Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01877

 

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01877

 

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02040 дугаар шийдвэртэй,

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э” ХХК, Бнд тус тус холбогдох,

 

Гэрээний үүрэгт 129,499,035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэг болох ажлыг захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 43,166,345 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч С.Баянмөнх, хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Э” ХХК нь Засгийн газрын тохируулагч агентлаг Бтой гэрээ байгуулж, тус гэрээгээр “Э” ХХК нь Спортын төв ордны байранд засвар, үйлчилгээ хийх үүргийг хүлээсэн байдаг.

Улмаар дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд “Э” ХХК нь “Ю” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНГ-052/2020 дугаар Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээг байгуулж, тус гэрээгээр “Ю” ХХК нь Спортын төв ордны 576 м.кв спортын талбайд Коннорспортс /Connorsports/ брэндийн агч модон спорт шалыг бэлтгэн нийлүүлж, суурилуулах үүргийг, “Э” ХХК нь ажлын хөлсөд нийт 172,664,690 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2. Гэрээний 2.4-т заасны дагуу “Э” ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөрт 86,332,000 төгрөгийг шилжүүлсэн боловч удаа дараагийн бүх нийтийн хөл хорио болон нэмэлт ажлаас шалтгаалан ажил эхлүүлэх хугацаа хойшилсон.

1.3. Гурван талын уулзалтаар Спортын төв ордны шалны эргэн тойронд байрлах хашлага хаалтыг буулгаж үзэгчдийн сандал хүртэл нийт 130 м.кв талбайд нэмж шал нийлүүлж, суурилуулах, ажлын хөлсийг 24,450,000 төгрөгөөр харилцан тохиролцож, “Ю” ХХК нь Бтой 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр БНГ-011/2021 дугаар "Спортын төв ордны А заалны засварын шалны ажлын нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.

Б дээрх гэрээний дагуу ажлын хөлсийг ажил эхлэх 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 3 хоногийн өмнө шилжүүлэх байтал 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлснээр бид ажлаа эхлүүлж 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Спортын төв ордны спортын талбай болох 576 м.кв талбай, нэмэлт 130 м.кв талбай, нийт 706 м.кв талбайн шалыг бэлтгэн нийлүүлж, бүрэн суурилуулж дуусгасан.

1.4. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгч, акт үйлдэх, төлбөр тооцоог дуусгах мэдэгдлийг “Э” ХХК-д хүргүүлэхэд “Э” ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/174 тоот "Зөвлөмж"-ийг “Ю” ХХК-д ирүүлсэн бөгөөд үүндээ "... ажлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, гэрээний хугацаа дууссан" гэх үндэслэлээр хүлээж аваагүй тул бид ажлын үр дүнг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Бнд хүлээлгэн өгч, тус спорт заал ашиглалтанд орж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа.

1.5. “Ю” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНГ-052/2020 дугаар "Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ"-ний үлдэгдэл төлбөр 86,332,690 төгрөг, алданги 43,166,345 төгрөг нийт 129,499,035 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.6. Бнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

2. Хариуцагч “Э” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Ю” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНГ-052/2020 дугаартай “Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ” байгуулагдсан.

2.2. Ажил гүйцэтгэгч “Ю” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр авснаас хойш гэрээ байгуулсан талтайгаа бус Бтой харилцаж, гэрээний зарчим, үүргийг ноцтой зөрчсөн.

2.3. Иймд гэрээ байгуулсан талыг үл ойшоож өнөөг хүртэл албан ёсоор акт үйлдэж ажлаа хүлээлгэж өгөөгүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн зэрэг зөрчил арилаагүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч Бны татгалзал, тайлбарын агуулга: Манай байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНГ-052/2020 дугаар “Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ”-г байгуулаагүй, хамтран хариуцагч биш учраас Бнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч шалаа хийж дуусгаад ерөнхий гүйцэтгэгчид хянуулаагүй, манайх шал хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй ч тэмцээн уралдаан явуулж байгаа нь үнэн.

 

4. Хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

4.1. Манай компанийн зүгээс “Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ”-ний үүргээ биелүүлж ажил гүйцэтгэгч “Ю” ХХК-ийн дансанд урьдчилгаа төлбөр болох 86,332,000 төгрөгийг гэрээний дагуу 3 хоногт нь шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал гэрээний урьдчилгааг аваад манай компанитай харилцаа холбоогүй байсан тул бид шаардлагыг албан бичгээр болон уисаар удаа дараа гаргасан.

Харин “Ю” ХХК нь гэрээ байгуулсан талыг үл ойшоож Бтой харилцаж, гэрээний зарчим, үүргийг ноцтой зөрчсөөр байсан бөгөөд манай компанийн зүгээс тус тендерийн ажлыг гүйцэтгэхээр Бтой үндсэн гэрээгээ байгуулж, ажил дуусгавар болвол хүлээлгэн өгч, баталгаат хугацаандаа засвар үйлчилгээгээ хариуцах үүрэг хүлээсэн.

4.2. Гэрээний 3.1-д заасан хугацаа буюу  “Ю” ХХК  урьдчилгаа төлбөрөө авсан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 25 хоногтоо ажлаа хийж гүйцэтгэх ёстой байсан боловч гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Иймд нийт 347 хоногийн  179,743,918 төгрөгийг алдангийг Иргэний хуульд зааснаар үүргийн үнийн дүн болох 86,332,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэх зарчмын дагуу 43,166,345 төгрөгийг хариуцагчаас авах эрхтэй.

“Ю” ХХК-ийг гэрээний дагуу хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгаж, БНГ-011/2021 тоот гэрээний 3 дугаар заалтыг хүчингүй болгуулж, гэрээний хугацаа хэтэрсэн алданги 43,166,345 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас ажлын үр дүнг хүлээн авахыг удаа дараа шаардсан боловч ажлыг хүлээж аваагүй. Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцдог.

5.2. Гэрээний 5.2-т “гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэн өгөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцно” гэж заасан бөгөөд хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан хэм хэмжээг зөрчиж байх тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

6. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,625,958 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БНГ-052/2020 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээний дагуу гүйцэтгэгчийг хийсэн ажлаа захилагачид хүлээлгэн өгөхийг даалгах, 43,166,345 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Э” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 125,873,077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч Засгийн газрын тохируулагч агентлаг Бнд холбогдох 86,332,690 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,420 төгрөг, хариуцагч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-аас 787,315 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

7.1. Хариуцагчийн өмгөөлөгч С.Баянмөнхийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, нэхэмжпэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил болно.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадорж нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болон эмчийн актыг шүүхэд хүргүүлсэн боловч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын тэгш байдал, мэтгэлцэх зарчим болон биечлэн оролцох эрхийг хангаагүй бөгөөд хүсэлтийг захирамжаар шийдвэрлээгүй.

7.2. Хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн. “Э” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 18 дугаартай Спортын төв ордны гадна, дотор засвар болон сантехник, дулааны шугамын засварын ажпын багц-5 “Б блок буюу А заалны засвар, хэвлэх үйлдвэрийн өрөөг хувцас солих өрөө, душтэй болгон тохижуулах засварын “ажлыг гүйцэтгэх гэрээ”-г Бтой харилцан тохиролцож байгуулсан ба 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНГ-052/2020 дугаартай “Бүтээгдхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр гүйцэтгэгч нь Спортын төв ордны спортын талбай болох 576 м.кв талбайн шаланд Коннорспортс /connorsports/ брэндийн агч модон спорт шалыг захиалагчийн техникийн тодорхойлолтын дагуу 25 хоногийн хугацаанд багтаан дуусгавар болгохоор харицан тохиролцсон. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 86,332,000 төгрөгийг шилжүүлсэн өдрөөс хойш 25 хоногийн хугацаанд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн суурилуулалтын ажлын гүйцэтгэл 100 хувь дууссаны дараа ажлыг хүлээн авч, албан ёсоор 2 тал акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөрийг ажлын 3 хоногт багтаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

“Э” ХХК-ийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа 86,332,000 төгрөгийг шилжүүлсэн ба шилжүүлсэн өдрөөс хойш 25 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан боловч 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагад мэдэгдэл хүргүүлж гэрээт ажлыг дуусгасан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг.

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь Бноос урьдчилгаа төлбөр орж ирээгүй учраас ажлаа эхлээгүй гэх асуудал нь тэдгээрийн хоорондын асуудал бөгөөд хариуцагч “Э” ХХК-тай шинэ гэрээ байгуулсан эсхүл БНГ-052/2020 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байхгүй, мөн удаа дараагийн бүх нийтийн хөл хорионоос болж ажил эхлүүлэх хугацаа хойшилсон гэх боловч Улсын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын 2 дугаар хэсэгт “...2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрлэлийн газрын ажилтан алба хаагчдыг ажлын байранд нь ажилуулахгүй байх арга хэмжээг авч...” гэж зааж өгсөн байх ба тус 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БНГ-052/2020 дугаартай гэрээний 4.1.3, 4.1.4-т заасанчлан гэрээт ажпыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж болох байсан ч гэрээт ажлыг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлж 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусгасан.

Дээрх асуудлаар хариуцагч "Э” ХХК-ийн зүгээс “Ю” ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн мэдэгдэл, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээр гэрээт ажлыг эхэлж “Э” ХХК-д хүлээлгэн өгөх, мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БНГ-052/2020 дугаартай гэрээг шинэчлэх хугацааг заасан, мөн Бнд 2021 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн хүсэлтээр гэрээт ажлыг эхлүүлж, “Ю” ХХК-тай холбоотой асуудлыг шийдэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн боловч нэхэмжпэгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-д мэдэгдэл хүргүүлэн гэрээт ажлыг дуусгасан болохоо мэдэгдсэн.

Гэвч “Э” ХХК-ийн зүгээс гэрээт ажлыг хэзээ эхлүүлсэн, мөн тус ажил дээр хяналт тавьж гэрээт ажлын чанарт шаардлага тавих эрхээ хэрэгжүүлж 2 талын харилцан тохиролцсон гэрээний 4.2.8-т “захиалагч тал нь нийлүүлэлт хийж буй материалын чанарт хяналт тавих эрхтэй” гэж заасны дагуу хяналт тавих боломжоор хангаагүй, ажлын гүйцэтгэл 100 хувь дууссаны дараа ажлыг хүлээн авч, албан ёсоор 2 тал акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байхад ажлаа хүлээлгэж өгч гэрээний дагуу акт үйлдээгүй нь тус ажлын чанарын шаардлагыг мэдэх боломжгүй буюу ажил хүлээж авах нөхцөл байдал бүрдээгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж авах үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргийн зөрчил хэмээн үзэж алданги тооцож нэхэмжилснийг хангасан нь үндэслэлгүй.

7.3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”Э” ХХК нь гэрээний хугацаа сунгаагүй үндэслэлээр ажлын гүйцэтгэлийг хүлээж аваагүй гэх татгалзал үндэслэлгүй байна...” гэж талуудын байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БНГ-052/2020 дугаартай гэрээний 8.2-т заасны дагуу талууд хугацаа сунгасан нөхцөл байдал тогтоогддоггүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...талууд ажлын хэмжээг ихэсгэж, гэрээг хойшлуулахаар зөвшилцөн тохиролцсон ...” гэж үндэслэлээ тайлбарласан нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ажлыг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй нь “Ковид-19” цар тахлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй буюу үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй байна...”, “...Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч гүйцэтгэсэн ажлыг өөрөө хүлээн авах үүргээ биелүүлээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул...” гэж үзсэн нь мөн л шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу бүх нийтийг хамарсан хөл хорио 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон, мөн хариуцагч гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй гэж үзсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээг үгүйсгэж хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгч талын алдангийн зарим хэсэг гэж байгаа боловч бүхэлд нь шахуу хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж шийдсэн болно.

Тодруулбал, нэхэмжлэгч “Ю” ХХК нь ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадаагүй шалтгаанаа Ковид цар тахлын улмаас болсон гэж тайлбарладаг боловч эрх бүхий байгууллага болох Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас үүнтэй холбогдох баримт бичиг буюу Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй зэрэг өөрсдийн татгалзалын үндэслэлийг нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх үндэслэл бүхий байна гэж дүгнэх, гэрээг талууд харилцан тохиролцож сунгасан нотлох баримт байхгүй байхад мөн сунгасан байна гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү нэхэмжлэгч “Ю” ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 129,499,035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 3,625,958 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 125,873,077 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч "Ю” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч Спортын төв ордны тайлбартай нийцэхгүй бөгөөд үндсэн ажлын гүйцэтгэл, үр шимийг гэрээлэгч тал болох “Э” ХХК-д гэрээний дагуу актаар хүлээлгэж өгөөгүй атлаа, гуравдагч этгээд Спортын төв ордонд өгсөн гэдэг боловч хариуцагч нь үүнийг мөн хүлээж аваагүй тухайгаа шүүх хуралдааны үед мэдүүлсэн.

Тодруулбал, дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн ажлыг аль ч хариуцагч нь хүлээж аваагүй гэдгээ илэрхийлдэг бөгөөд “Э” ХХК-ийн зүгээс хүлээж авахгүй байх эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд зөвхөн гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн актаар хүлээлцэнэ гэдэг зарчмын шаардлага тавьж ирсэн болно. Харин Спортын төв ордны зүгээс зайлшгүй тэмцээн уралдааныг явуулах үүднээс ашиглаж байгаа тухайгаа мэдүүлдэг ч мөн чанарын шаардлагад эргэлзэж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-тай байгуулсан үндсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу чанарын шаардлага гаргах эрх нээлттэй. Хэрэв уг шаардлагыг гаргавал туслан гүйцэтгэгч “Ю” ХХК-ийн хийсэн ажлын чанарын шаардлагын талаар огт мэдээлэлгүй байгаа “Э” ХХК-ийн эрх зүйн байдал дордох бөгөөд үүнийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байсан. Талууд зөвхөн ажлын чанар, гүйцэтгэлд эргэлзэж маргаж буй үйл баримтыг, төлбөр төлөх үүрэгтэй шууд холбож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаж, дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

8.1.“Э” ХХК-тай гэрээ байгуулсаны дараа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Бны захирал н.Шаравжамц “яаралтай уулзалт хийх шаардлагатай байна” гэсэн бөгөөд Уг уулзалтад “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал, инженерийн хамт байсан. Уулзалтын үеэр эргэн тойрны хашлагыг нурааж, сандал хүртэл шал хийх талаар ярилцаж, тухайн ажилд 130 м.кв талбай нэмэгдэж, ажлын хөлс 25,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөг манай зүгээс, 15,000,000 төгрөгийг Спортын төв ордноос гаргах, манай байгууллагын дансанд 15,000,000 төгрөг орсны дараа ажлыг эхлүүлэхээр харилцан тохиролцсон.

Гэтэл улсын төсвийн байгууллагад тулгардаг асуудал болох төсөвт тусгагдаагүй асуудал үүссэн бөгөөд Спортын төв ордноос 15,000,000 төгрөг манай байгууллагын дансанд орсны дараа буюу 2021 оны 06 дугаар сард манай байгууллагын зүгээс ажлыг эхлүүлсэн.

8.2. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Манай байгууллагын зүгээс ажил эхлэхийн өмнө “Э” ХХК руу удаа дараа холбогдож байсан.

Хариуцагч байгууллагаас уг хэрэг маргаанд төлөөлөгч оролцуулж байсан боловч 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд 5 сарын эмнэлгийн магадлагааг ирүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

9. Хариуцагч Б давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, хариуцагч “Э” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “Э” ХХК, Бнд тус тус холбогдуулан гэрээний үүрэгт 129,499,035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч Бнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд энэ шийдэлд талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.

Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний үүрэг болох ажлыг захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 43,166,345 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.1. “Спортын төв ордны гадна, дотор засвар болон сантехник, дулааны шугамын засварын ажлын багц-5 “Б блок буюу А заалны засвар, хэвлэх үйлдвэрийн өрөөг хувцас солих өрөө, душтэй болгон тохижуулах засварын ажил гүйцэтгэх” тендерт “Э” ХХК ажил гүйцэтгэгчээр шалгарсан, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бтой “Спортын төв ордны гадна, дотор засвар болон сантехник, дулааны шугамын засварын ажлын багц-5 “Б блок буюу А заалны засвар, хэвлэх үйлдвэрийн өрөөг хувцас солих өрөө, душтэй болгон тохижуулах засвар” ажлын гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, 304,108,432 төгрөгийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжих” тухай тогтоол гарсантай холбоотойгоор гэрээний  талууд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дээрх гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчилжээ.  

3.2. “Ю” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр БНГ-052/2020 дугаар “Бүтээгдэхүүн нийлүүлж, суурилуулах гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр “Ю” ХХК нь Улаанбаатар хот, Спортын төв ордны спортын талбай болох 576 м.кв талбайн шаланд Коннорспортс /connorsports/ брэндийн агч модон спорт шалыг захиалагчийн тодорхойлолтын шаардлагын дагуу хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээгээр гэрээнд заасан хугацаанд бэлтгэн нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “Э” ХХК нь ажлын хөлс 172,664,690 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Захиалагч “Э” ХХК-аас гэрээний урьдилгаа төлбөр 86,332,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэгч “Ю” ХХК-ийн “Хаан банк” ХХК дахь дансанд шилжүүлсэн талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

 

5.1. “Ю” ХХК болон Б 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр БНГ-011/2021 дугаартай “Спортын төв ордны А заалны засварын ажлын шалны нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр спортын төв ордны А заалны засварын шалны нэмэлт 130 м.кв талбайд спортын модон шал хийж гүйцэтгэх ажлыг “Ю” ХХК хийж, Б 24,495,900 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Уг гэрээний 3 дахь хэсэгт “БНГ-052/2020 дугаартай гэрээ нь БНГ-011/2021 дугаартай гэрээний салшгүй хэсэг” гэж дурдсан боловч “БНГ-052/2020 дугаартай гэрээний оролцогч тал болох “Э” ХХК-ийг оролцуулаагүй байх тул энэ 2 гэрээг тус тусад нь байгуулсан  гэж дүгнэх нь зүйтэй.

5.2. Түүнээс гадна хариуцагч “Э” ХХК нь үндсэн гэрээ болох Бтой 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Спортын төв ордны гадна, дотор засвар болон сантехник, дулааны шугамын засварын ажил багц-5 “Б блок буюу А заалны засвах, хэвлэх үйлдвэрийн өрөөг хувцас солих өгөө, душтэй болгон тохижуулах засвар”-ын ажлын гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлээр сунгаж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр болгож өөрчлөхдөө Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдалд шилжих тухай” 178 дугаар тогтоол гарсантай холбогдуулж ажил эхлэх боломжгүй болсон гэх үндэслэлийг заажээ. Иймд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан “Э” ХХК болон “Ю” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажил дээр дурдсан нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжих боломжгүй байсныг хариуцагч “Э” ХХК мэдэж байсан бөгөөд ажлыг гэрээнд зааснаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 25 хоногийн дотор “Ю” ХХК-ийг хийж гүйцэтгэх байсан гэх тайлбар нь үндэслэлгүй болжээ.   

5.3. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 226, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27-ны тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 тоот тогтоолоор дахин гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хугацааг мөн оны 104 тогтоолоор 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгажээ. Энэ хугацаанд гэрээнд заасан ажлыг “Ю” ХХК-ийг хийж гүйцэтгээгүй гэж буруутгахгүй юм. Иймд гэрээнд зааснаар урьдчилгаа хөлс төлсөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 25 хоногийн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэх хариуцагч “Э” ХХК-ийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

5.4. Хариуцагч “Э” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/159, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/164, 2021 оны 08 дугаарсарын 09-ний өдрийн А/174 тоот албан бичгийг “Ю” ХХК-д хаяглаж үйлдсэн боловч уг албан бичгийг хаягласан этгээдэд хүргүүлсэн байдлаа баримтаар нотлохгүй байна.  

5.5. Харин ажил гүйцэтгэгч “Ю” ХХК нь  2021 оны 06 дугаар сарын 03-ны  өдөр гэрээний хугацааг сунгах тухай албан бичгийг цахим шуудангаар “Э” ХХК-д хүргүүлсэн нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.   

5.6. Дээр дурдсан баримтуудыг нэгтгэн дүгнэвэл БНГ-052/2020 дугаар гэрээний зүйл болох 576 м.кв талбайтай спорт шал болон БНГ-011/2021 дугаартай гэрээний зүйл болох 130 м.кв талбайтай спорт шалыг Спортын төв ордны А талбайд хийж гүйцэтгэх хоорондоо холбоотой байх ажлын шинж байдлыг харгалзан аль аль гэрээ хэрэгжиж дуусах хугацааг сүүлд байгуулсан гэрээ болох БНГ-011/2021 дугаартай гэрээний 6-д заасан 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр тодорхойлох нь зүйтэй.

 

6.1. Ажил гүйцэтгэгч “Ю” ХХК нь  2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2021-057 тоот албан бичгийг цахим шуудангаар “Э” ХХК-д хүргүүлсэн нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд уг албан бичигт гэрээнд заасан ажлыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хийж гүйцэтгэсэн талаар дурджээ. Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч болох “Э” ХХК нь ажлыг хүлээж авах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэж өгөх үйлдэл хийсэн байхад хүлээж авах тал ажлыг хүлээж авахгүй байгаа тохиолдолд ажлыг акт үйлдэж хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч “Ю” ХХК-ийг буруутгахгүй юм.   

6.2. “Ю” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний нөгөө талуудын хэн аль нь хүлээж аваагүй боловч хариуцагч Б ашиглаж, уг зааланд спортын арга хэмжээ явуулж байгаа ба уг ажлын биет байдлын доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч “Ю” ХХК Спортын төв ордны спортын талбай болох 576 м.кв талбайн шаланд Коннорспортс /connorsports/ брэндийн агч модон спорт шалыг бэлтгэн нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн тул ажлын үлдэгдэл хөлс 86,332,690 төгрөгийг хариуцагч “Эм Эс Жи” ХХК-аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

8. “БНГ-052/2020 дугаартай гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар талууд алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, алдангийн хэмжээг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,3 хувиар тооцохоор болжээ. Анхан шатны шүүх хариуцагч “Э” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг хугацаанд нь төлөх үүргийг гүйцэтгээгүй гэж дүгнэж алдангийг гаргуулахдаа нэхэмжлэгч “Ю” ХХК нь ажил гүйцэтгэх хугацааг 7 хоногоор хэтрүүлсэн гэж дүгнэж алдангид нэхэмжлэилсэн 43,166,345 төгрөгөөс 3,625,958 төгрөгийг хасч шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүх алданги шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч “Э” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Ю” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсгийн зохицуулалт нь сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэлд хамаарна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийг буруу тодорхойлсон алдааг залруулна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасан дарааллаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагч Бнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан талаар анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлгүйгээр орхигдуулсан байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүрээнд тодорхойлохдоо анхан шатны шүүх найруулгын алдаа гаргасныг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад  өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй байна.

 

12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх хариуцагч “Э” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно. Учир нь, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил 7 сарын хугацаанд явагдсан, энэ хугацаанд шүүх хуралдааныг зохигчийн хүсэлтээр 9 удаа хойшилсон байгаагаас харицагч “Э” ХХК-ийн итгэмжлэгсдэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 5 удаа хойшилсон байна.

Тодруулбал, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2022/06378 дугаар захирамжаар, итгэмлэгдсэн төлөөлөгч А.Санжаадоржийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/03975 дугаар захирамжаар, эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/07896 дугаар захирамжаар, өмгөөлөгчөөс татгалзаж, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2023/08579 дугаар захирамжаар, түүний өмгөөлөгч С.Баянмөнхийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2022/07096 дугаар захирамжаар тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадоржид шүүх хуралдааны товыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн, тэрээр өмгөөлөгчдөө мэдэгдэх боломжтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Санжаадорж нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлааны хамт шүүхэд ирүүлсэн боловч уг эмнэлгийн магадлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна магадлагаанд өвчний улмаас ажлаас чөлөөлж буй хугацааг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэж тэмдэглэсэн байх тул анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй, өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

13. Дээрх үндэслээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/02040 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Э” ХХК-аас 125,873,077 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,625,958 төгрөгт холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэгч “Ю” ХХК-д холбогдуулж гэрээний үүрэг болох ажлыг захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, алдангид 43,166,345 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Бнд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Ю” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                              ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА