Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 26

 

 

 

 

Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн өмгөөлөгч Г.Лувсансанпил, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 929 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 932 дугаар магадлалтай, Г.Д-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хэрлэн овогт Г.Д.

 

Г.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн О.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа хохирогч Ж.Б-г түлхэж тогоотой халуун шөл рүү унаган биед нь баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Д-гээс 276,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Б-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Г.Д нь шүүхийн шатанд өмгөөлөгч авсан бөгөөд гэрч О.М-тай утсаар ярьсан ярианы бичлэг байгаа болохыг өмгөөлөгчид хэлсэн.Тус бичлэгт гэрч Мөнхзул нь хохирогч Ж.Б-ийг хальтирч унасан талаар ярьж байгаа агуулгатай яриа бичигдсэн байсан бөгөөд хэрэгг ач холбогдол бүхий нотлох баримт байсан тул СиДинд хуулбарлан шинжлэн судлуулж, хэрэгт хавсаргуулахаар шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Гэвч шүүгч “мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй тул шүүх авах боломжгүй, зөвхөн хувийн байдалтай холбоотой баримт авна” гэсэн утгатай хуулийн үндэслэлгүй тайлбар хэлж хүлээж аваагүй. Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт хэдийд ч илэрч болох бөгөөд тухайн баримтыг гаргаж өгөх, шалгуулах хүсэлт гаргах эрхийг хуулиар олгосон. Энэ нь гэмт хэрэгт буруутгагдаж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдалтай шууд хамааралтай, энэхүү эрхийг хязгаарлах нь хүний эрхийн ноцтой зөрчилд хүргэх үр дагавартай. Тухайн баримт нь миний үйлчлүүлэгчийн гэм буруугүйг нотлох, цагаатгах талын нотлох баримт бөгөөд оролцогч эрхийнхээ дагуу гаргаж өгсөн баримтыг анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзах эрхгүй бөгөөд харин нотлох баримтыг хэрхэн яаж үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Г.Д нь Ж.Б-ийг түлхэж унагасан үйл баримт бүрэн нотлогдоогүй, хэргийн талаар өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүх харилцан зөрүүтэй, эргэлзээтэй баримт мэдээллийг үндэслэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Г.Д нь шүүхийн шатанд өмгөөлөгч авсан бөгөөд шүүх хуралдаан болохын өмнө “...гэрч Мөнхзултай утсаар ярьсан ярианы бичлэг байгаа гэж хэлсэн бөгөөд тухайн бичлэгийг сонсож үзэхэд гэрч Мөнхзул нь хохирогч Батцэцэгийг өөрөө хальтарч унасан шүү дээ” гэсэн агуулгатай зүйл бичигдсэн байсан. Тус бичлэгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн учир сидинд буулгаж анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөхөөр хүсэлт гаргасан. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй байна, зөвхөн хувийн байдалтай холбоотой баримт авна гэсэн утгатай тайлбар хэлж, сиди бичлэгийг хүлээж аваагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан. Ийм баримт хэдийд ч илэрч болох бөгөөд өмгөөлөгчийн хувьд хэрэгт ач холбогдол бүхий баримт гэж үзэж байна. Уг нотлох баримтыг хүлээж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах оролцогчийн эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх баримтыг хүлээж авахаас татгалзах эрхгүй, харин тухайн баримтыг хэрхэн яаж үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Г.Д-гийн хувьд хохирогч Батцэцэгийг түлхэж унагасан үйл баримт хангалттай бүрэн нотлогдоогүй. Гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байхад шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Хохирогч Ж.Б “...Г.Д хүүхдээ аваад шууд намайг түлхсэн” гэж мэдүүлдэг боловч энэ мэдүүлэг нь гэрч Нармандах, шүүгдэгч Г.Д-гийн мэдүүлгээр няцаагддаг. Г.Д-ийн хувьд хүүхдээ аваад Ж.Б-ийг түлхээд унагасан юм бол хүүхэд ямар учраас Батцэцэгтэй хамт газар унасан бэ гэдэг эргэлзээтэй байдал үүсч байгаа юм. Гэрч н.Н мөрдөн шалгах ажиллагаанд “...Д Б-ийг түлхээд унагачих шиг болсон” гэж мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...би түлхэж унагахыг нь хараагүй, тухайн үед тэгж л бодсон юм” гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар Г.Д нь Ж.Б-ийг түлхсэн үйл баримт нотлогдсон зүйл байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа учир Г.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү, дээр дурдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу бэхжүүлж, үнэлэх ажиллагаа явуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Лувсансанпил шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэлэх зүйлгүй” гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Ж.Б-ийг түлхэж унагасны улмаас халуун шөлөнд түлэгдэж биед нь хөнгөн зэргийн хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-ийн удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч Г.Д-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу хохирогчийг санаатай түлхэж унагасны улмаас газар асгарсан байсан халуун шөлөнд түлэгдэж, хөнгөн хохирол учруулахад зориуд хүргэсэн гэж дүгнэж байна. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаагүй, бэхжүүлэгдээгүй асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй, гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгайд иргэн О.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа хохирогч Ж.Б-ийг түлхэж, тогоотой халуун шөл дээр унаган биед нь баруун бугалга, хэвлий, баруун, зүүн гуянд 2 дугаар зэргийн түлэгдэлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх Г.Д-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй зөв тогтоожээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд Г.Д-гийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн нөхцөл байдал, шүүхээс тогтоосон үйл баримттай маргаж, хяналтын шатны шүүхээр хэргийн нөхцөл байдлыг дахин тогтоолгох, нотлох баримтыг үнэлүүлэх, үүнээс үндэслэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, эсхүл прокурорт буцаалгах тухай хоёрдмол  агуулгатай гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалбал, хоёр шатны шүүх шүүгдэгч Г.Д нь иргэн О.М-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдах явцдаа хохирогч Ж.Б-ийг түлхэж тогоотой халуун шөл рүү унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг хохирогч Ж.Б, хэргийн шууд гэрч Т.Н, О.М нарын мэдүүлэг болон шинжээчийн 2959 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудад тулгуурлан эргэлзээгүйгээр тогтоон хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

 Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүйгэж тодорхой заасан тул гомдлуудын дээрх хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээ, хэмжээ хязгаарын талаар  тухайлбал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нөхцөл шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд анхааран үзэх талаар хуулийн агуулгаас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Төрийн эрх барих дээд байгууллагаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийг ямар хүрээ хязгаарт хамааруулах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үндсэн шалгуур болгож зүйл, хэсэг бүрээр хэлэлцэж тогтдог бөгөөд гэм буруугаа хүлээсэн, гэмшсэн, хохирол хор уршгийг арилгасан зэрэг тодорхой гэмт хэрэг дэх субьектив нөхцөл байдлыг нэмэлт шалгуур болгон тогтоох нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилгод нийцдэггүй.  

 

Харин өршөөлд хамаарах этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу шүүхийн өмнөх шатанд шалгагдаж буй бол мөрдөн шалгах ажиллагааг зогсоох замаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй  холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хариуцах этгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эцэслэн тогтоогдох боломжгүй үлдэх сөрөг үр дагавраас хохирогчийг хамгаалах зорилгоор хохирлыг төлөх,  эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг хууль тогтоогч өршөөлд хамрагдах урьдач нөхцөл болгон хуульчилдаг болжээ.

 

Нэгэнт шүүхээс хэргийг эцэслэн хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоон хохирлын хэмжээг тодорхойлж нөхөн төлүүлэхээр зааж буй тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг өршөөлд хамрагдах нөхцөл болгон авч үзэх шаардлагагүй юм.     

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан нь хууль тогтоогчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоосны дараа уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг өршөөн хэлтрүүлэх эрх хэмжээг шүүхэд олгожээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч Г.Дд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 929 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 932 дугаар магадлалд “2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Д-д анхан шатны шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                          Ч.ХОСБАЯР

    Б.ЦОГТ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН