Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/932 

 

 

 

                                    

             

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогч Ж.Б-ийн өмгөөлөгч Г.Лувсансампил,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/929 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Д-д холбогдох 2106012971156 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

/;

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн О.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа хохирогч Ж.Б-ийг түлхэж тогоотой халуун шөл дээр унаган биед нь баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Г-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Д-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгээс 276.500 төгрөгийг гаргуулж .......тоотод оршин суух, утас:80898280, 99466248, РД:ЙЙ регистрийн дугаартай хохирогч Б овогт Ж-ийн Б-т олгож, шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдолдоо “...Г.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Б-ийг түлхэж унагасны улмаас тогоотой халуун шөлөнд түлэгдэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч энэ нь хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Хэргийн талаар өгсөн гэрч, хохирогчийн мэдүүлэг харилцан зөрүүтэй, гэм бурууг дүгнэхэд эргэлзээ бүхий байхад шүүх харилцан зөрүүтэй, эргэлзээтэй баримт мэдээллийг үндэслэж гэм буруутайд тооцон шийдвэрлэж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаагүй.

Г.Д “...Б нь миний хүүхдийг тэврээд галын хажууд сандал дээр сууж байсан. М нь миний дээрээс дарж суучихаад босохгүй байсан. Үүд рүү харсан чинь Б нь хүүхэд тэврээд унасан байсан...” гэж болсон бодит байдлыг анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлдэг. /хх-39/

Үүнийг гэрч Т.Нармандахын шүүх хуралдаанд өгсөн “...Би хавиргатай шөл хийчихээд таваг авах гэж байсан. Б нь Д-ийн бага хүүхдийг тэвэрч аваад тогоотой хоол руу унахад Чинчулуун татсан. Тэгээд Д хүүхдээ аваад гараад явсан. ...Хүүхэд нь цаана унангуут Д хашхирч босож ирээд хүүхдээ аваад гарсан... Энэ хоёрыг маргалдаад байхаар нь Дг түлхчихлээ гэж бодсон. Яг түлхсэн зүйл байхгүй. Б тогоотой хоол руу унасан байсан. Б нь нэлээд согтолттой байсан. ...Би түлхээд унагаж байхыг нь хараагүй гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг / Шүүх хуралдааны тэмдэглэлийн 10-14-р талд/ батлан гэрчилдэг.

Ж.Б нь шүүх хуралдаанд “...хүүхдээ авангуутаа намайг түлхчихсэн...” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй бөгөөд гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгээр няцаагддаг. Гэрчийн мэдүүлгээр Б хүүхэд тэврээд зуухны хажууд сууж байсан, нэг мэдэхэд газарт унаж, хүүхэд үүд хэсэгт шидэгдсэн байдалтай уйлж байсан, Д очиж хүүхдээ аваад гарсан талаар мэдүүлдэг. Хэрэв Д нь Бийг түлхсэн юм бол хүүхдийн хамт түлхэж унагасан болж таарах бөгөөд өөрийн нялх хүүхдийг түлхэж унагах ямар ч эх хүн байхгүй юм. Хохирогчийн мэдүүлж байгаагаар “Хүүхдээ авангуутаа түлхсэн” юм бол “хоймор хэсэгт М нь Д-ийн дээрээс суусан байдалтай байсан, хүүхэд газарт унаж уйлсан, Д босч ирээд хүүхдээ авсан” гэх үйл баримттай логик утга зүйн хувьд огт нийцэхгүй бөгөөд тухайн үйл баримтыг шүүх үгүйсгэж чадаагүй.

Мөрдөн байцаалтад гэрч М болон Нармандах нарын хэн нь ч Д Мыг түлхэж унагасан гэж мэдүүлээгүй. Нармандах “...түлхчих шиг болсон”, “...яг түлхэгдээд унаж байхыг нь би бол хараагүй” гэсэн ойлгомжгүй мэдүүлэг өгсөн байсан тул шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж тодруулсан.

Гэрч Т.Нармандах нь тухайн үед Д нь Бийг өөрийн нөхөртэйгөө хардсан гэж ойлгосон, Бийг унахад нь Дг уурлаад түлхчихлээ гэж бодсон. Энэ бодлоо мэдүүлэгтээ ярьсан, түүнээс яг түлхэж байгааг хараагүй, аяга авах гээд эргэхэд Б унасан талаар шүүх хуралдаанд маш тодорхой мэдүүлсэн. /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 10-14-р талд/

Гэрч Т.Нармандах нь өөрөө хараагүй, үзээгүй байж өнгөц буруу дүгнэлт, бодлоо тухайн үед илэрхийлсэнээс үүдэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бодит байдлыг бүрэн дүүрэн ойлгох чадвар нь хязгаарлагдмал байдалд байсан Ж.Б өөрийг нь Д түлхсэн гэсэн ойлголт авсан байгаа нь шүүх хуралдааны явцад түүний “энэ хүн тэгж хэлээд байсан, энэ ах л өөрөө найз чинь түлхсэн гэж хэлээд байсан шүү дээ” гэсэн мэдүүлгээс илэрч байсан юм.

Иймд Г.Д нь Ж.Б-ийг түлхсэн үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Ж.Б-ийн өмгөөлөгч Г.Лувсансампил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжин оролцож байна. Хохирогч Ж.Б нь өөрийгөө хянах чадваргүй болтолоо согтсон зүйл байгаагүй. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Гэрч, хохирогч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч Нармандах мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтаар гэрч Нармандахын мэдүүлэгт “Д нь Бээс хүүхдээ авангуутаа Бийг түлхэх шиг болсон. Тэгээд Б мах чанасан тогоотой шөлөнд түлэгдээд унасан. Унахаар нь би татаж босгосон. Гэхдээ миний анзаарснаар Д Бийг түлхээд унагачих шиг болсон” гэсэн байдаг. Уг мэдүүлгийг анхнаасаа өгсөн. Яг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хохирогчийн мэдүүлэг анхнаасаа тогтвортой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.   

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Д-д холбогдох 2106012971156 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Дгийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Г.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн О.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа, дундуур нь орж салгах гэсэн Ж.Б-ийг түлхэж, тогоотой халуун шөл дээр унагасны улмаас Ж.Б-ийн биед нь “...баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ж.Бийн: “...2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манай найз М ирээд гэр рүүгээ хамт явъя гэж хэлсэн. Мын гэрт Цэрэнбал, Дууяа, түүний нөхөр Чука гэх зэрэг хүмүүс байсан. Бид 5 шил архи хувааж уусан. Орой 19 цагийн үед Д өөрийн нөхөр Чукаг надтай хардаад цохиж, нүдээд байхаар нь би чимээгүй сууж байсан. Тухайн үед М Дууяад хандаж чи нөхрөө ингэж болохгүй гэж хэлэхэд Дууяа уурлаж Мтай ноцолдоод байсан. Би тэр хоёрыг салгах санаатай голоор нь орох үед Дууяа намайг чи цаашаа байж бай гээд миний цээж хэсэг рүү түлхсэн чинь би унахдаа гал дээр байсан тогоотой халуун шөлөнд түлэгдчихсэн. Би гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...” /хх 13/,

гэрч Т.Нармандахын: “...тэд нар согтчихоод Д нь нөхөр Чинчулууныг Бтэй хардаад хэрүүл, маргаан үүсгэж эхэлсэн. Тэр үед Б нь тэдний нялх хүүхдийг тэвэрчихсэн сууж байгаад Д рүү дөхөөд очтол Д нь Бээс хүүхдээ авангуутаа Бийг түлхчих шиг болсон. Тэгээд Б мах чанаж байсан тогоотой шөлөнд түлэгдээд унасан. ...” /хх 22/,

гэрч О.Мын: “...Дууяа ...бид хоёр маргалдаад барьцалдаж авах үед Б бид хоёрыг салгах гээд голоор орох үед гал дээр байсан тогоотой хоол асгарсан ба тухайн хоолны шөлөнд Б түлэгдчихсэн байсан. ...” /хх 20/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2959 дугаартай: “...1. Ж.Б-ийн биед баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 25-26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Г.Д нь хохирогч Ж.Б-ийг тогоотой хоол руу түлхээгүй талаараа мэдүүлдэг боловч тухайн үед Г.Дтэй маргалдан ноцолдож байсан гэрч О.М, гэрт хамт байсан Т.Нармандах нар Г.Дг түлхээгүй талаар мэдүүлдэггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж зааснаар Г.Дгийн мэдүүлгийг нотлогдоогүй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Дгийн хохирогч Ж.Б-ийг түлхэж, тогоотой халуун шөл дээр унаган түүний биед нь “...баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт...” гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх хуулийн үйлчлэлд шүүгдэгч Г.Дгийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хамрагдахаар байгаа хэдий ч шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдээгүй гэж марган гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул 2021 оны Өршөөлийн хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.  

Хохирогч Ж.Б-ийн нотлох баримтаа гарган нэхэмжилсэн эмчилгээний зардал 276,500 төгрөг/хх5-7/-ийг Г.Дгээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.   

Шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас шүүх торгох ял сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон байх ба ононгдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.    

Иймд Г.Д гэмт хэрэг үйлдээгүй гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/929 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.АЛДАР

              ШҮҮГЧ                                                         Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ