Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/02040

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/02040

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ю ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК,

 

Хариуцагч:улсын хороо нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 129,499,035 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээний дагуу гүйцэтгэгчийг хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгаж, гэрээний хугацаа хэтэрсэн алданги 43,166,345 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.О,

Хариуцагч  улсын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ю ХХК нь гэрээний үүрэгт 129,499,035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э ХХК, улсын хороо нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Э ХХК нь Засгийн газрын тохируулагч агентлаг улсын хороотой гэрээ байгуулж, энэхүү гэрээгээрээ Э ХХК нь  төв ордны байранд засвар, үйлчилгээ хийх үүргийг хүлээсэн байдаг. Улмаар, дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Э ХХК нь Ю ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  дугаар "Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ"-г байгуулж, тус гэрээгээр Ю ХХК нь  төв ордны спортын талбай болох 576 м.кв талбайн шаланд брэндийн агч модон спорт шалыг бэлтгэн нийлүүлж, суурилуулах үүргийг, Э ХХК нь ажлын хөлсөд нийт 172,664,690 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, спортын улсын хороотой байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ Э ХХК биелүүлж ажил гүйцэтгэхэд нь Ю ХХК нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцохоор болсон юм. 2020 оны 12 дугаар сарын 14-ний одрийн  дугаар "Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ"-ний 2.4 дэх хэсэгт "Урьдчилгаа төлбөр болох 50 хувьтай тэнцэх 86,332,000 төгрөгийн гэрээ батлагдсанаас хойш 3 хоногийн дотор Ю ХХК-ийн  банкин дахь  тоот дансанд шилжүүлэх ба суурилуулалтын ажлын гүйцэтгэл 100 хувийг хийсний дараа ажлыг хүлээн авч, албан ёсоор 2 тал акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан шилжүүлнэ" гэж заасан. Ингээд гэрээний дээрх заалтын дагуу Э ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөрт 86,332,000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний хувьд гэрээний үүргээ биелүүлж, ажлаа эхлүүлэх гэсэн боловч хоёр шалтгааны улмаас ажил эхлүүлэх хугацаа хойшилсон байдаг. Үүнд: 1. Удаа дараагийн бүх нийтийн хөл хорио, 2. Б улсын хорооны дарга Ц.Ш, Э ХХК-ийн захирал С.Л, тус компанийн инженер болон манай Ю ХХК-ийн төлөөлөл нар гурвалсан уулзалт хийж,  төв ордны шалны эргэн тойронд байрлах хашлага хаалтыг буулгаж үзэгчдийн сандал хүртэл нийт 130 м.кв талбайд нэмж шал нийлүүлж, суурилуулахаар харилцан тохиролцсон. Ингэхдээ улсын хорооноос нэмж хийх шалны ажлын хөлсийг бүрэн төлсөний дараа ажлаа эхлүүлэхээр тохирсон. Шал нэмж суурилуулах 130 м.кв талбайн ажлын хөлс нь нийт 24,495,900 төгрөг болохоор байсан ба үүнээс 14,495,900 төгрөгийг  улсын хороо хариуцаж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг манай Ю ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцан өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэхээр тохирч  улсын хороотой 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дугаар "Спортын төв ордны А заалны засварын шалны ажлын нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байдаг. Тус нэмэлт гэрээний дагуу  улсын хорооноос ажлын хөлсийг ажил эхлэх ёстой 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 3 хоногийн өмнө шилжүүлж өгөх ёстой байсан боловч 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж өгсөн байдаг. Ийнхүү нэмж хийх шалны ажлын хөлсийг бидэнд шилжүүлсэн даруй бид ажлаа эхэлж 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Спортын төв ордны спортын талбай болох 576 м.кв талбай, нэмэлт 130 м.кв талбай, нийт 706 м.кв талбай бүхий шаланд  брэндийн агч модон спорт шалыг бэлтгэн нийлүүлж, бүрэн суурилуулж дуусгасан юм. Ингээд, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч, акт үйлдэхээр, төлбөр тооцоог дуусгахаар Э ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхэд, үүний хариуд Э ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/174 тоот "Зөвлөмж"-ийг Ю ХХК-д ирүүлсэн бөгөөд үүндээ "... ажлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, гэрээний хугацаа дууссан" гэж дурдсан байдаг. Э ХХК болон манай Ю ХХК нь дээр дурдсанчлан хөл хорио, нэмж ажил гүйцэтгэхээр тохиролцсоны улмаас ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон болохыг хэн аль нь мэдэж байсан, энэ талаар тохиролцсон байсан. Энэ асуудлын талаар Э ХХК-иас 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/158 тоот "Мэдэгдэл", Ю ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн "Хүсэлт"-ийг тус тус хоорондоо харилцан илгээж байсан ба компанийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэрээний хугацааг сунгах талаар, яагаад хугацаандаа ажил эхлээгүй талаар хэдийн ярилцан тохиролцсон байсан юм. Э ХХК нь коронавируст халдварын улмаас Ю ХХК-тай харилцахдаа буюу албан бичгүүдээ байнга мейл хаягаар солилцдог байсан тул Э ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдийн эх хувь нь бидэнд байхгүй болно. Ийм нөхцөл байдлууд нэгэнт үүссэн учраас бид өөрсдийн хийсэн ажлын үр дүнг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Булсын хороонд хүлээлгэн өгч, тус спорт заал ашиглалтанд орж,  улсын хорооны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэтэл, Ю ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  дугаар "Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр болох 86,332,690 төгрөгийг өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй.  улсын хороонд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд, Э ХХК 86,332,690 төгрөг, алданги 43,166,345 төгрөг нийт 129,499,035 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Э ХХК төлөөлөгч шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Ю ХХК болон Э ХХК-ийн хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулагдсан байдаг. Дээрх гэрээний 2.4-т зааснаар "... суурилуулалтын ажлын гүйцэтгэл 100 хувийг хийсний дараа ажлыг хүлээн авч, албан ёсоор 2 тал акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан шилжүүлнэ" гэж тодорхой тусгасан. Мөн гэрээний 3.1-т Гэрээний хугацааг хоёр талаас баталгаажуулан гүйцэтгэгчийн дансанд урьдчилгаа төлбөр орсон өдрөөс эхлэж тооцно. Бараа нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг хуанлийн 25 хоногийн хугацаанд багтаан дуусгавар болно. (Бараа нийлүүлэх хугацаа 2 хоног + суурилуулалтын хугацаа 23 хоног) мөн 3.2-т "Суурилуулалтын баталгаат хугацаа 12 сар байна" гэж тодорхой тусгаж талууд тус гэрээг байгуулсан. Гэтэл ажил гүйцэтгэгч Ю ХХК нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш урьдчилгаа төлбөрөө аваад манай компанитай харилцаа холбоогүй байсан тул манай компанийн зүгээс ажлаа хүлээлгэж өгөх, гэрээний хугацаа дууссан тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг албан бичгээр болон удирдлагаас нь удаа дараа шаардаж байсан. Харин Ю ХХК нь гэрээ байгуулсан талтайгаа бус Биеийн тамир, спортын хороотой харилцаж, гэрээний зарчим үүргийг ноцтой зөрчсөн. Манай компанийн зүгээс тус тендерийн ажлыг гүйцэтгэхээр Биеийн тамир спортын хороотой үндсэн гэрээгээ байгуулж, ажил дуусгавар болвол хүлээлгэн өгч, баталгаат хугацаандаа засвар үйлчилгээгээ хариуцах үүрэг хүлээсэн болно. Иймд гэрээ байгуулсан талыг үл ойшоож өнөөг хүртэл албан ёсоор акт үйлдэж ажлаа хүлээлгэж өгөөгүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчил арилаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэжээ.

 

Хариуцагч  улсын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Манай талаас шалны асуудлаар хоёр зүйл дээр маргаан байгаа. Нэхэмжлэгч талаас шалаа хийж дуусгаад ерөнхий гүйцэтгэгчид хянуулаагүй гэсэн зүйлийг хэлж байгаа бөгөөд энэ тал дээр адилхан байр суурьтай байна. Манай талаас нэмэлт гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Э ХХК-ийн данс руу ажлын хөлсийг бүхэлд нь шилжүүлсэн. Энэ хоёр талын маргаанаас болоод манайх хяналт тавих боломжгүй байсан. Нэхэмжлэгч талаас зөрүүтэй мэдээлэл өгч байна. Манайх шалны ажлыг хүлээж аваагүй ч тэмцээн уралдаан явуулж байгаа нь үнэн. Хоёр талын маргаанаас болж тэмцээн уралдааныг хойшлуулах боломжгүй. Манай талаас одоо ганцхан шаардлага тавьж байгаа. Шалны лак бол нилээн хуучирсан байгаа учраас нэхэмжлэгч талаас лак нэг удаа тавиулах санал гаргасан байгаа. Манайх ажлын хөлсийг бүхэлд нь Э ХХК-нд төлсөн тул шаардлагыг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Ю ХХК-д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээний дагуу гүйцэтгэгчийг хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгаж, гэрээний хугацаа хэтэрсэн алданги 43,166,345 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

Хариуцагч  улсын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Тайлбар байхгүй, гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Э ХХК,  улсын хороо нарт холбогдох гэрээний үүрэгт 129,499,035 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ю ХХК-д холбогдох хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч  улсын хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, үлдэх шаардлагын хүрээнд маргааныг шүүх хянан хэлэлцлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ю ХХК, хариуцагч Э ХХК-иудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дугаар бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Улаанбаатар хот,  төв ордны спортын талбай болох 576 м.кв талбайн шаланд  брэндийн агч модон спорт шалыг захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлагын дагуу хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээгээр гэрээгээр тохирсон хугацаанд бэлтгэн нийлүүлж, суурилуулахаар, ажлыг хуанлийн 25 хоногийн дотор гүйцэтгэхээр, ажлын нийт төлс 172,664,690 төгрөг байхаар,

Нэхэмжлэгч Ю ХХК, хариуцагч улсын хороо нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр  дугаартай спорты төв ордны А заалны засварын шалны ажлын нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр спортын төв ордоны А заалны засварын шалны нэмэлт 130 м.кв талбайд спортын модон шал хийж гүйцэтгэх ажлыг 24,495,900 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, ингэхдээ  дугаартай гэрээ нь  дугаартай гэрээний салшгүй хэсэг байхаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 12-15, 16-17 тал/

 

 дугаартай гэрээний дагуу хариуцагч Э ХХК нь гэрээт ажлын урьдчилгаа төлбөр болох 50 хувьтай тэнцэх 86,332,000 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дотор Ю ХХК-ийн  банкин дахь 2054686109 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд уг төлбөрийг төлж барагдуулсан байна. /хх-ийн 18 тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний зүйл болох брэндийн агч модон спорт шалыг улсын хорооны спорт заалны шаланд суурилуулсан нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч хариуцагч Э ХХК-иас гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлыг Захиалагчид хүлээлгэж өгөөгүй, гэрээ байгуулсан талтай гэрээний харилцаанд ороогүй, гэрээ байгуулааагүй  улсын хороотой гэрээний харилцаанд шууд оролцож байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ю ХХК нь 2021 оны 6 сарын 03-ны өдөр ... гэрээт ажлын гүйцэтгэх хугацааг БТСУХ болон манай компанийн хооронд хийгдэх гэрээний хугацааг үндэслэн хойшлуулж өгнө үү гэх гэрээний хугацаа сунгах санал, хүргүүлснийг хариуцагч Э ХХК хүлээн авсан болох нь 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн  дугаартай албан бичигт ... Танай байгууллагаас ирсэн 2020 оны 6 сарын 03-ны өдрийн албан тоотын дагуу манай байгжууллага Ю ХХК-ийн захирал Ч.Ттай утсаар холбогдон гэрээний хугацааг төв ордны нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор хойшлуулах тухай зөвшилцөн тохиролцсон боловч ... гэх албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгч гэрээний хугацаа сунгах санал буюу гэрээнд нэмэлт оруулж, шинэчлэх саналыг тавьсан болох нь албан бичгүүд болон үзлэгээр тогтоогдож байх тул хариуцагч Э ХХК нь гэрээний хугацаа сунгаагүй үндэслэлээр ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй гэх татгалзал үндэслэлгүй байна. /х.х-ийн 21,46,117-122 тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.1-д Гэрээний хугацаа гэрээг хоёр талаас баталгаажуулан гүйцэтгэгчийн дансанд урьдчилгаа төлбөр орсон өдрөөс эхлэж тооцно. Бараа нийлүүлэлт, суурилалтын ажлыг 2020 оны ... сарын .. ноос хуанлийн 25 хоногийн хугацаанд багтаан дуусгавар болгоно гэж зааж, урьдчилгаа санхүүжилтийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. /х.х-ийн 18 тал/

 

Гэвч талууд ажлын хэмжээг ихэсгэж, гэрээг хойшлуулахаар зөвшилцөн тохиролцсон болох нь Э ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн дугаар албан бичгээр тогтоогдож байх ба  улсын хороо ажлын хэмжээг ихэсгэсэн ажлын санхүүжилтийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн болох нь тогтоогддог. /х.х-ийн 63 тал/

 

Түүнчлэн дугаартай гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүй нөхцөл байдал нь Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио их хэмжээгээр тогтоож байсантай холбоотой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ... нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд олон удаагийн хөл хорио тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт байх тул гэрээний хугацаанд ажлыг гүйцэтгээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

Мөн улсын хорооноос брэндийн агч модон спорт шалны ажлын хэмжээг ихэсгэж төлбөрийг төлснөөр ажлыг эхлүүлэхээр тохиролцож төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр улсын хороо төлж, ажлыг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлэн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр заалны шалыг бүрэн сольсон байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 63, 198-202 тал/

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах, 352 дугаар зүйлийн 352.5.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, 353 дугаар зүйлийн 353.1-т Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ гэж тус тус зааснаар ажлын доголдлын талаар улсын хорооноос ажлын доголдолтой холбоотой шүүхэд шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгч гэрээний дагуу шаардах эрхтэй байна.

Ажлын хөлсийг бүхэлд нь улсын хорооноос шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтаар, мөн төлбөрийг  улсын хороо хариуцагч Э ХХК-нд төлсөн гэж тайлбарлаж байх тул хариуцагчаас 86,332,690 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. /х.х-ийн 57-59 тал/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.  дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Гэрээний 2.4-т заасан хугацааны дотор захиалагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд ажлыг 25 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон бөгөөд гүйцэтгэгч нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бүх нийтээр амрах наадмын амралтын өдрийг хасаж тооцоод нийт 32 хоногийн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэсэн байна.Иймээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гүйцэтгэгч нь 7 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,625,958 /517,994 төгрөг Х 7 хоног/ төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ. Ажлыг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй нь Ковид-19 цар тахлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч гүйцэтгэсэн ажлыг өөрөө хүлээн авах үүргээ биелүүлээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул ажлаа захилагчид хүлээлгэн өгөхийг даалгах, 43,166,345 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.2-т тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,625,958 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээний дагуу гүйцэтгэгчийг хийсэн ажлаа захилагачид хүлээлгэн өгөхийг даалгах, 43,166,345 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 125,873,077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч улсын хороонд холбогдох 86,332,690 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,420 төгрөг, хариуцагч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 787,315 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ