Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2014 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2014/01167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2014/00385/И

            Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух Х овгийн Д-ын Д, /РД: ..../,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух С овгийн Р-ын Э /РД: .../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн З.д /... сум, ... аймгийн ЗДТ-Гын байр/

Хариуцагч: ... аймаг, ... сумын З.д /... сумын ЗДТГын байр/ -д холбогдох 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч ... аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, ... сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, иргэдийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Д, Р.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Бид ... аймгийн ... сумын ... баг, ... байрны ... тоот арктай 1 өрөө орон сууцанд 1997 оны 3-р сараас эхлэн амьдарч эхэлсэн юм. Уг байр нь иргэн С.Н нь 1995 оны 4-р сар хүртэл амьдарч байгаад эзэнгүй орхисон байр байсан бөгөөд тухайн үед орон сууц хувьчлах тухай хууль батлагдаагүй байхад 1997 оны 03-р сарын 17-ны өдөр ... аймгийн АДХГЗ-аас .. тоот ордер олгосон юм.

Үүнийг үндэслэн ... аймгийн Орон сууц ашиглалтын 2-р компанитай байрыг хөлслөх гэрээ байгуулж амьдарч эхэлсэн. Орон сууц хувьчлах тухай хууль 1998 онд гарснаас хойш төрийн өмчид байгаа орон сууцыг хувьчлах болж 1998 оны 2-р сарын 10-ны өдөр ... аймгийн Орон сууц хувьчлах товчооны 12 дугаартай тогтоол гарч Р.Э надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгож уг орон сууцны өмчлөгч болсон. Гэтэл 2008 оны 6-р сарын 22-нд ... аймгийн Захиргааны хэргийн шүүхээс дуудсан бөгөөд С.Н миний өмчлөх болон эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байсан. Уг нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж 2009 оны 2-р сарын 16-ны өдрийн 30-р тогтоолоор миний өмчлөх эрхийн гэрчилгээ болон орон сууц хувьчлах товчооны 12 тоот тогтоолын надад холбогдох хавсралт хэсэг, орон сууц эзэмших 30171 тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгосон. Улсын дээд шүүх 2014 оны 9-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар 17 жил амьдарсан байрнаас маань нүүлгэн гаргах шийдвэр гаргасан. Ийм учраас ... аймгийн засаг даргын нөөц сангаас 35,000,000 төгрөг, ... аймгийн ... сумын нөөцийн сангаас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... аймгийн ... сумын ... баг, ... байрны ... тоотод оршин сууж байгаа, энэ байранд 19 жил амьдарч байна. 1996 оны 10 сард Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд өргөдөл бичиж өгснөөр 1997 оны 3 сарын 17-нд энэ байранд орсон. Энэ байранд ороход их л өртэй байр байсан, тэгээд тухайн үеийн байр, гэрэл, ус, дулааны өр гэж тухайн үеийн мөнгөөр бол 21.948 төгрөг төлж орсон. Н гэдэг хүн 1995 онд энэ байраа хүлээлгэж өгөөгүй, өртөй байраа хаяад С аймаг руу шилжсэн, тэгээд төрийн өмчийн орон сууц байсан учраас тэр үеийн орон сууцны гэрчилгээн дээр тухайн үеийн хуулиар 3 сараас дээш эзэнгүй бөгөөд өртэй байвал хураан авч дараагийн үйлчлүүлэгчид хөлслүүлнэ гэсэн байсан. Одоо орон сууцгүй болсон, эзэмшигч нь Н болсон, гэхдээ хувьчлагдаагүй, гэтэл Н над руу залгаад та нар угаасаа наад байрнаасаа гарах юм чинь байраа одоо суллаж өг эсвэл 8 хувийн зээлд хамрагдаад наад байраа худалдаж ав гэж хэлсэн гэв. Тухайн орон нутгийн хувьчлалын дарга нь аймгийн З.д байсан, одоо Э даргын гарын үсэгтэй 60 дугаар тогтоол байгаа учраас би аймгаас 35.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, хурлынхаа материалыг эргэж хардаггүй төрийн ажилчид буюу сумын захиргаанаас 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр төрийн байгууллагын буруутай үйл ажилагаанаас болж орох оронгүй болсон учраас гомдол гаргасан. Энэ байрны эзэмшлийг ... аймгийн ... сумын З.д олгоод байгаа юм. Өнөөдөр энэ байрны эзэмшигчийг хэн тогтоох ёстой вэ гэхээр ... сумын орон сууц хариуцсан мэргэжилтэн, комисс нь тогтоох ёстой. Гэтэл юу тогтоогоогүй, би сая хуралд шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн, С.Н 1995 оноос хойш ... аймгаас шилжсэн, иргэний бүртгэл дээрээ хүртэл шилжчихсэн байгаа, 1995 оноос хойш энэ байранд огт амьдраагүй хүнд энэ байрны эзэмшлийн гэрчилгээ олгосон байна. Гэтэл 1997 оноос хойш өнөөг хүртэл Д.Д гуай энэ байранд амьдарч байна. Захиргааны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж орох оронгүй болсон байгаа, орон сууц эзэмших гэрээ буюу ордер зэргийг бүгдийг хүчингүй болгосон. Н удаа дараа Сумын З.дтай хуйвалдан 6 жил шүүхээр явж байгаа. Орон сууц өмчлөх тухай хуулинд тухайн орон сууц хувьчлах гэрчилгээтэй бол тэр хүнд л хувьчилна гэж заасан байна. Мөн орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлд тухайн орон сууц өмчлөх гэрээтэй хүнд төрөөс нэг удаа үнэгүй хувьчилна гэсэн заалт байна. Тэгээд хуулиараа өмчлөөд явж байтал 2008 онд Н нь С аймгаас Д аймагт шилжиж ирээд орон сууцны талаар шүүхэд хандаж эхэлсэн. Улсын дээд шүүхээс хууль бус хувьчлалын байр байна гээд хувьчлалыг хүчингүй болгож, харин одоо бол эзэмшлийн байр болгосон байгаа, өөрөөр хэлбэл төрийн өмч хэвээрээ байна. Дээд шүүх орон сууц өмчлөх тогтоолыг, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос биш энэ байрыг яг тэрний өмч гэж эзнийг нь тодорхой заагаагүй, тиймээс энэ гэрчилгээг бичихээс өмнө орон сууцны комисс нь энэ байр хэний нэр дээр байдаг, ямар учир шалтгаантай орхиод явсан юм бэ гэдгийг эхлээд тогтоох ёстой байсан, учир нь гэвэл төрийн өмчийн орон сууц байсан. Тэгээд хэнд нь хувьчлах вэ гэдэг нь төрийн мэдлийн асуудал байсан. Иймд төрийн буруутай үйл ажилагаа гэж үзэж нэхэмжлэл гаргасан, 1998 онд орон сууц хувьчилахад тухайн үед орон сууцны контор гэж байсан, ... аймагт 3 орон сууцны контор байснаас энэ орон сууц нь 2 дахь конторт харьяалагддаг байсан. Тухайн үеийн орон сууцны конторын байцаагч нар нь тэр орон сууцанд хэн харьяалагдаж байсан бэ гэдгийг хянадаг байсан, энэ орон сууцны контор нь төрийн өмч байсан. Тиймээс Н-ыг тэр байранд байсан, байгаагүй гэдгийг тэр орон сууцны байцаагч хариуцах ёстой, орон сууцаа орхин явж байгаа иргэн тухайн орон сууцныхаа конторт албан ёсоор мэдэгдэх ёстой байдаг, мөн орон сууцны конторын байцаагч нар тэр эзэмшлийн картыг бөглөдөг, иймд энэ үүргээ тухайн үеийн төрийн байгуулагын ажилчид ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь өнөөдөр ийм асуудалд хүргэж нэхэмжлэгч нарыг хохироож байна гэв.

Хариуцагч ... аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Р.Э, Д.Д нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг Монгол Улсын сангийн сайдын 2012 оны 239-р тушаалыг үндэслэн зарцуулдаг. Иймд иргэн Р.Э, Д.Д нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 6-ны өдрийн ... дугаартай шийдвэрт иргэн Р.Э, Д.Д нарын болон С.Н нарын орон сууцны маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн хянавал гэсэн хэсэгт Р.Э нь уг маргаж буй орон сууцанд түр амьдарч байх үедээ С.Н-ын орон сууц эзэмших картанд Р.Э-г С.Н-ын эгч нь гэж бичүүлэн өөрийн нэрийг бүртгүүлсэн нь 1996 оны 10 сарын 04-ний өдрийн орон сууц эзэмшлийн картаар батлагдаж байна гэсэн байна. Нэхэмжлэгч Р.Э, Д.Д нар нь уг орон сууцны эзэмшигч нь С.Н гэдгийг мэдэж байсан тул Монгол улсын иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсан эсвэл үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь учирсан хохирлыг 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу заасан байгууллага хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалт байсан. Иймд ... аймгийн засаг даргыг хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч ... сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

Сумын засаг даргын нөөц сангийн хөрөнгийг Монгол Улсын Сангийн сайдын 2014 ОНЫ 03-Р сарын 14-ний өдрийн 55-р тушаалд зааснаар зарцуулдаг. Иймд иргэн Р.Э, Д.Д нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ... сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Р.Э, Д.Д нар нь ... сумын засаг даргын нөөц сангаас 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. ... сумын засаг даргын нөөц сангийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам гэсэн Сангийн сайдын 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалаар энэ нөөц хөрөнгө орон сууцны хохирол барагдуулахад зарцуулагдахгүй гэж заасан байдаг. Энэ хохирлыг нөхөн төлөхөд нөөц сангийн хөрөнгө хүрэлцэхгүй, анх байрны эзэмшигчээр манайх С.Ныг тогтоосон, харин нэхэмжлэгч Р.Э, Д.Д нарт наад эзэмшлийн асуудлаа шүүхээр тогтоолго гэсэн хариу хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 20.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Э нь ... аймаг, ... сум, ... баг, ... байрны ... тоот, 1 өрөө орон сууцыг ... аймгийн орон сууц ашиглалтын 2-р компанитай, 1997 оны 3-р сарын 17-ны өдөр ... аймгийн АДХГЗ-аас олгосон ... тоот ордерийн үндсэн дээр Орон сууц хөлслөх гэрээ байгуулан гэр бүлийн гишүүдийн хамт амьдарч эхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ-гээр тогтоогдож байна.

Үүнээс өмнө уг орон сууцыг М.Б 1990 оны 11-р сараас 1995 оны 4-р сар хүртэл, С.Н 1995 оны 10-р сараас 1997 оны 4-р сар хүртэл эзэмшиж байсан, 1998 оны 2-р сарын 10-ны өдөр ... аймгийн Орон сууц хувьчлах товчооны ... дугаартай тогтоол гарч Р.Э-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, Р.Э уг орон сууцны өмчлөгч болсон, С.Н ... аймгийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн 12-р тогтоолын 1-р хавсралтын Р.Э-д холбогдох 139-р заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11-р сарын 04-ний өдрийн ... тоот магадлалаар С.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Р.Эд олгосон ... тоот ордер, ... аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн ... тогтоолын 1-р хавсралтын Р.Э-д холбогдох 139-р заалтыг хүчингүй болгон, уг тогтоолын үндсэн дээр олгогдсон орон сууц өмчлөх эрхийн 0026798ДА дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009 оны 02-р сарын 16-ны өдрийн 30 тоот тогтоолоор 295 тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Д.Д, Р.Э нар нь С.Н, ... аймгийн ... сумын З.дд холбогдуулан дээрхи ... тоот 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж ... аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 05-р сарын 06-ны өдрийн 515 тоот шийдвэрээр Д.Д, Р.Э нарын орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10-р сарын 01-ний өдрийн 509 тоот тогтоолоор ...тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

С.Н нь Д.Д, Р.Э нарт холбогдуулан дээрхи ... тоот 1 өрөө орон сууцнаас Д.Д, Р.Э нарыг нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 05-р сарын 28-ны өдрийн 506 тоот шийдвэрээр С.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлэх-ээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9-р шүүхийн 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн ...тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ... тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь дээр дурьдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хариуцагч ... аймгийн З.д, ... сумын З.д, тэдгээрийн төлөөлөгч нар нь Д.Д, Р.Э нарын гэм хорын хохирол 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ... Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 06-ны өдрийн 515 дугаартай шийдвэрт иргэн Р.Э, Д.Д нарын болон С.Н нарын орон сууцны маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн хянавал гэсэн хэсэгт Р.Э нь уг маргаж буй орон сууцанд түр амьдарч байх үедээ С.Нын орон сууц эзэмших картанд Р.Э-г С.Н-ын эгч нь гэж бичүүлэн өөрийн нэрийг бүртгүүлсэн нь 1996 оны 10 сарын 04-ний өдрийн орон сууц эзэмшлийн картаар батлагдаж байна гэсэн байна. Нэхэмжлэгч Р.Э, Д.Д нар нь уг орон сууцны эзэмшигч нь С.Н гэдгийг мэдэж байсан тул Монгол улсын иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсан эсвэл үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь учирсан хохирлыг 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу заасан байгууллага хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалт байсан ..., Сангийн сайдын 2013 оны 11 сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалаар нөөц хөрөнгө орон сууцны хохирол барагдуулахад зарцуулагдахгүй гэж заасан байдаг... гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь төрийн албан хаагчдын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж өмчлөх эрх нь зөрчигдөн 17 жил амьдарсан, хувьчлан авч өмчилж байсан байрнаасаа албадан гаргуулагдах болсон үндэслэлээр гэм хорын хохирол 55,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Дээр дурьдсан шүүхийн шийдвэр магадлал, тогтоолоор ... Р.Эд маргаан бүхий орон сууцыг ашиглах, эзэмших эрхийг С.Н-ын зөвшөөрөлгүй олгосон... гэх үйл баримт тогтоогдсон байна. Гэхдээ тухайн үед ... аймгийн ... сумын ... баг, ... байрны ... тоот арктай 1 өрөө орон сууцны өмчлөгчийг төлөөлж орон сууц эзэмших ордер олгох, орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх бүхий ажилтнууд гэрээ байгуулах үед С.Н орон сууцыг эзэмшиж буй эсэх, тухайн орон сууцыг одоо хэн эзэмшиж байгаа болох, орон сууц хөлслөх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх, орон сууц ашиглалтын хөлсийг гэрээнд заасан хугацаанд нь төлсөн эсэх, орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгаж нягтлалгүй, 1997 оны 3-р сарын 17-ны өдөр иргэн Р.Э-тай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Д.Д, Р.Э нарын ... С.Н орон сууц ашиглалтын төлбөрөө төлөөгүй, орхиж явсан байсан, өрийг төлж гэрээ байгуулсан ... гэх тайлбарыг хариуцагч нар няцаагаагүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... нэхэмжлэлийн шаардлагыг хангах хөрөнгө байхгүй, Засаг даргын нөөц хөрөнгө өөр зорилгоор зарцуулагдах ёстой ... гэсэн үндэслэлээр тайлбарлажээ.

Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 2-р сарын 10-ны өдрийн Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай ... тоот тогтоолд ... Орон сууц хувьчлах тухай Монгол Улсын хуулийн дагуу өргөдлөө гаргаж зохих журмын дагуу шалгагдсан нэр бүхий 371 иргэнд одоогийн эзэмшиж байгаа орон сууцыг нь хувьчилж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосугай... гэжээ. Дээрхи тогтоолоос харвал тухайн үед орон сууц хувьчлах товчоо хувьчлах шийдвэр гаргахдаа С.Н, Р.Э нарын хэн нь орон сууцыг эзэмших эрхтэй болохыг шалгаад дээрхи тогтоолыг гаргасан мэт харагдаж байгаа боловч хэрхэн яаж шалган дээрхи шийдвэрийг гаргасан болохыг нотлох баримтыг хариуцагч нар шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 498-р зүйлийн 498.2-д ... бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллуулж байгаа төр хариуцан арилгахаар ... заажээ.

Мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ... Улсын дээд шүүхээс хууль бус хувьчлалын байр байна гээд хувьчлалыг хүчингүй болгож, харин одоо бол эзэмшлийн байр болгосон байгаа, өөрөөр хэлбэл төрийн өмч хэвээрээ байна. Дээд шүүх орон сууц өмчлөх тогтоолыг, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос биш энэ байрыг яг тэрний өмч гэж эзнийг нь тодорхой заагаагүй, тиймээс энэ гэрчилгээг бичихээс өмнө орон сууцны комисс нь энэ байр хэний нэр дээр байдаг, ямар учир шалтгаантай орхиод явсан юм бэ гэдгийг эхлээд тогтоох ёстой байсан, тэгээд хэнд нь хувьчлах вэ гэдэг нь төрийн мэдлийн асуудал байсан. Иймд төрийн буруутай үйл ажилагаа гэх ... нэхэмжлэгч нарын тайлбарт дурдсан байдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н 1996 оны үеийн тэр асуудал дээр тодорхой тайлбар алга, 1995 оны үед орон сууцанд хэн амьдардаг байсан асуудалд хэрхэн хяналт тавьж ажилладаг байсныг мэдэхгүй байна. 2009 оноос хойш бол тухайн байранд ямар хүн оршин сууж байгааг очиж шалгасны дараа эзэмшил, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэдэг, хувьчлалын материалыг Сумын комисс дээр эхэлж ирээд эцсийн шийдвэрийг аймаг дээр гаргадаг гэж хариу тайлбарласан ба орон сууц эзэмшүүлэх, хувьчлах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг нотолж чадаагүй байна.

Мөн маргааны зүйл болж байгаа ... тоот арктай 1 өрөө орон сууцны талаар маргааныг анхан шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхэд эцэслэн шийдвэрлэж Д.Д, Р.Э нарт олгосон эзэмших эрхийн ... дугаар бичиг, ... аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолын Р.Э-д холбогдох хэсэг, орон сууц өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байхад С.Н-ад эзэмшүүлэхээр ... тоот эрхийн бичиг нөхөн олгохдоо ямар үндэслэлээр олгосон нь тодорхойгүй бөгөөд ... тоот эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоноор Д.Д, Р.Э нарыг уг орон сууцнаас албадан гаргах болсон байна.

Хэдийгээр Л.Д нарын орон сууц эзэмших, өмчлөх эрхийг хууль бус гэж хүчингүй болгосон боловч Орон сууц хувьчлах хууль батлагдсантай холбогдуулан уг орон сууцыг Д нарт эзэмших, өмчлөх эрхийг төрийн байгууллагаас олгосон, өнгөрсөн 17 жилийн хугацаанд Д нь дээрх эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр уг орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц гэсэн итгэл үнэмшил бүрэн төрсөн, уг хугацаанд байр ашиглалтын төлбөрийг төлж ирсэн зэргээс төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас түүнийг хохирсон гэж үзэж үндэслэлтэй юм. Мөн маргааны зүйл болж байгаа ... тоот арктай 1 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн ханшийг хөрөнгийн үнэлгээний эрхтэй К ХХ Компаний үнэлгээгээр 55 000 000 төгрөг гэж тогтооосон бөгөөд хариуцагч энэ үнэлгээг үгүйсгээгүй байна.

Иймд ... аймгийн З.д, ... сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д,Р.Э нарт олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг арилгасан байгууллага тухайн гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 497.1, 498.2-д зааснаар Д.Д,Р.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ... аймгийн З.д, ... сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 55,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д, Р.Э нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 432,950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч нараас 432,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД     

                                      Д.ОЮУНДАРЬ

                                            Ж.ЛХАГВАСҮРЭН