Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1610

 

“МД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01952 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “МД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.С-т холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

хариуцагч БНСУ-ын иргэн ПСГ /Pae Sang Gon/ болон “МД” ХХК-д холбогдох Гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох, хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгож, гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай Ч.С-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “МД” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “МД” ХХК-ийн өмгөөлөгч Э.Х, хариуцагч Ч.С-ийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч БНСУ-ын иргэн ПСГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн дагуу бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “МД” ХХК-ийн өмч хөрөнгөнд тооцогдох улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Ч.С-с гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.2, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.14-т компанийн дотоод журамд заасан гэх агуулга байгаа. Компанийн дүрэмд зааснаар компанийн байранд гэрчилгээг хадгалах гэсэн заалт ч байдаг. Иймд хариуцагч Ч.С-с хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн маргаан биш буюу ажил олгогч нь “МД” ХХК биш. Хэрэв талууд хоорондоо гэрээтэй байсан бол гэрээгээрээ хариуцах ёстой байсан. Нэхэмжлэгч Ч.С нь өөрөө компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байтал компанийг хариуцагчаар татах нь буруу. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэл тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл 2018 оны 9 дүгээр 06-ны өдөр 70.200 төгрөг төлсөн байна. Энэ шаардлага нь зөвхөн “МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдож байна. Харин төлөөлөн удирдах зөвлөлийг тогтоосон хувьцаа эзэмшигчийн хуралтай холбоотой шаардлага гаргаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэр үндэслэлтэй эсэх дээр мэтгэлцэх шаардлага байхгүй ба “МД” ХХК-д хамааралгүй. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. Улсын тэмдэгтийн хураамж 1.292.150 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах биш харин хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэж төлсөн. Тиймээс хөдөлмөрийн маргаан биш тул 315.000.000 төгрөгийн хүрээнд өнөөдөр мэтгэлцэхгүй. Нэхэмжлэгч Ч.С нь иргэний хувьд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч “МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргаж байна гэж тайлбарлаж байна. Хувьцаа эзэмшигчийн зүгээс Компанийн тухай хуулинд заасан тодорхой шаардлагуудыг л гаргана. ПСГ-г томилсон шийдвэр дээр маргаж байгаа бол ПСГ-г гуравдагч этгээдээр оруулах талаар ярих байсан. Өнөөдрийг хүртэл хуулийн ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгааг тодорхой бус. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8 дугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон ба тус компанийн 11 хувийн хувьцааг өмчлөгч. Гүйцэтгэх захирлыг ажилд авах, томилох тухай 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “МД” ХХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор намайг ажлаас хууль бусаар чөлөөлж миний эрхийг зөрчсөн. Уг тогтоолд гарын үсэг зурсан төлөөлөн удидах зөвлөлийн даргыг би мэдэхгүй. Өмнөх төлөөлөн удидах зөвлөлийг татан буулгаагүй. Компанийн хувьд гүйцэтгэх удирдлагатай хөдөлмөрийн харилцаа үүсгэх этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл эсвэл хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Тухайн үед бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй байсан. Хариуцагч тал цалинтай холбоотой асуудлаар мэтгэлцэхгүй гэж тайлбарлаж байна. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад ТУЗ-ийн шийдвэртэй холбоотой шаардлагыг дурдсан. ПСГ-г томилсон шийдвэрүүд нь хууль бус тул хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч “МД” ХХК-ийг анх Виржинийн арлуудад байрладаг “ГКИ” гэх хуулийн этгээд үүсгэсэн. Уг компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг тус компани 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.С хариуцагч “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг томилох эрхтэй гэх заалтад нийцүүлэн шийдвэр гаргасан.       Нэхэмжлэгч Ч.Сг нь хариуцагч “МД” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа үүссэн6 Энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр БНСУ-ын иргэн, Япон улсын иргэн, Ч.С гэх 3 гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж, гишүүнээр томилогдсоноор компанийн удирдлагыг хэрэгжүүлэх болсон. Хариуцагч “МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр нэг бүр нь 10.000 төгрөгийн үнэтэй 2.988 ширхэг хувьцаа нэмж гаргаж, 2017 оны 9 дүгээр сарны 26-ны өдөр Ч.С 2.988 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эрх шилжүүлэн Ч.С эзэмшилд шилжүүлсэн тул нэхэмжлэгч Ч.С тус компанийн хувьцаа эзэмшигч болсон. Хариуцагч “МД” ХХК-ийн том хувь нийлүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийг энэ компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, БНСУ-ын иргэн ПСГ-г гүйцэтгэх захирлаар томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан, тухайн албан тушаалын цалин, урамшуулал авах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч “МД” ХХК-ийн том хувь нийлүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын 2 шийдвэрээр Ч.С төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Япон Улсын иргэн ЦА-г түүний оронд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь нэхэмжлэгчийн компанийн удирдлагад оролцох эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэр болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 14-өөс доошгүй хоногийн өмнө зарласан байх ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрүүд нэг өдөр гарсан. Хуульд заасан мэдэх эрхийг хангаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9.4.7-д заасан зөрчигдсөн эрхийг сэргээх, 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх эрхийн хамгаалалтанд орох хууль ёсны шаардлага юм. Нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул энэ хугацааны цалин, хөлсийг шаардах эрхтэй. “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхлаа сар бүр 18.000.000 төгрөгийн цалин авдаг байсан гэдэг нь нийгмийн даатгалын төлөлтөөр нотлогдож байгаа. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 315.000.000 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар тус тус хянан шийдвэрлэх үндэслэлтэй. Хариуцагч “МД” ХХК-ийн 89 хувийн хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийн хууль бус шийдвэрийг үндэслэн БНСУ-ын иргэн ПСГ-ийн компанийн гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэх үйл ажиллагааг таслан зогсоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль бус шийдвэрийн үндсэн дээр томилогдсон этгээд компанийн гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлж нэхэмжлэгч Ч.С хариуцагч “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэх эрхийг зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан.  Үүнийг Иргэний хуулийн 9.4.2-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, сэргээх эрхийн хамгаалалтанд хамаарч байна. Хариуцагч “МД”   ХХК-иас нэхэмжлэгч Ч.С-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ар гаргасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-д олгосон итгэмжлэлийг хууль бус шийдвэрээр томилогдсон ПСГ итгэмжлэл олгосон. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл ПСГ нь хариуцагч “МД” ХХК-ийг төлөөлөх эрхгүй үзэж байгаа тул нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэгч Ч.С-с хариуцагч “МД” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч “МД” ХХК-иас гаргасан нэхэмжлэгч Ч.С холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ПСГ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр БНСУ-ын иргэн ПСГ компанийн байранд хамгаалагч, боксчин зэрэг хүмүүсийн хамт хүч хэрэглэн далайлгаж компанийн үйл ажиллагаа, тамга тэмдэгийг гартаа оруулсан. Мөн өөрийгөө гүйцэтгэх захирал хэмээн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан учраас Н.Б-ийг гэрчээр асуулгаж, мэдүүлгээс харахад ПСГ ямар нэгэн хүч хэрэглээгүй байна.  Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, томилох асуудал нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийн асуудал. Гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, шинээр томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх ажлыг хийх үүргийг Н.А төлөөлөгчид итгэмжлэлээр өгсөн. Төлөөлөгч Н.А улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс биш ПСГ өөрөө өөрийгөө бүртгүүлсэн үйл баримт болон хууль зүйн үндэслэл байхгүй.

Гомдлоор хянан шийдвэрлэх хэргийн нэг тал нь төрийн байгууллага байх шаардлагатай. Аж ахуйн нэгж бол төрийн байгууллага биш. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.5-т аж ахуйн нэгж гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж зааснаас харахад захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй төрийн өмчит аж ахуйн нэгжийн маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх болж байна. Иргэний хуулийн 14 дүгээр бүлэн бол тусгай бүлэг. Төрийн байгууллагатай холбоотой маргааныг гомдлоор авч хэлэлцдэг практик байдаг. Иргэний хуулийн 14 дүгээр бүлгийг үндэслэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 76 дугаар зүйлийн 76.1.8.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “МД" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.С-ийг хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч “МД” ХХК-нд даалгаж, нэхэмжлэгч Ч.С-ийн гаргасан хариуцагч БНСУ-ын иргэн ПСГ /Pae Sang Gon/-д холбогдох гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “МД” ХХК-иас 198.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.С-т олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “МД” ХХК-ийн гаргасан хариуцагч Ч.С-т холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1, 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 60.1.-д тус тус нэхэмжлэгч Ч.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.288.350 төгрөг, нэхэмжлэгч “МД” ХХК-ийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.С-с дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлж, хариуцагч “МД” ХХК-иас 1.288.350 төгрийг гаргуулж нэхэмжлэгч Ч.С-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “МД” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.С-ийн заналхийллийн улмаас “МД” ХХК-ийн оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болоод байна. Хууль ёсоор бол компанийн байранд хадгалагдах учиртай “МД” ХХК-ийн төрөл бүрийн баримт бичиг, тэр дундаа гэрчилгээнүүдийг гүйцэтгэх захирлын албан тушаалаа ашиглан биедээ авч яван өөрийн хувийн эзэмшлийн газарт хадгалах болсон бөгөөд ажлаас халагдсаныхаа дараа ч компанид буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь “МД” ХХК-г булаан авах гэсэн оролдлогын нэг хэсэг гэж үзэхээр хууль бус үйлдэл юм. Мөн Ч.Са “МД” ХХК-ийн борлуулалтын 80 хувийг бүрдүүлдэг Нонгшим брэндийн бизнесийг өөртөө авахыг оролдож, 2018 оны 1 сард ажлаас чөлөөлөгдсөний дараа “МД” ХХК удахгүй дампуурах болсон тул Нонгшимийн бизнесийг Монголиан "СД" ХХК-д шилжүүлж өгөөч. Би тэр компанийн удирдлагаар очих болно" гэсэн агуулгатай зүйл ярьсан гэдгийг "НШ" ХХК-ийн зүгээс бидэнд мэдэгдсэн. Төлөөлөн удирдах зөвлөлөөс эрсдэлийг тооцоолж Компанийн тухай хуулийн 83.15, "МД" Компанийн дүрмийн 11.12, 11.24 дэх хэсгийг тус тус үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ашиг сонирхлын зөрчил бүхий Ч.С-с бусад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ээлжит бус хурал зохион байгуулах зарыг хүргэсэн. Өс санасан үйлдлээр “МД” ХХК-ийг авах гэсэн оролдлогыг хийсээр ирсэн Ч.С-ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэх төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцуулахгүй болсон нь түүний хууль бус ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй бөгөөд компанийн үндсэн хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалж, "МД"-ийн аюулгүй байдлын хянахын тулд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдэд хурлын зарыг мэдэгдээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Компаний дүрмийн 11.12-д зааснаар ээлжит бус хурлыг зохион байгуулахдаа хамгийн багадаа 14 өдрийн өмнө зарлах ёстой ба дийлэнх (2/3) нь санал нэгтэй байгаа тохиолдолд 14 өдрөөр хязгаарлах шаардлагагүйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлаж болно гэсэн байдаг. Зарлагдсан даруйд буюу 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ТУЗ-ийн ээлжит бус хурал зохион байгуулагдсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Ч.С-ийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулж түүний оронд ПСГ-ыг томилохоор шийдсэн. Үүнийгээ 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Ч.С-т мэдэгдсэн. Ч.С нь өөрийг нь томилсон үндсэн хувьцаа эзэмшигч итгэлийг алдсан үйлдэл хийсээр ирсэн учраас 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийн дагуу үндсэн хувьцаа эзэмшигчийн тогтоолоор Ч.С-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс огцруулах шийдвэр гаргасан. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурал бус үндсэн хувьцаа эзэмшигчийн тогтоол юм. Зохистойгоор хийсэн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын шийдвэр болон үндсэн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд хууль ёсны өмчлөгийн өмчлөх эрх хэрэгжихгүй болж, үнэмлэхүй хувьцаа эзэмшигчийн хууль ёсны давамгай байдал “МД” ХХК-д хэрэгжих боломжгүй юм. Хөрөнгө оруулагчийн хувьцааг хууль ёсоор хамгаалж чадахгүй бол, хувьцааг булаан авах ажил нь хуулиар зөвшөөрөгдсөн мэт болно. Бүтэц зохион байгуулалт нь тодорхой бус компани нь сүйрэхээс өөр аргагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “МД” ХХК нь хариуцагч Ч.С-т холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба хариуцагч Ч.С нь хариуцагч БНСУ-ын иргэн ПСГ болон “МД” ХХК-д  тус тус холбогдуулан гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, ТУЗ-ийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 315 000 000 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч “МД” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

“МД” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нийт  хувьцааны 89 хувийг Их Вританийн Виржиний аралд бүртгэлтэй “ГКИ” ХХК, 11 хувийг Монгол Улсын иргэн Ч.Снар тус тус эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “МД ХХК-ийн дүрэм зэргээр тогтоогдож байх тул хувьцаа эзэмшигч Ч.С Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. /х.х-ийн 8-35, 2-р х.х-ийн 27-31/

“МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Ч.С-ийг тус компанийн гүйцэтгэх захирлаар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр ТУЗ-ийн гишүүнээр тус тус томилсон байх бөгөөд бичгээр гэрээ хийгдээгүй боловч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

“МД” ХХК-ийн хувьцааны 89 хувийн хувьцааг эзэмшигч “ГКИ” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.С-ийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон ТУЗ-ийн гишүүнээс, тус компанийн ТУЗ-ийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Ч.С-ийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын албан тушаалаас тус тус чөлөөлж, Япон улсын иргэн ЦА төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ. /хх-ийн 108-121/

Анхан шатны шүүх Ч.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.4, 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

“МД” ХХК-ийн хувьцааны 89 хувийн хувьцааг эзэмшигч “ГКИ” ХХК-ийн болон тус компанийн ТУЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, тогтоолыг гаргахдаа тус компанийн нөгөө хувьцаа эзэмшигч Ч.С-ийн Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан  хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхийг зөрчсөн байхаас гадна хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулахдаа  мөн хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл,  “МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлыг хэний санал, шаардлагаар ямар үндэслэлээр хуралдуулсан нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдах болсон талаар тус компанийн нөгөө хувьцаа эзэмшигч Ч.С-т мэдэгдээгүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй гэж заасан боловч энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нөгөө хувьцаа эзэмшигчид мэдэгдэхгүйгээр гаргасан шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хөдөлмөрийн эрх зүйн бус харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа болохыг, тухайн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж буй “МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүх  “МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

“МД” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолд  Ч.С-ийг “компанийн бизнесийг хууль бус аргаар хувьдаа эзэмшихийг завдсан, компанийн удирдлага болон гишүүдийн итгэлийг удаа дараа эвдсэн” гэж байгаа боловч уг тогтоолд заасан үндэслэлийг  нотолсон   баримт хэрэгт авагдаагүй, Ч.С-ийн гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авсан боловч “МД” ХХК-ийн зүгээс хуульд заасан хугацаанд энэ талаар үндэслэлтэй тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

“МД” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, Ч.С-ийг “МС” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, “МД” ХХК-иас 198 000 000 төгрөгийг гаргуулж Ч.С олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Шүүх  хариуцагч Ч.С-ийн гаргасан БНСУ-ын иргэн ПСГ холбогдох гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “МД”     ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Ч.С-ийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “МД” ХХК-ийн гаргасан хариуцагч Ч.С-т холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага хангасан шийдвэрийг гаргаснаа нэхэмжлэгч нотлоогүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэгч “МД” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МД” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/01952 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МД” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “МД” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 358 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

     

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                

                                ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                     Н.БАТЗОРИГ