмжлэгч Н.Т ийн 4 үхэр гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Т  нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт зааснаар мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 з.д “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэсэн заалтыг биелүүлээгүй нь харагддаг. Иргэн хүнийхээ хувьд Н.Т  нь өөрөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол Н.Т ийн мал засмал зам дээр бэлчээрлэж байсантай шууд шалтгаант холбоотой байхад дээрх үүргээ ухамсарлахгүй хариуцагч С.Г ын санамсар болгоомжгүй үйлдлийг санаатай үйлдэл мэтээр ойлгон үндэслэлгүйгээр 3200000 төгрөгийн үнэ бүхийн 4 үхэр гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч С.Г  өөрийн санамсар болгоомжгүй үйлдэл байгаа гэдгээ ухамсарлан, хэргийн үйл баримтыг үгүйсгээгүй, Ашид билгүүн ХХК-ний үнэлгээгээр гарсан 1.600.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч Н.Т  мөн адил 1.600.000 төгрөг авахаар харилцан тохиролцсон талаараа ярьдаг. Яагаад гэнэт ярилцан тохиролцсон мөнгөө 2 дахин нугалж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. 2018 оны 8 сард мал, махны үнэ ханш харьцангуй хямд байсан. Одоо үеийн зах зээлийн ханшаар үхрийн үнэ түрүү оныхоос хэд дахин өссөн байгаа нь мах иддэг монгол хүн бүр мэдэж байгаа учраас үхэр худалдаж авч өгөх боломжгүй болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Т  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасныг баримтлаагүй. Иймд нэхэмжлэгч Н.Т ийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр төлөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 101.3 дахь хэсэгт заасныг биелүүлээгүй гэж үзэж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн “засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно” гэснийг мөрдөөгүй нь тухайн осол болох шууд шалтгаант холбоотой. Нэхэмжлэгч тал нь малын тэмдэг тэмдэглээтэй газар дайрсан гэж байна. Энэ тэмдэг тэмдэглэгээ нь мал тууж гаргах газар гэсэн анхааруулга юм. Мал тууж гарахдаа аль болох түргэн, бөөнөөр нь тууж гаргах бөгөөд энэ үед ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн зохицуулалт байдаг. Тухайн тэмдэглэгээ нь мал байхыг зөвшөөрсөн тэмдэглэгээ биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн дүн нь аманд орсон тоогоо хэлээд нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм гэж үзэж байгаа учраас энэ нь өөрөө хуулиа зөрчсөн асуудал учраас татгалзлыг нотлох шаардлагагүй гэж үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйл болон 514.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэдэг нь нэхэмжлэгч нарын замын хөдөлгөөний дүрэм журам, үүргээ биелүүлээгүйгээс харагдаж байна гэж үзээд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ 1600 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцож байна. Өмнөх тайлбараа бүрэн дэмжиж байна. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт нь хэрэг учрал болсон 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ханшаар гарсан бодит үнэлгээ гэдэг нь харагддаг. С.Г  нь үйл баримт хүлээн зөвшөөрөхгүй, хариуцлагаас бултсан зүйл байхгүй. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг бодит үнэлгээ гэж үзэж төлөхөө дахин дахин хэлдэг. Ийм учраас нэхэмжлэгч нар нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг сахин биелүүлээгүйгээс энэ хэрэг гарах шалтгаант холбоотой гэдэг үүднээс үзэж мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг багасгаад 1 600 000 төгрөгийн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т  хариуцагч С.Г д холбогдуулан 2 шүдлэн үхэр, 2 бярууны үнэ 3 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Н.Т  хариуцагч С.Г д холбогдуулан 3 200 000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр буюу 2 эм шүдлэн, 2 эм бяруу гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

С.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Даланзадгад сумаас хойд зүгт 30 км-т Баяндалай сум хүрэх засмал зам дээр 4 үхрийг дайрч зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч С.Г ын дайрсан гэх 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу нь Н.Т , П.Б нарын өмчлөлийнх болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх ба эдгээр үхрийн нас, хүйс, тооны талаар талууд маргаагүй, хариуцагч үүнийг баримтаар няцаагаагүй байна.

Хариуцагч нь хохирол 1 600 000 төгрөг төлнө гэснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүйн улмаас 3 200 000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны үхэр буюу 2 эм шүдлэн, 2 эм бяруу гаргуулахаар талууд мэтгэлцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “4 үхрийг дайрсан үйл баримтын хувьд маргах зүйлгүй, гагцхүү уг осол болох үед хохирогчийн буюу нэхэмжлэгч талын хайнга буруутай үйл ажиллагаа байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг харгалзан, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 1 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэж мэтгэлцэж байна.

         С.Г ыг энэ осолд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай гэж 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 29 тоот дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагааны талаар дурдаагүй байх ба хариуцагч нь энэхүү татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болох боловч дээрхи нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн С.Г  нь эд хөрөнгийн байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх гэм хорын хэмжээг багасгах боломжгүй гэж үзлээ.

Хариуцагч С.Г  нь П.Б , Н.Т  нарын өмчлөлийн 2 эм шүдлэн үхэр, 2 эм бярууг дайрч хохирол учруулсан байх тул тэрээр Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлд зааснаар хохирлыг хариуцан арилгах үүрэгтэйн гадна өөрийнхөө гэм буруугүй гэдгээ нотлохгүй байна.

Иймд хариуцагч С.Г аас 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу нийт 4 тооны үхрийг /3 200 000 төгрөгийн үнэ бүхий/ гаргуулж, нэхэмжлэгч Н.Т , П.Б нарт олгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал нь 4 тооны үхрээ 3 200 000 төгрөгөөр үнэлнэ гэж тодорхойлсон болохоос мөнгөн төлбөр гаргуулах үүргийг шаардаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр гарсан 1 600 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар гаргаж байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г аас 2 эм шүдлэн үхэр, 2 эм бяруу нийт 4 тооны үхрийг /3 200 000 төгрөгийн үнэ бүхий/ гаргуулан нэхэмжлэгч Н.Т , П.Б нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г аас 66 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОТГОНСҮРЭН

                                                      ШҮҮГЧ                           Р.УРАНЧИМЭГ

                                                                                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН