Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/02421

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 08 өдөр  Дугаар 183/ШШ2023/02421  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,925,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 10,925,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.От холбогдуулан гаргасан Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Ч.О нь тус банк бус санхүүгийн байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн 44 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 5,000,000 төгрөгийн ззэлийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдөл гаргасан байдаг. Ийнхүү Ч.О нийт 5,000,000 төгрөгийн зээлийг олгож 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  дугаартай зээлийн гэрээг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулж, Ч.Он өмчлөлийн 44 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд херонгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан юм. Зээлдэгч Ч.О нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн хүү төлөлтийг хугацаандаа төлж байсан боловч үндсзн зээлийн төлбөрөөс төлөлт хийлгүйгээр дан ганц хүү төлж явдаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Ч.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг огт төлдөггүй байсан бөгөөд түүний зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хуримтлагдсан хуү 5,025,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 900,000 төгрөг нийт 10,925,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байх талаар зээлдэгч Ч.От удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Ч.Ос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5,000,000 төгрөг, зээлийн гэрээний хүү болох 5,025,000 төгрөг, нэмэгдүулсэн хүү 900,000 төгрөг, нийт 10,925,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулан өгч манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.О холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Тус банк бус санхүүгийн байгууллагатай Ч.О би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  дугаар зээлийн гэрээ,  дугаар барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5 сая төгрөг, хүүнд 525,000 төгрөг, нийт 5,525,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болно. Ч.О би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус банк бус санхүүгийн байгууллагад тохиролцсон 5,525,000 төгрөгнөөс 4,950,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо 575,000 төгрөг төлөх дутуу байгаа болно. Хугацаандаа зээлээ төлж чадаагүй учир нь Н гэх танил мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь өөрт байсан мөнгөн дээр нэмж тус банк бус санхүүгийн байгууллагаас 5,000,000 төгрөг зээлж, нийт 7,000,000 төгрөг өгсөн бөгөөд М.Н буцааж надад төлөөгүйгээс болж хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн билээ. М.Н надад нийт 10,000,000 төгрөг төлөх өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан боловч төлөх төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар М.Н олдохгүй байна гэж хэлсэн болно. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагад зээл сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч сунгах хүсэлтийг зөвшөөрөөгүй, надтай зээлийн гэрээ сунгах талаар гэрээ огт хийгээгүй байдаг болно. Ч.О би тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг өөрийн чадах хэмжээнд төлж байсан болно. Ч.О миний давхар давхар хохирч байгаа байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэн тохиролцсон 5,525,000 төгрөгнөөс төлөөгүй үлдэгдэл 575,000 төгрөг төлөх шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 10,925,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.О-т холбогдуулан гаргаж байна.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 925,000 төгрөгөөр багасгаж, 10,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаа шаарджээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 ББСБ ХХК нь Ч.Отэй 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ./ х.х-ийн 15-18 тал/

 

Дээрх  дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  дугаартай 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 21-23 тал /

 

Хариуцагч Ч.О, нэхэмжлэгч  ББСБ ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  дугаартай зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.От 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч Ч.О нь 5,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

1 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1 дугаартай барьцааны гэрээ Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байх тул шаардах эрхтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дууссан бөгөөд хариуцагч Ч.Ос зээлийн гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунгах саналыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан боловч №002018012401 дугаартай Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байна. /х.х-ийн 26 тал/

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 216 дугаар зүйлд заасан дарааллыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дууссан, үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлсөн мөнгөн төлбөрийг зөвхөн хүүнд тооцож хуулиар тогтоосон үүрэг гүйцэтгэх дарааллыг нэхэмжлэгч зөрчснийг шүүх зөвтгөх үндэслэлгүй байна. Учир нь үүрэг гүйцэтгэх дарааллыг талууд өөрчлөх боломжгүйгээр хуулиар тогтоосон тул зөвхөн дарааллын эрэмбээр үүргийг гүйцэтгэнэ.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн сар бүр зээлийн гэрээний үүрэгт төлсөн 175,000 төгрөгийг хүүнд тооцсоныг шүүх үндсэн үүргээс хасаж хуульд зааснаар үүргийн дарааллыг гүйцэтгэлээ. Зээлийн гэрээний тооцооллыг хавтаст хэргийн 27-28 хуудаст авагдсан хүүг дараах байдлаар дүгнэсэн. Үүнд:

1.    2018.05.24-ний өдөр үндсэн үүрэг 5,000,000 -175,000=4,825,000 хүү 168,875 төгрөг,

2.    2018.06.24-ний өдөр үндсэн үүрэг 4,825,000 -175,000=4,650,000 хүү 162,750 төгрөг,

3.    2018.07.24-ний өдөр үндсэн үүрэг 4,650,000-175,000=4,475,000 хүү 156,625,

4.    2018.08.24-ний өдөр үндсэн үүрэг 4,475,000 -175,000=4,300,000 хүү 150,500,

5.    2018.09.24-ний өдөр үндсэн үүрэг 4,300,000 -175,000=4,125,000 хүү 144,375,

6.    2018.10.24-ний өдөр үндсэн үүрэг 4,125,000 -175,000=3,950,000 хүү 138,250,

7.    2018.11.24-ний өдөр үндсэн үүрэг 3,950,000 -175,000=3,775,000 хүү 132,125,

8.    2018.12.24-ний өдөр үндсэн үүрэг 3,775,000 -175,000=3,600,000 хүү 126,000,

9.    2019.01.24-ний өдөр үндсэн үүрэг 3,600,000 -175,000=3,425,000 хүү 119,875 төгрөг,

10. 2019.02.24-ний өдөр үндсэн үүрэг 3,425,000 -175,000=3,250,000 хүү 97,500 төгрөг,

11. 2019.03.24-ний өдөр үндсэн үүрэг 3,250,000 -175,000=3,075,000 хүү 92,250 төгрөг,

12. 2019.04.24-ний өдөр үндсэн үүрэг 3,075,000 -175,000=2,900,000 хүү 87,000 төгрөг,

13. 2019.05.24-ний өдөр үндсэн үүрэг 2,900,000 -175,000=2,725,000 хүү 81,750 төгрөг,

14. 2019.06.24-ний өдөр үндсэн үүрэг 2,725,000 -175,000=2,550,000 хүү 76,500 төгрөг,

15. 2019.07.24-ний өдөр үндсэн үүрэг 2,550,000 -175,000=2,375,000 хүү 71250,000 төгрөг,

16. 2019.08.24-ний өдөр үндсэн үүрэг 2,375,000 -175,000=2,200,000 хүү 66,000 төгрөг,

17. 2019.09.24-ний өдөр үндсэн үүрэг 2,200,000 -175,000=2,025,000 хүү 60,750 төгрөг,

18. 2019.10.24-ний өдөр үндсэн үүрэг 2,025,000 -175,000=1,850,000 хүү 55,500 төгрөг,

19. 2019.11.24-ний өдөр үндсэн үүрэг 1,850,000 -175,000=1,675,000 хүү 50,250 төгрөг,

20. 2019.12.24-ний өдөр үндсэн үүрэг 1,675,000 -175,000=1,500,000 хүү 45,000 төгрөг,

21. 2020.01.24-ний өдөр үндсэн үүрэг 1,500,000 -175,000=1,325,000 хүү 39,750 төгрөг,

22. 2020.02.24-ний өдөр үндсэн үүрэг 1,325,000 -175,000=1,150,000 хүү 34,500 төгрөг,

23. 2020.03.24-ний өдөр үндсэн үүрэг 1,150,000 -175,000=975,000 хүү 29,250 төгрөг,

24. 2020.04.24-ний өдөр үндсэн үүрэг 975,000 -175,000=800,000 хүү 24,000 төгрөг,

25. 2020.05.24-ний өдөр үндсэн үүрэг 800,000 -175,000=625,000 хүү 18,750 төгрөг, үндсэн үүрэг 625,000 төгрөг нийт хүү 2,229,375 төгрөг,

Мөн 2020.06.24 өдрөөс 2022.06.24-ний өдрийг хүртэл 3 хувийн хүү 18,750 х 24 сар = 450,000 төгрөг, 2022.06.24-ний өдрийн өдрөөс 2023.04.17 хүртэл 10 сарын хүү 187,500 төгрөг, нийт хүү 2,866,875 төгрөг /2,229,375 +450,000+187,500/, нэмэгдүүлсэн хүү 573,375 төгрөг /2,866,875 төгрөгийн 20 хувь/ байна.

Иймд дээрх тооцооллыг нэгтгэвэл үндсэн үүрэгт 625,000 төгрөг, хүү 2,866,875 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 573,375 төгрөг нийт 4,065,250 төгрөгийг хариуцагч Ч.Ос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,934,750 /10,000,000-4,065,250/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ч.Он өмчлөлийн 44 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ос 150,194 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Ос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,065,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,934,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Он өмчлөлийн 44 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ос 150,194 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ