Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01921

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01921

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ББСБ ХХК /РД:5013348/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 46,827,276 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Хариуцагч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 46,827,276 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Зээлдэгч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр № тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 18 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийг нэг сарын 4.3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.Мтой байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Б.Мс 14,482,582 төгрөг, зээлийн хүүнд 24,716,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,678,288 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 2,950,000 төгрөг нийт 46,827,276 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн тоот гэрээг, барьцааны  тоот гэрээний дагуу  18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалсан. Зээл болон барьцааны гэрээг байгуулан наториатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлж 14,482,512.12 төгрөгийг 4,3 хувийн хүүтэй зээлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн зээлийн хүүнд 24,716,480 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 4,678,288 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Харин барьцааны гэрээтэй холбоотой хууль зүй туслалцаа авсан 2,900,000 төгрөгийн шаардлагаасаа манай тал татгалзаж байна. Учир нь үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 43,877,276 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Намайг 1 дүгээр курсад байхад буюу 2018 онд энэ зээлийг авсан. Эмээ маань П.Р гэдэг хүн байгаа. Бид хоёрт орлого гэх зүйл байхгүй байхад байрыг барьцаалаад зээл гаргаж өгсөн. Тухайн компани судалгаа хийгээгүй гэж харж байна. Эмээ маань 2002 оны хавьцаа л намайг бага байхад хамтран өмчлөгчөөр хэнд ч хэлэлгүйгээр оруулсан байсан. Тухайн асуудал нь намайг хэцүү байдалд оруулж байна. Эмээ маань үр хүүхэд байхгүй, боловсролгүй хүн байдаг. Эмээгийн төрсөн дүү болох О гэдэг хүн төрсөн эгчийгээ залилаж, байрыг нь барьцаалан зээл авсан. Би өнөөдрийг хүртэл хохироод банкны найдваргүй зээлдэгч болж, хар дансанд орсон. Зээл авах ямар ч боломж байхгүй. Тухайн зээлийн 14,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй. н.О, н.Б гэдэг хүмүүс эмээг хууран мэхлэж, мөнгийг нь авсан. Өнөөдөр би санхүүгээрээ боолгуулж байна. 4 жилийн хугацаанд өөрийн чадах хэмжээгээр л явж байна. Одоо бол үнэхээр шантарч байна. Эмээгийн нэг өрөө байрыг худалдан борлуулаад нэхэмжлэлийн шаардлага болох мөнгийг гаргуулж авахад эмээд очих газар байхгүй. Энэ байранд насаараа амьдарч байгаа. Тухайн хорооны Засаг дарга болон бусад хүмүүс бүгд мэддэг. Байрандаа нэг ч удаа засвар хийгээгүй. Эмээг гэх хүн байхгүй, би л байрны мөнгийг төлж, мах шөлийг нь дөхүүлж өгдөг. Эмээ бид хоёрыг хууран мэхлэж гарын үсэг зуруулсан. Эмээ маань 74 настай өндөр настай хүн байраа хураалгаад очих газар байхгүй, харж хандах хүнгүй бөгөөд эмээгээ асрамжийн газар өгөх ч хэцүү хүнд байна. Би өөрөө ч орох оронгүй гадуур айл хэсэж, буудлаар хонож явж байна. Өөр хэлэх зүйл байхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт анх шүүхэд 32,379,452 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийг 43,877,276 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Мд холбогдуулан гаргаж байна.

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК-иас хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,379,452 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний үүрэгт 46,877,276 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,950,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 43,877,276 төгрөг гаргуулах, барьцааны зүйл болох орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.  

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 ББСБ ХХК нь Б.Мтой 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №З дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 4,3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ /х.х-ийн 7-8 тал/

 

Дээрх № дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  18 м.кв талбайтай орон сууцыг барьцаалжээ./х.х-ийн 9-12 тал/

 

Барьцааны зүйл болох  18 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч нь Д.Р, Б.М нар болох нь  дугаар өмчлөлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Гэвч өмчлөгч Д.Рн эрх ашиг хөндөгдөж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Иймээс нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Б.М, нэхэмжлэгч  ББСБ ХХК нар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй эрхлэгч бөгөөд хариуцагч Б.М оюутан орлогын эх үүсвэргүй, Д.Р тэтгэврээс өөр орлогогүй эдгээр иргэдэд зээл олгохдоо нэхэмжлэгч зээлийг ямар зориулалтаар олгож байгаа нь гэрээнд заагаагүй, тодорхойгүй уг зээлийг буцаан төлөх мөнгөн орлогын эх үүсвэргүй, төлбөрийн чадвар илэрхий муу байхад иргэдийн орон сууцыг барьцаалж зээл олгосон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасантай нийцэхгүй, зээлдэгч нарын эрх ашгийг илтэд дордуулсан нэхэмжлэгчийн уг үйлдлийг шүүх зөвтгөх үндэслэлгүй тул зээлийн гэрээний хугацаа дуусснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүх хэрэгсэхгүй болгов.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бол үүргийн зөрчил гаргасан гэж үзэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчил гаргасаар байхад шүүхэд шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэхгүй байгаа байдал нь хариуцагч буюу хэрэглэгч нарын эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхий дордуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасан хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран... мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз, авах эрхээ алдах үр дагавар үүсэх тул шүүх зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд үндсэн үүрэгт 14,482,582 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хүү 3,113,755 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 622,751 төгрөг нийт 18,219,088 төгрөгийг хариуцагч Б.Мс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 25,658,188 төгрөгийн шаардлагыг барьцаа хөрөнгийн шаардлагатай хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,036.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мс 249,045 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,219,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,658,188 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,036.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эс 249,045 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ